Монгол улсын төв цэг, Улаанбаатар хотын төв талбай буюу бидний нэрлэж заншснаар Сүхбаатарын талбайг НИТХТ-ын өнгөрсөн 7 сарын 15-ны тогтоолоор Чингис хааны нэрэмжит талбай болгон өөрчлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг иргэд төдийлөн тааламжтайгаар хүлээж аваагүй. Үүнтэй холбогдуулан эрх зүйч Б.Энхбаяр Нийслэлийн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасныг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе.
НИЙСЛЭЛИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:
2013 оны 8 дугаар сар 14
Хариуцагч: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
Хаяг: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-11,
Нэхэмжлэлийн агуулга: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 79 тоот “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” тогтоол гарч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Жанжин Сүхбаатарын талбайг Их Монгол Улсыг үндэслэгч Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэж өөрчлөн нэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжтой нийцэхгүй буюу зөрчиж байна гэх үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу маргаан үүсгэж хянан шийдвэрлүүлэх
Нэхэмжлэлийн үндэслэл: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “…, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаранхоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт заасанчлан УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрхийг гагцхүү УИХ-д хадгалдаг бол Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн юм.
Үндсэн хуулийн дээрх заалтын агуулгаас харахад Нийслэлийн ИТХ нь өөрийн эрх хэмжээг нэг талаас ХУУЛЬ, нөгөө талаас Гүйцэтгэх дээд байгууллага-Засгийн газрын шийдвэрийн хүрээ хязгаарт буюу түүнтэй харшилдахгүйгээр хэрэгжүүлнэ гэсэн үзэл баримтлал харагдаж байна. Гэтэл НИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны 79 тоот тогтоол гаргахдаа УИХ болон Засгийн газраас баталсан олон хууль, тогтоомжид хууль зүйн нэр томъёоныхоо хувьд нэгэнт тодорхойлогдон нэршилээ олсон СҮХБААТАРЫН ТАЛБАЙ-г Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гэдгийг иш үндэс болгон НЭРийг нь өөрчлөн тогтоосон нь Үндсэн хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн хэрэг боллоо. Тухайлбал, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт: “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт” Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулахыг хориглосон бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ёсоор жагсаал, цуглааныг зохион байгуулагч нь “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх” үүрэг хүлээхээр зохицуулжээ.
Тийнхүү НИТХ нь нэгэнт хуульчлагдсан нэршил бүхий Сүхбаатарын талбайг “Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай” гэж өөрчилсөн нь Жагсаал, цуглааны тухай хуулийн “Сүхбаатарын талбай”-тай холбогдох хэсгийн үйлчлэлийг хэрэг дээрээ зогсоосон хэрэг болжээ. Хуульд “Чингисийн талбай” гэх нэршил байхгүй бөгөөд ингэснээр Сүхбаатарын талбайд жагсаал, цуглааныг зохион байгуулах хүсэлтэй иргэд “хаана” гэж гаргах, ерөөс УБ хотын хэмжээнд хуульд заасан “Сүхбаатарын талбай” гэгч нь хаа байрладаг нь эзэнгүйдэх зэргээр иргэдийн Үндсэн хуульд заасан тайван замаар жагсаал, цуглаан хийх эрхийг ч мөн адил хязгаарласан нөхцөл байдлыг үүсгээд байна.
Үндсэн хуулийн дээрх заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1: “Нийслэлийн удирдлага нь зохион байгуулалт, үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндсэн зарчмыг баримтална.” гэх заалтыг зөрчиж гаргасан НИТХ нь угтаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан буюу “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь … нийслэлтэй холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах болон өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад санал тавих” бүрэн эрхийн хүрээнд асуудлаа хууль тогтоогчид хандаж шийдүүлсэний дараа “Сүхбаатарын талбай”-н нэршилийн асуудлыг хөндөх учиртай байсан гэж үзэж байна.
Иймд иргэн миний Үндсэн хууль, Жагсаал, цуглааны эрх зүйн байдлын тухай хуульд заасан тайван замаар жагсаал, цуглаан хийх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхэд халдаж, хуулийн үйлчлэлийг тодорхойгүй байдалд оруулан хэлбэрэлтгүй мөрдөгдөх хууль ёсны шинжийг нь үгүйсгэсэн НИТХ-ын 2013 оны 79 тоот тогтоолыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус захиргааны бус акт болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж буйг хүлээн авна уу.
Нэхэмжлэл гаргасан: Баттөмөрийн ЭНХБАЯР