Монголын өнөөгийн байдлын тухай Английн “Би-Би-Си” телевизийн сурвалжлагч Лейша Чи ийн бичжээ.
ЧИНГИС ХААН БАЙСАН Ч ИЙМ ТУЛААНД ЯЛАХ ХЭЦҮҮ
Монголын Засгийн газар эдийн засгийн хямралтай тэмцэхийг оролдож буй энэ үед тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт урьд өмнө үзэгдээгүй удаан хугацаанд тасралтгүй үнэгүйдэж байна.
Гэтэл уул уурхайн салбарынхаа тэсрэлтийн ачаар 2011 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн даруй 17.5 хувиар өсч дэлхийн хамгийн хурдан өсөлттэй эдийн засгаар тодорч байсан билээ.
“Блүүмберг” агентлагийн мэдээлснээр төгрөг энэ сарын дотор 7.8 хувиар үнэгүйджээ. Хятад, Оростой хиллэдэг Төв Азийн тус улс өөдрөг ирээдүйг амласан өндөрлөгөөс ийнхүү хурдтайгаар гулган унав.
Уг нь далайд гарцгүй энэ улс алт, зэс, нүүрс зэрэг хөндөгдөөгүй үнэт эрдэсээр баян билээ. Гэвч дэлхий даяар уул уурхайн түүхий эдийн үнэ унаж, Монголын түүхий эдийн экспортын 90 хувийг дангаараа худалдан авдаг Хятадын эрэлт хэрэгцээ ч буурчээ.
Иймээс ч Монголын Засгийн газар улс орноо эдийн засгийн гүн хямралд орсныг хүлээн зөвшөөрсөн юм. Тус улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхдээ, нийгмий хангамж, батлан хамгаалах салбарынхны цалинг төлж чадахгүйд хүрснийг мэдэгдсэн байна.
ӨР ТӨЛБӨРИЙН ХЯМРАЛ
Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын тухай хууль болон уул уурхайн хэд хэдэн хэлэлцээрт туйлбаргүй хандсанаар байдлыг улам хүндрүүлж, маш олон гадаадын компаниудыг тус улсаас дайжихад хүргэжээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээс үзвэл, Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011-2015 онуудад даруй 85 хувиар агшсан аж.
Эдийн засгийн асуудлыг шийдэж чадаагүйн улмаас ард түмний итгэлийг алдсан Ардчилсан нам төрийн эрхийг удаан барьсны дараа өнгөрсөн сонгуулиар популист МАН-д ялагдахад хүрчээ.
Хэдий тийм ч шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг амаргүй зам хүлээж байх шиг.
Бэлэн мөнгөний гачигдлын улмаас Монгол Улс маш их зээл авсан бөгөөд өдгөө 23 тэрбум ам.долларын өрийн хүүнд үлэг гүрвэлийн дайны их мөнгө төлөх шаардлагатай болж байна.
Энэ бүхнээс үүдэн Монгол Улс өрийн чадваргүй болон дефолт зарлах, эс бөгөөс санхүүгийн яаралтай тусламж авахаас өөр аргагүйд хүрсэн гэх яриа тархах болжээ. Дээр нь Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирсэн нь ч нэгийг хэлнэ.
Б.Барс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин