Сав баглаа боодол үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэв

IMG_0795_160324165318ХХААЯ-аас 2017-2021 он хүртэл хэрэгжүүлэх “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг боловсруулж байгаа. Энэхүү хөтөлбөрийг УИХ-ын БОХХААБХ-ны 5/10770 тоот зөвлөмжийг үндэслэн, УИХ-ын 2015 оны “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын 4.1.10 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулж байгаа бөгөөд даваа гарагт /2016.03.21/ төслийн эцсийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хөтөлбөрт оролцогч талуудын саналыг бүрэн тусгахын тулд мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, үйлдвэрлэгч, импортлогч нарын оролцуулан нээлттэй хэлэлцлээ.
Манай улсад ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд зориулалтын бус хуванцар савыг олдоц сайтай, үнэ хямдтай гэсэн үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжүүд өргөнөөр ашигладаг.
Хуванцар сав нь хэдийгээр цэвэрхэн, хэрэглэхэд тохиромжтой хэдий ч түүний найрлаганд ордог химийн бодисууд дотор нь хадгалсан хүнсний бүтээгдэхүүнд аажмаар шилжиж, хүний хоол боловсруулах замаар хүний биед хор нь шингэн хуримтлагдан, архаг хордлого үүсгэдэг байна.
Хуванцар савны хамгийн аюултай нь ямар нэгэн шинж тэмдгээр шууд илэрч нөлөөлдөггүй, харин удаан хугацааны хэрэглээний явцад тухайн хүний биед байгаа өвчин эмгэгийг дэмжиж, дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг бууруулж чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог зэрэг олон төрлийн өвчний эх үүсвэр болдог гэж үздэг. Америкийн эрдэмтэд хуванцрын найрлагад ордог бисфенол А нь бэлгийн гормоны үйл ажиллагааг бууруулж, хөхний хорт хавдарыг үүсгэдэг бөгөөд эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг болохыг тогтоосон байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагыг төвлөрсөн сүлжээний усны үзүүлэлттэй харьцуулахад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ. Түүнчлэн хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж, хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 4504:2008 стандартад зааснаас 3-4 дахин, айрганд 4,4 дахин их байв. Энэ нь хүнсний зориулалтын бус хуванцар савны бүрэлдэхүүн дэх химийн хорт бодисууд хүнсний шингэн бүтээгдэхүүнд шилжин уусч улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна.
2015 онд ДЭМБ-ын санхүүжилтээр Хордлого судлал, эрдэм шинжилгээний нийгэмлэгээс 3 аймаг, Улаанбаатар хотын 297 өрхөд хийсэн “Хүнсний зориулалтын хуванцар савны хэрэглээг тандах” MNG-15-HAE-002653 судалгааны дүнгээр нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэдэг бөгөөд хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг дутмаг байна. Иймээс нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит хүчин зүйл болоод буй хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг халахад чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж цогц арга хэмжээ авах шаардлагатай болохыг илтгэж байна.

Сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн талаар статистикийн албан ёсны мэдээлэл байдаггүй бөгөөд мэргэжлийн холбооноос хийсэн тойм судалгаагаар Монгол Улс жилдээ 300 гаруй тэрбум төгрөгийн сав баглаа боодлын бүтээгдэхүүн хэрэглэж байна. Үүний 30 орчим хувь буюу 150 тэрбум төгрөгийн сав баглаа боодлын бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэж байна.
Улсын хэмжээнд 30 гаруй байгууллага идэвхитэй үйл ажиллагаа явуулж, төрөл бүрийн нийлэг тор уут, хүнсний зориулалттай пластик сав, бөглөө, картонон болон үелээт хайрцаг, цаасан, даавуун тор, уут, хүнсний зориулалттай цаасан баглаа боодол, нийлэг шуудай, уул уурхайн даацын уут, нэг хэрэглээний хоолны хэрэгсэл, шингэн бүтээгдэхүүний канистр сав зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дотоодын сав баглаа боодлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн орчин боловсронгуй болгох, импортын ижил төстэй бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
2010-2015 онд Монгол Улсад хүнсний шингэн бүтээгдэхүүний нийт 500 гаруй мянган ширхэг хуванцар сав импортолсон. Импортын нийт хуванцар савны 97 хувийг БНХАУ-аас оруулж ирсэн бол 91 хувийг 20 литрээс бага багтаамж бүхий канистр эзэлж байгаагаас үзэхэд айл өрхийн хүнсний хэрэглээнд зориулан хэрэглэх, зөөвөрлөх тохиромжтой, угааж цэвэрлэхэд хялбар ус, сүү, сүүн бүтээгдэхүүний савны хангамжийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал байна.
Худалдааны захуудад худалдаалж буй хуванцар савны 44,9% нь хуучин сав байгаа нь иргэдийг хүнсний зориулалтын бус хуванцар сав худалдан авах боломж олгож буй гол эх үүсвэр нь болж байгаа тул хуванцар сав, түүхий эд импортлогч, худалдан борлуулах үйл ажиллагаанд зохицуулалт хийх, түүнд тавигдах төрийн хяналтыг эрчимжүүлэх, иргэдэд зохистой хэрэглээг хэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа өрнүүлэх шаардлагатай.
Энэ дагуу Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Олон улсын санхүүгийн корпораци, Шинжлэх ухаан технологийн сургуулийн Технологийн дээд сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Стандарт, хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хими, хими технологийн хүрээлэн, Монголын хүнсчдийн холбоо, Монголын хүнсний худалдааны зах, төвүүдийн эздийн холбоо, Ресторан зоогийн газрын холбоо ТББ зэрэг 11 байгууллагад санал авах албан бичиг илгээгээд байна.
Бодлого боловсруулах үйл явцад иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, бодлогын төслийн үр нөлөөг нь сайжруулах, бодит амьдралд нийцсэн эрх зүйн акт боловсруулах нөхцөл бүрдүүлсэнд хэлэлцүүлгийн ач холбогдол оршиж байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …