“Бичиг соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана

600x600Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Бичиг соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдах талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Уг хэвлэлийн хуралд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгч Б.Оргил, ОХУ-ын Буриад улсын төлөөлөгч Дугаров Баяр Сономович, ОХУ-ын Халимаг улсын төлөөлөгч Бембеев Евгений Владимирович, Бичиг Соёл, Боловсролын төвийн тэргүүн Д.Ганбаатар нар оролцлоо.

Ерөнхийлөгчийн зөвлөх хэлэхдээ: Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны долдугаар сарын 6-ны өдөр 155 дугаар зарлиг гаргасан билээ. Тус зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас жил бүр уламжилал болгон уг арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын 28, Өвөр Монголын 8, Буриад Улсын 6, Халимаг Улсын 1, Франц Улсын 1, нийт 5 орны 44 шилдэг уран бүтээлч, төлөөлөгчид оролцож байгаа талаар онцоллоо.

Уг үзэсгэлэн маргааш буюу 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Мөн 5 дугаар сарын 24-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод үргэлжлэн нээгдэх бөгөөд үзэсгэлэнд оролцож буй Монгол угсаатны уран бүтээлчид Их Монгол Улс байгуулагдаж байсан түүхт Хэрлэнгийн хөдөө аралд зочилж түүх соёлын дурсгалт газруудтай танилцана.

Бичиг соёл үзэсгэлэнгийн талаар 2009 оноос хойш хийж хэрэгжүүлсэн ажлыг тоймловол:

2009 онд Бичиг Соёл, Боловсролын төвөөс санаачлан, Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан анхны үзэсгэлэнд 32 уран бүтээлч оролцож, амжилттай болж өндөрлөсөн.

2010 онд Үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж, 48 уран бүтээлч оролцсоноос МУЭ-ийн шагналт зураач Д.Баттөмөрийн “Уулын үер” бүтээл шилдэг бүтээлээр шалгарч, ХИДС-ийн багш Б.Амгаланг тусгай шагнал хүртээв.

2011 онд Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан үзэсгэлэнд Монголын 65 уран бүтээлч оролцож, МУЭ-ийн зураач, уран бүтээлч Ц.Тамирын “Тэнгэр тэтгэсэн босоо бичиг” бүтээл шалгарч, Э.Анхбаярт тусгай шагнал хүртээв.

2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран, уламжлал ёсоор Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан “Бичиг соёл-2012” үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нээж үг хэлэв. МУИС-ийн багш, докторант Т.Жамьянсүрэнгийн “Жанлавцогзол” бүтээл шилдэг бүтээлээр шалгарч, МУИС-ийн багш Б.Алтантуяад тусгай шагнал олгов.

2013 онд Бичиг Соёл, Боловсролын төвөөс Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан үзэсгэлэнд Монгол Улсын 65 уран бүтээлч, ОХУ-ын Буриад Улсын 1 төлөөлөгч оролцов. Залуу уран бүтээлч Э.Анхбаярын “Монгол” бүтээлийг шилдэг бүтээлээр шалгаруулж, ОХУ-ын Буриад улсын уран бүтээлч Д.Амгаланг тусгай шагналаар шагнасан.

2014 онд Уран бичлэгийн Олон улсын үзэсгэлэн болгон өргөтгөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Бичиг Соёл, Боловсролын төвтэй хамтран зохион байгуулав. Тус үзэсгэлэнд Монгол Улсын болон БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсын нийт 50 гаруй шилдэг уран бүтээлч оролцож, Монгол Улсын уран бүтээлч О.Ням-Очирын “Монгол” бүтээл шилдэг бүтээлээр шалгарч, БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Монгол уран бичлэгчдийн нийгэмлэг”-ийн уран бүтээлч М.Талд тусгай шагнал хүртээв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …