Ш.Батболд: Шүүхийн сэтгэлзүйчтэй иргэд хүлээлттэй харьцдаг

1479084604_0101Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэлзүйч оролцоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Сэтгэлзүйч Ш.Батболдтой гэр бүлийн маргаантай асуудлаар шүүхэд хандсан иргэдтэй хэрхэн ажилладаг талаар ярилцлаа.

– Шүүхэд хандаж буй иргэд сэтгэлзүйчийн зөвлөгөөг хэр сонсдог бол?

-Нийслэлийн зургаан дүүргийн шүүх дээрх эвлэрүүлэн зуучлагчдын дэргэд 2015 оны тавдугаар сараас ажиллаж, гэр бүлийн маргааны талуудад сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна. Тухайн хүн гэр бүлийн маргаантай асуудлаар шүүхэд хандах хүртлээ удаан хугацаанд бодож, ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэйгээ ярилцсан байдаг. Тийм учраас шүүхэд өргөдөл гаргасан шийдвэрээ эцсийнх гэсэн хандлага ажиглагдах нь бий. Гэр бүлийн маргааны талуудтай уулзаад, сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөд таван гэр бүлээс нэгээс хоёр нь эвлэрч байна. Энэ бол чамлахаар үзүүлэлт биш. Өнгөрсөн жил гаруй хугацаанд 40 орчим гэр бүлтэй уулзалт хийхэд 12 нь эвлэрсэн. Уулзаж, ярилцахаар аль нэг талд нь харилцаа, хандлагаа өөрчилж чадах зан чанар байгаа нь ажиглагддаг. Тийм хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө өгөөд эвлэрүүлэх бүрэн боломжтой.

-Гадаадад сэтгэлзүйн зөвлөгөө авах нь хүмүүсийн амьдралын хэв маяг байдаг бол манайхан “тогоон доторх асуудал” гэж явсаар салах шийдвэр гаргах тохиолдол их байдаг шиг?

-Ер нь гадныхан гэрлэхээсээ өмнө “Бид хоёр сэтгэлзүйн хувьд нийцтэй байна уу” гэж сэтгэлзүйч дээр очдог. Сэтгэлзүйч хосуудыг сэтгэлзүйн хувьд хэр нийцтэй байгааг нь урьдчилан онолшилдог. Тэгэхдээ “Та хоёр өөр, өөр орчинд өссөн. Энэ тал дээрээ зөрчилдөх магадлал байна. Үүндээ анхаар” гэх мэтчилэн зөвлөгөө өгдөг. Гэтэл манайхан лам дээр очиж хурим хийх өдөр судраа, төрсөн жил, сар нь таарах уу л гэж асуух жишээтэй.

Хосууд гэрлээд эхний гурван жилд романтик үеэ туулдаг. Үүний дараагаас бадарсан хайр сэтгэл нь багасаад ч байгаа юм шиг санагдаж, зөрчилдөж эхэлдэг. Өмнө нь “Би хайртай учраас энэ хүн хамгийн сайхан” гэж төсөөлдөг, хардаг байсан бол романтик үеийн дараагаас эхнэрээ, нөхрөө яг бодитоор нь хардаг. Ингэхээр хүлээн зөвшөөрч боломгүй зан, шинжтэй байгаа нь ажиглагдаж, үүнээс үүдэлтэйгээр маргалддаг. Ийм үедээ гадныхан дахин сэтгэлзүйчид хандаж, зөвлөгөө авдаг. Харин манайхан хоорондоо, эсвэл аав ээж, ах дүүтэйгээ ярилцдаг. Зарим хосуудын тухайд ярилцаад ч ойлголцож чадалгүй явсаар эцсийн шийдвэрээ гаргачих гээд байдаг талтай.

-Тэгэхээр гэр бүлийн маргаан бие, биенийхээ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээс эхлэлтэй гэж үү?

-Тухайн хүний зуршил гэр бүлийн үл ойлголцолд хамгийн их нөлөөлдөг. Архинд эсвэл ажилдаа донтчихсон. Зугаа цэнгэл хөөдөг. Зарим нь ажлаа бүхнээс тэргүүнд тавиад гэр бүлдээ цаг зарцуулдаггүйгээс маргаан үүсдэг. Үүнээс гадна сэтгэлзүйн нийцгүй байдал гэр бүлийн маргааны шалтгаан болдог. Нийцгүй байдлаа хоорондоо яаж зохицуулахаа мэдэхгүйгээс үл ойлголцол үүсч, бие биенээ хүлээн зөвшөөрч чадахаа больдог. Хоёр өөр орчинд өссөн хүмүүс өөртөө таарсан орчин бүрдүүлэх гээд байдаг. Мөн нөгөө хүнээ өөртөө нийцүүлэх гэж улайрснаас маргаан гарах жишээтэй. Нэг хүндээ бүрэн захирагдаад, нийцээд явна гэсэн ойлголт гэр бүлд хэзээ ч байх ёсгүй. Нөхөр хүн тийм л байх ёстой, эхнэр заавал хоол хийнэ гэсэн уламжлалт ойлголт байдаг. Гэрийн эзэн учраас мөнгө олох ёстой, мөнгө олоод ирж байгаа юм чинь гэр бүлийн дотоод асуудал хамаагүй, хүүхдээ эхнэр л өсгөх ёстой гэсэн хандлага ч бий. Энэ суурь итгэл үнэмшил гэр бүлийн харилцааг үгүйсгэдэг. Зарим нь эхнэрээ оройтоод ирэхээр “Би хоол хийх ёсгүй. Хүүхдүүд байхад хоолоо хийхгүй алга болчихлоо” гэх зэргээр уурлах жишээтэй. Хоёр хүн гэр бүл болоод амьдарсан л бол энэ чиний хийх ёстой зүйл, энэ минийх гэлтгүй харилцан ойлголцоод үүргээ биелүүлээд явах ёстой.

-Шүүхийн шатанд сэтгэл зүйн нийцгүй байдлыг нь оношилж, зөвлөгөө өгөхөөр хүмүүс хэрхэн хүлээн авдаг вэ?

-Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байгаа хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд. Тэд гэр бүл салах шалтгааныг үзэл бодлын зөрчил гэж үзсэн байдаг. Гэр бүлийн үнэлэмж, үнэ цэнэ, хувь хүний эрх чөлөө зэрэг ойлголтууд гэр бүлд хандах хандлагыг дэлхий дахинд өөрчилж байгаа. Залуус хувийнхаа эрх чөлөөг дээдэлж, гэр бүлээ хоёрдугаарт тавих нь ихэссэн. Гэр бүлийн үнэ цэнийг эд зүйлс эсвэл ямар нэгэн хүнтэй харьцуулаад буруу ойлголцох нь ихэссэн. Би үйлчлүүлэгчидтэйгээ уулзахдаа нэг тэргүүнд гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах гэж хичээдэг. Манайхан гэр бүлийг хос баганатай зүйрлүүлдэг нь учиртай. Хоёулаа тэнцүү ачаа үүрч, зүтгэх ёстой. Гэтэл нэг нь өөрийгөө илүү зүтгээд байна гэж үзэж, түүнийгээ дөвийлгөөд, нөгөөгөө үгүйсгээд байвал хос багана тэнцвэргүй болж эхэлнэ шүү дээ. Зарим гэр бүлд аав, ээж нь цаг ямагт тусалдаг. Санхүүгийн дэмжлэг үзүүлнэ, гэр орных нь ажлыг хийгээд өгчихдөг. Хосууд өөрсдөө асуудлаа шийдэхгүй болохоор харилцаа нь урагшлахгүй. Зөрчил гараад, ойлголцоод явахаар харилцаа нь өөрөө насанд хүрдэг. Гэтэл хүүхэд байх үе шигээ эцэг эхээсээ хамааралтай амьдарвал харилцаа нь сэтгэлзүйн хувьд насанд хүрч чадахгүй л дээ. Үүнээс үүдэлтэй гэр бүлийн маргаан маш их гардаг.

-Гэр бүлийн маргаанаар шүүхэд хандсан хүн бүрт зөвлөгөө өгөх боломж байдаг уу?

-Шүүхэд ажиллаж байгаа эвлэрүүлэн зуучлагчид маш их туршлагатай хүмүүс. Тэд мэдрэмжтэй ажилладаг учраас сэтгэлзүйн зөвлөгөө авсан гэр бүлийн тодорхой хувь нь эвлэрдэг. Гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй шүүхэд хандсан хүмүүстэй эвлэрүүлэн зуучлагчид ярилцаад сэтгэл зүйн зөвлөгөө шаардлагатайг мэдэрдэг. Сэтгэлзүйн зөвлөгөө шаардлагатай гэж үзсэн хүмүүстэй нь би уулзаж, ярилцдаг. Ер нь шүүх үйлчилгээний байгууллага. Алх цохиод гэр бүл салгах гэхээс илүүтэй хүний төлөө үйлчилж байгаа гэдэг утгаараа сэтгэл зүйч ажиллуулж, бодит харилцаа тогтоохыг зорьж ажилладаг. Тийм ч учраас эвлэрүүлэн зуучлагч ажиллаж, сэтгэлзүйч зөвлөгөө өгч байгаа юм. Миний ажлын тухайд эвлэрүүлэн зуучлагч зөвлөсний дагуу сэтгэлзүйн зөвлөгөө өгөөд үр дүнгийн талаарх тэмдэглэл хөтөлж өгдөг.

-Шүүхийн сэтгэл зүйч гэхээр иргэд хэр хүлээн авч байна вэ?

-Харьцангуй хүлээлттэй байдаг. Хэдийгээр салах өргөдөл гаргасан ч надад бас дутагдал байж болзошгүй гэдэг хандлагатай хүн олон бий. Гэр бүлийн маргаанд нэг нь 100 хувь буруутай байна гэж байдаггүй. Гэр бүлийн гишүүдтэй ярилцахаар өөрийнхөө дутагдлыг ойлгодог. Жишээлбэл, эрчүүд маргалдаад гэргийнхээ мөр рүү түлхсэнээ юман чинээ тоодоггүй. Гэтэл тэр нь эмэгтэй хүнд маш эмзэг тусчихсан байдаг. Эрэгтэй хүн сэтгэл хөдлөлд захирагддаггүй, логикийг харж амьдардаг. Гурван жилийн дараа манай амьдрал тийм болчихсон байна гэдгээс өнөөдрийнхөө харилцаанд анхаардаггүй. Гэтэл эмэгтэй хүнд мэдрэмж давамгайлдаг учраас нөхөр өнөөдөр өөртэй нь яаж харилцаж байгаад илүү анхаардаг. Энэ мэт сэтгэлгээний ялгаанаас үүдэлтэй маргаан гарч, шүүхэд хандсан тохиолдолд сэтгэлзүйч ажиллаад эвлэрүүлэх боломжтой.

-Бусад сэтгэлзүйчтэй харьцуулахад шүүхийн сэтгэлзүйчийн харилцаа, хандлага юугаараа ялгаатай вэ?

-Би гэр бүлийн маргаан дээр дагнаж ажиллаж байгаа. Нийгэмд нэг гэр бүл элэг бүтэн байх нь чухал учраас Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс сэтгэлзүйч ажиллуулж байгаа. Нэг гэр бүл саллаа гэхэд үр дагавар нь хэдэн жилийн дараа үр хүүхэд дээр нь гардаг. Аав ээж нь салсан хүмүүсийн хүүхдүүдийн талаас илүү нь гэмт хэрэгт холбогдсон судалгаа ч бий. Тэр нь эргээд шүүхэд ачаалал авчирна шүү дээ.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүх хамгийн түрүүнд хүн рүүгээ чиглэж ажилладаг болсны нэг илрэл нь гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа байдал. Шүүхэд хандасныхаа дараа эвлэрүүлэн зуучлагч, сэтгэлзүйчтэй уулзаад эвлэрч гэр бүлээ авч үлдсэн хүмүүс талархлаа илэрхийлдэг. Тэгэхдээ “Шүүх хүнд хүрч ажиллаж байна. Гэр бүлийн үнэ цэнийн төлөө байж болох бүхнийг хийж байна. Шүүхийн сэтгэлзүйч гэхээр арай өөр ойлголттой орж ирсэн нь буруу байж” гэж ярьдаг.

-Нэг гэр бүлтэй ажиллахад хэр хугацаа зарцуулдаг бол?

-Нэг удаа уулзахдаа нэгээс гурван цаг ярилцдаг. Давтамжийн хувьд хоёр, гурав түүнээс ч олон уулзах шаардлага гардаг. Харин зарим гэр бүлийн хувьд эхний удаад уулзаад эвлэрэх боломжгүй бол дахиж уулзах шаардлагагүй гэж үздэг. Тухайлбал, зан төлөвийн хурцдалтай, сэтгэцийн эмгэг өөрчлөлт рүү орж байгаа хүмүүсийн тухайд сэтгэлзүйн хувьд эхнэр, нөхөр хоёрыг тусгаарлуулах арга хэмжээ авдаг. Тийм гэр бүлийг тусгаарлахгүй бол хэсэг хугацааны дараа хүчирхийлэл үйлдэх, амь насанд нь заналхийлэх эрсдэлтэй. Арав, хорин жил ханиа өөрчлөгдөхийг хүлээж, тэвчээд, олон удаа уучилсан ч амьдрал нь өөрчлөгдөөгүй хүмүүс эцсийн шийдвэрээ шүүхэд хандахдаа хэдийнээ гаргачихсан байдаг. Мөн зан төлөвийн хурцадмал шинжүүдтэй, тэр нь сэтгэцийн эмгэг болоход ойртсон хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөх боломжгүй л дээ.

-Гэр бүлээ цуцлагсдын хүүхдүүдтэй нь уулздаг уу?

-Уулздаггүй. Цаашид асран хамгаалагч тогтоолгох маргаанд сэтгэлзүйч оролцох шаардлага байгаа. Практикаас харахад гэр бүл салахад хүүхдээ ихэвчлэн ээж нь авдаг. Гэтэл зарим тохиолдолд хүүхэд аав дээрээ байх нь илүү дээр байдаг. Тиймээс сэтгэлзүйч оролцож, үнэлгээ хийгээд, дүгнэлт гаргах шаардлагатай. Одоогоор дүүргийн дэргэдэх Хүүхэд залуучуудын газрын шинжээч дүгнэлт гаргаж байгаа. Цаашид орон нутагт ч шүүхэд сэтгэлзүйч ажиллах шаардлага байгаа.

Б.Цэцэгдэлгэр

Шүүхийн ерөнхий зөвлөл

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …