/Аян замын тэмдэглэл/
Нийт шүүхийн шүүгч, тамгын газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд өөрсдөө сонгон энэ жилээс эхлэн мэргэжил, мэдлэг, ажлын ур чадвараа дээшлүүлэх сургалтанд хамрагдахын зэрэгцээ орон нутаг дахь байгалийн үзэсгэлэнт газруудад алжаал тайлж, байгаль эхээсээ эрч хүч авах боломжийг олгосон сургалтын хэлбэр бидний таашаалд нийцэж байлаа.
Манай сургалтын багийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Сургалт хариуцсан ахлах референт С.Алтанхуяг ахалж, хурдлан давхисаар нийслэлээс урагшаа гарч, Төв аймгийн замаар урагшлав.
Багийн ахлагч С.Алтанхуяг Төв аймгийн Баян-Өнжүүл сумынх аж. Нутгийнхаа ширхэг чулууг тоолох шахам аялалын турш бидэнд гайхалтай сайхан байгаль, газар орныхоо тухай ярьж явлаа. Аялал амжилттай үргэлжилж, явсаар өдрийн 18 цагийн үед Дундговь аймаг хүрэв.
Даланзадгад хот-өмнийн говь бидний өмнө хадгаа дэлгэнэ. Өмнөговь аймгийн шүүхийн хамт хүндэтгэлтэйгээр угтан авч, Өмнөговь аймгаас баруун урагшаа 50 гаруй км газарт орших “Буянт хотхон” зусланд хүргэж, байрлууллаа.
Энэ зуслан социализмын үед “Пионерын лагерь” нэртэй байсан агаад 1956 онд анх говийн хөдөлмөрч зон олныхоо дэмээр байгуулагджээ. Зусланг говьдоо хайртай өмнөговьчууд тэр чигээр нь хадгалж, ширхэг хадаас ч авалгүй өнөө цагт авч ирсэн нь гайхалтай. Сургалт өглөөний 10 цагт эхэлж, 15 цагт дуусна. Чухамдаа л сургалт хүн бүрт амгалан говь мэт сэтгэлийн тавилуун, уужмыг мэдрүүлнэ.
Сургагч багш Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Дэнсмаа “Нотлох баримт” бүлэг сэдвээр, Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Болормаа, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нар “Шүүгчийн ёс зүй”, “Шүүгчийн ашиг сонирхолын зөрчил ба татгалзах үндэслэл”, “Шүүгчийн ёс зүйн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа” зэрэг сэдвүүдээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Сургалт хариуцсан ахлах референт С.Алтанхуяг “Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих ерөнхий аргачлал” сэдвээр тус тус сонирхолтой хичээл зааж, бодлого, дасгал, тодорхой жишээн дээр тайлбарлан, харилцан ярилцсан нь үр өгөөжтэй сургалт чадсанд бид баяртай байсан билээ.
Үүний сацуу говийн гайхамшгийг аяны 5 хоногт үзэх завшаан олдсон нь гайхалтай.
Эхний өглөөний сургалтын дараа цав цагаан манан нэвсийтэл дарж, биенээ харахтай үгүйтэй болохуйд, алсад наран сүүмийснээ аашаа хувирган, үүлэн хөшгөө хэцэлж, 2 өдөр бороотой, жихүүндүү байсан атал дараа өдрөөс хэзээний танил шаргал наран инээмсэглэн гарч ирлээ. Хөтөлбөр ёсоор бид 2 дахь өдрийн үдээс хойш Өмнийн говийн гайхамшиг болсон Говь гурван сайхан уулын нэг Зүүн сайхан ууланд орших Ёлын Аманд зочлов. Зуслангаас 20-иод км-т давхицгааж, зуслангийн хамгаалалтын цэгт ирэв. Зүсэн зүйлийн гадаадынхан хайрхан говийн минь үзэсгэлэнд согтсон мэт наранд төөнүүлэн, жаргалтайхан алхлана. Эх байгаль гэдэг хүний төрөлх совинг өөрийн эрхгүй соронздох нь үгээр хэлшгүй… Ёлын Ам нь уулын мушгиран тогтсон уртаас урт салаа агаад амнаасаа 10 гаруй км үргэлжилж, уулын голын горхи хоржигнон урссан, явах тусам хадан хавцал бачуурч, замын зөрөг бэрхтэй болсон, цавчим хясаа, эрс ханан хэцтэй, өнгө алагласан цэцэг навч, арц, гишүү, байгалийн цомирлог бүрдсэн, өрлөг говийн тэнгэрийн сахиус Ёл хэмээгч шувууны нутаг бөгөөд эл шувуу ер газар буухгүй уулын оргил өөд цамнан, тэнгэрээс шууд эрс доошлох нь адтай. Мөсөн голууд хавцал даган битүүрдэг бөгөөд биднийг очих үед мөс хайлж, энд тэнд цоохортон үлдсэнтэй тааралдав.
Сургалтын баг бүрэлдэхүүнээрээ Ёлын амны тэхий дунд хүртэл алхацгаав. Аялахад зам хэцүү ч бид говийн бурханд залбирцгааж, зам зуурын түмэн овоонд чулуу нэмэн, биенээ дэмнэн урагшилж, басхүү зургаа татуулцгааж амжив.
Говийнхон уран, бас ажилсаг. Ёлын амныхаа уулын чулуугаар морь, тэмээ, шувуу, аргаль, янгир, Ёл шувуу зэрэг элдэв дээдийн дүрс урлачихсан, гадна, дотнынхонд хэдэн төгрөгөөр борлуулаад, амьжиргаандаа нэмэрлэчихдэг овсгоотой, сэргэлэн. Манайхан ихэд дурлацгааж, чулуун бүтээлүүд худалдан авч, хөөрхөн наймаа хийцгээнэ. Зарим нь зам зуур гэр музей үзэх зуур хазаар, эмээл, чөдөр зэрэг хээнцэр болоод ориг сувинерүүдыг авцгаав. Бид говийн элсэн манхантай танилцаж, 3 дахь өдрийн үдээс хойш зуслангаас чанх урагшаа 30-аад км газарт элсэн манхан дээр хармаг түүж амтлан тухалсан.
Намайг Ховд аймгийн шүүхэд 2002–2007 онд нягтлан бодогчоор ажиллаж байхад Өмнөговь аймгийн шүүхийн нягтлан бодогчоор томилогдсон Д.Энхтөгс анд маань энэ оройн үдэшлэгт “Ингэн тэмээний нүд шигээ булаг шанд нь бүжээд…” хэмээн говийн саранг уяртал дуулж, бид говь гэдэг ямар сайхан нутаг болохыг сэтгэл зүрхээрээ мэдэрч, нэгэн сайхан дууг сурч авцгаасан.
Буцах замдаа бид 2015.08.21-ны өдөр Өмнөговь аймгийн шүүхтэй танилцаж, шүүгч, ажилтнуудтай уулзаж, ажлынх нь туршлагаас хуваалцлаа. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Өмнөговь аймгийн шүүхийнхэн шүүхийн шинэтгэлийн хүрээнд олон ажлыг санаачилж хийснийг хэлэх нь зүйтэй. Дундговь аймгийн шүүхэд 17 цагийн үед хүрэлцэн очиж, шүүхийн ажил байдалтай танилцаж, ярилцав. Дуутай хууртай Дундговь аймагт бүтээн байгуулалт нүргэлнэ. Цагаан гэгээ тасарч, үнэгэн харанхуй нөмрөх үед бид Дэлгэрцогт сумаас баруун тийш шороон замаар 40 км орчим явсаар зорьсон газраа ирэв.
Тэрэг тэрэг чулууг зориуд давхарласан мэт үелэн сударласан хүдэр хүрэн асга тойрно. Шугамдан шанлаж барьсан цагаан гэрт амарцгааж, бага үдийн хярд хөдөлцгөөв. Нутаг усаа манаад, 19 жил байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа Батжаргал гэдэг туранхай бор эр бидэнд замчилж, ухасхийв. Мотоциклийг морь шиг эдлэхийг нь яана. Арга ч үгүй биз дээ, энэ л сайхан өвгөдөөс үлдээсэн нутгаа түйтгэрээс хамгаалдаг хойно. Аялал амжилттай үргэлжилсээр Дундговийн улсын тусгай хамгаалалттай Бага газрын чулууны ойр орчмын байгальтай танилцав. Чойрын хүрээний хийдийн туурийг үзэв. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр энэ хийдийг устгажээ. Нутгийн нэгэн лам хийдээ хамгаалан олон жил бурхны номдоо үнэнчээр үлдэж, бясалган суудаг байсан гэх.
Энергийн агуй хэмээх 20 орчим метр урт агуйд бид гүн хүртэл нь нэг нэгээрээ орж үзэцгээж, байгаль эхийн бүтээлийг бишрэн шүтэж, адис авцгаасан юм. Нүдний рашаан гэх уулын бэлд цул хадны голд алгын чинээ хэмжээтэй нүхээр харагдах рашаанаас тусгай халбагаар авч, нүдээ шавшицгааж, залбирав. Бага газрын чулуу нь боржин чулуун уул бөгөөд Улаанбаатар хотоос 240 км зайд орших уртаараа 15 км, өргөнөөрөө 10 км, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1768 м өргөгдсөн Тахилгат уул юм.
2015.08.22-ны орой нар шингэхийн алдад манай аялалын баг хотод ирж, замынхаа тоосоо гөвцгөөж, аялалынхаа сонин сайхныг ярилцаж, хүн бүр аялалд сэтгэл дүүрэн байж, их зүйлийг сурч, мэдэж, ШЕЗ болон сургалтыг зохион байгуулсан багийн ахлагч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Сургалт хариуцсан ахлах референт С.Алтанхуяг, сургалтын ажилтан Г.Анар-Эрдэнэ нарт гүн талархлаа илэрхийллээ. Дахин ийм сургалтыг зохион байгуулахад хамрагдахад бэлэн гэдгээ сургалтанд оролцогчид нэгэн дуугаар илэрхийлж, нутгийн зүг урам зориг дүүрэн, амьдралдаа мартахааргүй дурсамж дүүрэн буцсанаар бидний аялал өндөрлөсөн билээ.
Ингэн бүүвэйн нүд шигээ өмнийн шаргал говь минь…
ХОВД АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА, МЗЭ-ИЙН ГИШҮҮН, ЯРУУ НАЙРАГЧ, СЭТГҮҮЛЧ
ГООВОО ОВОГТ ДАШНЯМЫН ДАВААСҮРЭН