Манай жүдочдын “ялагдсан” шалтгаан

1471324060_d94bfe40-913e-4b55-9fb3-d138ffc7ca0e

Монгол Улсын олимпийн анхны аварга эндээс л төрсөн. Мөн олимпийн хошой медальтан мөн л жүдочин байлаа. Риогийн олимпод ч Монголын жүдочид нэг медальтай. Гэвч сэтгэлд хүрсэнгүй. Уг нь дэлхийд чансаагаараа тэргүүлдэг гэх манай жүдочид олимпоос нэг байтугай медаль хүртчих чадалтай, чадвартай. Тэдний бэлтгэл ч маш сайн хангагдсан гэж боддог, Тиймээс ч итгэж, хүлээж байлаа. Гэтэл ганцхан мөнгөн медаль. Даварч байгаа байж магадгүй л дээ.Гэхдээ л ийм хандлагыг, ийм мэдрэмжийг Бээжингийн, Лондонгийн олимпийн дараа бүх Монголчуудад өгчихсөн шүү дээ. Тиймээс л Түвшөөг, Төмөрхүлэгийг, Уранцэцэгийг, Мөнхзаяаг Риогийн тэнгэрт Монгол Улсынхаа далбааг төвөггүй мандуулчихна л гэж найдаж байлаа. Гэвч энэ манай жүдочдын буруу бол биш ээ. Энэ бол ямар ч бодлогогүйгээр тэмцээн уралдаанд тамирчдаа явуулж, гадныханд нэвт судлуулчихсан холбооны л буруу.

 

Түвшөөг Олимпийн аварга болоход “битүү бөх”, гадныхан судалж чадсангүй гэх мэдээлэл бичигдэж байлаа. Бараг Монголчууд ч Түвшөөг яаж олимпийн эрх авсныг нь сайн мэддэггүй байсан шүү дээ. Гэтэл гэнэт л “Дархан манай тусгаар улс …” эгшиглэж, Бээжингийн тэнгэрт Монголын далбаа мандаагүй юу. Сайхан мөч байсан. Одоо ч хүчирхэг аваргадаа баярлаж явдаг. Долдугаар сарын нэгний хар өдрийг мартуулж, бүх Монголчуудаа нэгтгэж чадсан гавьяатан билээ.

Эндээс Түвшөөгийн /Найдангийн Түвшинбаяр/ давуу тал нь битүү байж гэж ойлгогдож байгаа биз. Гэтэл Риог зорьсон манай бөхчүүд өрсөлдөгчиддөө дэндүү сайн судлагдчихаад л морьджээ.

Гранпри, Их дуулга, эрх олгох тэмцээнүүд, Азийн аварга, Дэлхийн аварга гээд манай жүдочдын очдоггүй тэмцээн гэж алга. Мэдээж энэ бүгдэд орж байж л чансаагаа тогтоолгосон хэрэг л дээ. Гэвч ингэж олон тэмцээнд оролцоод хамгийн дээд амжилт болох олимпийн наадамдаа өвдөг шороодоод байхаар ямар хэрэг байх вэ дээ. Хэн ямар мэх хийх вэ, аль мэхэн унадаг вэ гээд л нэвт шувт судалж байгаад л олимпийг зорьж байгаа бусад орноос л суралцмаар байна.

 

Хэн ч танихгүй хөвгүүд охидууд жижиг тэмцээнүүдэд ирээд манай хэдийн чилээг гаргаж, шал арчиж байгаад л явдаг. Харин яг олимпод оролцох тамирчин нь тэнд биеэ бэлдээд л үе мөчөө халаагаад л сууж байдаг бололтой юм. Эцсийн зорилго нь олимп тиймээс жижиг тэмцээнүүдэд оролцож, өөрийгөө өрсөлдөгчиддөө нэг их сайн судлуулахгүйгээр бидний хэлдгээр “битүү бөх” л гарч ирээд шуугиулаад байх шиг харагддаг. Тухайлбал, Италийн жүдоч Фабио Басилег битүү бөх гэж нэрлэмээр байна. Тэр үнэхээр одтой байж учраа болгоноо өмнөө сөгдүүлж, олимпийн аварга гэх цолыг хүртлээ. Бөх тайлбарлагч Шижрээгээс өөр түүний тухай ярих жүдо сонирхогч ховор л байсан болов уу. Мөн 66 кг-д түүнийг ингэж амжилттай барилдана гэж таамарлаа ч үгүй байх. Гэтэл үнэхээр цолтой, золбоотой барилдаж, Итали улсын төрийн дуулал эгшиглэж, эх орныхоо далбааг мандуулчихлаа шүү дээ.

Тэгвэл энэ л гадны улс орнуудын баримталдаг зарчим, бодлого бололтой. Үнэхээр олимпийн найдвар гэж бодож байгаа тамирчнаа битүүхэн бэлтгэж, харин түүнтэй өрсөлддөг өөр нэг тамирчнаа тэмцээнүүдэд илгээж, бусдыг шалгаж, судалж, бас тэрүүхэн тэндээ төөрөгдүүлж болох нь байна. Олимп гэдэг өөрөө сэтгэл зүйн тулаан. Хэний ч мэдэхгүй хүчтэн гараад ирэхэд бүгд л гайхширч, аргаа бардаг. Харин манай жүдочдыг яаж унагах, ядаж яаж унахгүй байх талаар тэд судалчихаад байгааг л хэлэх гэж энэ олон зүйлсийг нуршлаа. Хувь хүний л бодол юм шүү. Цэцэрхэж, аархалгүй санал бодлоо хуваалцаарай. Монгол хүнийхээ хувьд төрийнхөө дууллыг дагаж, олимпийн тэнгэрт далбаагаа мандаж буйг харах л чин хүсэлтэйг минь ойлгоорой.

 

Амар

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …