Эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчний тухай
Хяналтаас гадуур өрнөх нойтон мэдрэмж юуных гэдгийг чи мэдэж байгаа. Шээсээ барьж чадахаа больсных шүү дээ… Эмчид үзүүлэхээс ч санаа зовдог, гэхдээ бидний олонхид тохиолддог “шээс задгайрах өвчин”-ий тухай энд яриад байгаа юм.
35-аас дээш насныханд тохиолдох нь элбэг учраас ингэж тодотгосон ч, ямар ч насны эмэгтэйд тохиолдож болдог. Эрэгтэй хүнд ч “өөрийн мэдэлгүй дусаах” тохиолдол илэрдэг ч бүсгүйчүүд биднийх шиг олон биш юм.
Шээхэд давсгаар хатгуулж өвдөхгүй гэдгээрээ циститээс ялгаатай гэдгийг санаарай.
Шээс задгайрах өвчин гэж юу вэ?
Давсагны сүвийн эргэн тойрондох булчин суларч, мэдрэлийн эсүүд гэмтсэнээр шээсээ барьж чадахаа болих, явдал хөдөлгөөний аясаар шээс өөрийн мэдэлгүй гадагшлах зовиурыг хэлнэ.
Шинж тэмдэг
• Стрессээс үүдэлтэй задгайралт. Ханиах, найтаах, дасгал хийх, ямар нэг зүйл өргөх, хэвтэж байгаад босох зэрэг давсгандаа даралт өгмөгц шээс дусах.
• Барьж чадахгүй байх задгайралт. Барьж тэвчихийн аргагүй санагдаж ариун цэврийн өрөө орсон ч маш бага хэмжээгээр шээх. Шөнө бүр босож хэд хэдэн удаа ариун цэврийн өрөө орох.
• Илүүдэл шээсний задгайралт. Давсгаа бүрэн суллаж чадахгүй байгаагаас үүдэлтэйгээр шээсээ таслах, ариун цэврийн өрөөнөөс гараад буцаж орон ахин суллах.
Учир шалтгаан
• Жирэмслэлт. Гормоны өөрчлөлт, савны жингийн нэмэгдэл давсганд ачаалал өгч булчинг нь сулруулж болно.
• Төрөлт. Төрөлтийн үед эмэгтэй хүн дунджаар 3-4 кг жинтэй хүүхэд төрүүлэхэд давсагны булчинд их хэмжээний ачаалал очиж сулрахаас гадна давсагны мэдрэлийн эсүүд гэмтэж, эргээд хэвийн байдалдаа орж чадаагүйгээс үүдэн шээс задгайрах, дусагнах өвчин үүсэх нь бий.
• Нас ахих. Давсагны булчинд ч бас “хөгшрөлт” явагдсанаар чанга чанараа алдаж суларснаар үүсч болно.
• Цэвэршилт. Цэвэршилтийн дараа олон эмэгтэйчүүдийн сав, давсагны эрүүл байдлыг хангах эстрогений үйлдвэржилт багасдаг учраас шээс задгайралт үүсэх нь элбэг.
• Түр зуурын шалтгаан. Өтгөн хаталт (хэт их өтгөн цугларснаас), цистит зэргээс болоод түр зуур шээс дусагнаж болно. Мөн каффейн, алкоголь, газтай ундаа, зүрхний эм зэргийг хэтрүүлэн хэрэглэснээс ч хамаарах боломжтой.
Мөн жин нэмэлт, хэт их стресс, мэс засал, төрөлхийн бөөр, нурууны гажиг зэргээс ч үүдэлтэй байж болно.
Хэрхэн эмчлэх вэ?
Энэ өвчнөөр дийлэнх бүсгүйчүүд төрснийхөө дараа өвчилдөг бөгөөд үүнээсээ санаа зовсноосоо болоод эмчид хандадгүй өнгөрчихдөг байна. Эмчид хандахгүй байснаасаа болж хэрхэн яаж эмчлэх талаар мэдээлэлгүй байсаар өөрийгөө буруутган гутрах, надаас шээс үнэртэж байгаа болов уу гэж үргэлж санаа зовж, гэр бүлийнхнээсээ нуух, нийгэм хамт олноосоо хөндийрөх зэрэг сэтгэл зүйл дарамтыг ч бас ихээр мэдэрч эхэлдэг. Тийм болохоор энэ өвчний шинж тэмдэг илэрсэн л бол заавал эмчид хандаарай.
Өвчний эхэн үед эмийн эмчилгээ, аарцаг давсагны булчинг чангалах дасгал хийж болох ч архагшсан үед энэ нь тийм ч үр дүнтэй арга биш. Өөрөөс шалтгаалах наад захын аргууд бол:
– Тамхи нь давсагны гөлгөр булчинг цочроосноор өөрийн мэдэлгүй агшилт үүсэхэд нөлөөлдөг байна. Мөн хэт их жин нь хэвлийн хөндийн даралтыг нэмэгдүүлсэнээр давсаг өөрийн мэдэлгүй агшидаг. Тиймээс хэрвээ тамхи татдаг эсвэл илүүдэл жинтэй бол тамхиа хаяж, илүүдэл жингээ хасах нь хамгийн түрүүнд чиний хийх хэрэгтэй зүйл чинь байх нь.
– Давсгаа сулласныхаа дараа босоод шууд ахин сууж давсгаа гүйцэд сулладаг болох.
– Тогтмол цагт бие засч сурах хэрэгтэй. Тогтмол цагт бие засч сурсныхаа дараа хоорондын зайг нь бага багаар холдуудж сураарай.
Эдгээр аргуудыг хийхэд тодорхой үр дүн гарах хэдий ч хамгийн үр дүнтэй арга нь мэс заслын арга байдаг. Өвчний үүссэн шалтгаанаас хамаарч олон төрлийн мэс ажилбар хийдэг байна.
Уламжлалт мэс ажилбарын дараа өвдөлт өгөх, буцаж эдгэх хугацаа удаан зэрэг таагүй зүйлс илэрч болдог ч эмчилгээ хийлгэхгүй байж болохгүй шүү. Хамгийн гол нь өвчний шинж тэмдэг илэрсэн л бол ичиж, санаа зоволгүйгээр шуудхан л эмчид хандаарай.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
-Кегелийн дасгалыг байнга хийх (Ялангуяа төрөлтийн дараа)
-Жингээ хэвийн хэмжээнд нь барих
-Тамхи татахаа одооноос зогсоох
-Давсгийг цочроох хүчиллэг хоол хүнснээс аль болох татгалзах
Эх сурвалж: www.Goolingoo.mn