Марко Поло 1257- 1324 онуудад амьдарч байсан Италийн аялагч байв. Марко Полог идэр залуу үед улс орнуудын харилцаа холбоо өнөөгийнхтэй харьцуулахын аргагүй байлаа. Цай, торго гэх мэт эд зүйлс худалдан авахын тулд Хятад болон Перс (одоогийн Иран улс) рүү аялах хэрэгтэй болдог тийм үе байв. Марко Поло арван тав зургаан нас хүртлээ эцэгтэйгээ уулзаж байгаагүй нэгэн.
Учир нь түүний эцэг худалдаа наймаа хийхээр Ойрхи Дорнод руу аялах урт аялалд гарсан байв. Түүний эцэг уртаас урт аялалаасаа ирээд бараг хоёр жил болсны дараа ахиад өөр нэгэн аялалд гарах болжээ. Харин энэ удаад тэр Марког авч явав. Энэ нь богино аялал биш байлаа. Марко эцэг Николай, аваг ах Матвей нарын хамт 1269 онд Акка (Хойд Палестин) хотоос гарч Ойрхи дорнод, дундад ба төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн олон улс орноор аялсан нь 24 жил үргэлжилсэн .
Их Хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл алба хааж, түүний элч төлөөлөгчөөр Юань улсын олон муж улсад зарагдан явахдаа, тэдгээр нутгийн хүн ардын нутагшил, аж байдал зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэж явсан нь газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдхүүн болж , эдүгээ хүртэл эртэмтэд судлаачид уншигч олон түмний анхаарлыг татаж байгаа билээ
Марко Поло аялалынхаа 17 жилийг одоогийн Энэтхэг, Иран, Афканистан, Монгол, Хятадад өнгөрүүлсэн юм. Энэ хугацаандаа эзэн хаад, гүнж нартай уулзаж, Ази тивийн тухай илүү ихийг мэдэж авсан юм.
Ингээд түүнийг гэртээ төрөлх хотдоо эргэн ирэхэд Италид иргэний дайн эхэлсэн байв. Түүний хот Генуя хоттой дайтаж байсан юм.Тэр Генуяд олзлогдон шоронд байх хугацаандаа Рустачино хэмээх залуутай танилцаагүйсэн бол одоогийнх шигээ алдартай нэгэн байхгүй байсан биз. Рустачино Марко Пологийн аялалын түүхийг “Орчлонгийн элдэв сонин” гэж ном болгон бичсэн нь Итали даяар хурдацтай тархаж, Марко Полог алдартай аялагч болгож, хүмүүст таниулж чаджээ.
Марко Поло 1298онд суллагдан 1299 онд Венеци хотдоо ирж эндээ амьдарч байгаад 1324 онд нас баржээ.
Одоогоос долоон зуу гаран жилийн тэртээ Монголын эзэнт гүрний Юань улсын газар шороон дээр хөл тавьж их хаан Хубилайн албанд бүтэн арван долоон жилийн турш (1271–1289 он) зүтгэсэн Венеци нутгийн худалдаачны хүү Марко Поло өөрийнхөө нүдээр үзэж, биеэрээ оролцож явсан урт удаан хугацааны аялал, үйл явдлын түүхийг ном болгон үлдээсний ачаар Европ дахин Монголын эзэнт гүрний болон монголчуудын талаар үнэн бодит, баримт сэлтийг олон зууны тэртээгээс мэдэх болжээ. Ийнхүү монголчуудыг Европ дахинаа эерэгээр сурталчилсан Марко Пологийн хөшөө түүний хүчээ өргөж явсан Монгол улсын төв талбай – Чингис хааны талбайн зүүн өмнө сүндэрлэж харагдана. Энэ хөшөөг Б.Рэнчин гуайн ач хүү уран барималч Б.Дэнзэн урлажээ.
Марко Поло олон газар орны тухай тэмдэглэж үлдээсэн бөгөөд тэр монголчуудын тухай ийнхүү бичиж үлдээжээ.
Чингис хааны удам угсааны хаад, эздийг тэнгэрт хальмагц Алтай хэмээх их ууланд оршуулдаг гэдгийг та бүхэнд хэлье. Тэдгээр эзэд, их хаадын хэн нэгэн нь алс хол энэ газараас зуун өдөрчийн хол байсан ч шарилыг нь заавал энэ ууланд авчирч онголон оршооно. Бас нэгэн гайхам сонин ѐсыг өгүүлбэл: Их хаадын шарилыг онголохоор дөчин хоногийн турш залж явах зам гудаст таарсан хэнийг боловч цавчин хороож “эзэн хаанаа дагалдан нөгөө ертөнцөд очиж хүчээ өгөгтүн” гэж ерөөн шарилыг дагуулан хойллого үйлдэнэ. Мөн хүлэг морьдоор тийм хойллого үйлдэнэ. Хаан эзэн халин одмогц хамаг эрдэнэт сайн хүлэг морьдоо нөгчөөн хаан эзнээ дагалдуулан нөгөө ертөнцөд илгээн хойллого үйлдэнэ. Бас нэгэн үнэн баримт гэвэл: Мөнх хааны шарилыг онголохоор Алтайн уул руу залж явах зам гудаст тааралдсан хоѐр түмэн хүнийг нөгчөөн хороож хаан эзэнийхээ хойноос хойллого үйлдсэн нь үнэн билээ.
Татарууд малын бэлчээр өвс сайтай ээвэр дулаан тал нутагт өвөлжинө. Ус, бэлчээр элбэг дэлбэг уулс, хөндий зэрэг сэрүүн сэргэг, ой модтой газар зусна. Зуны цагт сэргэг сэрүүн газар ялаа шумуул, хөхтүрүү, зөгий ховор байдаг тул хүн, мал амар тайван зусаж мал сайхан тарга тэвээрэг авдаг. Тэд үргэлж нутаг сэлгэн нүүж зуны гурван сарыг нэгэн бэлчээрт уягдаж талхлалгүй мал сүргээ таргалуулна. Тэд модоор хийж, эсгийгээр бүрсэн, дугариг хэлбэрт сууцтай ба хаашаа ч нүүсэн сууцаа дөрвөн дугуйтай тэргэн дээр ачиж явна. Сууцны яс мод нь бөх бат, маш хөнгөн байдаг тул зөөж, нүүж явахад ямар ч төвөггүй. Сууцаа барихдаа үүдийг нь ямагт өмнө зүг рүү харуулан барина. Мөн тэдэнд хоѐр дугуйтай тэргэн дээр барьж хар эсгийгээр хучсан сайн загвартай мухлаг байх агаад хичнээн ч бороо орж байсан дотор тал нь үргэлж хуурай, тохилог байна. Тэргэнцэрийг шар үхэр юм уу тэмээ хөллөж эхнэр, хүүхэдээ суулган ойр зуурын хэрэглээний сав суулгаа ачина.
Гэр орны бүхий л ажил, худалдаа арилжаа хийх, мал ахуйгаа адуулах зэрэг айл гэрийн өдөр тутмын ахуй амьдралын ажил нь гэрийн бүсгүйчүүдийнх бөгөөд эрчүүл нь энэ талаар санаа зовдоггүй, дайнд мордох, ав хомрого хийх, шонхороор ангуучлах нь эрчүүдийн ажил. Тэд мах, сүүгээр хооллож алив ангийн мах, түүний дотор хээр талаар хааяагүй элбэг тарвага агнаж иднэ. Тэдний идэх уух юманд хорио, цээр үгүй бөгөөд адуу, нохойн мах идэж, гүүний сүү ууна. Бараг бүх амьтаны махыг иднэ. Тэд бол бусдын эмс, эхнэртэй хавьтдаггүй ганц газар бөгөөд ингэхийг шившигтэй явдал гэж үзнэ. Эхнэр хүүхнүүд нь эрдээ үнэнч итгэлтэй. Арав, хорин эхнэртэй байсан ч тэд нь хоорондоо эвтэй найртай амьдарцгаана. Хаана ч, хэзээ ч тэр олон эхнэрүүд хэрэлдэж, маргалдаж байхыг та үзэхгүй. Хүн бүхэн гэр орныхоо ажил үйлд санаа тавин, үр хүүхдээ өсгөж торниулахад хамаг анхаарал халамжаа өгнө. Тэд нар гэр бүл болохдоо хэдэн ч эхнэр авч болох бөгөөд тэжээж, хувцаслаж дийлбэл зуун эхнэр ч авч болдог. Эхнэр авах эр хүн эхнэрийнхээ эхэд инж бэлэг өгөх бөгөөд эхнэр нь нөхрийнхөө талд юу ч өгдөггүй. Анхны авсан авааль гэргийгээ их эхнэр гэх бөгөөд бусдаас илүү хүндлэнэ.
Тэдний өмсдөг хувцас нь алтан саатай магнаг торгоор хийж, булга, үен, суусар, үнэгний арьсаар доторлосон буюу хажиж эмжисэн маш тансаг билээ. Гоѐл чимэглэл, эдлэл хэрэглэл нь жигтэйхэн үнэтэй. Зэр зэвсэг нь нум сум, сэлэм, бялуу байх боловч тартаруудын гол зэвсэг нь нум сум бөгөөд тэд нар үнэнхүү мэргэн харваачид билээ. Зэрлэг үхрийн буюу өөр бусад амьтаны ширийг хатааж хийсэн ширээр ар зоогоо хуяглаж хамгаална. Тэд бүгд эр бяртай, ид хавтай, эрэлхэг дайчин бөхчүүд. Аян дайны алс замд тартарууд өөрсдийн агнаж алсан араатан жигүүртний махаар хооллон, гүний сүүгээр цангаагаа тайлан сар, жилээр өөр хоол унд гэлгүй, өлсөж цангалгүй явах бөгөөд унаа морьд нь хээрийн бэлчээрт таарах өвс болгоныг идэж явах тул морьдоо тэжээх арвай буудай, аага хивэг ачиж, тээж явахын хэрэггүй байдаг. Тийм учираас тэд алс хол аялан, алалдан тулалдахдаа бусдаас илүү тэсвэр тэвчээртэй, тэнхээ чадалтай байдаг. Тэд эзэд хааддаа үнэнч, сахилга дуулгавартай бөгөөд хэрэгцээ шаардлагатай үед зэр зэвсэгээ агсан бүтэн хоногийн турш эмээл дээрээс буулгүй морьдоо идүүлэн хонох бол энүүхэн энд. Алив нэгэн хүчир бэрхшээл, хүнд хэцүү зүдүүрийг дааж давж гарахдаа өөр бусдаас илүү учир бага зардал сүйтгэлээр дэлхийн олон улс орон, газар нутагийг байлдан дагуулж эзэмшин эрхшээх чадвар чадавхитай ард түмэн билээ.
Татарууд аян дайнд нэг буман цэрэгтэй гарлаа гэвэл: Арван цэрэг болгон нэг даргатай аравт болдог, арван аравт нийлээд нэгэн зуут болж зуутын дарга захирна, арван зуутаас нэг мянган бүрдэж мянганы ноён захирна, арван мянгатаас нэг түмэт бүрэлдэн түмтийн ноён захирна, арван түмтээс нэг бумат бүрэлдэн бумтын ноён захирна. Ингэж аравт аравтаар зохицуулан зассан цэргийн аль ч тушаалын дарга, ноён зөвхөн өөрийн захиргааны арван хүнтэй л тулан ажиллаж тэдгээр арван хүн өөрсдийн дарга, ноѐны өмнө бүх хариуцлагыг хүлээнэ.
Хэрвээ буман цэргийн их жанжин хэн нэгнийг аль нэгэн газар руу илгээх болвол түмтийн ноёныг дуудан тийшээ явж, тийм үүрэг гүйцэтгэх мянганыг бэлэн болго гэж тушаана, түмтийн ноён өөрийхөө мянганы ноёнд төдийд бэлэн байхыг тушаан өөрт тохоогдсон үүргийг үтэр түргэн биелүүлнэ. Цэргийн дээд дарга, ноёдын зарлиг тушаал дээрээс доошлох шат шатандаа ямар ч саад бэрхшээлгүй биелэж байдаг. Зарлиг тушаалыг ягштал, шуурхай биелүүлэх талаар хосгүй шалгарсан цэрэг энэ ертөнцөд татар цэргээс өөр үгүй билээ.
Цэргүүд алс холын аян дайнд мордохдоо элдэв ачаа, бараа биедээ үл авна. Зөвхөн айраг, сүү хийх хоёр жижиг ширэн дашмаг, мах буцалгах жижиг тогоо ганзгалж явна. Тэрчилэн бороо хурнаас хоргодох жодгортой байна. Бачим тулгуу бэрх үед цэргүүд гал түлж хоол, унд хийж идэлгүй, морьдынхоо судасыг ханаж цусыг нь уух төдийгөөр голоо зогоож арван хоног ч зогсоо чөлөөгүй довтолгоно.
Татар цэргүүд дайн тулаанд орохдоо байлдааны нэгэн уран арга хэрэглэнэ. Тэд тулааны талбараас ухран зугатаахыг хулчгар шившигтэй зүйл гэж огтхон ч тооцдоггүй. Тулалдааны талбарт байршлаа чөлөөтэй солин давхилдаж дайсны эгнээ жагсаалыг ээлж дараалан харваж өдөөнө. Тэд агт морьдоо бараг л унасан эзнийхээ харсан зүгрүү жолоо сунган давхихаар нохой мэт сургасан байх бөгөөд морьд нь ч жолоо эргүүлэх буюу өвдөгөөрөө хавчиж залсан зүгрүү ам мэдэн давхина. Татар цэргүүд ухран зугатаахдаа эмээл дээрээ эргэн харж нэхэж яваа дайсныхаа цэрэг, морьдыг алдалгүй харван хороосоор буруулах бөгөөд нэхэж яваа дайсан ч цэрэг морьд нь цөөрсөөр байгааг онцгойлон анзааралгүй дийлж байна гэж хууртан хөөсөөр, нэхсээр, хорогдсоор байдаг. Татарууд зугатаан зулбаж явахдаа дайсны цэрэг, морьдоос хангалттай олныг хороосноо мэдэрмэгц гэнэт эргэн дайрч дайсны цэргийн үлдэгдлийг хүйс тэмтрэн сөнөөж ялалт байгуулдаг.
Хэн нэгэн этгээд бага сага зүйл хулгайлсан бол долоон удаа ташуурдан занчина. Хулгайлсан зүйлийн хэмжээ, учруулсан хохиролын байдлаас болж ташуурдах тоо арав араваар нэмэгдэн арван долоон удаа, хориндолоон удаа гэх мэтээр нэг зуун долоон удаа хүртэл нэмэгддэг бөгөөд олон олон гэмтэн хулгайч энэ шийтгэлийг даалгүй үхдэг байна. Морь хулгайлсан буюу өөр бусад цаазлах ялтай зүйлсийг хулгайлсан хулгайчийг сэлмээр тасар цавчин өчиггүй цаазлана. Хэрэв хулгайч хулгайлсан зүйлийнхээ үнийг ес дахин нугалан төлбөл цаазын ялаас хэлтрүүлнэ. Эзэн хаан бусад хаад ноѐд, язгууртан түшмэд маш их мал хөрөнгөтэй байдаг, тэдний сүрэг доторхи гүү, морь, тэмээ, шар үхэр, үнээ болон бусад бод малыг өөрсдийнхөө тамга тэмдэгээр тамгалана. Тийнхүү тамгалаж тэмдэглэсэн бод малыг хариулагагүйгээр бэлчээрт нь залах бөгөөд бусдын мал сүрэгтэй нийлж холилдвол тамга тэмдэгэр нь таньж ялгаж салгаж авдаг.