Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралд Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг нар оролцож, “Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөрийг танилцууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан энэхүү хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхүйц чадварлаг захиргаа, дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн дагуу 2020 он хүртэл таван чиглэлээр нийт 39 төрлийн ажил хийхээр төлөвлөөд байна.
Хөтөлбөрийн дагуу иргэд интернэтээр бүх шатны шүүхийн шийдвэр, шүүхийн хаяг байршил, цахим хуудас, утас, факс, шүүх хуралдааны тов үзэх боломжтой шүүхийн цахим сан /www.shuukh.mn/-г ажиллуулж байна. Одоогийн байдлаар цахим санд 133349 хэргийн 180868 шийдвэр байршууллаа. Түүнчлэн нийт шүүхийн 105 шүүх хуралдааны танхимд дуу болон дүрс бичиж, архивлах тоног төхөөрөмж суурилуулснаар сонирхсон этгээд нээлттэй шүүх хуралдааныг шүүхийн байранд шууд үзэх, хэргийн оролцогчид бичлэгийг хуулж авах, прокурор, цагдаагийн байгууллага сургалтанд ашиглах, давж заалдах шатны шүүх хуулбарлан авах, шүүхийн ёс зүйн хороо хуулбарлан авах зэрэг байдлаар ашиглах боломжтой.
Мөн орон нутгийн нийт шүүхүүдэд видео хурлын төхөөрөмж суурилуулснаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх төрлийн сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр явуулж байгаа юм. Үүнээс гадна шүүхүүд хоорондоо холбогдож мэдээ, мэдээлэл солилцох,шүүх хуралдаанд алсын зайнаас нэхэмжлэгч, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч, шинжээчийг оролцуулж байна. 2015 онд нийт 127 удаа энэхүү системийг ашиглажээ. Тухайлбал орон нутгийн шүүх хуралдаанд Улаанбаатар хотоос 26 удаа, орон нутгийн шүүх хуралдаанд бусад орон нутгаас 78 удаа, шүүхийн ерөнхий зөвлөлөөс явуулсан сургалт семинар 23 удаа тус тус ашиглажээ. Шүүхэд ашиглаж буй програм хангамжийг боловсронгуй болгон шинэчилж, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тус тусын онцлогийг тусгасан нэгдсэн системийг нэвтрүүлээд өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байна. 2014 онд шүүхээр шийдвэрлэсэн нийт 41558 хэргийн 82 хувь буюу 33996 хэрэг нь иргэний хэрэг маргаан шийдвэрлэсэн байдаг. Ийм учраас эхний ээлжинд иргэний системд суурилсан нэмэлт систем боловсруулж 11 дүгээр сараас ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү нэмэлт системийн зорилго нь хэргийн оролцогч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх; хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан; хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэх; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа; хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэх; хэргийн оролцогчдоос нотлох баримт гаргасан эсэх; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсэх; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн эсэх; шүүх хуралдаан товлогдсон эсэх; хэргийн материалтай талууд танилцсан эсэх; хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх; шүүх хуралдаан дууссан буюу хойшилсон эсэх; давж заалдах гомдол гаргасан болон хүргүүлсэн эсэх; хяналтын гомдол гаргасан болон хүргүүлсэн эсэх зэрэг мэдээллийг гэрээсээ интернэт ашиглан үзэх боломжтой юм. Ингэснээр иргэдийн цаг зав, зардал чирэгдлийг бууруулах нөгөө талаас иргэний шүүхийн ачааллыг бууруулах зорилготой.
Нэгдсэн системтэй болсноор шүүгч өөрийн болон шүүгчийн туслахыг үйл ажиллагаанд хяналт тавих, шүүхийн нэхэмжлэл, хэрэг хүлээн авах, бүртгэх ажиллагааг хялбар шуурхай болгох, шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын ажил үүргийн хуваарь тодорхой болох, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн мэдээлэл солилцоог сайжруулах, тайлан мэдээ гаргахад зарцуулдаг цаг хугацааг багасгаж, хөдөлмөрийг хөнгөвчлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарж буй процесс, техник алдааг багасгах, зэрэг олон давуу тал бий болж байна.
Хууль зүйн яамтай хамтран цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудыг төрийн холбооны суурь сүлжээний орчинд суурилсан нэгдсэн сүлжээний орчин үүсгэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг дамжуулах, хүлээн авах боломжтой, процесын ажиллагааг дэмжсэн шүүхийн бүртгэлийн системийг хөгжүүлэх ажлын 2016 онд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотой Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаартай “Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ бүрдүүлэх тухай” тогтоол, Монгол улсын Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокуорын хамтарсан 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн батлагдсан тушаалаар “Шүүх, хууль сахиулах байгууллагуудын өгөгдөл солилцох дундын нэгдсэн сан бүрдүүлэх” тушаал батлагдаад байна.
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах програм хангамжийг боловсруулж, шүүгчид нэр дэвшигч бүртгүүлэхээс эхлээд шалгалт өгөх, шалгалтыг дүгнэх нэгдсэн оноо харах зэрэх бүх процессийг цахимаар субьектив нөлөөлөлгүй, шударга явуулах боломж бүрдүүлж 2014, 2015 онд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн нийт 300 сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтыг Шүүгчийн сонгон шалгаруулалтын програмын хүрээнд 600 нэр дэвшигчдийг бүртгэж, шалгалт авах ажлыг мөн зохион байгуулжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт “…Шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана” гэж заасан байдаг нь цагдан хоригдож байгаа этгээдийг өөрийг нь байлцуулахгүй талсан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь хүний эрхийг зөрчиж байна гэсэн гомдол, саналт ихээр ирдэг байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад зориулан Хорих 461-р ангид Улаанбаатар хотод байрлах эрүүгийн 3 шүүхтэй холбогдон ажиллах онлайн танхим байгуулсан. 2015 он гарснаас хойш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 61 хурал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 41 хурал, Нийслэлийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх 85 хурал, нийт 187 хурлыг энэхүү төхөөрөмжийг ашиглан сэжигтэн яллагдагчийг Хорих 461-р ангиас онлайн төхөөрөмжөөр оролцуулан таслах сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлэсэн талаар мэдээллээ. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг 30 орчим байгууллагын сэтгүүлч сурвалжиллаа.
Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс