Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц, уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрс, агаарын бохирдлын шалтгаан, шонхрын наймаа, ойн нөхөрлөлүүдийн өнөөгийн байдал, монголчууд харийнхны гар хөл болж, байгалийн баялаг, ан амьтдаа хууль бусаар түүж, хөнөөж, хилээр гаргаж байгаа зэрэг асуудлаар БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяртай ярилцлаа. Энэ нь түүний дэд сайдын албанд томилогдсоноос хойш хэвлэлд өгч буй анхны ярилцлага юм.
Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орны наймдугаарт Монгол орж байгаа
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та албан үүргээ хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Хамгийн сүүлд ямар томоохон ажил амжуулсан бэ гэдгээс яриагаа эхлэх үү?
-Олон чухал ажил амжуул-сан завгүй өдрүүд өнгөрч байна. Эдгээрээс Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэнд, Байгаль орчны сайд нарын форум буюу дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцсэн хурлыг онцолмоор байна. Ирэх сарын 4-нд Францын Маркеш хотод уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Ази, Номхон далайн бүсийн орнууд нэгдэж, Дэлхийн олон улсын конвенцэд гарын үсэг зурж, Парисын хэлэлцээрт нэгдэнэ. Энэ хэлэлцээрт нэгдсэнээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, хөгжиж байгаа улс, орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмуудад хамрагдах боломж бүрдэж байгаа юм. НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд жил бүр 100 тэрбум ам.доллар хуримтлуулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулж эхлэх гэж байна. БОАЖЯ уг сантай хамтран ажиллахаар хэд хэдэн төслийн санал хүргүүлсэн.
-Уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлж байгаа зүйлсийг хүний хүчин зүйл, оролцоо тэргүүлдэг. Энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авахаар ярилцсан уу?
-Энэ удаагийн хурлаар байгаль орчин сүйдэж байгаад хүний хор хөнөөл илүү байгааг онцгойлон хэлэлцсэн. Агаар, усны бохирдлоос болоод жилд долоон сая нь үхэж байна. Үүний 60 гаруй хувь буюу дөрвөн сая гаруй хүн нь Зүүн Азийн орнуудын иргэд. Жил ирэх тусам ханиадны төрөл олширч, мутацид орж, өөр бусад халдварт өвчин нэмэгдэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдолтой шууд холбоотой. Хамгийн нэгдүгээрт ус, агаар, хөрсний бохирдол. Хүний дархлааг эвддэг янз янзын вирус энэ бохирдлуудаас бий болж байна. Гэвч энэ бохирыг хүмүүс тарьдаг. Үүнд анхаарч, хүний үйл ажиллагааг байгальд ээлтэй болгоё гэдэгт санал нэгдсэн.
-Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй бүс нутаг, улс орнуудын аль хэсэгт манайх явж байгаа вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж, хохирол амсаж буй орны наймдугаарт Монгол Улс жагсаж байгаа. Агаар, ус, хөрсний бохирд-лоороо Зүүн Азийн орнуудад дээгүүр яваа гэсэн үг. Монголын уур амьсгалын өөрчлөлтөд хоёр гол зүйл нөлөөлж буй. Нэгдүгээрт, эрчим хүч үйлд-вэрлэл, хоёрдугаарт, тээврийн асуудал. Манайд ялгаруулж байгаа хүлэмжийн хийг хязгаарлах, дээр нь түүхий нүүрсний хэрэглээг багасгах шаардлага бий. Түүхий нүүрсний хэрэглээг бууруулахын тулд эрчим хүчний өвлийн шөнийн тарифын зөрүүний асуудлыг шийдэх боломж байгаа. Нийтийн тээврийн асуудлаа цэгцлэхгүйгээр хүлэмжийн хийг бууруулж чадахгүй. Монголын хүн амын 40 орчим хувь тээврийн хэрэгсэлтэй болжээ. Үүний нэлээд хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Тиймээс татварын бодлогоор аль болох хүлэмжийн хий бага ялгаруулах тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, хил гаалиар нэвтрүүлэх хэрэгтэй.
Монголын цэвэр усны сав бол хөвсгөл нуур
-Та Байгаль орчин аялал жуулчлалын яам хэмээх Монгол Улсын байгаль орчин, ан амьтан, ургамал, хөрс шороо, агаар, ус гээд хамгийн үнэт зүйлийг хамгаалах салбарын дэд сайдын албан тушаал хашиж байна. Энэ албыг хашиж байхдаа би энийг л хийнэ, үүний үр дүнг үзвэл өөрийгөө ажил хийсэнд тооцъё гэдэг ч юм уу төлөвлөсөн ямар ажил байна вэ?
-Бүхний түрүүнд ярих зүйлийг би ус гэж хэлнэ. Агаар, хөрсний бохирдол дараа нь орно. Монголын 330 сум, гурван сая хүн ам эхлээд цэвэр ус уух ёстой. Цэвэр ус уусныхаа дараа бусад асуудлаа ярья. Цэвэр ус ууж чадахгүй байж бид элэг, бөөрөө хайрлах, эрүүл хооллох, бие биенээ хайрлахын тухай яриад яах юм бэ. Монголын хувьд хамгийн чухал асуудал юу юм бэ, юу байсан бэ. Үүнийг сайн бод. Зам тавих, уулзвар барих, төмөр зам заавал манайхаар дайран өнгөрөх, намын бодлого, гаднын зээл тусламж, өндөр төсөвтэй төсөл, хөтөлбөрүүд чухал байсан уу. Тодорхой хэмжээнд чухал мэт боловч аль нь ч цэвэр усны хэмжээнд хүрч чухал байж чадахгүй. Бид усаа хайрлахгүй, гамнахгүй, цэвэр тунгалгаар нь байлгахгүйгээр мянган жилийн дараахийг мянга яриад нэмэргүй.
Дэлхийн усны нөөц багас-сан. Өнөөдөр бидний цэвэр усны нөөц 609 шоо километр гэж байгаагийн 34 хувь нь хэрэглээний нөөц ч 20-30 жилийн дараа Монгол тун хүнд байдалд орохоор дүр зураг бий. Бид цэвэр усны 100 хувь нөөцтэй гэж бодъё. Түүний 80 хувь нь нуур, ай сав газарт байдаг. Үүний 67 хувийг Хөвсгөл нуур бүрдүүлж байгаа. Хоёр сая жилийн насжилттай дэлхийд 17-хон нуурын нэг нь энэ шүү дээ. Ингэж онцолж хэлээд байгаагийн учир нь Монголын цэвэр усны сав тэнд байна аа л гэсэн үг. Бас дэлхийн цэвэр усны нөөцийн 0.4 хувийг эзэлдэг дэлхийн нуур юм. Тэгэхээр энэ нуурыг хамгаалах, цэвэр, ариунаар нь байлгахад бид хамгийн их анхаарах ёстой юм.
-Цэвэр усны нөөцийн талаар ярихад Хөвсгөл нуурыг хамгаалах тухай асуудал хөндөгдөхгүй өнгөрөх боломжгүй. Гэхдээ танд энэ нуурыг бохирдуулж байгаа мэдээлэл танд байна, тийм үү?
-Хөвсгөл нуурыг бохир-дуулж байгаа гурван том хүчин зүйл байна. Нэгдүгээрт, тус нуурт 40 гаруй тээврийн хэрэгсэл бий. Тэдний 20 гаруй нь шатахуунтайгаа байгаа. Эдгээр 20 машины сав задарч, нефть нуурт алдагдвал бид яах вэ, Монголын төдийгүй дэлхийн цэвэр усны нөөц юу болох вэ. Бид усны талаар маш олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг мөртлөө цэвэр усны эх саваа цэвэрлэх тухай огт ярьдаггүй. Бид энэ савыг одоо байгаагаар нь хойч үедээ үлдээх ёстой биз дээ. Хоёрдугаарт, Хөвсгөл нуурыг тойрсон амралтын баазын эмх замбараагүй байдал. Тэнд хоноцын сэтгэлтэй 40 гаруй бааз бий. Тэднээс аймаг, орон нутгийн төсөвт жилдээ наймхан сая төгрөг төвлөрдөг гээд бод доо. Дээр нь нуурын эрэгт тулгаад байшин барилга бариад, гэрүүдээ буулгачихсан. Бохир, жорлонгийн асуудлаа зөв шийдээгүйгээс хөрсний бохирдол нуурт нэвчиж байгаа нь зарим газар илэрч байна шүү дээ. Тиймээс эдгээр баазыг эргээс 100-200 метрээр холдуулах хэрэгтэй. Гуравдугаарт, цагаан тоос. Хавар далайн орчмоор цагаан тоос босчихож байна. Энэ нь хадран загас ихээр сүйдэх нөхцөл болж байгаа. Хадран нуурын эко системийн тэнцвэрт чухал үүрэг гүйцэтгэдэг.
-Гүний усны замбараагүй хэрэглээний тухайд ямар байр суурьтай байгаа вэ?
-Гүний усны нөөц, хэрэглээнд маш болгоомжтой, хариуцлагатай хандах цаг үе ирсэн. Сая л гэхэд манай ажлын хэсэг Оюутолгой дээр ажиллаад ирлээ. Тэгэхэд 10-аадхан километр талбайд найман худаг гаргаад гүний усыг сорж өгч байна. Тэр том компани яагаад хиймэл нуур хийгээд усаа ашиглаад байж болдоггүй юм. Говийн ус маш хүнд эмзэг гэдгийг тэд ч, бид ч мэдэж байгаа. Үүний дээр төвлөрсөн газруудад хэн дуртай нь гүний худаг гаргаж байгаа асуудал бүр хэрээс хэтэрсэн. Ерөнхийдөө Монголд усны бодлого алга.
-Манайх Усны тухай хуультай улс шүү дээ?
-Манайх хуультай мөртлөө хуульгүй. Хэн дуртай нь дуртай газартаа худаг гаргана. Хэн нь ч хамаагүй ирээд усны төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ус бол чандмань эрдэнэ юм гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Бүр багаас нь усаа хайрлах, гамнах, цэвэр тунгалаг байлгах үзэл суулгах хэрэгтэй. Хүүхэд байхаас нь байгальдаа хайртай, ээлтэй байх чиглэлээр Боловсролын яамныхантай нягт хамтарч ажиллах шаардлагатай. Газар зүй, биологийн хичээл гэж орж байгаа ч арай өөр хэлбэрээр хүн, тэр дундаа байгальд ээлтэй хүн бэлтгэх зорилгоор тусдаа хичээл ордог байхад буруудах юмгүй.
-Улаанбаатар хотын усны бохирдол хэрээс хэтэрсэн тухай олон жил ярьж, бичиж байгаа. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн үр дүн хэр байна вэ, таныхаар?
-Энэ бол хамгийн чухал зүйл. Монголын хүн амын бараг тэн хагас нь Улаанбаатарт амьдарч байна. Гэтэл уух ус нь бохирдолтой, элдэв өвчлөлийн эх үүсвэр болж байна гэдэг байж болшгүй зүйл. Гэвч манайд байдал ийм л байна. Үүнээс хэрхэн гарах вэ. Улаанбаатарын хамгийн хэцүү зүйл бол Төв цэвэрлэх байгууламж, Харгиа цэвэрлэх байгууламж. Үүнээс гадна одоогоор Дархан-Уул, Булган, Ховд гэх мэт 7-8 аймгийн цэвэрлэх байгууламжийн даац хэтэрсэн, цэвэрлэх чадваргүй болчихоод байж байна. Бодит байдал дээр Улаанбаатараас гадна 80 гаруй сумын иргэд ямар нэгэн байдлаар уух ёстой цэвэр усаа ууж, хэрэглэж чадахгүй байгааг судлаад гаргаад ирчихсэн. Цэвэр усны судалгааг жинхэнэ түвшинд бий болгох, гүний худгуудыг шинэчлэх, системтэй болгох чиглэлд алхам хийх ёстой. Гаднын мэргэшсэн байгууллагуудаас ч тусламж авч болно. Бүх айл мэдрэгчтэй крант ашиглах хэрэгтэй. Усны асуудалд ухаалаг систем рүү орох цаг нь болсон шүү.
Хөрсний бохирдол улаанбаатарын хувьд атомын бөмбөг болсон
-Улаанбаатар хотын унд-ны усны чанарт судалгаа хийдэг байгууллага манайд байдаг уу. Хамгийн сүүлд ямар дүгнэлт гарсан байдаг бол?
-Улаанбаатар хотын ундны усанд мониторинг хийдэг нэгд-сэн байгууллага байхгүй. Харин хувийн, төсөл хөтөлбөрийн судалгаа шинжилгээнүүд бий. Өөрөөр хэлбэл, монголчууд ундны усаа ямар стандартаар, ямар түвшинд явж байгааг мэргэжлийн байгууллагаар тодорхой хугацаанд, үечлэл-тэйгээр тогтмол тодорхойлуулах боломжгүй яваа гэсэн үг. Хувийн болон гаднын байгууллагуудын судалгаа, шинжилгээний дүн хоорондоо зөрдөг. Тиймээс яам дэргэдээ ийм байгууллагатай болоход буруудах юмгүй. Цаг уур, орчны шинжилгээний газрын дэргэд усны урсацын алба гэж бий. Тэнд гүний усны шинжилгээ хийхгүй. Гүний ус бол хамгийн эмзэг. Үүнээс гадна хөрсний бохирдол Улаанбаатарын хувьд атомын бөмбөг болчихоод байгааг иргэд мэдэж байгаа болов уу. Хамгийн наад зах нь хавар, зун, өвөл дэлгэрдэг халдварт өвчнүүдийн эх үүсвэр нь Улаанбаатарын хөрсний бохирдолтой шууд холбоотой байдаг.
Улаанбаатарын хувьд гэр хорооллын хаагуур нь, яаж гүний ус явж байгааг иргэд мэдэх боломжгүй. Гэтэл тэд 0.7 га газарт 4-5 айл бууж, гэр, байшингаа тойруулаад жорлон ухчихсан, дүүрэхээр нь шороогоор булчихаад өөр газар гаргаад байдаг. Гэтэл тэр нь гүний усанд нэвчиж байгаа юм уу, үгүй юү мэдэх боломжгүй. Үнэндээ нэвчиж л байгаа. Дээр нь Туул голын хаагуур бохир, хөрсний бохирдол нэвчиж, нийлж байгааг бид мэдэхгүй. Туул голын эрэг дагуу баахан зөвшөөрөл өгчихсөн. Хэн дуртай нь тэнд барилга, орон сууц бариад байж байна.
-Чиг үүргийнхээ дагуу та нийслэлийг давхар хариуцах ёстой бил үү. Эдгээр асуудлыг яаж цэгцлэх вэ?
-Бид нийслэлийн захиргаа-ныхантай хамтарч энэ тал дээр ажиллаж эхэлж байна. Туул голын эрэг орчмыг нөхөн сэргээх, бохирдлыг багасгах, арилгах чиглэлээр Азийн хөгжлийн банкны гурван сая ам.долларын төсөл өмнөх удирдлагуудын үед орж ирэхэд нь ойлголцоогүйгээс буцаачихсан байсан. Энэ төслийг хэрэгжүүлэх боломж байгаа эсэхийг судалж байна. Үүнээс гадна Туул голд тулгаад 15 аж ахуйн нэгжид барилга барих зөвшөөрөл шинээр олгосон байсныг бид цуцлуулахаар хөөцөлдөж байна. Энэ мэтээр хамтран хийж, хэрэгжүүлэх ажил их байна.
-Гэхдээ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн бүхнийг оруулж ирэхгүй биз дээ. Тодорхой шалгуур тавих нь зүйтэй байх?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Бүгдийг хууль журмын дагуу үнэхээр үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөртэй хамтарч ажиллана. Дараа нь үр дүнгээ нягталж, дүгнэнэ.
-Агаарын бохирдлыг бууруулахад Засгийн газраас нэлээд хөрөнгө зарцуулсан ч үр дүн бараг гараагүй. Танай яамны зүгээс агаарын бохирдлын асуудлаар цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Агаарын бохирдлыг буу-руулахаар олон ажил санаачилж, хамгийн ихдээ 32 тэрбум төгрөг хүртэл төсөвлөж байсан нь үнэн. Тэр хэмжээнд үр дүн гарч чадаагүй, хариуцсан хүмүүс нь хэрэгт орооцолдоод явсан нь ч үнэн. Гэхдээ одоо агаарын бохирдлыг бууруулах Цэвэр агаар сан шиг хариуцсан сан дахин байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол агаарын бохирдлыг бууруулах ажил эзэнгүйдэж, төрийн байгууллагуудын дунд хийдэж явах зуурт байгаль орчин, ялангуяа хүн агаарын бохирдлоос болж хордож, элдэв өвчлөлд бариулж дуусна. Монгол Улс хорт хавдраар Зүүн Азийн орнуудаа тэргүүлж байна гээд зарлаад байгаа. Үүний цаад учир нь агаар, ус, хөрсний бохирдол юм шүү дээ. Тиймээс агаарын бохирдолтой тэмцэх сан, байгууллага дахин байгуулах хэрэгтэй. Агаарын бохирдол зөвхөн нийслэлийн биш Дархан-Уул, Эрдэнэт гэх мэт суурин газруудад тулгамдсан асуудал болоод удаж байна. Бас нэг хэцүү зүйл байна.
-Юу тэр вэ?
-Улаанбаатар төдийгүй Монголын хог хаягдал маш хүнд байдалд байна. Хогноосоо салаагүй цагт цэвэр ус ууж, цэвэр агаар амьсгалж, эрүүл саруул сайхан амьдарна гэж байхгүй. Өмнөх жилүүдэд хог хаягдлын менежмент, хогийг ангилан ялгаж хаяна гэх мэт маш олон санал санаачилгаар ажиллаж үзсэн. Аль нь ч үр дүнд хүрсэнгүй. Тэгэхээр одоо бол хогоо өөрөө иддэг үйлдвэр байгуулах хэрэгтэй. Хогоо шатааж цахилгаан үйлдвэрлэдэг, үйлдвэрлэсэн цахилгаанаа тухайн орчиндоо түгээдэг. Ийм үйлдвэр байгуулах санал Япон, БНСУ-аас ирж байна. Бид судалж байна.
Улаанбаатарын хоёр том хогийн цэгт нэг нэгийг бай-гуулчихвал энэ хур хог хэдхэн сарын дотор үгүй болно. Дээр нь цахилгаан үйлдвэрлэнэ. Хог байхгүй бол үйлдвэр ажиллахгүй. Үүний дараа орон нутаг руу ийм үйлдвэрийг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна эмнэлгийн болон бусад хортой хог хаягдал гэж нийслэлийг бохирдуулж, иргэ-дийг хордуулж байгаа гол зүйл байна. өмнө нь яагаад дорвитой арга хэмжээ авдаггүй байсан юм бол гэж гайхаж сууна.
-БОАЖЯ байгаль хамгаалах тал дээр маш их зүйл ярьдаг. Гэхдээ хэрэгжилт муу байдаг. Үүн дээр та ямар тайлбар өгөх вэ?
-Багц хуулиудын хувьд манайх шиг сайн хуультай, эрх зүйн орчноо бүрдүүлсэн яам Монголд байхгүй. Гэхдээ хэрэгжилт нь хаанаа гацдаг, яадгийг мэдэхгүй юм. Хэрэгжилтийг биелүүлэх, нягтлах чиг үүрэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байдаг. Тухайлбал, Өмнөговь аймагт жилд 14 тэрбум, Булган аймаг 11 тэрбум төгрөгийг усны төлбөрт авч байна. Гэтэл эргээд юунд зарцуулсан нь тодорхойгүй. Хуулиндаа тодорхой хувийг байгальд эргүүлэн зарцуулна гээд заачихсан хэрнээ биелэлт байхгүй байна. Тиймээс энэ тал дээр бас ажиллах шаардлагатай.
Ойгоо эдийн засагжуулах боломж бидэнд бий
-Ойн нөхөрлөл байгуулсан нь маш олон сайн үр дүн авчирч байгаа ч бас энэ нэрээр байгалиас хулгай хийх явдал цөөнгүй гардаг тухай мэдээлэл бий. Энэ талаар танд сонссон зүйл байна уу?
-Монголд 1700 гаруй ойн нөхөрлөл бий. Ойн нөхөрлөлтэй болсноор ой эзэнтэй болж, олон зүйлд эерэг хандлага авчирч, ард иргэд байгальдаа хайртай, орчин тойрноо хамгаалдаг болсон. Гэхдээ үүний хажуугаар ой хамгаалж байна гээд өдөр нь нэг ч хүн, мал ойртуулахгүй хэрнээ шөнө нь өөрсдөө ор мод бэлтгээд, хугацаанаас нь өмнө самар, жимс түүгээд байгаа нөхдүүд мэр сэр дуулдаж байна. Үнэхээр байгалийнхаа төлөө сэтгэлтэй хүмүүс бий. Харин ийм зэргийн муу үлгэр үзүүлж байгааг нь нягталж, тогтоогоод хуулийн дагуу хариуцлага ногдуулж, шинэчлэх ёстой.
-Ойн модыг эдийн засагжуулах тухай гардаг ч шүүмжлэлд өртдөг. Гол нь нөхөн сэргээж чадахгүй гэдэг дээр асуудал байдаг байх. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Ойн түймэр л гэхэд сүүлийн 20 жилийн хугацаанд 234 мянган га ойг хамарсан байна. Үүнээс улбаалсан хортон шавьж ихэссэн байна. 100 сая га ой хөгшин болсон байна. Ойг яаж, хэрхэн зөв ашиглах вэ гэдгээ бид мэддэггүй. Мод л харагдвал очоод хөрөөдөөд, булгалаад авдаг гэж ойлгодог шиг байгаа юм. Гэтэл ойг эдийн засагжуулах гэдэг дэлхийд тусдаа шинжлэх ухаан, ойлголт болоод удаж байна. Жишээ нь, оросууд яагаад хэдэн арван зуугаар нь модоо урд хөрш рүү зөөгөөд байна вэ. Их нөөцтэйдөө биш юм. Ойгоо га-гаар нь хуваагаад, секторлоод хувийн хэвшлийнхэнд өгчихдөг юм байна. Мод нөхөн сэргээгддэг, гэхдээ 50-100 жилийн дараа. Ийм учраас 100 мод байлаа гэхэд түүний 60-ыг үлдээгээд бусдыг нь бэлтгэдэг. Харин мод бэлтгэсэн газартаа нөхөн сэргээлт хийнэ. Ойн чиглэлээр дэлхийд сонгодогт ордог улс бол Герман, Чех. Өнгөрсөн сард энэ хоёр улсаас мэргэжилтнүүд ирж, сургалт, хэлэлцүүлэг хийгээд буцлаа. Чехэд гэхэд төрийн, хувийн, шашны, байгууллагын, дурсгалын, аялал жуулчлалын ой гээд бүгдийг нь төрөлжүүлээд, эзэнтэй болгоод өгчихсөн. Өөрөөр хэлбэл, ойг эзэнтэй болгоод, нөхөн сэргээлтээ ч бодитой хийлгээд ойн аж ахуйг чадваржуулаад явдаг байх нь. Ийм ч болохоор дээрх орнуудад ойн инженер, мэргэжлийн боловсон хүчин байнгын эрэлттэй байдаг. Гэтэл манайд ийм мэргэжилтэн бараг алга.
-Ойгоо модны хулгайчдад алдаж байхаар эзэнтэй болгох нь зүйтэй санаа байна. Гэвч эргээд уул уурхай, ашигт малтмалынхан шиг ухаж, төнхчихөөд яваад өгөхгүй гэх баталгааг хэн өгөх вэ?
-Би ийм байдлаар зохицуулалт хийвэл ойн сангаа хамгаалж үлдэхийн зэрэгцээ ойгоо эдийн засагжуулна гэж жишээ ярьж байгаа шүү. Түүнээс биш ийм зүйл хийхээр боллоо гээгүй. Гэхдээ ирээдүйд энэ жишиг рүү л явах байх. Манайх шинэ хуулиар 2013 онд ойн ангитай болсон. Ойн инженерээр суралцсан хүмүүс хаана мод тарих вэ, аль бүсэд ямар суулгац нь зохимжтой вэ, модыг хаагуур яаж тайрвал болох вэ гэх мэтийг бүгдийг судалж, мэдээд төгсөхөөр замбараагүй байдал алга болно. Энэ үүднээс ойн инженерийн тоог жил ирэх тусам нэмэх шаардлагатай. Одоо мод тарилаа л гээд байна. Зарим нь ургаад, олонх нь ургахгүй байна. Энэ нь мэргэжлийн хүн дутагдалтай байгааг харуулж байгаа юм. Дээр нь ойн үрийн генийг сайжруулах хэрэгтэй. Ойгоо залуужуулах шаардлага бас бий.
Сая Хөвсгөл аймагт ажиллаж байхад тэндэхийн сургуулиуд хэдэн жили болоод сургуулийнхаа ширээ, сандлыг Эрээнээс татдаг гэж ярьж байна. Гэтэл Хөвсгөл бол ойн нутаг шүү дээ. Тэнд байгаа байгалийн бүтээгдэхүүнээ зүй зохистой ашиглаад, үйлдвэрлэл явуулаад түүнээсээ өөрсдөө хүртээд явж яагаад чадахгүй байгаа юм бэ. Энэ бол манайхны байгалийн баялгаа зөв ашиглаж мэдэхгүйн илрэл.
Шонхроос өөр амьтан бэлэглэлийн гэрээгээр харийнханд өгөөгүй
-Шонхорын төрлөөс нь хамаарч бэлгэнд өгдөг гэсэн. Ямар төрлийн шонхорыг бэлгэнд өгдөг юм бэ?
-Манай оронд 10 зүйлийн шонхор шувуу бий. Үүнээс цагаан, шилийн, эгэл шонхор нь “Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралтад бүртгэгдсэн тул арилжааны зорилгоор гадаадад экспортлохыг хориглодог. Үүний дээр идлэг шонхор нэмэгдэнэ. Харин үлдсэн шууман, хайргууна, турамтай, амарын, зээрд, начин гэсэн зургаан зүйлийн шонхорыг гадаадад худалдаалахыг конвенцоор зөвшөөрдөг. Судлаачдын тооцоогоор Монгол орны хэмжээнд 6800 хос буюу 17000 орчим идлэг шонхор бий гэх тоо байдаг.
-Араб, Кувейт зэрэг булангийн орноос зочид, төлөөлөгч ирэх бүрт шонхор бэлэглэдэг гэсэн үг үү. Тэд бэлгэнд авсан шонхортоо татвар хураамж төлдөг гэж ойлгож болох уу?
-Бүгдэд бэлэглэдэггүй. Өндөр хэмжээний албан ёсны төрийн айлчлалын хүрээнд ирж байгаа өндөр дээд хэмжээний албан тушаалтан буюу хаан, ханхүү, ерөнхийлөгч, ерөнхий сайд, шадар сайд зэрэг хүмүүст тэдний хүсэлтийн дагуу гэрээ байгуулж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу тодорхой хэмжээний төлбөр хураамж авч олгодог.
-Шонхор бэлэглэх асуудлыг Засгийн газрын нууц тогтоолоор баталдаг гэсэн мэдээлэл БОАЖЯ-наас хийсэн. Танк, галт зэвсэг ч гэдэг юм уу тийм зүйлийг бэлгэнд авах, өгөхөд нууц тогтоол үйлдэж болох юм гэж ойлгож байгаа. Тэгэхэд шувуу бэлэглэхэд яагаад заавал нууц тогтоол гаргаж, тоог нь нууж бэлэглээд байгаа юм бэ. Бэлэг гэдэг чинь хүнд ямар нэг зүйлийг дурсгаж, бэлэглэж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхэд шонхорыг яагаад нууцаар бэлэглэдэг юм бэ?
-Соёлын зориулалтаар гадаадад гаргах тоог Засгийн газраас тогтоолоор баталдаг. Үүнийг Засгийн газраас асуувал бодитой хариу өгөх байх.
-Шонхортой адил нууц тогтоолоор гаднын улс, орны төлөөлөгчдөд өгдөг өөр амьтан бий юү?
-Шонхортой холбоотой Засгийн газрын нууцын зэрэглэлтэй тогтоолын нэгэн адил улс, орны төлөөлөгчдөд шонхроос өөр амьтан бэлэглээгүйг албаныхан хэлсэн.
-Хулгайн ан, ховор ургамлын хууль бус наймаа газар авсан тухай мэдээлэл их бий. Гэвч танай яамны мэргэжилтнүүдээс мэдээлэл авах гэхээр “Ийм гомдол, мэдээлэл манайд ирээгүй. Ирвэл шалгана” гэдэг. Бодит байдал дээр хамаг баялгаа харийнханд өгөөд дуусч байгаа юм биш үү?
-Хэвлэлийнхэнд манайхныг шонхор бэлэглээд, хууль бус ан, ховор ургамалтай зууралдаад сууж байдаг мэтээр бичих юм. Гэтэл БОАЖЯ бол бодлого боловсруулж, хууль, дүрэм журмаар энэ салбарыг удирдан чиглүүлж, хэрэгжүүлдэг яам. Бид эрх, үүргийнхээ хүрээнд хийх ёстой юмаа хийгээд явж байна. Харамсалтай нь гаднын өдөөлттэйгөөр ан амьтад, ховор ургамал маань их хэмжээгээр хорогдож байгаа нь үнэний ортой. Гаднынхан сэдэл, захиалгыг нь өгч, манайхан өөрсдөө гүйцэтгэгч нь болж байгаа явдал их байх шиг байна. Гэхдээ надад тодорхой тоо баримт, мэдээлэл алга. Жишээ нь, шонхорыг цадтал идүүлж байгаад хар гялгар уутаар ороогоод хайрцагт хийгээд хилээр гаргадаг сүлжээ бий гэх яриа ч байна лээ.
-Шинэ төмөр зам тавих зурвас нүүдлийн амьтдын бэлчээрийг хуваахаар байгааг манай мэргэжлийн байгууллагууд онцолж, анхааруулж байгаа. БОАЖЯ-наас Ажлын хэсэг гарган нүүдлийн амьтдын бэлчээрийн асуудалд анхаарал хандуулж, арга хэмжээс авна гэж байсан. Ажлын хэсэг нь бүрдсэн үү, ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Зам тээврийн салбараас байгаль орчин, амьтан, тэдгээрийн амьдрах орчин, нүүдлийн замд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчин, стандарт, дүрмийг боловсронгуй болгох, судалгаа шинжилгээнд зөвлөмж өгөх үүрэгтэй Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд, Зам тээвэр хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн байгуулахаар болоод байна. Энэ нь авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц, гармын стандартыг боловсруулах юм. Хамгийн гол зорилт нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж, гарц, гармын оновчтой хувилбарыг зураг төсөлд тусгах. Тусгай хамгаалалттай газар нутаг, орчныг дайран өнгөрөх төмөр зам байгуулах нь байгаль орчин, нүүдлийн амьтдад маш их сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс уг сөрөг нөлөөллийн урьдчилсан үнэлгээг гаргах, урьдчилан сэргийлэх, байгальд болон амьтдад хал багатай байхад энэ Ажлын хэсэг анхаарна.
-Алтны болон бусад орд газрын үйл ажиллагааны нөлөөллөөр байгаль орчин доройтож, ялангуяа Орхон зэрэг томоохон голууд бохирдоод байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ. Улсын хэмжээнд хэчнээн га газар нутгийг ашигт малтмал олборлогчид бохирдуулаад байна вэ. Нэгдсэн дүн бий юү?
-2016 оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн зориулалтаар 27068.0 га талбай эвдэрсэнээс 11375 га-д буюу 42 хувьд нь техникийн нөхөн сэргээлт, 7425 га буюу 27.4 хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийсэн гэсэн дүн мэдээ бий. Уурхайн улмаас эвдэрч, эзэнгүй орхигдсон талбай одоогоор 15 аймгийн 56 сумын нутагт 3984.46 га-г хамарч байна. хамгийн гол гарц бол Уул уурхайн нөхөн сэргээлтийн хууль боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг салбарынхан онцолж байгаа.
-Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Орон нутгийн аялал жуулчлалыг хамгийн түрүүнд хөгжүүлмээр байна. Улаанбаатараас Дархан, Эрдэнэт, Дундговь гээд хаашаа ч нийтийн тээврээр үйлчлүүлж л байгаа бол аялж байгаа гэсэн үг шүү дээ. Одоогийн манай нөхцөл бол нэг унаанд суусан бол тэр чигтээ давхисаар, бараг бие засуулахгүй хурдалсаар очих газартаа хүрчихдэг. Гэтэл дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд 100 километр тутамд, аялагчдад зориулсан тухтай зоогийн газар, үйлчилгээний төв, бие засах газар, бэлэг дурсгалын дэлгүүр, зочид буудалтай бүс байгуулах хэрэгтэй юм. Хүүхэд тоглодог, машинаа засдаг, орон нутаг, гадаад руу утсаар ярьдаг газартай байх хэрэгтэй. Ингэж байж дотоодын аялал жуулчлал хөгжинө. Амарч, аялж яваа хүмүүст ч сонирхолтой. Энэ жишиг рүү чиглүүлэхийг хичээнэ. Одоо гурван улсын аялал жуулчлалын хөндлөн коридор гаргахаар ярьж байна. Энэ дагуу гаднын жуулчдад зориулж Алтанбулаг, Эрээний чиглэлд аяллын зураглал гаргаж, түүнийхээ дагуу бүтээн байгуулах, ажиллах хэрэгтэй. Түүнээс өөр зүгт аялна гэвэл тэр дагуу нь жуулчны байгууллагууд аваад явчихдаг болох хэрэгтэй. Гэхдээ ханшийн хувьд өөр өөр байхаар. Үүнээс гадна Хөвсгөл, Бурхан халдун, Мэнэнгийн тал, Алтай таван богд, Отгонтэнгэр гэсэн таван чиглэлд маршрут гаргаж, энэ дагуу хуульчлалыг хөгжүүлэх нь жуулчдад хамгийн их үзэх юмтай, дурсгалтай аялал болох боломжоор хангана гэж үзэж байгаа. Үүнээс гадна казинонуудыг байгуулах цаг нь болсон.
Манайд маш олон боломж байна. ганцхан жишээ хэлье. Өвөрмонголчууд “Чингис хаан энд таалал төгссөн юм аа” гээд хөшөө, дурсгал босгоод жуулчдыг татаад байна. Тэгэхэд манайхан төрсөн газраар нь жуулчдыг битгий хэл өөрсдийгөө татаж чадахгүй байна. Тэгэхээр одоо бид Бурхан халдун уулыг аялал жуулчлалын нэг гол бүс болгох хэрэгтэй. Ингэхдээ яг уулынхаа оройд гарахгүйгээр холоос дуранддаг, мориор явж болох газар нь явдаг, дөхөж очдог, ойр хавийнх нь байгалийг харуулчихдаг байхад л болно. Тэнд төрсөн юм гээд дурангаар харуулаад л буцаахад болно. Аялал жуулчлалыг төрийн бодлогоор хөрөнгө санхүүгээр дэмжих хэрэгтэй. Дэлхийн долоон тэрбум хүний нэг тэрбум нь жилд дэлхийгээр тэнэж байна. Түүний 400 гаруй мянга нь л манайд ирж байна. Тэгэхээр энэ салбарт яах аргагүй хөгжил, дэмжлэг хэрэгтэй. Жуулчид хамгийн хамгийныг л үзэх хүсэлтэй байдаг. Манайд хамгийн хамгийнууд байгаа. Одоо үзүүлэх, дэлгэх цаг нь болсон.
Эх сурвалж: “Үндэсний шуудан”