Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван Тайвань улсад 2015 оны 11 дүгээр сарын 08-19-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад хамрагдсан бөгөөд энэхүү сургалтын талаар бичиж ирүүлсэн сэтгэгдлийг нь хүргэж байна.
Тайвань улсын нийслэл Тайпэй хотод байрлах Шүүгчдийн сургалтын академид зохион байгуулагдсан сургалтаар Шүүхийн хараат бус байдлын тухай Тайвань туршлага, Цахим шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдааны танхимын хэрэглээ, техник технологийн хөгжил, Тайваны шүүхийн тогтолцоо ба зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүхийн хүний нөөцийн систем зэрэг сэдвийн хүрээнд явуулсан ба энэхүү сургалтаар шинэлэг мэдээлэл авч, гадаад орны туршлагаас суралцсандаа сэтгэл хангалуун байна. Миний хувьд сургалтад хамрагдсанаар өөрийгөө хөгжүүлэх, шинэлэг мэдээлэл олж авах, бусад орны шүүхийн үйл ажиллагаа, туршлагыг судалж, өөрийн шүүхийн хөгжил, шинэчлэлд зохих хувь нэмэр оруулах, хэрэгжүүлж нэвтрүүлэх зүйлийг эрэлхийлэх зэргээр нэлээд ач холбогдолтой байсан төдийгүй сэдвийн хувьд ч маш их сонирхолтой байсныг хэлэх нь зүйтэй байх.
Юуны өмнө Тайвань орны талаар дурдахгүй байхын аргагүй. Байгалийн үзэсгэлэн сайхан хосолсон, халуун орон бөгөөд өвөлдөө хамгийн хүйтэн +10 градус хүрдэг. Тайвань уртаашаа 400 км, өргөөшөө 140 км, 36200 км.квадрат нутаг дэвсгэртэй, далайгаар хүрээлэгдсэн арал улс бөгөөд нутаг дэвсгэрийн талаас илүү хувь нь уулархаг, мөнх ногоон ой, галт уулын нөлөөнөөс болж тогтсон гүн хавцалууд ихтэй. Хэдийгээр халуун орон боловч мөст хурц шовх орой бүхий уулстай, зүүн өмнөд Азийн хамгийн өндөр оргил болох Нифритын уул буюу ЮйШань оргил нь далайн түвшнээс дээш 3952 метр өндөр. Тус улс 23 сая хүн амтай, нэг км.квадрат талбайд ногдох хүн амын нягтралаараа дэлхийд нэгдүгээрт бичигддэг хэрнээ гудамж, талбайдаа олон хүн харагдахгүй, зам нь түгжрэлгүй, дэд бүтэц маш сайн хөгжсөн, хот, хөдөө гэсэн ялгаа харагдахгүй. Бид сургалтын явцад Тайвань улсын түүхэн хөгжил, газар нутгийн байдал, байгалийн дурсгалт газрууд болон тус улсын шүүх эрх мэдлийн байгууллагын үүсэл, хөгжлийн талаар чсонирхолтой мэдээллийг олж авсан нь олзуурхууштай байлаа.
Сургалтын хүрээнд олж авсан танин мэдэхүйн зарим мэдлэг, мэдээллийг дараах байдлаар товчлон сонирхуулья.
Нэг. Шүүхийн академи нь Тайваны шүүх байгууллагуудын харьяалалд багтдаг бөгөөд 2014 онд шинэ ордон нь ашиглалтанд орсон. Энэхүү их бүрэн тохижуулсан есөн давхар ордонд дотоодын төдийгүй гадаадын шүүхийн шүүгч, ажилтнуудуудын сургалтыг зохион байгуулж явуулдаг аж. Тэнд суралцагчид нь академидаа байрших зочид буудалд байрлаж, амралт, чөлөөт цагаараа бассейн, саун, бялдаржуулах танхим, номын сан, ресторан гээд бүхий л үйлчилгээг авах боломжтой. Сургалтын олон танхимтай бөгөөд биднийг сургалтанд хамрагдаж байх хугацаанд шинэ шүүгчийн сургалт болон захиргааны албан хаагчдын сургалтууд явагдаж байлаа. “Энэ академийг байгуулсан нь шүүхийн бие даасан төсөвтэй байсны гавьяа” гэж шүүхийн академийн захирал Лю Тай Лангийн ярихыг сонсоод Монголын шүүх ч гэсэн бие даасан төсөвтэй, энэ орон шиг Үндсэн хуулиараа хамгаалуулсан зохицуулалтай болж болно шүү дээ гэж өөрийн эрхгүй бодогдсон.
Хоёр. Шүүхийн хараат бус байдлын талаар шинэчлэл хийсэн Тайваны шүүгчдийн зарим туршлагаас: 1949 онд улс доторхи дотоодын дайн улмаас ардын намын улс төрийн хүч Тайвань руу ухарч ирсний дараа авторитари улс төрийн удирдлаган дор ардын нам урт хугацаанд Тайваныг захирч, хэдийгээр шүүх хараат бус байдлын хэм хэмжээ нь үндсэн хуульд заалттай боловч шүүхийн шийдвэрээрээ засгийн газарт дуулгавартай үйлчилдэг, шүүх засаглал нь олон нийтийн эрх ашгийг тогтоох үүрэгтэй боловч ардын нам шийдвэрт нь нөлөөлдөг, хяналт тавьдаг учраас ард түмэн нь шүүхэд итгэдэггүй байж. Ардын намын захиргаадалтын үед шүүх нь намын доторх бүтцэд хамаарч аливаа хэргийг шүүн шийдвэрлэх шалгах хязгаартай байсан байна. Дайны дараа олон залуу шүүгчид орчин үеийн хууль зүйн боловсролыг гадаадад сурч олж авснаар шиэнчлэлийн хүчийг бий болгож, шүүгчийн хараат бус байдлын төлөө хөдөлгөөн гаргаж, хэрэгжүүлснээр ардчиллын шүүхийг бүтээн байгуулжээ. Түүнчлэн бүх шатны болон салбар шүүхүүд 1993 оноос өмнө шүүхийн ажил үүргийн хуваарилалт нь зөвхөн шүүхийн ерөнхий газрын даргын мэдэлд байжээ. Ингэснээр ганц даргын үзэмжээр асуудал шийдэгдэж, шүүгчид хувийн карьер дэвших боломжийг олохын тулд шүүхийн даргадаа таалагдах гэж оролдон, харин дарга нь ажил хуваарилсан гэдгээрээ шүүхийн шийдвэрт нөлөөлдөг байж. Тайжун хотын шүүхийн шүүгчид 1993 оны сүүлээр нэгдэн “Шүүгчийн хараат бус байдал хөдөлгөөн” эхлүүлж, гарын үсэг цуглуулснаар мэдэгдэл хийж, шүүгчид нэгдэн дэмжсэн төдийгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулснаар олны дэмжлэг авч “Шүүгчийн хараат бус байдлын төлөө хөдөлгөөн” нь шүүхийн шинэтгэлийг эерэгээр эхлүүлжээ. Энэ мэтчилэн Тайваны шүүгчид шүүхийн хараат бус байдал, шударга бус ажлын хуваарилалт, гүйцэтгэх засаглалын дарангуйлал зэргээс ангижирч, шүүгчид өөрсдөө дуу хоолойгоо нэгтгэн шударга ёсны төлөө тэмцэж чадсан нь бахархалтай санагдаж байлаа.
Шүүгчид ажил үүргийн хуваарилалтаа амжилттай шийдсэн боловч шүүхийн төсөв нь шат шатны захиргааны байгууллагууд дээр хасагдсаар мөн шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж магадгүй болсон тул Тайжун хотын шүүгч нар дахин нэгдэж, шүүхийн төсвийг бие даасан байх тухай заалтыг Үндсэн хуульдаа оруулах шаардлагыг хууль тогтоогчдод хүргүүлсэн байна. Ингэж бүх шүүгч нар нэгдэн шинэчлэлийн шаардлага хүргүүлснээр олонх болон сөрөг намын аль алиных нь дэмжлэгийг авч, 1997 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрлчлөлт оруулжээ. Ингэсний үр дүнд Үндсэн хуулийн нэмэлт зүйл 5, VI –д” Шүүхийн ерөнхий газар нь оны эцсээр урьдчилан төсвөө мэдүүлж, засгийн газар төсвөөс хасах эрхгүй, зөвхөн санал анхааруулга тавих ба тэр нь засгийн газрын төсөвтэй хамт улсын хуралд хүргэгдэж хэлэлцэн шийдэгдэнэ” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Улсын их хурал нь уг төсвийг хасахгүй бөгөөд зөвхөн танилцан, хэлэлцэн батлахаар өөрчлөлт оруулж, шүүгчид өөрсдийн эдийн засгийн болон хараат бус байдлын шинэчлэлийг хийж чаджээ.
Дашрамд сонирхуулахад: Шүүхийн төсөв 1997 оноос өмнө улсын төсвийн 0.7 хувийг эзэлдэг байсан бол 1997 оноос хойш 1-1.2 хувийг эзлэх ба Их хурал дээр зөвхөн танилцуулагдаж, Засгийн газраас хасах эрхгүй, нэмэх эрхтэй, тодорхой санал гаргадаг боловч Их хурал хасдаггүй юм байна. /Шинэ шүүгч 3000 америк доллар, 15 жилээс дээш ажилласан шүүгч 7000 америк долларын цалин авдаг/.
Гурав. Тайвань улсын шүүхийн тогтолцоо, бүтэц:
Шүүхийн ерөнхий газар нь улсын шүүхийн хамгийн дээд байгууллага бөгөөд иргэний, эрүүгийн захиргааны хэргүүд шүүн шийдвэрлэх болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэргийг хянан шийдвэрлэнэ. Шүүхийн ерөнхий газар нь Үндсэн хуулинд тайлбар хийх, хуулийн нэгдмэл нэг мөр ойлголтыг тайлбарлах эрхтэй бөгөөд Үндсэн хуулийн цэцийг бүрдүүлж, Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчийн хяналт, улс төрийн намууд үндсэн хууль зөрчсөн бол тараах шийдвэр гаргана. Шүүхийн Ерөнхий газрын харьяа байгууллагууд: эцсийн шатны дээд шүүх-3, давж заалдах шатны шүүх-6, захиргааны дээд шатны шүүх- 3, төрийн албан хаагчийн ёс зүйн хороо- 3, оюуны өмчийн шүүх-1, хүүхдийн болон гэр бүлийн хэргийн шүүх-1, орон нутгийн шүүх-22, /иргэний, эрүүгийн, захиргааны хэрэг/, Шүүхийн академи-1.
Дөрөв. Тайваны хүний нөөцийн систем:
2012 оноос Шүүгчийн хууль хэрэгжиж эхэлсэн байна. Шүүгчийн хуулийг үндэслэн хараат бус бие даасан шүүн шийдвэрлэх эрхийг хамгаалах, шүүгчийг хамгаалах, мөн шүүгчийн хянах системийг бий болгох, ингэснээр ард иргэдийн шударга шүүлгэх эрхийг хангах зорилгоор баталсан онцлог хууль бөгөөд энэ хуулиар шүүгчийг томилох, шүүгчийг халах, шүүгчийн ёс зүй, шүүгчийн хяналт, шүүгчийн үнэлгээ, шүүгчийн баталгаа, мэргэжлийн танхим, шүүгч сэлгэх болон ажил үүргийн хуваарилалт, шүүгчийн томилгоо, шүүгчдийн хурал, цалин тэтгэвэр болон бусад урамшуулал, шүүгчийн цалин, мэргэжлийн хяналт, сургалт, болон чөлөө зэргийг зохицуулж өгсөн байна.
2015 оны 09 дүгээр сарын байдлаар Тайвань улс шүүхийн дарга 35, танхимын дарга 271, шүүгчид 1764 нийт 2070 шүүгчтэй.
Тайвань улсад шүүгчээр томилогдох зам нь манай улсаас өөр байх бөгөөд 5 замаар шүүгчээр томилогддог байна.
1. Шүүгчийн онцгой шалгалтаар орж хуваарилагдах;
2. Прокуророос шилжиж ирэх;
3. Хуульчаас шилжиж ирэх;
-шүүхийн ерөнхий газраас зохион байгуулдаг нээлттэй шүүгч элсүүлэх шалгалт;
– өөрийн хүсэлтээр ном, судалгааг хянуулж;
-хууль зүйн яамнаас туршлагатай сайн хуульчийг санал болгосноор;
4. Бусад төрийн албан хаагчаас шилжин ирэх;
5. Судлаачаас шилжин ирэх;
Шүүхийн ерөнхий газрын Шүүгчдийн үнэлгээний хороо нь жил бүр шүүгчдийн ажлыг дүгнэж хангалтгүй дүгнэгдвэл дэвшүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй, хууль зөрчсөн бол Мэргэжлийн хороо руу шилжүүлдэг, мэргэжлийн дахин үнэлгээний хороо нь шүүгчдийн мэргэжлийн түвшинд үнэлэлт өгдөг.
ТАВ. Шүүгчийн баталгаа: Тайваны Үндсэн хуулийн 81 дүгээр зүйлд: “Шүүгч нь эрүүгийн хэрэг болон ёс зүйн гэмт хэрэгт холбогдож албан тушаалаас огцруулсныг зарлахаас нааш албан тушаалаас огцрохгүй. Хуулийн үндэслэлгүйгээр албан үүргийг зогсоох, шилжүүлэх, цалин тэтгэмж бууруулж болохгүй” гэж заасан байна.
Шүүгчийн хуульд шүүгчийг чөлөөлөх болон шүүгчээс түдгэлзүүлэх шалтгаануудыг зааж өгсөн/ жишээ нь: гэмт хэрэг үйлдэх, саатуулагдах, оюун санаа хэвийн биш болох г.м/, хуулийн дагуу шүүгчээс түдгэлзүүлсэн бол цалингийн 1/3-ыг олгож амьдрах өртгөөр хангах, хугацаа нь 3 хүртэл жил байна.
Шүүгчийн хуулинд шүүгчийг хуулинд заасан онцгой шалтгаанаас бусдаар шүүгчийн зөвшөөрөлгүйгээр өөр газарт шилжүүлэх, сэлгээ хийж болохгүйг зааж өгчээ. /онцгой шалтгаан гэдэгт шинээр шүүх нээх, эсвэл шүүхүүдийг нэгтгэх г.м/
Шүүгч нь 70 нас хүрсэн бол хэрэг хүлээн авч шийдэхээ зогсоох ба судалгаа хийх болон шүүхийн захиргааны бусад ажлыг хийж болох ба цалингийн 2/3-ыг олгодог байна.
ЗУРГАА. Шүүгчийн үнэлгээний систем:
·Шүүгчийн хэрэг шийдсэн үнэлгээ
·Шүүгчийн иж бүрэн үнэлгээ
·Шүүхийн бүрэлдэхүүний гүйцэтгэлийн үнэлгээ
Шүүгчийн үнэлгээ нь шүүхийн шударга ёсыг хамгаалж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор үйл хөдлөл, сэтгэлийн хөдөлгөөн зүй бус шүүгчдийг шударгаар үнэлгээ өгөх ба үнэлгээг харгалзан тохирох арга хэмжээ авах ба шүүгчийн хараат бус шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхгүй.
Үнэлгээний ач холбогдол. Шүүгч байхад тохирохгүй, ёс суртахуунгүй шүүгчдийг хараат бус, бие даасан хамгаалалтаас гаргаж шүүхийн нэр хүнд, олон нийтийн итгэлийг дээшлүүлэхийн зэрэгцээ бусад шүүгчийг хардах, үл хүндэтгэх хандлагаас сэргийлэх юм гэжээ.
Шүүгчид үнэлгээнд орох шалтгаан: санаатайгаар эсвэл хайхрамжгүйгээр ноцтой алдаа гаргасан, хүний эрхийг ноцтойгоор зөрчигдсөн, шүүн шийдвэрлэх үйл явц болон ажил үүргийн дүрэмд ноцтой зөрчил гаргасан бол, үндэслэх шалтгаангүйгээр хэргийг шийдвэрлэхээс хойшлуулсан, шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн зэрэг нь үнэлгээ хийх шалтгаан болдог гэнэ.
Шүүгчийн иж бүрэн үнэлгээг Шүүгчийн хуулинд зааснаар гурван жил тутамд явуулах ёстой ба үүнд үнэлгээний жагсаалтыг жилийн өмнө гаргадаг /хэрэг хэлэлцэх хандлага, хэрэг шийдэх үйл явцын байдал, шүүн таслах чанар, мэргэжлийн ур чадвар, ёс зүй/-д оноо өгөх ба үнэлгээг олон нийтэд ил болгохыг хориглодог бөгөөд шүүгчийн ажил үүргийн үнэлгээг тогтооход ашигладаг аж.
Түүнчлэн цахим нотлох баримтыг шүүн таслах ажиллагаанд ашиглах сэдвээр явагдсан сургалт нэн сонирхолтой байсан бөгөөд түүнийг хэрхэн ашиглаж байгаа талаар анхан шатны шүүхэд очиж, шүүх хуралдааны явцаас танилцсан. Сургалтад хамрагдсанаар өөрийн орны шүүхийн болон ажиллаж буй шүүхийнхээ шинэчлэл, хөгжил, төлөвшилд үзсэн харсан, мэдсэн зүйлээсээ аль болох тодорхой зүйл, үйл ажиллагаа, арга барилыг авч хэрэгжүүлэх бодлыг өвөрлөж ирлээ.
Тухайлбал: нотлох баримтыг цахим хэлбэрээр шинжлэн судлах, шүүн таслах ажиллагаандаа ашиглах боломж бололцоо бий эсэх, техник, тоног төхөөрөмж ашиглалтыг судалж, хэрэгжүүлэх боломжийг хайх, нөгөөтэйгүүр хамгийн түрүүнд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдахгүй өөрсдийн нөөц бололцоог ашиглан шүүхийн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлж болох эсэх, боломжтой шийдлүүдийг өөрийн шүүхийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Тодруулбал: шүүхэд хандаж ирсэн иргэдийг хүлээн авч уулзах сайн дурын хөтөч туслахыг бий болгох, тэдэнд нэн шаардлагатай мэдээлэл болон бусад хэрэгцээт зүйлсээр хангах /нүдний шил, үзэг бал, цаас, холбогдох хууль, гарын авлагаар хангах, бие нь хямарсан хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, нэхэмжлэл гаргах төрлөөр нэхэмжлэлийн загварын төрлийг олшруулан гаргаж өгөх, хэргийн оролцогчдын эрх, үүргийг амаар тайлбарлан өгдөг байсан бол цаашдаа амаар тайлбарласан эрх, үүргийг нь бичмэлээр өгөх зэрэг үйлчилгээний тоог чанаржуулан сайжруулах/, шүүх хуралдааныг цахим хэлбэрээр нотлох баримт шинжлэн судлах, явуулах, цахимжсан шүүх танхимын хэрэглээ … г.м
Бусад анхаарах, санаа авах, харьцуулан судлах олон асуудал байгаа болно.
Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэхэд шүүгч хүний үүрэг асар их чухал бөгөөд хуулийн зүйл хэсэг, үг, үсэг тогтмол байдаг ч шүүгч хүн түүнийг маш уян хатан, ухаалаг байдлаар хэрэглэх, тайлбарлах чадварыг өндөр түвшинд эзэмших, чадваржих, мэргэшиж байж гэмээж ард иргэдийн хууль, шүүхэд итгэх итгэлийг олохын зэрэгцээгээр хуулийг биелүүлэх, дээдлэх ач холбогдлыг өгөх учраас шүүгчдийн ур чадварыг дээшлүүлэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгааг Тайваны Шүүгчдийн академийн сургалтад суралцаж байх хугацаандаа илүү их мэдэрч байлаа.
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Б.Энхтайван