Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2015 оны Төсөвт тодотгол хийхтэй холбогдуулан дагалдан гарах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал мөн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийг дагалдах хууль, тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2015 оны Төсөвт тодотгол хийхтэй холбогдуулан төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдан өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулав. Тэрээр, ..Монгол Улсын 2015 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн 2015 оны төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдлээс буурахаар байгаа нь “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд дахин өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгож байна.
Иймд 2015 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцох зорилгоор нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,128.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,307.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1,179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5 хувьтай тэнцэхээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээв.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Оюунхорол, Д.Ганхуяг нарын гишүүд Сангийн сайд, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Танилцуулгыг Сангийн сайд хийсэн. Түүний илтгэлд, Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан энэ оны эхний 8 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 660.7 тэрбум төгрөгөөр тасарсан бөгөөд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 900 гаруй тэрбум төгрөгөөр тасрахаар байгаа талаар дурдагдсан.
Дээрх нөхцөл байдлын улмаас 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгах зорилгоор 2015 оны төсвийн тодотголыг боловсруулсан бөгөөд доорх хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Үүнд:
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.
Танилцуулгын дараа гишүүд ажлын хэсэг, Сангийн сайдаас асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Д.Дэмбэрэл гишүүн ирэх жилийн Төсвийн хуулинд Засгийн газрын бүтцийн асуудал орж ирсэн. Үүнтэй холбогдуулан энэ оны тодотгол дээр есөн яамтай болохтой хамааралтай асуудал байгаа юу. Шатахууны онцгой албан татвар болон үнийн асуудалтай холбоотой ямар зохицуулалтууд орсон талаар асууж байсан.
Түүний асуултад Сангийн сайд, ирэх оны төсөвт Засгийн газрын бүтцийн асуудал байгаа. Засгийн газрын хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцээд оруулж ирсэн. Энэ явцад ЗГХЭГ-аас тодотгол өргөн барихдаа хамт оруулчихсан байна лээ. Засгийн газрын бүтцийн асуудал тодотголтой хамааралгүй. Шатахууны хувьд Засгийн газар татвараараа үнийн зохицуулалт хийх бодлого барьж байгаа хэмээв.
Түүнчлэн Д.Ганхуяг, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Д.Батцогт, Ч.Амаржаргал нарын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж, саналаа хэлсэн.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн дараа Я.Санжмятав гишүүн, хэлэлцэх асуудал олон байгаа учраас санал хураахдаа 11 хууль, УИХ-ын тогтоолын төслүүд гэж багцлаад санал хураая гэсэн горимын санал гаргасан юм. Түүний саналыг гишүүд дэмжсэнээр 2015 оны Төсвийн тодотголыг дагалдан оруулж ирсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтлоо.
2016 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тухай тухай хуулийг дагалдан өөрчлөлт орох хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
2015 оны Төсөвт тодотгол хийхтэй холбогдуулан өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.
Сангийн сайд Б.Болор 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 онуудын төсвийн төсөөллийн талаарх хуулийн төслийн талаар танилцуулгадаа, ирэх 2016 оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, уул уурхайн бус салбарын өсөлт, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний хэмжээ зэрэг үзүүлэлтүүд нь өөрчлөгдөж байгаатай уялдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зардал, хөрөнгийн зардал болон төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл зэрэг үзүүлэлтүүдийг зайлшгүй өөрчлөх шаардлага тулгарч байна.
2016 онд уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, “Алт хөтөлбөр” болон “Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр төсвийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж тооцлоо. Түүнчлэн, УИХ-ын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан ба хууль хэрэгжиж эхэлснээр далд эдийн засаг буурах, татвар төлөгчийн илрээгүй байсан орлого, хөрөнгө ил болж, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, татварын бааз суурь өргөжсөнөөр ирэх онд татварын орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Үүний үр дүнд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,981.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.3 хувьтай тэнцэхээр байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг, үр ашигтай ажиллуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, 2016 оны 8 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлэх, нийгмийн зарим халамжийн зардлыг зорилтот бүлэгт чиглүүлэх арга хэмжээг авах, Төрийн байгууллагуудын бүтцийг цомхон, чиг үүргийн давхардалгүй зохион байгуулах, зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, урсгал зардлыг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх бодлогыг төсвийн төсөлд баримталлаа..
..Ингэснээр 2016 оны нэгдсэн төсвийн нийт зарлага 7,883.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувьтай байхаар тооцов.
Дээрх өөрчлөлтүүдийн нөлөөгөөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн нийт алдагдал 2016 онд ДНБ-ий 3.3 хувь, 2017-2018 онуудад ДНБ-ий 0 хувьтай байхаар төсөөллөө хэмээн танилцуулсан.
Харин өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж Засгийн газраас холбогдох хууль, УИХ-ын тогтоолын төслийн талаар танилцуулгад, ирэх оны төсвийн төсөлд Засгийн газрын яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалтыг цомхон, давхардалгүй болгох, Засгийн газрын зарим тусгай сан болон төсвийн зарим байгууллага, ажлын албадыг татан буулгах, чиг үүргийг нь холбогдох яам, агентлагт шилжүүлэх, нийгмийн хамгааллын зарим арга хэмжээг хамрах хүрээг бууруулах, зорилтод бүлэгт чиглүүлэх, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зарим зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлэх, төсвийн нэгдмэл, тогтвортой байдлыг хангах, төсвийн бодлого, зарчмууд төрийн бүх байгууллагад ижил тэгш үйлчилдэг байх, төрийн өндөр болон улс төрийн албан хаагчид, бүх шатны шүүгчдийн цалинг 30 хувь бууруулахтай холбогдуулан шүүгчийн цалин хөлсийг шинэчлэн тогтоох, төрийн өмчийн удирдлагыг бэхжүүлэх, төсвийн орлогыг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр нийт 35 хууль, УИХ-ын тогтоолын 4 төслийг боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдэд уншиж танилцуулсан юм.
Дээрх асуудлуудаар хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хуралдаанд байр сууриа илэрхийлэн үг хэлж дууссаны дараа асуудал тус бүрээр санал хураасныг гишүүдийн олонх дэмжсэнээр 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөлөл, 2016 оны Төсвийн тухай хуулийг дагалдан гарах хуулиудын талаар байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар шийдвэрлэсэн юм.
Хуралдааны төгсгөлд 2015 оны Төсвийн тодотгол, 2016 оны Төсвийн төслийн талаар төсвийн бодлогын дүгнэлт гаргах, төсвийн үр дүнгийн үзүүлэлтүүд, орлого зарлагын бодит боломжийг тооцох, төсөвт тулгараад байгаа хүндрэлийг шийдвэрлэх талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлаар гишүүдийн саналыг авсан. Энэ талаар гишүүд хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдах уг ажлын хэсгийг УИХ дахь нам, эвслийн бүлгийн гишүүд болон мэргэжлийн байнгын хорооны гишүүдийг оролцуулан долоон гишүүнтэйгээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.