-Хүүхдүүдээ цэцэрлэгт өгч чадаагүй эцэг эхчүүдээс Төрд илгээх санал-
Гуравхан сая хүн амтай Монгол Улс 2-5 насны цэцэрлэгийн хэдхэн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж чадахгүй эцэг эхчүүдийг гомдоож байна. Төрд гарсан хүмүүс нь хүн амаа өсгөе хэмээн цээжний бангаар хашгирах ч үнэндээ санал өгдөг хүмүүсээс өөрийг бодох сэтгэлгүй. Төр засаг уг нь шинээр гэрлэгсдэд 500 мянга, шинэ хүнд 100 мянга, 18 нас хүртэл нь сар бүр 20 мянга, жирэмсний таван сараас 2 хүртэлх насны хүүхдүүдтэй эхчүүдийн 20 мянга, алдарт эхчүүдийн одонгийн мөнгө гээд хүн амаа өсгөх зөв зүйтэй алхам хийсэн ч саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчийн үлгэрээр цэцэрлэгийн тоо, багтаамжаа бодолцож үзээгүй.
Магадгүй санал өгдөг хүмүүст хэтэрхий анхаарснаас өдгөө цэцэрлэгийн хүрэлцээ энэ хэмжээнд хүртлээ унасан байх. Энэ асуудал өнөөдөр гэнэт гараад ирсэн юм биш. Нэлээд хэдэн жилийн өмнөөс л цэцэрлэгүүд хүүхдүүдээ багтааж чадахгүй болсон. Өдгөө Монгол Улсын 2-5 насны цэцэрлэгийн хүүхдүүдийн гуравны нэг нь л улсын цэцэрлэгт элсч, эцэг эхдээ азтайгаараа дуудуулж үнсүүлж, баярлаж явна. Тэгвэл азгүйтсэн дийлэнх хүүхдүүд хаачих вэ. Ирэх зургадугаар сар хүртэл азгүйгээрээ дуудуулж, гэртээ эсвэл айлд өдрийг өнгөрөөх үү. Ард иргэдийн амьдрал тааруу. Боломж бололцоо хомс. Банкны зээл, байрны лизинг, автомашины төлбөр гээд арай ядан болгож байхад Монгол Улсын дундаж цалинтай эн тэнцэхүйц төлбөртэй хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх үү. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд улсын цэцэрлэгүүдэд бүртгүүлсэн хүүхдүүдийг эцсийн байдлаар элсүүлэх сугалаа болж өнгөрлөө.
Учир нь, 30-40 хүүхдийн багтаамжтай нэг ангид 100-аас дээш хүүхэд бүртгүүлсэн болохоор ингэж сугалаагаар шийдэх нь шударга үнэнд нийцэх гэнэ. Алив нөгөө хүүхэд сурч боловсрох эрхтэй, нийгмийн гарал, нас, хүйс, төрсөн газар, хөрөнгө чинээ, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш байлгана гэсэн. Хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, алагчлаад зогсохгүй сугалаанаас өөр чадамжгүй болсон Төрд эцэг эхчүүдийн зүгээс нэгэн саналыг хүргүүлж байна. Хүүхдүүдээ цэцэрлэгт өгч чадаагүй, сугалаанд бүдэрсэн эцэг эхчүүд өнөөдөр ихэд гоморхсон, сэтгэл нэг л тиймхэн байдалтай яваагаа нуусангүй. Тэдний зүгээс “Сугалаанаас өөр чадамжгүй, юм бүхнийг сугалаагаар шийддэг болсон Төр засаг адилхан бүх юмыг сугалаагаар шийдэж, азтай, азгүй хэмээн ялгадаг болбол яасан юм. Бидний хүүхдүүдийг азтай, азгүйгээр нь ялгаж байгаа юм бол бид ч бас азтай, азгүйгээрээ татвараа төлдөг больё.
Угаасаа сургууль, цэцэрлэгүүд бидний татвараар л санхүүждэг биз дээ. Тэгтэл биднээс татвар авчихаад бидний хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй юм бол бид ч бас татвараа төлөхөө больё. Гэхдээ энд сугалаа явуулья. Азгүйнүүд нь татвараа төлье. Азтайнууд нь татвараа төлөхгүй байя. Тэр мөнгөөрөө хүүхдүүдээ хувийн цэцэрлэгт өгье” хэмээсэн юм. Нээрээ ч чадамжгүй, чадваргүй төртэй ингэж ажиллах нь шударга мэт. Цэцэрлэгт орж чадсангүй, найзуудтайгаа тоглож чадахгүй нь хэмээн хүүхдүүд уйлж, эцэг эхчүүд гомдох нэг цаг байхад дараа дараагийн сугалаан дээр аз таарч мөнгө хожих эсвэл татвараа төлөхгүй боломж таарвал энэ нь шударга биз дээ. Мэдээж энэ янзаараа байдал удаан үргэлжлэвэл 76-гаа хүртэл сугалаагаар сугалдаг болж, нэр дэвшсэн хүмүүсийн гуравны хоёрыг нь уйлуулан ордны гадна үлдээж, гуравны нэг нь өөрсдийгөө азтайд тооцож их хуралдаа сууцгааж байя.
Мөн “76 гишүүдийн хангамжийн асуудлыг сугалаар шийдэе. 76 гишүүнээр сугалаа сугалуулж, тэдний 1/2 буюу 38 гишүүний тусгай хангамжийг төрөөс бүрэн олгож үлдсэн 38 гишүүний хангамжийн асуудлыг төр таная. Азтай 38 гишүүн нь утас унааны хангамжаа төрөөс бүрэн эдлэг, азгүй 38 гишүүн нь хангамжаа хасуулья. Ярих хэлэх бүрдээ ард түмэнтэйгээ хамт гэдэг эрхэм гишүүдийн эрх ямбыг иргэдийн хүүхдүүд цэцэрлэгт орохдоо шийдвэрлүүлж байгаагийн нэгэн адил ингэж шийдэе” гэсэн саналыг ч иргэдээс гаргасан байна.
Төгс