Монгол орны бэлчээрийн судалгаа, туршилтын ажлыг хариуцахын зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллага, бусад судлаачдын эрдмийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэхэд арга зүйн удирдлагаар хангах, бүтээл туурвих, эрдмийн боловсон хүчин бэлтгэхэд эдүгээ хүртэл 45 жил хүчин зүтгэж, ухамсарт амьдралаа зориулж яваа мэргэжлийн судлаач хэмээн би бээр өөрийгөө тооцдог. Монгол орны хувьд бэлчээрийг зөвхөн мал бэлчээрлүүлэхэд зориулагдсан, малчдын нутагладаг газар гэж явцуу ойлгодог явдал хүмүүсийн дунд, ялангуяа төв орон нутгийн удирдах бүх шатны байгууллагад шингээстэй байгаа нь үнэндээ томоохон гажуудал юм. Малаас гарах гол нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хүмүүс, тэнд бас аж төрж ажил үйлдвэрлэлээ явуулдаг орон зай гэдэг утгаар нь бэлчээрийн газрыг ойлгож “бэлчээр нутаг” гэвэл зохилтой. Ингэж ойлгож хандваас, бэлчээрийн асуудлыг орон зайн төдийгүй цаг хугацааны хэмжүүртэй, бэлчээр өөрөө экологийн чухал нөөц, экосистемийн өвөрмөц цогц бүрдэл, хүн тохь тухтай амьдрах орчин гэдгийг ухаарна.
Монгол орон нэг хүн амд ногдох нутаг дэвсгэр, тэр дундаа бэлчээр нутгийн хувьд дэлхийд дээгүүр байр эзэлдэг. Одоогийн байдлаар (2014 он) Монгол Улс 112.1 сая га байгалийн бэлчээрт адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа нийлсэн 60 гаруй сая толгой малыг 149.7 мянган малчин өрхийн 293.6 мянган малчин маллаж жилд 3 их наядаар үнэлэгдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна (Монгол Улсын статистикийн эмхэтгэл, 2014 он). Иймээс манай монголчууд “бэлчээрийг зүсээ хувиргасан алт” гэж үзсээр ирсэн юм. Төрийн өмчид байгаа бэлчээр нутаг маань ямаршуу байгаа талаар Төрийн түшээгээс эхлээд жирийн иргэдийн дунд янз бүрийн ойлглттой байна. Бэлчээрийн даац хэтэрсэн, хэтрээгүй гэж ярьж бичдэг болжээ. Дорнодын талын юмуу, Дорноговийн цөлөрхөг хээрийн бэлчээрийг харсан хүнд бол бэлчээр бараг л унаган төрхөөрөө байгаа мэт сэтгэгдэл төрөх нь мэдээжээ.
Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хянан баталгаа (2008-2010 он)-гаар улсын хэмжээнд 25.2 сая га бэлчээр талхлагдаж доройтсоны дотор малын хөлөөс чөлөөлж, зайлшгүй сайжруулах, нөхөн сэргээх шаардлагатай бэлчээр 9 сая орчим га байна гэж тогтоожээ.
Талхлагдсан бэлчээрийн талбайг сум бүрээр нийт нутагтай нь харьцуулж үзэхэд: Төв аймагт нийт бэлчээр нутгийн 31.8-43.2%, Булган, Орхон, Өвөрхангай, Баянхонгор аймагт 24.8-31.5%, Хөвсгөл, Архангай, Ховд аймагт 21.6-24.8% нь талхлагдаад байна. Тухайн аймгийн нийт нутгийн ¼ нь муудчихаад байхад “хэвийн” гэж болох уу? Онцолж дурьдвал, нийслэл Улаанбаатар хот орчмын бэлчээрт ашиглах боломжтой гэж тогтоогдсон газрын 60 гаруй хувь нь талхлагдалд оржээ.
Ингэхлээр нийслэлийнхээ хаяанаас холын аймгийн захын суманд хүртэл бэлчээрийн талхлагдал, доройтол, цөлжилт бэлчээр нутгийг маань “залгисаар” байхад “нүдэн балай, чихэн дүлий” хараад сууж даан ч боломгүй. Байдал ийнхүү цааш үргэлжилбэл Монголд “цунами” байтугай, түүнээс долоон дор аюул” үүсэх нь нэгэнт тодорхой боллоо.
Бэлчээр нутгийн хэмжээ багасч, ургац буурах, малд идэмжтэй ургамал цөөрөх явц тод ажиглагдаж байгаа өнөөгийн нөхцөлд нэг талаас бэлчээрээ цаашид хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах, усаар хангах, нөгөө талаас малын тооны өсөлтийг хязгаарлах, сүргийн бүтцийг зохистой болгох, зах зээлийн баримжаатай малаа чанаржуулах, эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь төрөөс баримтлах гол зорилго, стратеги мөн гэж хэлэх байна даа.
Монголчуудын бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлал бүр Хүннү гүрний үеэс улбаатай, асар баян, сонгомол шинжтэй, 2200 гаруй жилийн хөгжлийн түүхтэй. Энэ уламжлал Чингэс хаан болон Их хаадын үед бэлчээр нутаг эрх зүйн зохицуулалттай болон төлөвшин тогтсон гэж үзэх бүрэн үндэстэй. “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр: Өгэдэй хаан хаанширээнд суугаад “Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыг бүү зовооё. Хөлий нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргуулъя …Бас улс иргэний нутаг усыг хувааж өгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат бүрээс нутагчныг ялгаж гаргавал зохино.Бас цөл говь нутагт гөрөөснөөс өөр амьтангүй байна. Ард иргэд уужим суухыг хүснэ. Чанай, Уйгартай хоёр тэргүүтэй нутагчныг явуулж, цөл говьд худаг малтуулж хашуулъя…“ гэж зарлиг болгожээ. Монгол улсад газрын менежментийн хөгжил өнө эртнээс өндөртүвшинд хүрсний гэрч энэ болой. Одоогийн газар зохион байгуулагчийг нутагчин гэдэг байжээ. Бүр 1328 онд малыг дагнан хариуцах байгууллагатай болсон мэдээ байдаг. Нутаг бэлчээрийг хувиарилахын зэрэгцээ түүний төлөв байдал, чанарт их анхаарч, байцаалт явуулдаг байсан баримт бий. 1324 онд Есөнтөмөр хаан хэд дахин элч зарж монгол орны бэлчээр нутгийн байдлыг шалгуулж байсныг тэмдэглэсэн байна. Ийнхүү бэлчээр нутгийг нарийн дэг журамтай хувиарлан эдэлбэрлэж ирсэний түүхэн ул мөр нь одоо бидний хэлэх дуртай “бичигдээгүй хууль”-д тусгалаа олжээ гэхэд хэтрүүлэг болохгүй юм.
Социализмын үед бэлчээрийг хувиарилах, хамгаалах, ашиглах асуудлыг сум-нэгдлийн удирдлага гардан хариуцдаг, тэргүүн туршлага,өгөөжтэй санаачлагыг дээд байгууллагыншийдвэрээр бусад сумдад дэлгэрүүлж байв. Ийм зохицуулалт тухайн үедээ үүргээ гүйцэтгэж, Монгол орны нутаг бэлчээрийн төлөв байдлыг доройтлоос хамгаалахад үр дүнгээ өгдөг байсаан.
Малаа хувьчилж тараасан 1990 оны эхэн үеэс төрийн байгууллагаас бэлчээрийн талаар баримтлах бодлого бүрэн алдагдсан шүү. 2003 онд Газрын тухай хууль батлагдсаны дараахнаас “Бэлчээрийн тухай” хууль гаргуулахаар 10-аад жил хөөцөлдөөд юм болсонгүй, төр баригчдын чихний хажуугаар өнгөрөв. “Эзэнгүй юманд хүн нугасгүй” гэгчээр нийтээр ашиглахын урхагтай балаг нутаг бэлчээрт минь тусч, доройтол мөхлийн эцсийн төлөв цөлжилтөд ихээр автаж эхэллээ. Харамсалтай, энэ бүхэн бэлчээрийн мал аж ахуйг олон мянган жил эрхлэн нүүдлийн соёл иргэншлийг гардан бүтээж ирсэн, тээж явааг түүхэн бахархлаа гэж үздэг монголчууд бидний түүхэнд гутамшигтай, эмгэнэлтэй баримт болж үлдэхэд хүрвэл яана.
Бүр аргаа ядаад “Ногоон алт” хөтөлбөрийн шугамаар “Бэлчээр ашиглах алтан дүрэм”-г нэлээд дэлгэрүүлж ном болгон хэвлүүлж олон нийтэд хүргэсэн билээ. Алтан дүрэм нь манай ахмад үеийнхний түүхэн уламжлал, бэлчээр ашиглалтын онолд үндэслэсэн, маш энгийн 4 зарчимтай: 1. бэлчээрийн даацыг үл хэтрүүлэх, 2. тэжээлийн нөөцийг үл шавхах, 3. бэлчээрийн ургамалд төлжин ургах боломж олгох, 4. бэлчээрээ сэлгэж байх зэрэг болно. Малынхаа өнгө төрх, ааш араншин, хөдөлгөөн, гэдэс хэвлий, хоргол баасыг нь хараад нүүдэл суудлаа зохицуулдаг, бэлчээр нутгаа сэлгэдэг монгол малчны уламжлалт арга ажиллагаагаар энэ 4 зарчим хэрэгждэг байсан уламжлалтай. Бэлчээр өн удаан жил унаган төрхөөрөө хадгалагдаж ирсний нууц энд бий. Уг номд тусгасан санааг өлгөж аваад сумын газар ашиглалтынхаа төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлсэн бол байдал одоогийнхоос арай дээрдэх байсан сан. Гэтэл энэ асуудал шат шатанд хаягдсаар, эзэнгүйдэж бас л үр дүн нь харагдахгүй замхарах янзтай. Ийм харалган бодлого удаан үргэлжлэхгүй гэдэгт найдья. “Бэлчээрийн газрын жилийн төлөвлөгөө боловсруулж мөрдөж ажиллах тухай” Газрын харилцаа, геодиз, зураг зүйн газрын даргын 2006 оны 131-р тушаалын дагуу аймаг, сумын удирдлага малчдынхаа санал, санаачлагад тулгуурлан бэлчээр зохион байгуулалтын дунд (5-аас дээш жил) болон жил жилийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтэд нь хяналт тавиад ажилбал ядаж доройтсон хэсэг газрын бэлчээрийг малын хөлөөс түр чөлөөлж амраагаад авах боломжтой.
Таван төрлийн малын харьцаа алдагдаж нийт сүрэгт бод малын эзлэх хувь хоёр дахин бурч, бог, тэр дундаа борлуулалт муутай ямаа давамгайлах болсноор малын маань бүтээмжит чанар муудчихлаа. Хангайдаа үхрээ, тал хээртээ адуу, хонио, говьдоо тэмээ, ямаагаа түлхүү өсгөдөг байсан шүүдээ. Энэ уламжлалаа орон нутагт сэргээхэд анхаарах хэрэгтэй мэт. Бэлчээр нутаг төрийн өмчид байгаа болохоор Төрийн зүгээс хатуухан бодлого боловсруулж хэрэгжүүлэх, бэлчээрийн тухай хуулиа гаргаж, бэлчээр ашигласны төлөө малчдаас төлбөр авдаг болох, тэр төлбөр нь эргээд бэлчээрээ тордож сайжруулах, худаг ус гаргахад зарцуулдаг баймаар байна.
Эх сурвалж: Shuud.mn