Би сонгуульд саналаа өгөхгүй!

Энэ бол миний хувьд ихээхэн чухал шийдвэр. Намайг 16 нас хүрч иргэний паспорт авсны дараахан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж билээ.
1996 онд анх удаа Монгол Улсын иргэний хувиар төрөө байгуулах сонгуульд оролцож саналаа өгөхдөө энэ үйл явдалд ихээхэн ач холбогдол өгч, гэртээ бяцхан яриа хэлэлцүүлэг өрнүүлж байснаа тод санаж байна.
Үүнээс хойш нэг ч сонгууль алгасалгүй, ихээхэн хариуцлагатайгаар байнга саналаа өгч ирсэн хүн юм, би. Энэ хугацаанд 6 удаа УИХ-ын, 5 удаа Ерөнхийлөгчийн, 6 удаа орон нутгийн сонгуульд, нийт 17 удаа оролцон саналаа өгчээ.
Төрөө байгуулах үйл хэрэгт ихээхэн ухамсартай, хариуцлагатайгаар оролцож байнга саналаа өгч байсан иргэний хувьд анх удаа саналаа өгөхгүй байх энэ шийдвэр 20 настай анх сонгуульд оролцож аль намд нь, хэнд саналаа өгөх вэ? гэдгээ шийдэх гэж ихээхэн хариуцлагатай бодож байсан тэр үеийнхээс дутуугүй чухал шийдвэр, чухал санал юм. Яагаад гэвэл энэ хугацаанд би өөрөө энэ улстөрийн үйл явцад идэвхтэй оролцогч байсан юм.
Сонгуульд, тэр тусмаа орон нутгийн сонгуульд ач холбогдол өгдөггүй, анзаардаг ч үгүй, оролцдоггүй маш олон хүмүүс бий. Ард иргэд жил ирэх бүр “ардчилалд суралцаж” идэвх сайжрах ёстой атал сонгуулийн ирц байнга буурсаар иржээ. 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлаад, түүний дагуу төрийн эрх барих дээд байгууллага-парламентаа байгуулахад иргэд 95,6 хувийн ирцтэй сонгуульдаа оролцож байжээ.
Түүнээс хойш ирц байнга буурч 1996 онд 88,4%, 2000 онд 82,4%, 2004 онд 81,8%, 2008 онд 76,5% байгаад 2012 онд 65,2% болж огцом буурчээ. Харин 2016 онд сонгогчийн ирц 72,1% хүрч өмнөх сонгуулийн ирцээс 7 хувиар буюу 140 орчим мянган сонгогчоор огцом өссөнийг би сонгогчийн идэвх огцом дээшилснийх гэж хардаггүй.
Харин МАН-ын “ялалтын нууц”-уудын нэг гэж зүй ёсоор хардаг. Дашрамд дурдахад, “Орон нутгаа авч чадвал дараагийн их хурлаа авч чадна” гэсэн ойлголт ялангуяа МАН, АН-ын хувьд теорем болсон юм.
МАН АН УИХ-аас дутуугүй энэ сонгуульд ач холбогдол өгч ана мана үздэгийн цаад утга нь сонгуулийн элдэв луйврыг орон нутгийн бүтцээрээ дамжин хэрэгжүүлдгийн ач холбогдлыг мэддэгт бий. Энэ бол намуудын зорилготой, амь өрссөн тэмцэл юм. Одоо дүүргээ байтугай дэлхий ертөнцийг шинэчлэхээр амлаад байгаа хүмүүс бол дүүрэг мүүргээ хөгжүүлэх гэсэндээ ч биш, 2020 оны сонгуулийн үеэр л дүүрэгтээ эрх мэдэлтэй, сүлжээтэй болох гэж өрсөлдөж байгаа МАН, АН-ын цусгүй ирүүл тулааны “хүү”-нүүд. Үүнд харин эргэлзээгүй бүрэн итгэж болно. Ер нь ч тэгээд улс нь өрөнд баригдаж дампуурахдаа тулчихаад байхад дүүргээ хөгжүүлнэ гэж юуг хэлээд байгааг би бас сайн ойлгодоггүй.
Дүүргүүдэд бие даан өөрийгөө хөгжүүлэх санхүүгийн нөөц, өөрийн татвар байхгүй. Улсын нэгдсэн төсөвт туссан “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас хуваарилсан мөнгийг л ИТХ цавчихыг нь цавчаад, хуваахыг нь хуваагаад дуусгадаг. Дээрээс хуваарилсан мөнгө хамгийн сүүлд энд “хуваагддаг”. Зарим талаар дээрээ гишүүнтэй бол доод шатанд тосч авах хүүдийн шуудай нь орон нутгийн засаглалын эрх болдог. Ялангуяа сайн муугаараа дуудуулж байж “гишүүний мөнгө” гэгчийг устгасны дараа энэ сүлжээ улам ач холбогдолтой болсон. Чухам энэ тогтолцооны “төгөлдөршлөөс” болж хотод ханлиг, ванлигууд, хөдөө орон нутагт овгийн ноёрхол бий болж, давхар засаглал тогтож байна. Тэд дураараа дургидгаас улс орны нэгдмэл удирдлага алдагдан хямарч байна.
Парламентад нэг нам нь засаглахад доод шатанд өөр нам засагладгаас санаатай ажил унагах, иргэдийн нэр барьж ажил гацаах, зориулалт зарцуулалтыг өөрчилж гуйвуулах, ашигтай, ванд, намд таалагдсаныг л хийж, бусад ажлыг оромдох, дайсагнах, хорлон сүйтгэх, нулимах санаархал газар авсан.
Улс орныг парламент, ерөнхийлөгч, вангууд зэрэгцэн удирдаж бутлан нурааж байна. Энэ бол холбооны улсын тогтолцоо нь өөрөө нэгдмэл улсыг задлан бутаргаж эхэлсний дохио юм.
2012 оны орон нутгийн сонгуулиар ирц хүрэлгүй, нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүрэг, Хэнтий, Дархан, Замын-Үүд гээд олон газар санал хураалт дахин явагдаж байсан.
Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд ирцийн асуудал хүчтэй яригдаж олон гишүүн, ерөөсөө ирцэнд хүчинтэй хувь заахаа больж, ирж саналаа өгсөн сонгогчийн тоогоор л сонгуулийн дүнг шийддэг байя гэсэн санал хүртэл гаргаж байсан юм. Олонхийн саналаар асуудал шийдэх ардчиллын үндсэн, суурь зарчим нь зөрчигдөх учраас миний хувьд үүнийг эрс эсэргүүцэж байлаа. Ингээд дахин санал хураалтыг явуулахдаа, саналаа өгөөгүй хүмүүст хоёр дахь боломж олгож, өмнө саналаа өгсөн хүмүүсийн санал дээр тэдний саналыг нэмж тооцон дүнг гаргаж байхаар хуульчилсан билээ. Гээд ч ирц ямагт санаа зовоосон асуудал болж, зарим газар хүчээр хүргэж дүнг гаргаж байх шиг санагдсан.
Орон нутгийн сонгуулийн ирц УИХ-ын сонгуулийнхаас эрс мууддаг, жилээс жилд буурсаар байгааг дан ганц сонгогчийн ухамсаргүй, улстөрийн идэвхгүй үйлдэл гэж хялбархан дүгнэж, сонгогчдод бурууг нялзаах боломжгүй. Энэ нь харин ч сонгогчийн ухамсартай үйлдэл юм. Эргэцүүлэн дүгнэвэл, иргэд улстөрийн идэвхгүйдээ биш, ерөөсөө бид саяхан УИХ-ын сонгуулиар гол саналаа өгөөд төрөө байгуулчихсан, бусад нь төдийлөн ач холбогдолтой биш гэж үздэгийнх гэвэл илүү ончтой юм.
-Гуравхан сая хүнтэй, нэгдмэл /унитар/ төр улсад олон шат дамжлагатай сонгууль утга учиргүй зарлага болж байна. Улсын их хурал, аймаг нийслэлийн иргэдийн хурал, сум, дүүргийн иргэдийн хурал, хорооны иргэдийн нийтийн хурал, энэ олон хурлын учрыг иргэн бүхэн 26 жилд олж чадсангүй.
Тиймээс ч Их хурлын гишүүнээ мэдвэл мэднэ, тэр гишүүнээсээ улс орны ирээдүй, чиг хандлага бодлогыг биш гудамж хашааны хог, дээврийн засвараа нэхдэг. Бусад сонгосон хүмүүсийнхээ зүсийг байтугай нэрийг нь ч мэдэхгүй. Энэ сэтгэлгээг “сонгогчдын боловсрол нойл” гэдэг ганц үгээр хааж болохгүй. Энэ бол төр нэгдмэл байх гэдэг маш зөв, амар арилшгүй сэтгэлгээ, ухамсар сонгогчийн далд ухамсарт гүн бат оршиж байгаагийн илрэл. Олон мянган жилийн төрт ёсны түүхэн уламжлал ард түмний сэтгэлгээнд гүн бат суусан нь энэ. Ард түмний сэтгэлгээний энэ мөн чанарыг 26-хан жилд өөрчилж болдоггүйг харуулж байгаа бус уу.
Энэ сэтгэлгээг өөрчлөх, сонгогчдоо боловсруулах тухай ярьдаг хүмүүс харин өөрсдийнхөө ухамсар руу эргэн харж, сонгогчийг өөрчлөх тухай биш, тэдний далд ухамсарт гүн бат оршиж байгаа төрийн тухай ойлголт, ухамсар сэтгэхүйд тааруулж төрөө зөв байгуулах талаас нь хармаар байна. Нэгдмэл нэг үндэстний төр улсаа байгуулах сонгууль хэт олон шаттай, толгой эргүүлсэн, холбооны улсын тогтолцоотой ойр болсноос Монголчууд энэ олон сонгуулийн учир начрыг яагаад ч ойлгохгүй байна.
Хоёр хувилбараар шийдэж болно. Нэг, төрийн эрх барих дээд байгууллагаа нэг л удаа сонгох, тэр нь ард түмний өмнө хэнтэй ч хуваалцахгүй бүтэн хариуцлага хүлээдэг байх. Их хурлаа, эсвэл Ерөнхийлөгчөө сонгодог, бусад нь томилогддог байх. Нөгөө хувилбар, өөрсөддөө хамгийн ойр сонголтыг иргэд хийж, намуудаас нэр дэвшүүлсэн этгээдийг биш, харин ч намуудыг оролцоог хязгаарлаж, иргэд өөрсдийн дундаас сонголт хийж шат шатны иргэдийн төлөөллийн байгууллагуудыг бүрдүүлэх.
Ингэж байж иргэдийн төлөөлөгчдийн хурал болох ёстойгоос биш өнөөдөр намуудын төлөөлөгчдийн хурал болж хувирсныг иргэд ойлгохгүй байна.
Ерөөс холбооны улсын төрийн зохион байгуулалтын хэлбэр төрийн түүхэн уламжлалтай, нэгдмэл төр-улсын ард түмний сэтгэхүйд буухгүй, тохирохгүй байгаагийн илрэлийг бид 26 жил харлаа. Төрийн энэ зохион байгуулалтыг өөрчлөх ёстой гэж үздэг учраас үзэл бодлынхоо эсрэг үйлдлийг хийхгүй байхаар шийдсэн маань сонгууль өгөхгүй байх эхний үндэслэл юм.
Төр шат шатандаа бие биедээ эсрэгцсэн биш харилцан уялдаатай, дээр гарсан шийдвэр дороо саадгүй хэрэгжиж байх, ерөөс нэгдмэл байх ёстой гэсэн итгэл үнэмшлээрээ өнгөрсөн орон нутгийн сонгуулиар АН-ыг дэмжиж оролцсон. Мөн АН-д ганц удаа ч гэсэн бүх шатанд эрх барьж, хэнтэй ч хуваалцахгүй хариуцлага үүрүүлж манай тогтолцооны боломжит бүх хувилбарыг шавхаж үзэх нь Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүйг ухаарахад ганц алхам боловч ойртоход нэмэртэй гэж үзсэнийх. Харин МАН бүх шатанд дангаараа эрх барьж байсан хувилбар бол бидний туулсан зам, “үзсэн кино”.
Энэ жил 18 нас хүрч сонгуульд анх удаа санал өгөх эрх нь нээгдэж байгаа хүүдээ баяр хүргэж энэ сэдвээр яриа өдөж үзлээ. 18-тай залуу дэврүүн сэтгэлээр юу ч ярьж болно. Улс орны байдал, улс төрд өөрийнхөөрөө үнэлэлт дүгнэлт өгч бас чадна. Гэхдээ түүний бодол дөнгөж нахиа төдий, бүрэн хариуцлага тээсэн санал хараахан болж чадахгүй юм. Сонгуульд саналаа өгнө гэдэг тун хариуцлагатай үйлдэл болох тухай ярилцсаны дараа хүү минь “Би энэ удаа санал өгөхөд бэлэн биш байна, нэр дэвшигчдийн талаар ч мэдэх зүйл алга, бас яах гэж өрсөлдөж байгааг ч ойлгохгүй байна” гэсэн юм.
Өнөөдөртөө миний хүүгийн амьдрал хичээл, урлаг соёлын элдэв арга хэмжээ, шалгалт шүүлэг, найз нөхөд, болзоо, амралтын өдрөөр ахдаа байшин барихад нь туслах зэрэгтээ цаг нь хүрэлцэхгүй яваа. Энэ нь ч зөв. Энэ удаа саналаа өгөхгүй байх хүүгийнхээ шийдвэрийг ч би дэмжлээ. Асуудлыг мөн чанараар нь ойлгож, санал өгч сонгуульд оролцох маш хариуцлагатай үйлдлийг хийхэд бэлэн болсон цагтаа л саналаа өгөх хэрэгтэй гэж хүүдээ зөвлөлөө.
18-25 насныхны сонгуулийн ирц муу байгааг нийгмээрээ шүүмжлэн ярилцана лээ. Тэднийг шүүмжилж, сэтгэлгээг нь өөрчлөх тухай биш, дахиад л мөн чанарыг нь нээж олж зөвөөр таньцгаая. Үндэстнээ зөвөөр таньцгаая, энэ залуус манай үндэстний нэг хэсэг. Тэд бол миний хүүгийн л ижил амьдралтай залуучууд. 18 нас бол улстөрийг, амьдралыг санал өгөх хэмжээнд таньж мэдсэн, төр байгуулах хэмжээнд боловсорч амжаагүй нас. Санал өгөх насыг ихээхэн гүнзгийрүүлж бодмоор.
Миний санахад тодорхой нас заалгүй, өрх толгойлж хамтын амьдралын утга учрыг ухаж эхэлсэн, зөвхөн өөрийнхөө төлөө биш өрөөлийн өмнө, өрхийнхөө өмнө, үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж эхэлсэн хэнд боловч санал өгөх эрх нь нээгддэг байхаар хуульчилмаар. Ээж аавынхаа өвөрт эрхлэн туйлж байгаа 18-тнууд сонгуулийн байрны гадаа бөөнөөрөө цуглараад “мөнгө өгсөнд нь саналаа өгнө” гээд биеэ үнэлэгч шиг багшралдаж, сонгуулийг зүгээр л зугаа цэнгэл болгож, тийм зугаагаар Монголын төр байгуулагдаж байж таарахгүй. Бие даасан өрх гэрийн багана болсон цагт л иргэний санал өгөх эрх сая нээгддэг баймаар.
Энэ нь бас асар том хүндлэл, өрх гэрийн утга учрыг улам төгөлдөржүүлж байгаа сайхан хэрэг юм. Цаашлаад нэг эрх ашигтай өрх гэрийн дотор санал хуваагдана гэдэг ч бас л утга учир багатай. Хувь хүн нэг бүрийн эрх чөлөө, эрх ашгаар биш гэр бүлээрээ ярилцаж байж өрх гэрийн нэгдмэл эрх ашгаар саналыг өрхийн тэргүүн нэгтгэн өгдөг сонголт ч байж болохоор санагддаг.
25 настай Их хуралд нэр дэвшдэг Үндсэн хуулийн өдгөөгийн заалтыг ч өөрчлөх шаардлагатай. 25 нас бол Их хурлын байтугай намын гишүүн болдог нас биш. Сурч боловсордог, ажлын ч амьдралын ч гараагаа дөнгөж эхэлдэг, хайрлаж дурладаг нас болохоос улс орны амьдралыг засан тохинуулах хэмжээнд хүрсэн нас биш. Өөрийнхөө, өрх гэрийн өмнө хариуцлага хүлээгээгүй залуу хүнээр улс гэр жолоодуулах тухай ойлголт ч байж таарахгүй.
25-тай залуугийн батлалцсан хуулиар 2500 жилийн түүхтэй төр-улсыг авч явж болдоггүй гэдгийг өнгөрсөн 26 жил бидэнд хангалттай таниулсан. 25-тай төрийн эрх барилцаж эхлээд яг тэр чигээрээ явсаар улс орноо ч өрөнд бариулж, намаа ч унагаад гадаадад “доктор” болохоор явж байгаа хүмүүсийг бид шүүмжилж ярьсаар байна.
Үндсэн хуульд заасан УИХ-д сонгогдох насыг наад зах нь 35 болгож нэмэх шаардлагатай гэж би үздэг.
Энэ бүхэн мөнөөх л Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал. Товчхондоо буруу эргэсэн төр улсаа зөв замд нь оруулахын тулд нэн тэргүүнд төрийн эргээг гаргах нь чухал. Үүний тул Үндсэн хуулиа өөрчлөх нь зайлшгүй учраас үйлдэл бүхэн маань энэ зорилгодоо таарсан байх ёстой гэж үзэж ийм шийдвэр гаргалаа. Би сонгуульд ингэж оролцохоор шийдлээ. Үүнийгээ би хамгийн чухал, том оролцоо, ихээхэн утга учиртай миний санал гэж үзэж байна.
А.Баатархуягийн гэр бүлийн гурван сонгогч сонгуульд ухамсартайгаар оролцохгүй ч бидний өмнөөс ямар нэг “царцаа” санал өгч байгаа эсэхт хяналт тавих болно.
Монгол Улсын иргэн Гантөмөрийн Уянга

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …