Г.Уянга гишүүний асуулгын хариуг сонсов

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.00 цаг 02.00 минутад эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонсов.

DSC_7065Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга асуулгадаа, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 650 дугаар тушаалаар “Зоос банк” ХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд банкийг татан буулгах ажиллагаа дуусаагүй бөгөөд тус банкны жижиг хувьцаа эзэмшигч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байгаа тухай тус банкны хувьцаа эзэмшигч иргэдээс удаа дараа гомдол ирүүлсээр байгаа. “Зоос банк” ХК нь нийт 14 666 703 ширхэг хувьцаатай. Эдгээр хувьцааг 635 хувьцаа эзэмшигч хуваан эзэмшдэг. Үүнээс 7 хувьцаа эзэмшигч нь хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 628 хувьцаа эзэмшигч нь жижиг хувьцаа эзэмшигч байна гэдгийг дурдаж, “Зоос банк” ХК-ийг татан буулгах ажиллагааны тухай болон уг ажиллагааны явцад дээрх 628 жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах, тэдний хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодорхой хариулт ирүүлэх хүсэлтийг гаргасан юм.

DSC_7100Гишүүний асуулгад Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хариулт өгсөн. Тэрээр , “Зоос банк” ХК нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн анхны шаардлагаар гарган өгч чадахгүйд хүрч, өөрийн хөрөнгө алдагдсан, төлбөрийн чадваргүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 650 дугаар тушаалаар тус банкинд Эрх хүлээн авагч томилж, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 659 дүгээр тушаалаар Зоос банк Хувьцаат компанийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.

Тус банк татан буудсанаар иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, “Банкин дахь монгол хадгаламжид баталгаа гаргах тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 348 тоот тогтоолын хүрээнд “Зоос банк” ХК-ийн бүтцийн өөрчлөлтөд зориулт нийт 100.0 тэрбум төгрөгийн бонд гаргасан. “Зоос банк” ХК дахь Эрх хүлээн авагчийн ажиллах хугацааг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар гурван удаа сунгаж, дөрөв дэх жилдээ ажиллаж байна. “Зоос банк” ХК-д Эрх хүлээн авагч томилогдсоноос хойших хугацаанд “Зоос банк” ХК-иас төлбөрийн нэхэмжлэлтэй этгээдүүдэд нийт 58.5 тэрбум төгрөгийн актив хөрөнгө эргэн төлүүлж, 51.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан.

DSC_7104“Зоос банк” ХК-д банкны Эрх хүлээн авагч тохимлогдмогц Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан “Банкны эрх хүлээн авагчийн нэн даруй авах арга хэмжээ”-г цаг тухайд нь авч хэрэгжүүлсний нэг нь банкны хувь нийлүүлэгчдэд алдагдлыг хүлээлгэж, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь нийлүүлсэн хөрөнгө, бусад сангаас хасалт хийж санхүүгийн тайланд тусгасан. Дээрх хуулийн заалтын дагуу Эрх хүлээн авагчийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот тушаалаар хувь нийлүүлэгчдээс дүрмийн санд оруулсан 14.7 тэрбум төгрөг буюу хувьцаа, нэмж төлөгдсөн капитал, дахин үнэлгээний сан, өнгөрсөн жилийн ашиг, нөөцийн сан, нийгмийн хөгжлийн сан зэргээр санхүүгийн хариуцлага хүлээлгэж, тухайн жилийн ашиг, алдагдлын дансанд шилжүүлсэн. Энэхүү тушаалаар хуулийн дагуу “Зоос банк” ХК-ийн бүх хувьцаа эзэмшигчид санхүүгийн хариуцлага хүлээлгэсэн. “Зоос банк” ХК-ийн Эрх хүлээн авагчийн зүгээс Засгийн газрын бондын төлбөрийг төлж барагдуулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул хувьцаа эзэмшигчдийн банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг барагдуулах нөхцөл хуулийн дагуу бүрдээгүй байгаа” гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Г.Уянга, Д.Дэмбэрэл нар асуулт асууж хариулт авлаа.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан:- Банкны хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хуваарилах ямар ч боломжгүй. Банк 87.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан учраас ногдол ашиг хуваарилах ямар ч ойлголт байхгүй байсан. Европын сэргээн босголтын банк 3.7 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаа эзэмшдэг байсан. Энэ нь нийт хувьцааны 25 хувь байсан. Нийт бусад хувьцаа эзэмшигчдийн адилаар санхүүгийн хариуцлага хүлээгээд энэ нь алдагдал болсон. Өөрөөр хэлбэл энэ банкийг дампууралд хүргэсэн хувьцаа эзэмшигчдийн нэг учраас санхүүгийн хариуцлага хүлээгээд одоо ямар нэг хэл ам хийхгүй байгаа. Банкны 55 хувийг эзэмшдэг байсан Батбаяр гэдэг иргэн банкнаасаа тодорхой хэмжээний хөрөнгөө буцааж авсан. Энэ нь ганц Батбаяр ч биш бусад бүх иргэд, компаниуд төлбөрөө авсан. Харин 14.7 тэрбум төгрөг буюу дүрмийн санд оруулсан хөрөнгөөрөө шууд санхүүгийн хариуцлага хүлээсэн. Эрх хүлээн авах үйл ажиллагаа 6 дахь жилдээ үргэлжилж байгаа нь үнэн. Энэ хооронд Монголбанкны гурван удаагийн шийдвэрээр хугацааг нь сунгасан. Сүүлийн хэдэн жил буюу 2012 оноос эхлээд Зоос банкны үйл ажиллагааг дуусгавар болгоод Сангийн яамнаас буюу төрөөс гаргасан бондны дүнтэй дүйцүүлэн эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгоё гэсэн саналыг удаа дараа хүргүүлдэг ч энэ асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Гэхдээ сүүлийн хоёр удаагийн санхүү удирдлагын зөвлөлөөс нааштай шийдвэр гаргаад хохирлыг дуусгавар болгоод Сангийн яам руу бондын төлбөрт үлдэгдэл актив хөрөнгийг шилжүүлэхээр хоёр талаасаа ажиллаж байна.

DSC_7106Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга:- Тухайн үеийн Сангийн дэд сайд байсан Ч.Ганхуяг Зоос банкны 86.6 тэрбум төгрөгийн хөрөнгөн дээр Төрийн банкны эх үүсвэр бий болсон гэсэн тов тодорхой ярилцлага өгсөн нь байж байна. Одоо дээрээс нь Төрийн банкийг хувьчилна гэж ярьж байгаа. Хэрвээ хувьцаа эзэмшигчид хариуцлага хүлээх ёстой юм бол жижгээсээ том руугаа дараалж хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна. Эхлээд ард иргэдийн хохирлыг барагдуулж байж дараа нь хувьцаа эзэмшигчид гэсэн дарааллаар байх нь зүйтэй юм. Хувьцаа эзэмшигчид бас мөнгөө авахдаа жижгээсээ том руугаа гэсэн дараалалтай байдаг байх. Та нар үүнийг хангаж ажиллаагүй юм байна. Одоо жижиг хувьцаа эзэмшигчид хохироод үлдсэн. Том хувьцаа эзэмшигчид нь үүнийг шахаж шаардах ёстой ч ингээгүй. Маш олон хуулийг тухайн үед зөрчиж энэ банкийг татан буулгасан. Үүнд Монголбанкны буруутай, алдаатай үйл ажиллагаа маш их байгаа. Хувьцаа эзэмшигчдийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Энэ асуудлыг судлах зохион байгуулах, хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох асуудлаар удаа дараа яригдаж энэ удаагийн Улсын Их Хурал дээр Эдийн засгийн байнгын хороон дээр санал гарч ажлын хэсэг байгуулагдсан юм билээ. Энэ ажлын хэсэг зогчихоод байгаа. Иймд Эдийн засгийн байнгын хороон дээр энэ ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулах, жижиг хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох, Төрийн банкин дээр байгаа хувьцааны асуудлыг цэгцлэх ажлыг үргэлжлүүлж хийх ёстой гэж үзэж байна. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35.5-д энэ асуудал зохицуулагдсан байгаа. Асуулгын хариуг үндэслээд Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсгийг үргэлжлүүлэх асуудлыг ярилцаж гацчихаад байгаа ажлын хэсгийг ажилд нь оруулах саналтай байна.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонссоноор өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo11

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …