Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Дамбадондогийн Баатаржавынд зочиллоо. Манай улсын тамирчид 1964 оны Токиогийн олимпод оролцож эхэлснээс хойш 44 жилийн дараа буюу 2008 оны Бээжингийн олимпийн наадамд аваргуудаа өлгийдсөн нь саяхан мэт санагдана. Энэхүү баярт үйл явдлын гэрч бол паралимпийн байт харвааны төрөлд өрсөлдөж, алтан медаль хүртсэн Д.Баатаржав билээ. Түүнтэй утсаар холбогдож, гэрт нь урилгагүй зочин болж очихоо мэдэгдэхэд “Монгол хүн байна даа, ирье гэж байгаа хүнийг цаашаа гэдэггүй юм” хэмээн инээгээд “Би одоо гадуур явж байна. Харих болохоороо эргээд яръя” хэмээн утсаа салгав.
Хэдэн цаг түүнийг залгахыг хүлээсэн ч хариу байдаггүй ээ. Хэвлэл мэдээллийн бид тухайн ярилцагч хүнээ зөвшөөрүүлсэн л бол алдахгүйг хичээнэ.
Нэлээн удсан ч дуудлага ирсэнгүй. Тиймээс өөрөө дахиж утас цохилоо. Тэгсэн мань хүн “Өөр рүү чинь залгахаа мартжээ. Би одоо хүүгийнх рүүгээ явж явна. Тэнд хүрээд ирэх үү” гээд гэрийнх нь хаягийг зааж, миний дотрыг онгойлгов.
Бид ч удаж төдөлгүй такси хөлөглөн түүний байгаа газар руу зүглэлээ. Хаалгыг нь тогшиход гэр бүлийнх нь хүн биднийг угтан авлаа. Амар мэндийг нь эрэнгээ, “Баатаржав гуайнх мөн үү” гээд зорьж ирсэн айлаа баталгаажуулан асуухад “Мөн, мөн. Сэтгүүлчид үү. Наашаа ор” гээд уриалгахан угтав.
Биднийг гадуур хувцсаа тайлж байх үед тэрбээр цаад талынхаа өрөө рүү шагайж “Баатараа хүмүүс ирлээ” хэмээн дуулгав. Бид ч эхнэрийнх нь заасан өрөө рүү орж, дөнгөж суугаад байхад Д.Баатаржав гуай бараг орж ирээгүй байж түрүүлээд мэндлэх нь гавшгай, овсгоотой зантайгаа илтгэнэ. Түүний араас жаахан хүү, охин орж ирлээ. Хүү нь дөнгөж хөлд орж байгаа бололтой. Тэрбээр “Манай охины хоёр байгаа юм. Өвөөгийн бурханууд л даа” гээд хүүг нь өвөр дээрээ, охиноо дэргэдээ суулгав. Энэ зуураа “Хүүхдүүд манайхаар байнга ирнэ. Хөгшин бид хоёр ч эд нартайгаа бужигналдаад суухыг илүүд үзнэ” гээд өвөр дээрх хүүгийнхээ толгойг үнэрлэлээ.