Хэрвээ чи хоббигоо бизнес болгохоор шийдсэн бол…

Home OfficeСайхан мэдээ байна аа, манайхаан! Сүүлийн үед маш олон жижиг, гэхдээ хэрэгцээтэй бизнесүүд төрөн гарч байгаагийн ихэнхийнх нь эзэн эмэгтэй хүн байна. Эмэгтэйчүүдийг мөрөөдлөө биелүүлж, дуртай зүйлээ хийхээр зориг гаргаж байгааг харах үргэлж сайхан байдаг. Хэрвээ чи ч бас оёдог, бүжиглэдэг, зурдаг, уншдаг, сонсдог, ярьдаг, үздэг гээд ямар нэг хоббигоо бизнес болгох гэж байгаа бол чиний төлөө “ура” хашгиръя!

Яг адилхан, хоббигоороо бизнес хийдэг бүсгүйн хувьд өөрийн суралцсан хэдэн зүйлээсээ хуваалцаж байна.

1) Нууранд хуруугаа дүрж үз
Хамаг хадгаламжаараа дэнчин тавьж, одооны ажлаасаа гарахаасаа өмнө үнэхээр чиний хобби бизнес болж чадах эсэхийг, өөрөөр хэлбэл хүмүүс үүний чинь төлөө мөнгө төлөх эсэхийг мэдэх хэрэгтэй. Эхлээд шууд сүүлийн хувилбараа гаргана гэж улайралгүйгээр, анхлаад бүтээгдэхүүнийхээ бета хувилбарыг нь гаргаж хүмүүсээс санал сэтгэгдлийг нь сонсон сайжруулсныхаа дараа зах зээлд нийлүүлээрэй. Жишээ нь, хэрвээ чи оёдлын үлгэр гаргаж зарахыг хүсдэг бол эхлээд pdf хувилбарыг нь онлайнд байршуулж үзсэнийхээ дараа хэвлүүлэхэд хөрөнгө оруул. Эсвэл нүүр будалтын студитэй болохыг хүсдэг бол эхлээд хэд хэдэн хүнд гэрээр үйлчилж, үнэгүй будалт хийн инстаграмдаа тавиад үз. Өөрийнхөө хийсэн зүйлийн зах зухаас нь зах зээлд хүргэснээрээ чи маш олон зүйлд суралцах бөгөөд ингэж нууранд хуруугаа дүрж үзэх нь хэт их хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө санаагаа арай боловсронгуй, сайн болгоход тустай.

2) Чиний үйлчлүүлэгч хэн байх вэ?
Чиний бүтээл, хийсэн зүйл чинь хүн болгонд таалагдахгүй. Тэр нь ч зүгээр. Харин ч бүр сайн хэрэг гэж ойлго. Хэрвээ чи бүх хүнд тодорхой хэмжээгээр таалагдах үйлчилгээ/бүтээгдэхүүнийг гаргах гэж оролдвол хичээл зүтгэлээ онцгой биш, тун хурдан моодноос буух юманд үрж орхино. Тиймээс хэний анхаарлыг татмаар байгаагаа нарийн тодорхой болго. Үйлчлүүлэгчийнхээ нас, хүйс, амьдралын хэв маяг, хобби, хувцаслах мэдрэмж, дуртай сэтгүүл г.м бүгдийг нь тодорхойл. Тэгээд хийсэн юм болгоноо яг л тэдгээр хүмүүстээ ямар нэг байдлаар шууд хүргэ. Чи Кока Кола шиг маркетингийн баггүй, тийм байх ч шаардлагагүй. Чамд эхний ээлжинд цөөн ч хамаагүй тодорхой бүлэг хүмүүсийн дурлан байж худалдаж аваад, бүх найзууддаа дуулгахуйц жижигхэн, аятайхан бизнес л хэрэгтэй.

3) Бүхнийг төсөвлө
Алив, xls хуудас нээ дээ? Тэгээд бизнесийнхээ талаар нарийвчилсан, үнэнч, бодит төсөв гаргаарай. Чи хоббигоо насан турш, зүгээр л ажлынхаа зав зайгаар хийдэг зүйл байлгах биш тогтвортой, ирээдүйтэй бизнес болгоё гэж хүсч л байгаа бол үнээ тогтоохоосоо өмнө бүтээгдэхүүнээ гаргах, үйлчилгээгээ эрхлэхэд зарцуулагдах төсвийг маш сайн тооцоолох хэрэгтэй. Яг одооны зардлыг чинь хэлээгүй юм шүү. Учир нь дөнгөж эхлэх үед зардал гэхээр юм байдаггүй. Харин ойрын ирээдүйн дүр зургаараа бизнесээ явуулахад шаардагдах зардлын тухай ярьж байгаа юм. Өөрийнхөө доор хэд хэдэн ажлын байр бий болгож, хүссэн цар хүрээндээ бүтээгдэхүүнээ хүргээд л… Яг л энэ үед тогтмол эргэлтэнд орсон байх-Хангамж, савлагаа, ажилтнуудын цалин, тоног төхөөрөмж, түрээс, даатгал зэргийн нийт зардал хэд байх талаар судалгаа хийж эсвэл сайтар барагцаалсан таамаглал дэвшүүлж үзээрэй. Өөртөө өгөх орлогоо ч бас тооцохоо мартуузай. Үүнийг тооцоолж гаргасны дараагаар бүтээгдэхүүн болгон дээр хэдий хэмжээний ашиг нэмж байж бизнес цааш аюулгүйгээр үргэлжлэх, өсөн дэвших бололцоо бүрдэх вэ гэдгийг гаргахад хялбар болно. Мөн ингэснээр аз жаргалтай эхэн үеийг чинь зүсч орж ирэх гэнэтийн санхүүгийн дарамт, гүн шокоос зайлсхийж чадна.

4) Томоор мөрөөдөж, жижгээр эхлэ
Хэрвээ чи нийтлэлийг маань энэ хүртэл нь уншсан бол нэлээн амбицтай байх нь. Амбицаар тэтгэгдсэн төсөөлөлдөө чи ажлаасаа гараад, өөрийгөө бүтэн цагаар ажиллуулаад, брэндийнхээ хувцасны коллекцийг гаргаж их дэлгүүрүүдэд худалдаалаад, тусгай вебсайт хийлгэж, бүтэн багтай болоод л ер нь явж өгөө биз. Бизнесээ ямар болгохоо төсөөлнө гэдэг гайхамшигтай, гэхдээ төгс зүйлийг хийх гэсэн хүсэлдээ хойш татагдуузай. Эхэн үедээ яг чиний төсөөлсөн шиг байхгүй л болов уу. Эхний хэдэн сар, магадгүй хэдэн жил ч чи гал тогооныхоо өрөөнд, унтлагынхаа хувцастайгаар өдөржин ажиллаж, өдрийн хоолоо мөнгөндөө тааруулан тэгэс ингэс хийж болгоод л, ямар нэг ид шидэт өдөр ирэхийг хүлээж суух болно. Гэхдээ юу гээч? Хүссэн хэв маягаар чинь мөн ч бай, биш ч бай, эхлэх нь л чухал. Эхэлсний дараа тууштай байх нь чухал. Заавал гайхалтай, ганган байдлаар эхлэх албагүй. Болхидуухан эхэлсэн ч тасралтгүй сайжруулаад байхад чиний мөрөөдөл нүдний чинь өмнө жаахан жаахнаар сүндэрлэсээр байх болно. Харин тэр үед талархаж хүлээж авахаа мартуузай, нэг өдөр л бүх зүйл үлгэрийн юм шиг гарч ирэх мэт төсөөлснөөсөө болоод бага багаар бүтээсэн зүйлээ хүн үнэлэхгүй байх нь элбэг. Мөрөөдөл бол хүрэх цэг биш, амьдралын хэв маяг.

5) Бүтээгч бай
Зүгээр суугаад л бусдын хийж байгаа зүйлсийн тухай ярих амархан. Өөрийгөө үзэгчийн суудлаас тайз руу түлхэж гаргаад, ажиллаж эхлэхэд л жинхэнэ сорилтууд тулгардаг. Шүүмжлэл, алдаа, бүтэлгүйтэлд эмзэглэх өдрүүд бишгүй олон тохиолдоно. Гэхдээ энэ бүхнийг туулах явцдаа чи давхар амьдралаа гартаа атгахаас ажил бүтээх хүртэл, бүтээсэн ажлаа бусадтай хуваалцах хүртлээ томорч, шат шатаар өгссөөр л байх болно. Хүссэн зүйлээ хийгээд л бай. Яригч биш бүтээгч, мөрөөдөгч биш биелүүлэгч бай. Алдах болгондоо энэ бол чиний зогсолтгүй ажиллаж байгаагийн л илрэл болохоос, муу байгаагийн чинь илэрхийлэл биш гэдгийг санаарай.

Чамд мөрөөдлийн чинь амьдралыг хүсье!

гоолингоо.мн

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …