Чуйн хөндий дагасан дардан замаар нутгийн зүг буцаж явнам. Намрын сар нэгэнтээ талдаа орж, сэрүү унах дөхсөн хэдий ч бин битүү ой хөвч нь нов ногооноороо сүглийлдэх “Уулын Алтай” нутаг яагаад ч юм нэг л танил дотно хийгээд сэтгэлд ойрхон санагдана. Юунд ч юм хоргодох, эсвэл ямархан нэгнийг учиргүй санагалзах лугаа хөнгөн гэгэлзүүр аяс сэтгэлд минь мэдэгдэх төдий эгшиглэж, цэнхэр суунаг татуулна.
Халаасанд минь буй ил захидлын алга дарам цаасан дээрх шавилхан Орос (Алтайц ч байж мэдэх) охины дурсгалын үгс бодолд минь улам л тодроно.
“Желаю процветание и успехов! А также вечной дружбы между Россией и Монголией ! С в Республика Алтай” хэмээн оросоор, “Кару наjылар ! Бу байралла слерди ужкын турум ! Келер ойго jетире бек Кол- Колыстан тудужын накjуректер” хэмээн “Алтайц” –аар (уулын алтай нутгийн уугуулуудын хэл) бичсэн энэ хэдэн үг ер энгийн нэг зүйл мэт бодогдож болох ч надад сэвтээж боломгүй нандин, зүйрлэмгүй дотно энхрий сэтгэгдэл төрүүлнэ.
Жаал охин ил захидлын ар талд бичсэн энэ дурсгалт үгсийнхээ утга санааг Монголоор илэрхийлэхээ ч мартсангүй нь улам өхөөрдөм. “Эрхэм хүндэт зочидоо Орос, Монголын хоорондын энэ баярын хөгжил цэцэглэлтийн мөнхийн нөхөрлөл дээр баяр хүргэе ! Хамгийн шилдэг нь Айру Чеканова 21.09.2016 год Манжерок, Манjурек” хэмээжээ. Ийнхүү Монголоор санаагаа илэрхийлэн бичих ажилд нь хэн тусалсан, эсвэл тэр хүүхэд өөрөө Монгол хэл сурч байгаа юу гэхээс гадна энэхүү нандин дурсгалыг ерөөсөө ингэж заавал гурван хэлээр бичиж дурсгах бодол өөрт нь байсан гэдэг хамгаас илүү утга учиртай хийгээд, хэн хүний санаагүйг санасан мэт нэг л олзуурхам.
Энэ бол 2016 оны 9 сарын 20-21-нд Уулын Алтайн Манжерок суурин жуулчны бааз болон Бийск, Горно-Алтай хотод болсон “Дружба найрамдал 2016 Манжерок” /фестивал/ их наадам хийгээд аль 1966 онд болсон зөвлөлт монголын залуучууд оюутны их наадмын 50 жилийн ойн арга хэмжээний үеэр надад дурсгасан нандин дурсгал юм.
Хоёр талын санаачлагчид хийгээд зохион байгуулагч нөхөд энэ үйл явдлын төлөө бараг л хоёр жилийн турш сэтгэл санаагаа талбиж, догдлож, санаа зовниж, зүтгэж хөөцөлдөсний эцэст төлөвлөгдсөн ажил товлосон цагтаа ийнхүү амжилттай явагдсан бөгөөд аль, аль талдаа л бодож санах, сургамж болгох, эргэж дурсах, цаашдын зам замналдаа тусгал болгох зүйлүүдийг тээж үлдэх шиг болсон.
Энэ мөчид юуны өмнө санаж болгоох зүйл гэвэл Алтайн Бүгд найрамдах улсын сэтгүүлчдийн холбооны дэд дарга, “Вестник Горно-Алтайск” сонины ерөнхий редактор Алексей Сергеевич Ивашкин хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааны эхлэлийг бодитой болгох, түүнчлэн Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойтой холбогдуулж, Монголын баруун хязгаар дахь ахмад дайчидтай уулзаж, сурвалжлах ажлаар 2014 онд Ховд, Баян-Өлгий аймагт зочлохдоо энэ тухай санааг бидэнд анх хэлсэн бол дараа жил нь бид эх орны дайны ялалтын 75 жилийн ойгоор АБНУ-ын Горно-Алтайск хотод уулзаж, хоёр талын тохиролцоонд хүрч байв.
Ийн санаа оноогоо нэгтгэхэд Монголын талаас Улаанбаатар дахь Үндэсний их сургуулийн профессор Наваанзоч Х.Цэдэв, мөн сургуулийн Монгол судлалын төвийн захирал доктор Мөнхбат бид гурав байж билээ. Төд удалгүй дараа намар нь буюу есөн сарын хорь дээр бид Улаанбаатар хотод Үндэсний их сургууль, Батлан хамгаалах яамны Цэргийн түүхийн хүрээлэн, МСЭ болон ОХУ-ын АБНУ-ын холбогдох байгууллагууд хамтарч зохион байгуулсан чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр уулзаж, албан ёсны санамж бичгийг үзэглэв.
Хожим нь /2015 онд/ энэ ажилд маань Бийск дэх ОХУ-ын Боловсролын акедеми нэгдэж, төлөвлөгөө хөтөлбөрийг улам өргөжүүлж, томруулсан хэдий ч, дараа нь хоёр улсын эдийн засаг нийгмийн байдал, тулгарч буй бэрхшээл зэргээс болж хөтөлбөрийн цар хүрээ дахин хумигдсанаар барахгүй уг ажлыг санаачилалцаж, өдийг хүртэл зүтгэж ирсэн зарим нөхөд тухайлбал Улаанбаатар хотын Үндэсний их сургуулийн зөвлөх профессор Наваанзоч Х.Цэдэв болон уг сургуулийн бүрэлдэхүүн, Монгол талаас хамтран ажиллах ёстой зарим байгууллагууд бүрэлдэхүүнээрээ оролцож чадахгүйд хүрсэн нь харамсалтай санагдана.
Манжерокийн фестивалийн 50 жилийн ой болон Орос Монголын залуучууд оюутны наадам товлосон өдрөө болохоор болж Монгол улсын Ховд аймгаас Ховд их сургуулийн бүрэлдэхүүн, сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөл (зохион байгуулагч байгууллага), аймгийн ХДТ-ын зарим уран бүтээлчид, Засаг захиргааны төлөөлөл гэсэн баг Бийск хот болон Манжерокийг зорьсон юм.
Гэсэн ч эл үйл явдлын утга учрыг өргөж, хоёр орны ард түмний сэтгэл зүрхэн дэх цогшсон нурмыг үлээн хөгжөөх гэсэн зарим эрхэм санаа маань орон нутгийн төр захиргааны нөхдийн/албан тушаалтнууд/гоомой, дэгс хандлагаас болж сэвтэж бүдгэрэх асуудал ч үүссэн болохыг энд нуухын хэрэггүй биз.
Учир юу гэвэл Ховд аймагт 1966 оны Манжерокийн их наадамд оролцож байсан хоёр ч ахмад настан (70 гаран насны)байгаа агаад ялангуяа Оросын талаас тэдгээр хүмүүсийг уг үйл явдалд заавал оролцуулахыг чухалчилан хүсэж байв. Бас анхнаасаа энэ ажлыг голлон хөөцөлдөж зүтгэж ирсэн хоёр талын сэтгүүлчдийн байгууллагаас (АБНУ-ын сэтгүүлчдийн холбоо, Вестник Горно-Алтайска сонин, Монгол дахь орон нутгийн “Шинэ эвлэл” сэтгүүлчдийн холбоо, “Ховдын толь” сонины редакцууд) энэ тухай мэдээллийг өргөн түгээх үүднээс “Манжерокын наадам”-д сэтгүүлчдийг оролцуулахыг хэзээнээс чухалчилж, Ховдын сэтгүүлчид зөвлөлдөн, гурван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцуулахаар шийдээд байтал эрх мэдэл бүхий нөхөд дундуур нь давшин, өөрсдийгөө оролцогчоор томилоод, дээр үгүүлсэн хүмүүсийг авч явах боломжгүй хэмээн зарлигдсаны улмаас тэд оролцож чадаагүй нь харамсалтай зүйл болсон юм. Түүнээс цаашхийг ч энд дурьдаж болох боловч эрхэм нөхдийг гэмшин ухаарах болуужин гэж найдаад энэ удаад түр тэвчиж, таагүй мэдээллээр уншигчдыг гундаасандаа хүлцэл өчье.
Эл бүхнийг орхин цааш үгүүлбэл Фестивалийн хүрээнд Бийск хотод 9 сарын 20-21-ны өдрүүдэд нээлтийн хүндэтгэлийн ёслол, “Хэл, соёл – соёл хоорондын харилцаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, В.М.Шукшины нэрэмжит Сурган хүмүүжүүлэх, хүмүүнлэгийн ухааны улсын их сургууль Бийск хот дахь, Горний Алтай хотын улсын их сургууль, Монголын “Ховд” их сургуулийн оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн, дугуй ширээний уулзалт, урлаг соёлын арга хэмжээнүүд өрнөсөн бол, түүхт Манжерок нуурын эрэг дээрх Манжерок жуулчны баазад өрнөх үйл ажиллагаа 9 сарын 21-ны өдөр тэндхийн цагаар өглөөний 10.00 цагт эхэлсэн юм.
Тэрээр Манжерок суурин болон жуулчны баазаас 20 гаруй км-т байх Алтайн бүгд найрамдах улс болон Алтайн хязгаарын хилийн уулзвар, Катунь мөрний эрэг дээрх дурсгалын цогцолбор бүхий газарт Горно-Алтай, Бийск, Барнаул хотууд хийгээд Майма, Чемаль, Онгудай зэрэг мужуудаас оролцогчид автобусаар хүрэлцэн ирцгээж, нээлтийн ёслолыг үйлдэв. Энэхүү ёслолын үеэр Майманскийн район хийгээд Горний Алтай хотын охид, залуус хүрэлцэн очсон зочиддоо мөнгөн аягатай сүү барин угтсан нь сэтгэлд дотно санагдаж байлаа.
Улмаар тэндээсээ Манжерок сууринд очиж нээлтийн уулзалт хийсэн ба энэ арга хэмжээн дээр суурингийн удирдлага, фестивалыг зохион байгуулагч байгууллагууд болох АБНУ-ын сэтгүүлчдийн холбоо, Горно-Алтай хотын улсын их сургууль, Бийск хотын Боловсролын акедеми, “Манжерок” жуулчны баазын удирдлагууд болох Борис Кондулевич Алушкин, Балерий Геннадиевич Бабин, Сергей Владимирович Зяблицкий, тэрчлэн 1966 оны фестивалын оролцогч болох ахмад настан Анатолий Политов нарын хүмүүс, мөн Монголын төлөөлөгчид үг хэлж, Оросын нэрт дуучин “Манжерок” дууг хэд хэдэн хувилбараар дуулан, Орос Монголын залуус урлагийн номеруудаа үзүүлж мэндчилгээ өргөв.
Дараа нь Манжерок тур баазад спортын тэмцээн наадам үргэлжилж, Алтайн бүгд найрамдах улс хийгээд Алтайн хязгаараас ирсэн залуусын төлөөллүүд гар бөмбөг, олс таталт, хөгжөөнт буухиа уралдааны /весёлая эстафета/ төрлүүдээр өрсөлдөж, тэмцээний дүн гарахад нийт дүнгээрээ Горний Алтайн улсын их сургуулийн “ГАГУ” баг тэргүүн байр, Майманскийн районы “Манжерок” баг дэд байр, Бийскийн улсын их сургуулийн “АГГПУ” баг гутгаар байр, мөн Горний Алтайн улсын их сургуулийн “Чебуреки” баг дөтгөөр байр эзэлжээ. Харин Монголын төлөөлөгчид маань спртын баг гарган оролцож чадсангүй. Үүний учир нь манай талаас анхнаасаа тамирчид оролцуулах тухай зохион байгуулалт хийгдээгүй, зөвхөн урлаг соёлын чиглэлийн хүмүүсээс бүрдсэн бүрэлдэхүүн очсон, хоёрт гэвэл “Ховд” их сургуулийн багш оюутнууд маань Бийск хотод мөн энэ фестивалын хүрээн дэх уулзалт, судалгааны ажлуудад оролцон, завгүй байснаас шалтгаалсан хэрэг.
Битүү ногоон ойгоор бүрхэгдсэн уулын хөндий дэх нүдэн цэнхэр нуурын хөвөөн дэх Манжерок жуулчны баазад залуус ийнхүү хөгжилдөж, хүндэт зочид ахмад настнууд аль тэртээ 50 жилийн өмнөх их наадмын тухай халуун дурсамжинд умбан, дуу хуур эшиглэж, өөр хорондоо танилцаж, мэдэлцэж нэгэн өдрийг өнгөрөөх сонирхолтой хийгээд утга учиртай зүйл байсан юм.
Фестивалын төгсгөлд Орос, Монголын уран бүтээлийн байгууллага, хамтлаг, урлагийн мастеруудын хамтарсан томоохон концерт тоглогдсон нь оролцогчдын сэтгэлийг чухам өргөж чадсан хийгээд, концертийн дараа салют буудуулж, тэнгэрт тэсрэн цацрах салютын гэрэлд хүмүүсийн сэтгэлийн давалгаа Манжерок нуурын торгон мандал дээгүүр дэгдэн одоод, алтайн уулсын хурц, эрэмгий оргилуудыг дамжин өртөөлөх шиг санагдсан билээ.
Орос нөхөд, уулын алтай нутгийнхан маань Монголын урлагийн төлөөлөгчид болох Ховд аймгийн маань ХДТ-ын дуучид, бүжигчид, хөгжимчид ардын язгуур урлагийн мастеруудын тоглолтыг үнэнхүү халуун сэтгэлээсээ дэмжин өргөж, хөөрөн баярлаж байсныг дурьдахгүй байхын аргагүй. Манай уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд ХДТ-ын дарга, МУСТА дуучин М.Баатар, уран сайхны удирдаач МУГЖ Д.Болормаа, уртын дуучин Бадамсамбуу, дуучин Должинсүрэн, Хөөмийч Ганзориг, туульч Ууганбаяр, морин хуурч Галбадрах, бүжигчин Сандуй, Түвшинтөр, Батхүү, Болормаа нар байсан юм.
Энэ үеэр миний бие жил гаруйгийн өмнө уулын Алтайд зочлох үеэрээ тэрлэсэн “Сэтгэлийг дуудагч Алтай” шүлгээ орчуулагч, зохиолч, доктор, профессор, Наваанзоч. Х.Цэдэв багшийн орчуулгаар (орос хэлээр) уншсан агаад тэнд байгсад халуунаар дээш өргөн дэмжиж, гайхам сайхнаар урам өгсөнд сэтгэл хайлан, дотносож билээ.
Уулын Алтайд болсон “Дружба –Найрамдал 2016” олон улсын их наадмын тухай мэдээлэл тэр өдрүүддээ л Оросын телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим мэдээллийн хэрэгслүүдээр тархав. Тэдгээрээс гарт тааралдсаныг нь сөхөн үзвэл “…Улс төр, соёлын үнэлшгүй ач холбогдол бүхий энэ түүхэн /фестивал/ их наадам 1966 онд Манжерокд болсон тухай бүхий л дурсгал хадгалагдан үлджээ. Тэгэхэд энэ газарт БНМАУ-ын арван аймаг, ЗХУ-ын хорин хотоос 300 гаруй төлөөлөгчид уулзан, дэлхий нийтийн энх тайвны төлөө тэмцэл эв санааны нэгдэлд бүхнийг уриалан дуудаж байсан юм” хэмээн бичжээ. Энэ удаагийн фестивал ч бас энэ л эрхэм үйл хэргийн үнэн мөрийг сэргээн дэлхээх чин санааны угт зангилагдсан билээ.
Фестивалын үеэр Оросын талын зохион байгуулагч нөхөд маань уг үйл ажиллагааг цаашид тогтмолжуулан явуулах боломжтой, ер нь тийм санаа зорилготой байгаа гэдгийг дахин дахин давтан үгүүлж байв. Ийнхүү цааш үргэлжлэх аваас санаачлагч хоёр тал өөрсдийн улс оронд ээлжлэн зохион байгуулах нь зүй ёсны хэрэг болно. Хэрвээ дараагийн үйл ажиллагааг Монголын тал хариуцана гэвээс энэ үйл хэрэг манай төр захиргааныхан болоод эрх мэдэл бүхий нөхдийн бусдыг ойлгон дэмжих, алив зүйлийн учир холбогдлыг ухааран сэнхрэх чадвар чансаанаас ихээхэн шалтгаалах нь мэдээжийн хэрэг юм.
Хөвч ногоон ой тайгаар бүрхэгдсэн, хөглөгөр, сүрлэг уулсын хоорондох уудам хөндий, торгон долгио мэлмэрүүлэн инээмсэглэх Манжерок нуур, нуурын дээгүүр шуранхайлан түрэх дуу хуурын эгшиг, тэнгэрт тэсрэн “оргилох” салютын гэрэл дунд сэтгэл хөгжин дуулалдах хөвгүүд охидын инээмсэглэл, өмнөөс минь цэвэрхэн гараа сунгаж, дурсгалын нандин үгсээ бэлэглэсэн жаалхан охины төрх сэтгэлд ээлжилнэ.
Чуйн хөндий дагасан дардан замаар нутгийн зүг буцаж явнам.
“Уулын сууринд сэтгэл минь янагшин үлдээд
Уяран дуулах ялдамхан охины гарыг дэрлэнэ
Цэвэрхэн гараар нь бичигдсэн дурсгалын захидал
халаасанд байна
Цээжнээс минь ямархан нэг гэгэлгэн аялгуу л
салахгүй л байна
Найрамдлын дуу Манжерокын ойд цуурайлж
Намрын салхиар өртөөлөн уулсын оргилыг дамжив
Нарны хорвоо энэ дууг амьсгал даран чагнах шиг
Нандин мэдрэмж бодлын минь энгээр тархана…..” хэмээн цээжний далдаас эгшиглэнэ.
Халаасанд минь буй ил захидлын алга дарам цаасан дээрх шавилхан Орос (Алтайц ч байж мэдэх) охины дурсгалын үгс бодолд улам л тодроном.
2016 оны 9 сарын 24-25. Уулын Алтай – Ховд хот
Хиргис. Г.Төрмөнх