Өчигдөр 22-ын товчоогоор 400 орчим цагаан зээр сүрэглэн орж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан нь иргэдийн анхаарлыг татаад байгаа билээ. 1990-ээд оны эхэн үеэр цагаан зээр олноороо нүүдэллэж нийслэлд орж ирсэн. Тухайн үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд ирж, 10-аад зээр нь өвөлжиж байгаад алга болж байсан ажээ. Энэ талаар албаны эх сурвалжаас ийнхүү анхааруулж байна.
1940, 1950 оны үед Улаанбаатар-Замын Үүд чиглэлээр төмөр зам бариагүй байхад цагаан зээр Баян-Өлгий аймгаар дамжин Казахстан руу гарч нутагладаг байжээ. Мөн Сэлэнгэ аймгийн нутаг хүрдэг байсан түүхтэй. 8-10 см-ээс дээш болоход цагаан зээр өөр газар луу дайждаг байна. Өөрөөр хэлбэл, идэш тэжээл, өвс ногоотой газрыг хайж нутаг сэлгэж явдаг. Энэ утгаараа урд зүгээр цас ихтэй байгаа учраас нийслэлээр дайраад хойд зүг рүү нүүдэллэж байгаа аж. Нутаглаж байсан газарт нь хүний сөрөг нөлөөнөөс болоод зээрийн сүргийн тав тухыг алдуулсан ч байж болно. Хэдий бэлчээр сайтай байсан ч хүмүүс олноор нь ан хийж эхэлбэл, дайжаад явдаг. Энэ мэтчилэн олон шалтгаанаас үүдсэн болов уу гэж харж байна. Цагаан зээр тухайн нутаг нь цасанд дарагдаж эхлэхээр дайжиж эхэлдэг. Харин цагаан зээрийн нутаглаж байгаа газарт өнтэй өвөл болдог гэж ярьдаг. Суурьшлын бүсэд ирж байгаа учраас наад зах нь машины зам гарахаас эхлээд саадтай тулгарна. Тиймээс иргэд хөдөлмөрчдөдөө нэг зүйлийг сануулмаар байна. Амьдрахын төлөө нутаг сэлгээд явж байгаа цагаан зээрүүдийг тасалдуулж, үргээхгүй хүлээцтэй байгаарай гэж хэлье. Тиймээс ядаж ойрын хоногуудад нохойгоо сул тавихгүй байхыг айл өрхүүдээс хүсмээр байна. Тэр олон тооны цагаан зээр төмөр замын өргөст торыг яаж давж гарав гэдэг нь сонин байна. Өргөст торонд өлгөгдөх, бүр амиа алдах ч тохиолдол байдаг. Энэ мэтчилэн цагаан зээр суурьшлын бүсээр дайрна гэдэг олон саад бэрхшээлтэй тулгар ч болно хэмээн иргэдэд анхаарууллаа.