Монголчууд 2015 оныг эдийн засаг, нийгмийн ямар үзүүлэлттэй давсан талаарх албан ёсны мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар хуучнаар Үндэсний статистикийн хороо-аас танилцуулсан юм. Тэгвэл хямралтай жилийн статистик мэдээлэл ямархан дүр зурагтай байсныг доор товчлон сийрүүлэв.
Инфляци нэг оронтой тоонд шилжив
2015 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар улс орны хэмжээнд инфляци 1.9 хувьтай гарчээ. Инфляци буюу хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2015 оны арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, оны эхнээс 1.9 хувиар өсчээ. Инфляци буурахад мах, махан бүтээгдэхүүний хямдрал хамгаас илүү нөлөөлснийг УБСЕГ-ынхан онцолж байлаа. Инфляци 2013 онд 12.3 хувь, 2014 онд 11 хувьтай байсныг эргэн санах юм бол 2015 онд инфляци огцом буурч, нэг оронтой тоонд шилжсэн юм. Инфляци эрс буурсан нь цаашид зээлийн хүү буурах болов уу гэсэн горьдлого дагуулсан ч Монголбанкнаас бодлогын хүүгээ ердөө нэг хувиар бууруулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа.
2015 онд дэлхийн 147 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8466.6 сая ам.доллар, үүнээс экспорт 4669.5 сая ам.доллар, импорт 3797.2 сая ам.долларт хүрчээ. Энэ нь дээрх үзүүлэлтүүд 19.1-27.5 хувиар буурсан гэсэн үг юм. Экспортын бууралтад нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн экспорт нөлөөлсөн бол импортын бууралтад хилээр оруулж ирсэн бензин, суудлын автомашин, нийтийн тээврийн хэрэгслийн тоо буурсан нь голлон нөлөөлжээ. Гадаад худалдааны тэнцэл 2015 онд 872.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оныхоос 334.6 сая ам.доллар буюу 62.2 хувиар өссөн нь хямралтай жилийн хамгийн эерэг мэдээлэл байлаа.
Чанаргүй зээл 31,8 хувиар өсчээ
Эдийн засгийн өнгө төрхийг олон таван үггүй илэрхийлдэг хамгийн чухал үзүүлэлт бол банк, санхүүгийн салбарын зээлийн өрийн үлдэгдэл болон чанаргүй зээлийн хэмжээ байдаг. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны эцэст 11.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 193.5 тэрбум төгрөг буюу 1.6 хувь, өмнөх оныхоос 806.8 тэрбум төгрөг буюу 6.5 хувиар буурчээ.
Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл оны эцэст 861.2 тэрбум төгрөг болсон нь өмнөх арваннэгдүгээр сарынхаас 38.3 тэрбум төгрөг буюу 4.3 хувиар буурсан хэдий ч өмнөх оныхоос 591.7 тэрбум төгрөг буюу 3.2 дахин өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл шинэ оны босгон дээр 824.9 тэрбум төгрөгт хүрсэн байх юм. Энэ нь өмнөх сарынхаас 24.9 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар буурч, өмнөх оныхоос 199.3 тэрбум төг буюу 31.8 хувиар өссөн дүн юм байна.
Улсын төсөв алдагдалтай гарчээ
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5973.8 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7136.9 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1163.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Татварын нийт орлого өмнөх оныхоос 14.3 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар буурсан байна. Өнгөрсөн онд онцгой албан татварын орлого 30.4 хувь, нийгмийн даатгалын орлого 13.2 хувь, орлогын албан татварын орлого долоон хувь, бусад татвар, төлбөр, хураамжийн орлого 1.2 хувиар өссөн хэдий ч НӨАТ нэмэгдсэн өртгийн албан татвар-ын орлого 334.6 тэрбум төгрөг буюу 24.4 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 34.7 тэрбум төгрөг буюу 9.8 хувиар буурсан нь нөлөөлжээ.
Зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсчээ
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан туршилт тооцоо) 2015 оны 12 дугаар сард 130.3 (2010=100) болж, өмнөх сарынхаас 0.3 хувь өсч, харин өмнөх оны мөн үеийнхээс 5.1 хувиар буурчээ.
Өмнөх оныхоос уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт газрын тос, алт, молибдений баяжмал, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт 18.4-28.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт эсгий, хиаман төрлийн бүтээгдэхүүн, шар айраг, төмөр замын дэр мод, цэвэр ус, самнасан ноолуур, амтат ус, ундаа, ном, тэмээний ноосон хөнжил, катодын зэс зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6 хувиас 2.1 дахин өссөн байна.
Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, буталмал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 3.1-43.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт малын тэжээл, цемент, шингэн сүү, нарийн боов, бууз, банш, спирт, талх, зүсмэл материал, хивс, вакуум цонх, хаалга, тамхи, төмөр бетон эдлэл, металл бэлдэц, металл цувимал, цахилгааны утас, ган төмөр хийц зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2-67.5 хувиар буурсан байна.
Хүүхдүүдийн 1,5 хувь нь гадаадад мэндэлжээ
Монгол Улсын хүн ам 2015 оны эцэст урьдчилсан дүнгээр 3061.6 мянга болж, өмнөх оныхоос 65.6 мянган хүн буюу 2.2 хувиар өслөө. Өнгөрсөн онд 82130 хүүхэд төрсний 1255 буюу 1.5 хувь нь гадаадад төрсөн байна. Энэ хугацаанд 80434 эх амаржиж, төрсөн хүүхдийн тоо 80875 болж, өмнөх оныхоос амаржсан эх болон хүүхдийн тоо тус бүр нэг хувиар буурсан байна. Улсын хэмжээгээр 2015 онд нялхсын эндэгдэл 1234 болж, өмнөх оныхоос 17 хүүхэд буюу 1.4 хувиар, тав хүртэлх насандаа 1476 хүүхэд эндэж, өмнөх оныхоос 29 хүүхэд буюу 1.9 хувиар буурсан байна.
Б.Саран