“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран Хөдөө, аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.

08Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Су.Батболд хөтлөн явууллаа. Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12.2 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 28.6 хувийг ажлын байраар хангадаг. Харин 2014 оны байдлаар салбарын эдийн засгийн өсөлт 14.4 хувь, нийт ДНБ-д эзлэх хувь 12.2 хувьд хүрч, 51.9 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй сэргэн хөгжих эхлэл тавигдаж, жилд 518 мянган тн үр тариа, 270 гаруй мянган тн төмс, хүнсний ногоо хураан авч, 7000 тн ноолуур, 23000 мянган тн ноос, 11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангадаг болоод байна” гэлээ.

06Үүний дараа “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлагчийн илтгэлийг ХХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцэцэг танилцуулсан юм. Тэрээр “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан, 2016-2025 оны хооронд 2 үе шаттайгаар хэрэгжихээр төлөвлөсөн. Бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дагавар гарна гэж үзсэн.

Түүнчлэн манай улс дотоодын хэрэгцээнээс илүү гарч буй хөдөө аж ахуйн гаралтай зарим түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлох таатай боломж бүрдээд байгаа одоогийн нөхцөлийг цаг алдалгүй ашиглахын тулд төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна. Үүний тулд таваарлаг, эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бүсчилэн хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй дараах хоёр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох хорио цээрийн шаардлагыг хангах, хоёрдугаарт, дотоодод бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг баталгаат агуулах, хилийн боомт хүртэл тээвэрлэх логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал юм.

02Иймд дээрх нөхцөл байдлыг цогцоор шийдвэрлэхийн тулд алслагдсан бүс нутгийн хилийн боомтыг түшиглэсэн хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, тухайн бүсийн хорио цээрийн тусгай дэглэмийг импортлогч орнуудтай тохирох ажлыг эхлүүлэх хэрэгтэй байгаа юм.

Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулснаар хөрөнгө оруулалтын урсгал нээгдэж алслагдсан бүс нутагт ажлын байр олноор бий болж нутгийн иргэдийн амьжиргааны түвшин сайжрахын хэрээр хот руу шилжих хүн амын хөдөлгөөн багасч Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэж хөдөөгийн хөгжлийн шинэ үе шатанд гарах юм” гэлээ.

03Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгуулах Хөдөө аж ахуйн их суруулийн профессор багш, судлаач, эрдэмтдийн саналын төслийг танилцуулсан юм. Тухайлбал, “4.12.Хүсний үндэсний аюулгүй байдалд төрөөс хяналт тавьж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангахыг тогтвортой дэмжих” гэсэн заалт нэмэх. Мөн Мал эмнэлэгийн хүрээлэнгээс ирүүлсэн саналд, “1.4.1 а/ мал эмнэлэгийн хорио цээрийн өндөр дэглэм бүхий мал амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс эрүүлжсэн бүс нутгийг бий болгож, хүрээг нь үе шаттай өргөжүүлэхийн зэрэгцээ нийтийн эрүүл мэндийг хамгаалах орчин зүй, бүс нутгийн онцлогт тохирсон эрүүлжүүлэх арга хэмжээний стратеги баримтлана” гэж шинээр оруулах.

05

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд болон бусад албаны хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …