Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO, Италийн Ром хотноо төвтэй Засгийн газар хоорондын байгуулага) нь Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсаны үндсэн дээр “Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх: хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын уялдаа холбоог хангаж, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд ажилтнуудад зөв хандлагыг төлөвшүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд оршино.
Төслийн эхний шатанд салбар хоорондын зохицуулалтыг тусгасан сургалтын хөтөлбөр шаардлагатай байсан тул Хууль зүйн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан дэргэдээ мэргэжлийн экспертийн багийг ажиллуулан, сургалтын хөтөлбөр боловсруулсан юм. Мөн цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хууль сахиулах их сургууль зэрэг 5 байгууллагаас сонгогдсон 33 сургагч-багш нар Сургагч-багш бэлтгэх сургалтанд амжилттай хамрагдаж, сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгох чиглэлтэй, Монгол Улсын эрх зүйн орчин, Олон улсын туршлага зэргийг судалсаны үндсэн дээр мэргэжлийн гарын авлагыг хамтран боловсруулсан.
Сургагч-багш нар боловсруулсан гарын авлагынхаа хүрээнд эдгээр 5 байгууллагын төлөөлөл 200 алба хаагчдад хичээл заах, төслийн дэмжлэгтэй сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх: хууль зүйн салбарын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх нь” сэдэвт сургалтыг шүүгч нарт 2016 оны 11 дүгээр сарын 01- 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж, сургалтад анхан, давж заалдах шатны, орон нутаг болон нийслэлийн эрүү, иргэний хэргийн шүүхийн нийт 25 шүүгч амжилттай оролцов.
Сургалтыг төслийн хүрээнд бэлтгэгсэн сургагч багш нар болон шүүгчдийн сургалтын сургагч багш нар болох Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одонтуул, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ахлах референт П.Баярцэцэг, референт С.Алтанхуяг нар удирдан зохион байгуулав.
Шүүгчдийн сургалтын хувьд үндсэн сэдвүүдээс гадна тусгайлан гэр бүлийн хүчирхийлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх, ял шийтгэл оногдуулах онцлог, шүүгчээс гэр бүлийн хүчирхийллийн гэрч, хохирогч, хүчирхийлэгчтэй харилцах арга барил, гэр бүлийн хүчирхийлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх онцлог зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулав. Сургалтын зохион байгуулалт оролцогчдын үйл ажиллагаанд тулгуурласан, интерактив сургалтын олон хэлбэрийг тусгасан сонирхолтой сургалт болсон нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, маргааныг шийдвэрлэх шүүгчдийн хандлагыг өөрчлөх сургалтын үндсэн зорилгыг хэрэгжүүлэх нэг томоохон хүчин зүйл болж, сургалтад оролцогчид сэтгэгдэл өндөр байлаа.
Энэ төслийг АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Олон улсын Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн Товчооноос санхүүжүүлсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл