Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Сонгинохайрхан дүүргийн 21,32 дугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар Баруунтуруун, Партизан, Нарийний хэсэгт байрлах, сүүний чиглэлийн үхрийн фермүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монголын сүүний нэгдсэн холбооны удирдлагууд байлцаж Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай санал бодлоо солилцов.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа төрөөс эрчимжсэн мал аж ахуйн талаар баримталж буй бодлого болон салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр яамнаас хийж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр Хүнс хөдөө аж ахуйн яамнаас Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгааг дурдаад тус төсөлд тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын тэжээлийн ургамлыг тариалах, нэр төрлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг сайжруулах талаар тусгасан гэв. Мөн Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөхөд чухал нөлөө үзүүлнэ гэлээ.
Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн ялангуяа мах, махан бүтээгдэхүүнийг гадаадад экспортлоход эрүүл ахуйн хувьд олон улсын стандартын шаардлага хангасан байх ёстой. Энэ шаардлагыг хангахын тулд эрчимжсэн мал аж ахуйг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл бүсэд эрхлэх, үүнийгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулах ажлыг шат дараалан хийнэ. Эрүүл бүсийг бий болгож чадвал малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортод гаргахад дөхөм үзүүлнэ гэдгийг онцоллоо.
Түүнчлэн малчдын тэтгэврийн насны асуудлыг ч хөндөв. “Тэтгэвэрт гарах насыг наашлуулах, эсвэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн насыг нэг болгох зэрэг асуудлууд яригдаж байна. Харин малчдын хувьд цаг наргүй, жилийн дөрвөн улиралд ажилладаг гэдэг утгаараа хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулан үзэх нэгэн боломж бий” гэв.
Ферм эрхлэгчид болон Монголын сүүний нэгдсэн холбооны удирдлагууд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж байна гэдгээ илэрхийлээд хуурай сүүний импортын асуудлыг улирлын байдлаар хязгаарлалт хийж зохицуулж өгөх, сүүний нийлүүлэлт, борлуулалтын нэгдсэн сүлжээтэй болох, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ болон сүүний чиглэлийн үхрийн үүлдэр угсааг сайжруулах, тэжээлийн хангамж, нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг хүслээ.
Мөн фермерүүд нэгдэн хоршоо байгуулах хүсэлтэй байгаагаа Хүнс хөдөө аж ахуйн сайдад хэлэв. Хоршоо болж нэгдсэнээр зээл тусламж авч дэвшилтэт техник тоног төхөөрөмжтэй болох аж. Ингэснээр хамгийн гол нь сүүний гарцыг нэмэгдүүлэх сайн талтай болно гэж үзэж байгаа юм байна.
Тус фермүүд 20-60 сүүний чиглэлийн үнээтэй. Өдөртөө нэг үнээнээс дунджаар 8-15 литр сүү авдаг. Авсан сүүгээ сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад болон зарим хүнсний дэлгүүрт шууд худалдаалдаг юм байна.
Сүүний фермүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа олон жил хөдөө аж ахуйн салбарт ажилласан таван хүнийг Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, хоёр хүнд жуух бичиг гардууллаа.