Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж сумдад 44 пост шинээр байгуулж, 10 ажлын хэсэг өвчин дэлгэрсэн сумууд руу гарлаа. Сумдын Засаг дарга нар онцгой байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоон ажиллах, бусад халдваргүй сумд анхааралтай байж малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, зайлшгүй тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх, тухайн өвчний талаар ухуулга сурталчилгаа болон эмнэлзүйн арга хэмжээг цаг тухай бүр шуурхай авч ажиллахыг анхааруулав. Мялзан өвчин гарсан сумын халдварын тархалтыг хязгаарлах, хорио цээрийн дэглэмийг сахиулах, хүн, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглолоо. Мал сүргийг дархлаажуулах ажлыг вакцин ирснээс хойш 10 хоногийн дотор зохион байгуулж дуусгах, урьдчилсан бэлтгэлийг хангах, орон нутгийн иргэд, мэргэжлийн гамшгаас хамгаалах албадын үйл ажиллагааг уялдуулах, мялзан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтыг технологи, зааврын дагуу гүйцэтгэж, гүйцэтгэлд нь хяналт тавих, дахин өвчлөл гаргахаас сэргийлж, гоц халдварт өвчнөөр хорогдсон болон үхсэн мал, амьтны сэг, зэмийг булшлах, халдваргүйжүүлэх, ус бэлчээр нэгтэй эрүүл мал сүргийг тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад, энэ үйл ажиллагаанд мэргэжлийн заавар зөвлөмжөөр дэмжлэг үзүүлэхийг Мэргэжлийн хяналтын газрын даргад, байгууллага хоорондын ажлыг уялдуулах, зохицуулалтаар хангахыг Онцгой байдлын газрын даргад, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, тогтвортой байдал хангах, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Цагдаагийн газрын дарга нарт тус тус даалгав. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, өвчний голомтод байгаа газруудад согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглосон шийдвэр гаргав.
khovd.gov.mn |