Дөрвөн удаагийн шинжилгээгээр асуудалгүй гарсан үрийн улаанбуудайг тариаланчдад олгож эхэллээ

Тариаланчдад олгох үрийн улаанбуудайнд дөрвөн ч удаагийн шинжилгээ хийж, стандарт, чанарын шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг холбогдох байгууллагууд болох Гааль, МХГазруудаас гаргасан байна. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналтын байцаагч харуутай улаанбуудай гэсэн хуурамч дүгнэлт гаргаж, энэ дүгнэлтээ зохион байгуулалттайгаар цахим орчинд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн үрийн улаанбуудай харуу өвчтэй улаан буудай, үүгээр тариалалт эхлэж болохгүй гэх мэдээллийг цацаж эхэлжээ.

Дээрх хуурамч мэдээллээс болж тариаланчдад үрийн буудай олгох ажил 20 гаруй хоногоор саатсан аж. Уг асуудлыг Гааль болон Улсын мэргэжлийн хяналтын газар,  “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, холбогдох Цагдаагийн газрын төлөөллүүд байлцаж, асуудлыг шийдвэрлэж, үрийн улаан буудайг тариаланчдад олгож эхэлжээ.

1

“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан тариаланчдад үрийн улаан буудайг зээлээр хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байгаа. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт байрлах “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Хөтөл салбараас тус аймгийн баруун 5 сумд болон ойр орчмын тариаланчдад буудайг олгодог байна. Харин өнгөрсөн жил ихэнх нутагт ургац алдсан учраас хөнгөлөлттэй үнээр үрийн улаанбуудайг авахаар Дорнод, Увс зэрэг захын аймгуудаас ч тариаланчид ирсэн байгаа аж. Тариаланчид, олон нийтийн сүлжээгээр харуутай үрийн улаанбуудайг тариаланчдад олгох гэж байна гэсэн хуурамч мэдээлэл гарснаас болж 20 гаруй хоногийг хөтөлийн буудайн сангийн  гадаа хонож өнгөрүүлж байгаа гэнэ.

23 24

/Тариаланчид хуурамч мэдээлэл гарснаас болж үрийн улаанбуудайгаа авч чадалгүй Хөтөл салбарын гадаа 20 гаруй хонож байна/

Уг асуудалтай холбоотойгоор ХХААЯ-наас квотоор олгож байгаа үрийн улаанбуудайнд  харьяаллын дагуу Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Гаалийн газраас дөрвөн удаа шалгалт, шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр үрийн улаанбуудайнд ямар ч асуудал байхгүй, стандарт, чанарын шаардлага хангасан, тариаланчдад олгох боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

25

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Я.Оюундэлгэр: “Үрийн улаанбуудай импортолж буй “Нямбайгаль Даваа” ХХК-ын тухайд хууль зүйн актууд болоод дагалдах бичиг баримт бүгд бүрэн, ямар нэг асуудалгүй. Мөн лабораторийн шинжилгээний бичгүүд нь бүрэн учраас манай байгууллагын зүгээс үрийн улаанбуудай олгох ажилд саад болох зүйл байхгүй гэж үзэж байгаа.”

/Гаалийн болон МХГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт/

2627 28

Гаалийн газраас энэхүү дүгнэлтийг үрийн буудай орж ирсэн үед л гаргасан байна. Гэтэл гэнэтхэн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналтын ажилтан н.Цэрэндулам гэдэг хүн тус салбар дээр ирж ямар ч удирдамж, зөвшөөрөлгүйгээр үрийн улаанбуудайн шинжилгээ хийхээр дээж авч яваад, үрийн улаанбуудай харуутай гэдэг хуурамч дүгнэлт гаргачихсан байна. Ийнхүү хэн нэгний зохион байгуулалттай гаргасан хуурамч дүгнэлтийн зураг цахим орчинд тарснаар тариаланчдыг бухимдуулан, үрийн буудай олгох ажлыг саатуулж эхэлсэн байгаа юм.

29

 “Баярт тал агро” ХХК-ийн захирал Д.Баттүвшин: “Хөнгөлөлттэй үнээр олгож буй үрийн улаанбуудайгаа авах гээд ирээд 11 хонож байна.  Уг нь холбогдох гааль, мэргэжлийн хяналтын байгууллагаас нь олгож болно гэж бүх зөвшөөрлийг нь өгчихсөн байгаа юм билээ. Гэтэл нэг байцаагч худал дүгнэлт хийснээр, цагдаагийн байгууллагаас дахин шалгалт хийж олгоно гээд хүлээлгэх гээд байна. Тариалалтын цаг хугацаа нь оройтлоо шүү дээ. Бид Булганы Хишиг-Өндөрт тариалалт хийдэг. Өндөрлөг газар учраас бусад газрыг бодвол тариалалтаа эрт эхэлдэг. 4 сарын 30 гэхэд эхэлсэн байх шаардлагатай байдаг. Гэтэл хуурамч мэдээлэл гарч, үрээ авч чадаагүйгээс тариалалт нэлээн хойшилж байна”.

30

   “Мэнэн агро” ХХК-ийн захирал Д.Мөнхбат: Мэргэжлийн хяналтын байгууллага, гааль аль аль нь үрийн улаанбуудайг асуудалгүй гээд дүгнэлт гаргачихсан байна. Гэтэл нэг байцаагчийн худал дүгнэлтээс болж, маш олон тариаланч хохирлоо. Үрээ авах гэж ирээд, худал мэдээллээс болж 15 хоног хүлээж байна. Мөн хажуугаар нь том тариалан эрхлэгч компаниуд өөрсдийн ашиг сонирхлоор янз бүрийн худал  мэдээлэл гаргаж байгаа нь жижиг талбайд тариалан эрхлэгчдийн ажлыг улам хүндрүүлж байна.”

Тариаланчдад олгох үрийн улаанбуудайг ХХААЯамнаас квот зарлан, “Нямбайгаль Даваа” ХХКомпани ОХУ-аас оруулж ирсэн юм.

31

   “Нямбайгаль даваа” ХХК-ийн захирал Ц.Зундуй: “Импортолж буй үрийн улаанбуудайн хувьд манай тариаланчдын тарьж сурсан, монголын хөрсөнд нутагшсан “Алтайская-530” сортын үрийн буудайн шинэчлэн сайжруулсан сорт буюу “Алтайская жница” сортын үр байгаа. Энэхүү үр нь ОХУ-ын Үрийн аж ахуйн  стандартыг хангасан, бүх төрлийн баталгааны бичиг, дагалдах шинжилгээнүүдийн баримт  гээд бүгд бий. Үрийн буудайг оруулж ирэхээс өмнө дээжийг нь Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын төв лаборатороор шинжлүүлж, чанарын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гаргуулсан. Орж ирснийх нь дараа харьяа байгууллага болох Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Гаалийн газраар нь хяналт, шинжилгээг нь хийлгэсэн. Ганц биш, удаа дараа хяналт, шалгалтыг нь хийлгэхэд ямар ч асуудал гараагүй”.

Тариаланчдад буудайг олгох ажлыг эхлэх гэсэн боловч Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас төлөөллүүд ирснээр бас л тодорхойгүй хугацаагаар ажлыг зогсоож, бүтэн нэг өдрийг хүлээлтийн байдалд байлгасан юм. Тэдний хэлж байгаагаар иргэдээс гомдол ирсэн учраас үрийн буудайг дахин шинжлэх шаардлагатай байна гэсэн юм. Харин Гааль болон Улсын мэргэжлийн хяналтын газар, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, холбогдох Цагдаагийн газрын төлөөллүүд асуудлыг хэлэлцсэнээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн, үрийн улаанбуудайг тариаланчдад олгож эхэллээ. ОХУ-аас оруулж ирсэн үрийн улаанбуудайны лацыг 5 сарын 4-ны өдөр Гаалийн газрын төлөөллийн хяналтан дор хөндөж, дээж авах болон тариаланчдад олгох ажлыг эхлүүллээ. Лац ломботой байсан учраас импортын үрийн улаанбуудайнд ямар ч хольц орох боломжгүй гэдгийг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Хөтөл салбараас мэдээлсэн юм.

34

/Үрийн улаанбуудайн лацыг Гаалийн газрын төлөөллийн хяналтан дор хөндөж байгаа нь/

33

/Гаалийн газрын мэргэжилтэн лацыг шалгаж, ямар нэг зөрчилгүй болохыг батлав/

32

Ийнхүү ямар зорилготойг нь мэдэхгүй ч чанарын шаардлага хангасан гээд Улсын байцаагч дүгнэлт гаргачихсан үрийн удаанбуудайнд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сайн дураар шинжилгээ хийж, хуурамч дүгнэлт гаргасан анхаарал татаж байгаа юм. Дээрээс нь иргэд, тариаланчдад худал мэдээлэл тараан,  олон нийтийн сүлжээгээр хуурамч дүгнэлтээ дэлгэж, асуудал үүсгэн хаврын тариалалтад саад болох сонирхол, хэрэгцээ хэнд байв гэдэг дээр ч хариулт олдоогүй хэвээр үлдлээ. Ямартай ч дөрвөн удаа шинжилгээнд ороод асуудалгүй гарсан үрийн улаанбуудайг тариаланчдад олгож эхэллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …