Интернэт сүлжээ цахим ертөнц хэдийгээр манай улсын хувьд шинэлэг зүйл ч гэлээ маш хурдацтай хөгжиж байгаа. Үүнийг дагаад сайн ч, саар ч зүйл их гарах боллоо. Учир нь лайк даруулах гэсэн башир аргатай нөхдүүд олон янзын арга сэдэх болов. Тухайлбал, кино театруудад гарч байгаа буюу хүмүүсийн хамгийн их сонирхон үзэж байгаа киног “шууд үзэх” хэмээн хуурна. Энэ нь ч нэг их хор хөнөөлгүй гэх боловч нэг талаар оюуны өмчийн хулгай юм.Мөн элдэв порно бичлэг, ноцтой гэмт хэргийн тухай худал мэдээлэл цацаж олны анхаарлыг татаж, лайк цуглуулах гэж байгаа нь асуудал үүсгээд байна.
Учир нь ийнхүү худал мэдээллээр нийгмийг цочроож, гэмт хэрэг, садар самуун сурталчилж байгаад нь хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн байгаа. Гэтэл цагдаагийн байгууллагаас эдгээр нөхдүүдтэй тууштай тэмцэж, дорвитой арга хэмжээ авахгүй байна. Тиймээс ч “лайкны гуйлгачид” хууль сахиулагчдын толгой дээр “од” болон гялалзаж, улам л нарийн аргатай болсоор.
Тухайлбал, сүүлийн үед Монголын олны танил хүмүүс фэйсбүүк ертөнцөд “амиа алдах” нь ихэслээ. Хэдхэн өдрийн өмнө жүжигчин Д.Шүүдэрцэцэгийг нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Би 89 оных биш гэдгээ хэлье… Бурхан минь өршөө, мөнх наслах болтугай” хэмээн тайлбар хийсэн. Харин түүний найз жүжигчин О.Дөлгөөн “За болиоч дээ. Яасан муухай юм бэ. Монгол хүн амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ. Энэ худлаа мэдээг хараад таньдаг найз, нөхөд, гэр бүл нь яаж сандрах, сэтгэл санаа нь яасан хэцүү байхыг бодсонгүй юу. Арай дэндүү худлаа мэдээлэл тавих юм. Түүний утас руу нь залгаж байхдаа найз минь утсаа аваасай гэж хэчнээн их юм бодов оо. Гэтэл өөдөөс инээгээд би амьдаа гээд ярихад нь яасан их баярлав аа” гэсэн талбартайгаар түүний зургийг оруулсан байсан. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Банш Батаа буюу Д.Баттөмөрийг осолд ороод бие нь тааруу байна хэмээн хуурамч зураг эвлүүлэн цацаж, олон лайк цуглуулаад авсан. “Лайкны гуйлгачид” ингэж олноор нь “хүн алаад” байгаагийн цаад учир нь холбогдох байгууллага хариуцлага тооцож чадахгүй байгаад л байгаа хэрэг. Тиймээс тэд бизнесээ улам өргөжүүлэх гэж улайрах нь зүйн хэрэг биз. Элдэв янзын худал, хуурмаг зүйлээр олон мянган лайк цуглуулаад тухайн пэйж хуудсаа өндөр үнээр зараад “баяжиж” байна гэнэ, цаагуур чинь. Тодруулбал, 100 мянган лайктай пэйж хуудсыг хамгийн хямдхандаа 5-6 сая төгрөгөөр зардаг гэсэн албан бус мэдээлэл байна. Хамгийн хямдхан үнэ нь энэ шүү. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сэтгэл санаагаар наргиад төлөөсөнд нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, энэ их мөнгийг авдаг гэсэн үг. Тиймээс олон нийтийн сэтгэл санаагаар наргиад, олон сая төгрөг олдог даварсан нөхдүүдийн толгойг хэдий болтол илээд байх ёстой вэ. Цагдаа нар өдөр бүр цаг тухайд нь хариуцлага тооцоод байвал энэ нөхдүүд цахим ертөнцөөр “хүн алж” баяжаад байж чадахгүй. Хэдийгээр цахим гэмт хэрэг шинэ зүйл ч гэлээ, энэ ертөнцийн хөгжлийн хурдыг гүйцэж, компьютерийн ард суудаг “алуурчдад” хариуцлага тооцох чадалтай, чадвартай боловсон хүчинтэй болчихооч, цагдаагийхан минь. Энд бас нэг зүйлийг дурьдахад, цагдаад нэр хүндээ сэргээлгэх тухай өргөдөл гаргахад бодит хохирол байхгүй гээд тоохгүй орхичихдог талтай. Гэтэл нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол нь шүүх дээр хэдэн зуун саяар үнэлэгддэг гэдгийг энд хэлчихье. Тиймээс цахим ертөнцөөр “хүн алж” баяжаад байгаа нөхдүүдэд тооцдог хариуцлага байж л таараа. Эднийг одоо л зогсоохгүй бол цаашдаа хэдэн ч хүнийг нөгөө ертөнц рүү илгээж, ёстой л нөгөө түрийний бөөс толгойд гарах гэгч болох вий дээ.
эх сурвалж:dorgio.mn