Ч.Эрдэнэдалай: Тансаг хэрэглээгээ тана, илүү зардлаа хумь

179218-15022016-1455506392-1546868574-1
Сүүлийн хоёр сарын дотор ам.долларын зарласан ханш 197.45 төгрөгөөр, арилжааны банкны авах болон зарах ханш 197.95-292 төгрөгөөр өсчээ. Ханшийн өсөлт оны төгсгөлд 2400-д хүрэх төлөв байгааг шинжээч Ч.Эрдэнэдалай хэлж байна.
Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард манай сонинд өгсөн ярилцлагадаа “Өрөө төл, валют ол, хадгаламж үүсгэ” хэмээн зөвлөж байсан юм. Түүний хийсэн судалгааны талаар ярилцлаа.
-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханш огцом өслөө. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл нь юу байв?
-Та бид хоёрыг өнгөрсөн хоёрдугаар сард ярилцаж байх үед эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг хэлж л байсан. Өрөө төлөх хэрэгтэй үүний тулд валют ол, түүний дараа хадгаламж үүсгэ гэдэг санааг эртнээс ярьсан. Эдийн засаг хүндэрч байгааг гэнэт өнөөдөр гарч ирсэн зүйл мэтээр ойлгож болохгүй.
Тухайн үед өр нэмэгдэж байна гэдгийг хэлсэн. Олон төсөв байгааг ч хэлж байсан шүү дээ. Валютын нөөц байхгүй болсон гэдэг шинэ мэдээлэл биш. Сүүлийн хэдэн жил нөөцгүй байсан.
Гэхдээ сүүлийн дөрвөн жил энэ бүх мэдээллийг дарж байсныг шинэ Засгийн газар ил болголоо. Харамсалтай нь бодит мэдээлэлтэй нүүр тулж, гарах гарц хайхын оронд хэт улстөржүүлж байна. Тиймээс гадаад болон дотоод талдаа төгрөгт итгэх итгэл эрчимтэй суларч байгааг онцлох хэрэгтэй.
Мэдээж үүнд нөлөөлөх хүчин зүйл бий. Эдийн засагт нөлөөлөх суурь нөхцөл муу байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт илт буурсан, экспортод гаргадаг бүтээгдэхүүний үнийн уналт зэргийг дурдаж болно. Уг нь хөрөнгө оруулалтыг саармагжуулах боломж байсан ч түүнийг ашиглаагүй. Тэр ч бүү хэл томоохон төслүүдээ гацаасан нь харамсалтай.
Сүүлийн дөрвөн жилд 6.6 тэрбум ам.долларыг Төвбанк зах зээлд нийлүүлсэн. Гэтэл нөгөө гараараа долоон их наяд төгрөгийг хэвлэсэн шүү дээ. Энэ мэтчлэн эдийн засгийн хүндрэлд нөлөөлсөн шалтгаан байсан.
Тиймээс гадны болон дотоодын хөрөнгө оруулагчид болгоомжилсон нь бодит үнэн. Хамгийн гол нь эдийн засгаа тэтгэх хөрөнгө оруулалтыг бууруулж оронд нь өр тавьж эхэлсэн. Мөн төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлтийг өсгөн эдийн засгаа сүүлийн гурван жил явуулсан нь алдаа гэдгийг цаг хугацаа харуулж байна.
-Таны судалгаанаас харвал энэ оны төгсгөлд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2400 төгрөгт хүрнэ гэсэн байна. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?
-Төвбанк сая бодлогын хүүгээ 4.5 нэгжээр огцом өсгөж 15 хувьд хүргэлээ. Тиймээс би өөрийн гаргасан судалгааныхаа дүнд итгэлтэй байна. Энэ оны сүүлчээр ам.доллар 2400 төгрөгт хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа. Ер нь төгрөг 2008 оноос суларсаар ирсэн гэдгийг санах хэрэгтэй. 2010 онд төгрөг чангарсан тохиолдол бий.
Валютын ханшийг тайлбарлах, судалгаа хийхэд бэрхшээлтэй зүйл нь санхүүгийн активын үнэ гэдгийг дурдах хэрэгтэй. Ханшид маш олон зүйл нэгэн зэрэг нөлөөлдөг. Жишээлбэл, Төвбанк бодлогын хүүгээ хэрхэх вэ гэдгээс ханшийн судалгаанд шууд нөлөөлнө.
Ард түмний хувьд төгрөгийн ханш чангарах, сулрах гэдэг нь чухал сэдэв учраас маш сайн үндэслэлтэй дүгнэлт гаргах ёстой. Ханшийн хөдөлгөөнийг есөн гол хүчин зүйлээр тайлбарлаж болно.
Нэгдүгээрт, энэ жил эдийн засгийн өсөлт агших төлөв ажиглагдаж байгаа.
Хоёрдугаарт, түүхийн эдийн үнэ маш удаанаар сэргэж байна. Жишээлбэл, зэс 4700 ам.долларт хүр­сэн.
Гуравдугаарт, Оюутолгойн далд уур­хай­гаар гадаадын шууд хөрөнгө оруулалт бага зэрэг сэргэнэ.
Дөрөв­дүгээрт, Оюутолгойн далд уурхайн барилга эхлэх хүлээлттэй байгаа тул урсгал тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.долларт хүрэх болов уу. Үүнээс үүдэлтэйгээр төлбөрийн тэнцлийн алдагдал 800 сая ам.долларт хүрнэ гэж харж байна.
Тавдугаарт, гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар боловч энэ нь Хятадын Ардын банкны своп зээлээс бүрдэж байгаа шүү дээ. Түүнээс 600 сая ам.доллар л үлдэж байгаа байх.  Төвбанкны валютын цэвэр нөөц нэг хэсэгтээ хасахтай явж байсныг мэргэжлийн захын оролцогчид мэдэж байсан.
Зургадугаарт, олон нийтийн гадаад өр ДНБ-ний 75 хувьд хүрч байгаа.
Долдугаарт, төсвийн алдагдал 21 хувьд хүрэхгүй байх гэж итгэж байгаа. Гэхдээ л өндөр хувьтай гарна.
Наймдугаарт, Төвбанк мөнгө их хэмжээгээр хэвлэхгүй байх.
Есдүгээрт, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа боловч хэврэг байна. Энэ бүх хүчин зүй­лүүд таагүй байгаа учраас ханшийн сулралт үргэл­­жилнэ гэж харж байна.
Магадгүй ханш миний төсөөлснөөс дээш гарах болбол Монголбанк бодлогын хүү нэмэх, захад нэмж валют нийлүүлэх, хятадтай свопоо нэмэх гэх мэт арга хэмжээ авах болов уу.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт 700 сая ам.долларт хүрнэ гэсэн таамгыг Дэлхийн банк хийсэн энэ талаар та юу хэлэв вэ?
-Тийм таамаг байсан. Гэхдээ гуравдугаар улирал эхлэх гэж байхад одоог хүртэл барилгын ажил эхлээгүй байна. Тиймээс Дэлхийн банкны таамаг хэт өөдрөг төсөөлөл байсан гэж бодож байгаа.
-Ханш суларч байгаа энэ үед хүмүүс яах ёстой вэ?
-Хатуухан хэлэхэд, доллар хадгал. Хэрэв 2008 оноос хойш ард иргэд ам.доллар хадгалсан бол хүүгээс гадна ханшийн зөрүүн дээр 75 хувийн ашиг хийх байлаа. Миний судалгаа зөвхөн энэ оны сүүлч хүртэлх хугацааг хамарч байгааг анхаарах хэрэгтэй. Мөн бизнес эрхлэгчид эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж валют ол гэсэн үг. Яагаад гэвэл, импортын барааны үнэ цаашид улам л өснө.
Тэгэхээр импортыг орлох хэрэгтэй. Иргэдэд импорт илүү үнэтэй болох тул импортоос татгалз гэсэн үг. Яваандаа инфляц өсч магадгүй. Тансаг хэрэглээгээ тана, илүү зардлаа хумь гэдэг зөвлөгөө өгмөөр байна. Харин том эдийн засгийн зургаар нь харвал ханшийн өсөлт бас тийм ч муу зүйл биш.
Манай улсын эдийн засгийн дийлэнх хувийг уул уурхай эзэлдэг. Тиймээс энэ салбарт валютын ханшийн өсөлт эерэг үр дүн авч ирнэ. “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”, “Эрдэнэс тавантолгой”-д илүү ашигтай. Тэдний гаргасан бүтээгдэхүүний төлбөр валютаар орж ирэх учраас илүү татвар төлнө. Монголд бизнэс хийхэд илүү хямд болох тул өрсөлдөөнтэй, хөрөнгө оруулагчдыг татна. Түүнчлэн аялал жуулчлал идэвхжинэ. Энэ нь гаднаас орж ирэх валют өснө гэж харж болно.
-Ханшийн хувьд өсөх хандлага байгааг судалгаанаас харж болно. Тэгвэл эдийн засаг хаашаа эргэх вэ?
-Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Гэхдээ төр засаг нь төсвөө батлахдаа орлого, зарлагаа зөв тооцоолоод сурчих хэрэгтэй. Одоогоор бид өрнөөс өрний хооронд л амь зогоож байна шүү дээ. Гэвч энэ байдлаа бид бүтээлчээр харах ёстой. Нэн түрүүнд орлогоо өсгөж болох боломжийг эрэлхийлэх нь зүйтэй.
-Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд “стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв үү?
-Хамгийн сүүлд 230 сая ам.доллар зээлсэн энэ үед эдийн засаг жижигхэн байсан. Одоо манайх өөрөө 12 тэрбум ам.долларын эдийн засагтай болсон. Гэтэл эдийн засаг, өр хоёр 2.5 хувиар өслөө. Бүх зүйлийг төлөвлөсөн маягаар төлөх юм бол 25 их наяд төгрөг хэрэгтэй. Ойрын жилүүдэд нэг тэрбум ам.доллар зээлэх байх.
Хамгийн хүнд үеийг давах тэр хугацаанд Монгол улс бусад эх үүсвэрүүдийг бий болгох ёстой.  Олон улсын валютын сан манайхыг дэмжиж байгаа нь эдийн засгийн боломжтай гэж харж байгаа хэрэг. Эдийн засгийг тогтворжуулах маш нарийн төлөвлөгөө хэрэгтэй.
Тэгэхээр олон улсын байгууллага бараадна гэдэг буруу зүйл биш. Хамгийн гол нь төр, засаг нь чадамжаа сайжруулах зайлшгүй шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлж чадвал эдийн засаг болон ДНБ өснө.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …