Эмэгтэй хүн амаржсан цагаасаа эхэлж гам сахиж, идэж уухыг нь хэмжээлэн долоо хоног хөлөө жийлгүй, цээжин биеийг чанга ороож, хагас суугаа байдлаар хэвтүүлдэг. Энэ бол цус, савны хий хөөрч буухаас сэргийлж байгаа хэрэг юм. Эхэд нь төрөнгүүт “эхэс төддөггүй” гэж монгол үнээний түүхий бүлээн сүү юм уу, хужиртай (давстай) хүйтэн ус балгуулдаг байсан ба мөн “биений сойлт сайн болдог” хэмээн буцалсан ус уулгадаг байжээ. Харин “хий байвал алга болгодог” гээд төрөхийн өмнө бүлээтгэсэн шар тос (3 халбага) уулгадаг байжээ.
Эх төрсний дараа гурван хоног төрсөн газартаа байрладаг. Дөрөвдэх хоногоос эхлэн хажуулж эхэлдэг боловч хөлөө жийж, толгойгоо ганзагалж болохгүй гэдэг. Толгой түрүү, гар хөлийг хүртэл боож, хааж (салхи авахуулахгүй гэж) явдаг учиртай. Төрсөн эхийг өдөр унтахыг хорьж, идээ ундааны олон цээр сахиулдаг. Гашуун, догшин, шорвог зүйл идүүлэх, хатуу ширүүн хөдөлгөөн хийх, хиншүү тос үнэртүүлэх зэргийг цээрлэж, усанд угаасан өөхгүй бор махаар шөл хийж өгдөг байв. Төрсөн хүний идэх, уух зүйлд орон нутгийн онцлог бас тусаж байна. Жишээ нь: То вангийн хошууныхан (Дорнод аймаг, Халх гол сум) төрсөн хүнд булуу цагаан загасны махаар шөл хийж уулгадаг ёс бас байжээ. Төрсөн эхэд идээ багатай шингэн сүүтэй цай уулгах ба шагай чөмөг зэрэг булчин мах оролцсон махаар хийсэн шөл уулгах нь нийтлэг байв. Булчин мах идүүлдэг нь төрсөн хүний бие хурдан тэнхрэх, чангардаг гэдэгтэй холбоотой. Ингэж нэг сарын турш гам сахихыг “сард суух” гэж нэрлэдэг билээ. Сард суух үес хадам эх нь бэрийгээ сувилж тойлдог.
Төрсөн эхийн бие суларч, хамаг яс салдаг, шүд нь хүртэл сулардаг гэж үздэг ба нэг жилийн дараа хуучин хэвэндээ ордог гэж үздэг байжээ. Суларсан шүдийг нь бэхжүүлэх үүднээс хатуу ааруул, ээзгий зэргийг идэхийг зөвлөдөг байсан аж.