Чакравардийн /Шагшаабадын/ орноос бууж ирсэн баруун газрын далай ламаас зарлигтай, Банчин богдоос сүншигтэй, далан таван махранзын дүртэй, мянган мэлмийт, түмэн сонорт Хоншим Бодисадба очир дарь ламын гэгээн гэж ар халх дөрвөн аймаг шавь, долоон хошуу, өвөр дөчин есд заяагдах ирсэн билээ. Амьтныг жаргуулж, шажны алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд амирлангуйн дүртэй суудаг билээ.
Ар халх та нар минь гурван мянган ертөнцийг өдөр, шөнийн хамт товчилж зургаа эргэдэг билээ. Ар халх та нар минь гэрийн дотор хэрүүл тэмцэл, хэл ам, андгай тангараг галыг манасан үүдний шороо, хог тань халж орж болшгүй байна. Ар халх та нар минь би зургадугаар оны өвлийн сүүл сарын 29-нд Дэчингалавын Очир дарийн их лаврын хойт орон балгаднаа өсч, ар халх минь та нарын алтан сайхан амь бие чинь хайрлаж буцсан билээ.
Ар халх та нарын татсан тамхины утаа огторгуйн наран, саран гэрлийг бүрхэх цаг хүрч байгаа бишүү. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гатлан гарч болшгүй байна.
Энэ цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт, мөнгө өгч авч татна. Түүний сүүлд 10 цагаан буян, үр хүүхэдээ өгч авч татна. Хойд төрөлд гурван мянган галбыг нөхцөөтөлөө очир тамын зовлонг үзнэ бишүү. Ар халх та нарын минь хийсэн хилэнц, үйлдсэн нүгэл чинь миний зүүн баруун алганд эрлэгийн толь мэт илхэн байна.
Бар, туулай жилийг үзвэл жаран жилийн жаргал ирнэ. Гэвч ар халх та нарын минь үйлдсэн арван хар нүгэл чинь, хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт хар улаан ханиадны эзэн болж, эсвэл тэр чинь хор болж байгаа бишүү.
Аливаа муу номыг амирлуулахын тухай өрх бүр Сундуй, Жадамба Лхүмбэнгарва, Таравчинбо, Дамдин, Дондов, Сэрдамба, Доржжодов, Дашчийрав, Намсрай, лам хувраг хүн Гурван гүрэм, Нансал, Тувчээд /тавчиад/ Сэржим, Жамбалсонжид, Жамсрангийн сан, амьтнаа шар хар даяар маань мэгзэм, дарь эх Жанлавцогзал, Базарсад түм бум уншихтун.
Ар халх та нар минь гурван настай балчир хүүхдээс дээш хүний нүдэнд ертөнцийн ажил төрөл ба арилжаа наймаа архи, даалуу, арван зүйл нүгэлд завтай болсон нь өдөр, шөнийн зургаан цагт ер сайн мэт мэдэн чадаж байтлаа эрдэм номыг юунд эс үзнэм.
Хойт насандаа бурханы оронд заяаж очиход тань ар халх минь би 5-р, 6-р, 7-р, 8-р богд гэгээн хийж олон олон төрөлдөө энэ сургаалийг гаргасан билээ.
Ар халх та нар минь сонсовч сонсоогүй шиг, үзэвч үзээгүй шиг, харавч хараагүй юм шиг тоомжгүй өнгөрүүлдэг бишүү. Ар халх та нар минь алт мөнгийг зүүж эдэлвээс амны хишиг, заяа буян тань зайлна. Хойт насандаа тамын гадас хоолойд чинь гинж болж үзэгдэмүй.
Энэ цөвүүн цагт алт, мөнгийг таван цэнгээс илүү бүү эдэл.
Ар халх та нар минь Манж хүн, хар Хятадыг ирэхэд ширдэгээ талбиж /дэвсэж/ байдаг билээ. Шажны хуврагуудыг очиход нохойгоо хорих төдий болж доромжлон суудаг чинь бурхан шажнаа эвдэлж хэл буруу талууд учирч зовно бишүү. Хойт төрөл дахин гурван мянган ертөнцийг галвыг нөхцөөтөл очир тамын зовлонг үзнэ. Гэлэн, гэцэл, тойн хуврагууд минь хурал номын газраас орхимжоо бүслээд, цэвэрээ гишгээд, улаан шарыг алаглуулж, морь унаж, худалдаа наймаа хийж, багахан итгэлт баригдаж, авгай хүүхдийг дагуулж явдаг чинь миний нүдэнд шарын шашныг үүлэн сүүдэр мэт дайрч өнгөрөх лугаа адил болж байгаа бишүү.
Ар халх та нарын энэ цөвүүн цагт авгай дэргэр үс, сэргэр мөр, эрээн дээл чинь миний нүдэнд гурван толгойтой жигүүртэн шувуу, эрлэгийн элч лугаа адил болж үзэгдэж байна.
Далай ламаас заалгасан зарлигтай, Банчин богдоос өршөөгдсөн алтан тамгыг орой дунд чинь адис болгон дарж өгөхүй хэмээн санавч ер болохгүй.
Ар халх нарын энэ цөвүүн цагийн хүүхэн, бүсгүй нарын гэзэг үсний залгаа шар, улаан цацраг зүүсэн юм чинь миний нүдэнд биеийг чинь бүсэлсэн шар, улаан, эрээн могой болж үзэгдэж байна.
Хойт насандаа тамын чагтага хөлд тушаа болж, Очир тамын уяалалд урьяалдаж байгаа бишүү. Аав ээжийн хайрласан халиун хонгор хар үсийг байсаар байтал элдэв этгээдийн өлзий бус юмыг юунд эдлэв Энэ цөвүүн цагийн битүү саравчтай, бөгсгөр оройтой малгай өмсвөөс миний нүдэнд цэргийн хувцас, бууны сумны тов шигшээтэй үзэгдэж байгаа бишүү.
Улаан ташуур бариваас гар хуруугаа зүсэгдэхийн тохиол, улаан хуйт хутга зүүвэл ирт мэсэнд өртөхийн тохиол, улаан манжууртай ба зулхаатай гутал өмсвөөс хонго борив сэнсүүлж, даруй борвинд цус асгуулж, цусан дундуур туулахын тохиол, дөрвөлжин гөлөм тохвол суврагын толгойг дотогш харуулж, бурхан шашнаасаа буруудахын тохиол, эрлэг тамын газраа очих болно бишүү.
Харчууд авгай, бүсгүй хүмүүн нарын улаан, шарыг алаглаж эдэлж доромжилвол бурхан шажнаас холдохын тохиол.
Ар халх та нар минь мянган хонио худалдаад, мянган лан мөнгийг авдарлаж буян номыг үйлдэхгүй, бусдын буяныг үйлдэхүйд дагаж баясахгүй, хоосон хүнд өглөг өгөхгүй, эцэс хойт төрөлдөө эрлэг тамын газар очиход мянган лан мөнгөө дэнслээд авч явдаггүй бишүү. Хөгшин залуу ялгалгүй үхэхийн цагт чөлөө үгүй бишүү. Түймрийн гал мэт улбалзан заслах /цахилах/ эрлэгийн элч огторгуйн салхи мэт ирэх цагт алтан сайхан амь биеэ завсарлах тухай буяныг үйлдэж, нүглийг тэвчихгүй яав. Аюултай их дайсан учирч довтлон зүүлж байхыг дуурайж би шөнийн гурван морийг зогсоож байна.
Ар халх та нар минь баян гэж бүү бард, хоосон гэж бүү гомдол. Баян чинь ганцхан таваг дээр, баахан чинь гагц усан дээр, омог чинь ганц бууны суманд. /барагдах бусуу./
Ар халх та нар минь одоо энэ сургаалд эс орвоос энэ цөвүүн цагийн тэнгэрийн дууны аюул, усны аюул, нэртэй нэргүй гэнэтийн үхэл учрах байна.
Ар халх та нар минь энэ сургаалийг гэрийн дотор нэгэн удаа дуудвал /уншвал/ гадна гай арилна, хоёр дуудвал гэрийн гай арилна. Гурав дуудвал гурван муу заяанд унахгүй, гучин гурван төрөлдөө бурханы оронд надтай учрах болно. Энэ сургаалыг дагаж явсан лам хувраг хүнийг багш мэт саная /дагая/. Манзушри бурхан мэт бодоё. Охимог /диваажин/-гийн оронд тойн, хувраг болгон төрүүлье. Миний энэ сургаалыг дагасан лам хувраг нар ба ах дүү, авгай дагинас нарыг миний дүү Норов мэт саная. Шагшаабадын оронд далан долоо төрөлдөө дэргэдээ шадар сайн хүн болгож төрүүлье.
Ар халх та нар минь энэ цөвүүн цагт миний сургаалд орвоос аливаа муу хортой дайсантай учрахгүй ямар нэгэн аюул ослоос гэтэлж гарах байна. Энэ цөвүүн цагт лам багшийг сайн шүтэж явбаас бурханы оронд очвоос холгүй буй. Миний энэ сургаалыг сайн хүнээр дуудуулж үзэж, сонсвоос арван тавны наран, сарны гэрэл мэт оюунралтай /гэгээрэлтэй/ цэцэн мэргэн, ухаантай болж, Ганжуур, Данжуур орчуулгаар нь уншин, сонссонтой адил бишүү. Дамжаа үгүй /гарцаагүй/ мунхаг хүн сонсвоос харанхуй шөнө хар усыг үнсэнд асгасан лугаа адил бишүү.
Аав ээжээ өргөмжлөн хүндэлж явбал энэ болон хойт насандаа амны хишиг, заяа буян чинь дэлгэрнэ. Андгай тангараг хэлэх амыг сайтар хичээж явахтун. Энэ сургаал, судар номыг гэрийн дотор тахиж шүтвээс гурван жилийн гай арилна. Хуурмаггүй бодож санаж явтал, миний энэ сургаал, судар номыг олон бүгд айл алгасалгүй, наминчлан тээж /тахиж/, уншуулваас аливаа хортой дайсантай учрахгүй сайн болно. Жаран жилийн жаргал ирнэ. Арван хуруу тэгш жаргана.
Миний энэ сураалыг дагасан шавь нар маань Гандантэгчинлэнгийн оронд надтай учран төрөх бишүү. Би зуун хорин нас наслах түүхтэй. Өдөр шөнө зургаа эргэе. Өглөө эрт бос, үдэш орой унт. Молом товлох ерөөлийг тавин айлтгая.
Манзушир лам /8-р Богд/
Монгол бичгийн хуучин эх, гар бичмэлээс хөрвүүлсэн Цэрэндоржийн Мөнхбаатар
/Аргын тоололын 2007 оны 7-р сарын 22-ны өдөр, ням гараг/
Билгийн тоололын 17-р жарны “Хамгийг номхтгогч” хэмээх гал гахай жилийн зуны адаг улаагчин хонин сарын шинийн 8-ны хөх хулгана билэгт сайн өдөр буулгавай./