“Явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” төслийг 2015 оноос эхлэн Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймагт хэрэгжүүлж, өнөөдөр үр дүнгээ хэлэлцэж, бодлогын зөвлөмж гаргаж байна. Уг төслийн зорилго нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй, алслагдсан бүс нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд чиглэж байгаа юм.
Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг оролцож, төслийг хэрэгжүүлж, хамтран ажилласан нийт хүмүүст талархал илэрхийлээд, манай улсын эмнэлгийн анхны тусламж, түүний дотор хөдөөгийн болон алслагдсан нутгийн хүн ам, малчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь төрийн бодлогын анхаарлын төвд байнга байдаг. Манай улс шиг өргөн уудам газар нутагтай, хүн амын нягтаршил багатай, нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэнд хүрч үйлчлэхэд энэхүү явуулын тусламж үйлчилгээ үр дүнгээ өгч байгааг хэлээд, цаашид гарах зөвлөмжийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Мөн БНЧУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова хэлэхдээ, манай улсад мөн адил алслагдсан тосгонууд байдаг. Тус тосгоны хүүхдүүд нь сургуульдаа хүрч чадахгүй гэрээр хичээллэдэг. Харин эмч нарын хувьд хэдэн цаг ажиллах нь чухал биш хүндээ хүрч үйлчлэх нь чухал. Цастай үед ч, шөнө ч байсан халаадаа өмсөөд ажиллахад бэлэн байдаг. Анх манай улсад яаралтай тусламж үзүүлэх тоног төхөөрөмж ч хангалтгүй байсан бол өнөөдөр нисдэг тэргээр үзүүлдэг болсон. Тиймээс манай улсын туршлага та бүхэнд нэмэр болно гэдэгт итгэж байна гэв.
Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон БНЧУ-ын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Каритас Чех Репаблик болон Пипл ин Нийд ОУ-ын байгууллага хамтран тус төслийн хүрээнд баруун таван аймгийн 16628 малчин ард иргэдэд 8-10 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийх ажлыг зохион байгуулж, шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ.
Эрүүл мэндийн яам