Намаа дагаж аварга, найраа дагаж начин

7bfaf43fd48529febigМонгол наадам молиго наадам боллоо. Бөх нь бүтэн найраа. Улсын баяр наадмаар бид урьдчилан бэлтгэсэн бөхчүүдийн жүжиг, уяач нэрээр халхлагдсан бийлэгжүү нэгнийх нь зугаацал хоёрыг үздэг болчихож. Бөхчүүд хамгийн баян хүмүүс байх. Энд тэндэхийн наадам хэсч, найраа хор найруулсаар намрыг барна. Тэгээд зунжингаа цуглуулсан мөнгөө халааслаад ичээндээ орсон юм мэт өвөлжингөө гэртээ бүгчихнэ. Намаа дагаж аварга болох, найраа  дагаж начин төрүүлэх, аль аль нь тэдэнд ашигтай наймаа. Эхлээд наадмаа дагасаар хөрөнгөжиж байгаад илүү хөлжихийг хүсэхээрээ намдаа элсэнэ. Гэхдээ бөх хүн цолонд хүрнэ гэдэг амаргүй. Бүгд хүч хөдөлмөр зарцуулан, хөлсөө урсгаж, бяр чадал, бор зүрхээрээ цолонд хүрсэн. Гагцхүү үүнийгээ буруугаар ашиглаж буй нь харамсалтай.Энэ жилийн наадмын өмнөхөн нэг хууль батлагдаад хэрэгжихийг шахаад буцав. Үндэсний их баяр наадмын тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар зарим нэг нэр бүхий бөхчүүд цол нэмэх  дөхсөн. Нэг үгээр хэлбэл баяр наадмын хуулийг бараг тэдэнд зориулж өөрчилсөн гэж хэлж болно. Дээрээ эзэнтэй, дэргэдээ харьяалалтай гэдгийг Ерөнхийлөгч харуулж, энэ хуульд бүхлээр нь хориг тавьсанаар энэ асуудал намжив. Уг нь бөхийн цолыг нөхөн олгож байсан түүх бий. Монголын үндэсний бөхийн түүхэнд цолыг нөхөн олгосон болон олгох шаардлагатай бөхчүүд хэн хэн байдгийг  эргэн тодруулахыг хичээлээ. Галсанхүүгийн Вандан аварга  Ардын хувьсгалын анхны ой, цэргийн наадамд 1922 онд 10 даван түрүүлснийг үнэлж, Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлын шийдвэрээр 1993 онд “аварга” цол, Ганжууржавын Самдан аварга 1925 оны улсын баяр наадамд 10 даван түрүүлснийг үнэлж, Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлын шийдвэрээр “аварга” цол, Одвоогийн Балжинням аварга Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадамд 9 даван түрүүлсэнд тухайн үедээ “арслан” цол олгосон боловч, Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн шийдвэрээр 1995 онд “аварга”цол, Далай аварга Агваансамдангийн Сүхбат ардын хувьсгалын 80 жилийн ойд 10 даван түрүүлэхэд нь “арслан” цол олгосон боловч, 2007 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2001 онд 10 давсныг нь үнэлж “далай аварга” цол, Долгорсүрэнгийн Сумъяабазар аварга 2006 оны улсын баяр наадамд 10 даваад түрүүлэхэд нь эхлээд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “арслан” цол олгосон боловч, наадамчдын хүсэлтээр дахин “аварга” цол ,Шаравын Батсуурь дархан аварга 1947,1948 онуудын улсын баяр наадамд 9 давж түрүүлж, 1949 оны наадамд 8 давж үзүүрлснийг тухайн үеийн баяр наадмын комисс үнэлж “дархан аварга” цол, улсын арслан Дуламжавын Мөнх-эрдэнэ 1992,1993,1995 онуудын улсын баяр наадамд 8 давж үзүүрслэснийг Монголын үндэсний холбооны Цэцдийн зөвлөлийн шийдвэрээр “арслан” цол тус тус нөхөн олгосон байна. Мөн ардын хувьсгалын ойн жилүүдэд бөхчүүдэд тухайн баяр наадмын комисс хөнгөрүүлэн цол олгож байжээ. Тухайлбал, 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор 8 давсан Самданжигмэд, Самбуу нарт арслан цол, 1961 онд  ардын хувьсгалын 40 жилийн ойгоор 7 давсан Бээжин, Жамъяндорж нарт арслан цол, 1966 онд ардын хувьсгалын 45 жилийн ойгоор 7 давсан Х.Баянмөнхөд арслан цол, 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор 7 давсан Дагвасүрэн, Хайдав нарт арслан цол,  1981 онд ардын хувьсгалын 60 жилийн ойгоор 7 давсан М.Мөнгөнд арслан цол тус тус олгожээ. Ардын засгийн үед долоон дархан аваргын “дархан аварга” цол олгож байсан тухайн үеийн амжилтыг үзэхэд дархан аварга Б.Түвдэндорж 4 түрүүгээр, дархан аварга  Ш.Батсуурь 2 түрүүгээр, дархан аварга Д.Дамдин 4 түрүүгээр, дархан аварга Ж.Мөнхбат 4 түрүүгээр, дархан аварга Х.Баянмөнх 2 түрүүгээр, дархан аварга Д.Цэрэнтогтох 2 түрүүгээр, дархан аварга Б.Бат-эрдэнэ 4  түрүүгээр “дархан аварга” цол хүртсэн аж. Харин тухайн цолоо авч чадаагүй байгаа бөхчүүд гэвэл Санжмятавын Шагж арслан ардын хувьсгалын 1928, 1929 оны баяр наадамд тус бүр 9 давж 2 үзүүрлэж, 1930 оны баяр наадамд 10 давж түрүүлсэн боловч “аварга” цолыг нь олгоогүй, Маамын Лхагваа арслан ардын хувьсгалын 1931 оны баяр наадамд 9 давж үзүүрлэж, 1933 оны баяр наадамд түрүүлсэн боловч “аварга” цолыг нь олгоогүй,1939 онд дахин үзүүрлэсэн болно, Лувсанмөрийн Чимэд арслан ардын хувьсгалын 1934 оны баяр наадамд 9 давж үзүүрлэхэд нь “заан” цол олгоод, 1935 оны баяр наадамд 10 даван түрүүлэхэд “арслан” цол олгоод, 1936 оны баяр наадамд дахин 9 даван үзүүрлэхэд ойн жил гээд бусад нь хөнгөрүүлсэн байдлаар цол олгосон боловч,М.Чимэдэд цол олгоогүй бөгөөд, Бөхийн холбооны шийдвэрээр нөхөн “аварга” цол олгосон Г.Вандан, Г.Самдан нарын амжилтаас М.Чимэдийн амжилт илүү байгаа билээ, далай аварга Гэлэгжамцын Өсөхбаяр ардын хувьсгалын 2002,2003,2005,2009 онуудын баяр наадмуудад тус бүр 9 давж түрүүлсэн, 2001 оны баяр наадамд “заан” цолтой барилдаад 8 давсанд цол олгоогүй хэрнээ энэ наадамд 10 давж түрүүлсэн А.Сүхбатад далай аварга цол нөхөн олгосон,өмнөх 7 дархан аваргууд улсын наадамд 2-4 түрүүлэхэд нь “дархан аварга” цол олгосон атлаа Г.Өсөхбаярт олгоогүй, Пунцагийн Сүхбат заан ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд 8 давж үзүүрлэсэн боловч энэ наадмаар 9 давж түрүүлсэн Д.Балжиннямд ойн жил гээд “аварга” цол нөхөн олгосон боловч П.Сүхбатад “арслан” цол олгоогүй,Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд заан цолтой барилдаад 8 давахад цол олгоогүй, энэ наадамд 10 давж түрүүлсэн А.Сүхбат аваргад далай аварга цол нөхөн олгохдоо Ц.Цэрэнпунцагт “арслан” цол олгоогүй, Баянмөнхийн Гантогтох гарьд ардын хувьсгалын 2000,2002,2004 оны баяр наадам тус бүр 8 давж үзүүрлэхэд цол олгоогүй, Д.Мөнх-эрдэнэд 3 үзүүрлэсэн хэмээн “арслан” цол нөхөн олгосон мөртөө үүний дараа гурав үзүүрлэсэн Х.Гантогтоход “арслан” цол олгоогүй байна. Нам дагасан бөхөд УИХ-аас цол олгох шийдвэр гаргасан мөртөө бяр хүчээрээ цолонд хүрсэн бөхчүүдийг ялгаварлан хатуурхаж байгаа нь мөнөөх л улс төртэй, улс төрчидтэй холбоотой санагддаг. Дээрхи баримтуудаас дүгнэхэд ёстой л нөгөө хуваарлилт нь шог байна гэж хэлэхээс яахав. Зарим нь үнэхээр гомдолтойгоор цолоо ахиулж чадаагүй байх жишээтэй. Монголын үндэсний бөхийн цэцдийн холбоо бөхөд цол олгох асуудлаа эргээд нэг харах хэрэгтэй л болов уу. Нам дагасан, найраанд намирсан бөхчүүдээс болж унаж байгаа нэр хүндээ сэргээх талаар Монголын бөхийн холбоо эрх биш бодлого гаргах цаг болсонсон. Дээхний нэг жишээ санаанаас гардаггүй юм. Бөхчүүдийн нэгэн томоохон хурал дээр тухайн үед УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Ж.Бямбадорж сууж таарч.  Х.Баянмөнх аварга ’’чи энд юу хийж яваа юм бэ,  эндээс гар. Бөх мэддэггүй хүмүүс энд байх хэрэггүй. Бөхчүүд бөхчүүдийнхээ асуудал ярьж байхад чи энд юу хийж далдаганаж яваа юм бэ’’ гээд танхимаас хөөн гаргасан нь нэг хэсэгтээ л том онигоо болж байсныг санаж байна. Түүн шиг бөхчүүд минь, улс төргүйгээр эрийн гурван наадмаа найраа булхайгаас хол байлгаж, нэр төрөө сэргээх талаар санаа тавих хүмүүс та нар л байгааг сануулах юун.

 Эх сурвалж: Аравт.мн                                           Нийтлэлч: Б. Энхчимэг

                                                                                                                             

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …