Монгол дахь элэгний вирусийн өвчлөлтөй иргэдийг эмчлэх, тархалтыг зогсоох зорилгоор “Эрүүл Элэг Үндэсний хөтөлбөр”-ийг “Оном” сангаас санаачилсан билээ. Үүнтэй холбогдуулан салбарын яам, Монголын элэгний нийгэмлэг болон бусад байгууллагууд хамтран гепатит С вирусийг устгах эм оруулж, эмчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд хийгдэх зарим хөтөлбөрийн талаар “Оном” сангийн удирдах зөвлөлийн дарга, шинжлэх ухааны доктор Д.Наранбаатараас тодрууллаа.
-Элэгний гепатит С вирусийн өвчлөлтэй иргэдийн бүртгэлийг хэрхэн хийх вэ?
-Иргэдийн бүртгэлийг өрхийн эмнэлгээр дамжуулан хийнэ. Энэ ажлын хүрээнд элэгний В, Д вирустэй эсэх талаархи анхан шатны шинжилгээг хийж, оношлоно. Манай оронд халдвартай 400 мянга гаруй иргэн бий гэсэн тоо гарсан. Эдгээр хүмүүсийн 30 орчим хувь нь халдвартай гэдгээ мэддэг, үлдсэн нь мэддэггүй судалгаа бий. Тиймээс сум, дүүргийн эмнэлгээр дамжуулан хийж, иргэдэд ойр үйлчлэх боломжийг хангахаар ажлаа эхлүүлээд байна.
-Элэгний гепатит С вирусийн өвчлөлтэй иргэдийн цахим бүртгэл явагдана гэх мэдээлэл байна. Тэр талаар?
-ЭМЯ-нд цахим бүртгэлтэй холбоотой саналаа тавьсан. Яам тухайн системийг улсын бүртгэлд оруулснаар С вирустэй иргэдийн бүртгэл цахимаар бас явагдах юм.
-Элэгний гепатит С вирусийг устгахаар оруулж ирж буй эмийг зөвхөн нарийн мэргэжлийн эмчийн хяналт дор хэрэглэнэ гэсэн. Үүнтэй холбогдуулан өрхийн болон орон нутгийн эмч нарт танилцуулах сургалт, хөтөлбөр бий юу?
-Нийт 21 аймгаас тус бүр хоёр эмч ирж, өнөөдрөөс сургалтад хамрагдаж байна. Түүнчлэн эмийн санч, энэхүү эмээр үйлчлэх эмнэлгүүдийн мэргэжилтнүүдэд тодорхой үе шатлалтайгаар сургалтыг явуулж, ард иргэдийг идэвжүүлж, уриалах ажил хийгдэх болно.
-Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт хэдэн өвчлөгсдийг хамруулж, вирусийг усттгах боломжтой гэж үзэж байгаа вэ?
-Элэгний С вирус гепатиттай бүх иргэдийг эмчилж, тархалтыг таслан зогсоох боломжтой.
-Бүрэн устгахад хэр их хугацаа шаардлагатай вэ?
-Энэ тал дээр хөтөлбөрийг санаачлагчид ерөнхий тооцооллыг гаргасан. Нэг жилд 15-25 мянга орчим иргэнд эмчилгээ хийхэд 2020 он гэхэд тархалтыг бүрэн тогтоох боломжтой гэж үзсэн.
-Санхүүгийн хувьд дээрх эмийг худалдан авах, эмчлүүлэх боломж муутай хүмүүст зориулсан хөнгөлөлт гэж бий юу?
-Эрүүл мэндийн даатгалд хамруулж хөнгөлөлт эдлүүлнэ. Энэ талаарх тодорхой асуудлыг тухай бүрт нь хэвлэлийн бага хурлаар дамжуулан хүргэнэ. Энэхүү эмчилгээг найман сарын эхээр эхлүүлэхээр болсон. Нэгдсэн байдлаар бүх эмнэлэг нэг удирдамжаар нарийн мэргэжлийн эмчийн хяналтад тус эмийн эмчилгээг хийх юм.