Том өмчлөлийн ард төгрөгийн ханш ингэж үнэгүйддэг

        Иргэд “ногоон” мөнгийг ирэх он гартал өснө гэсэн “айдастай” байна. Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөлөөс явуулсан судалгаагаар иргэдийн 62 хувь нь “энэ оны төгсгөл хүртэл өснө” гэж хариулсан бол “ирэх оны төгсгөл хүртэл өснө” гэж 26 хувь нь таамаглаад байна. Харин энэ өсөлтөд юу нөлөөлж байна вэ гэсэн асуултад иргэдийн дийлэнх нь “Зохиомол өсөлт” гэж хариулсан байна. Энэ бол тун таагүй хүлээлт… Тэгвэл төгрөгийн ам.доллартай харьцах ханш үргэлжлэн суларсаар байна. Үүний эсрэг талд монгол төгрөг түүхэндээ доод төвшнөө богино хугацаанд шинэчилсээр буй.

Сүүлийн хагас сарын хугацаанд л гэхэд монгол төгрөг гурван ч удаа түүхэн доод төвшнөө гурван удаа шинэчлэв. Он гарсаар төгрөгийн ханш 23 хувиар унасан бол жилийн өмнөхтэй харьцуулахад 26 хувиар хэмжигдэж байна. Харин 2013 оноос хойш төгрөгийн ханш бараг 80 орчим хувиар суларсан гэдгийг эдийн засагчид онцолсон. Үүнээс гадна дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш ойрын өдрүүдэд тасралтгүй чангарч байна. Ийм эгзэгтэй цаг үед Засгийн газар, Монголбанкны зүгээс гаднаас орж ирэх мөнгөн урсгалын хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа дуулгасан. Гэсэн хэдий ч үнэндээ энэ талын мэдээлэл дотоодын зах зээл дээр хомс байна. Хамгийн сүүлд БНХАУ-тай хийх хэлэлцээр Далай ламын айлчлал зэргээс шалтгаалж, эргэлзээ төрүүлж эхлээд буй. Бусад эх үүсвэрээс санхүүжилт татах хэлэлцээр яг ямар шатандаа явна вэ гэдэг нь бүр ч тодорхой бус. Энэ нь цаашлаад зах зээлд болгоомжлох хандлагыг төрүүлж байна.

Яг энэ цаг үед эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Валютын ханшийн огцом хэлбэлзэл, түүнийг тогтворжуулах арга замууд” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголбанкны ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл, Монголын хөрөнгийн зах зээлийн судлаач А.Мөнхцог нар оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Оролцогчид улстөрийн томоохон шийдвэрүүд “ногоон мөнгө”-ний өсөлтөд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг гэдэгтэй санал нэгдэж байв. Хувийн хэвшлийнхэн Засгийн газар, Монголбанкны авч хэрэгжүүлэх арга хэмжээ удаан гэж үзэж байгаа аж. Энэ байдлаас шалтгаалж, гадаад битгий хэл дотоодын хөрөнгө оруулагчид бизнесээ төлөвлөж чадахгүй хүнд нөхцөлд ажиллаж байна. Тиймээс бизнес эрхлэгчдийн зүгээс Засгийн газар, Монголбанк зах зээлд нөлөөлөх оновчтой шийдвэр, арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байгаа ажээ. Тэгвэл цаашдаа савалт үүсвэл хязгаарлах нөөц боломж Монголбанкинд байгаа талаар ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл энэ үеэр онцолж байв. Тэрбээр “Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар Монголбанкны валютын нөөц нэг тэрбум ам.доллар байна. Цаашдаа ханшийн огцом өсөлт гарахад интервенц хийх замаар богино хугацааны зохицуулалтыг хийгээд явна. Ам.долларын нөөцөөс зах зээл рүү орж байгаа ч алт тушаалтаас эргүүлээд нөөцөө бүрдүүлдэг. Тэгэхээр валютын нөөц богино хугацааны өсөлтөд шавхагдах эрсдэл байдаггүй” гэж ярив. Харин МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав “Энэ нөхцөлд валютын зээлтэй иргэд зээлийнхээ хүү болон үндсэн төлөлтийг хэд дахин нугалж төлж байна. “Өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан валютын зээлтэй аж ахуйн нэгжийн зээлийн гэрээ хэлцлийг эргэн харж, хэн хэндээ ашигтай байдлаар зохицуулах уриалгыг танхимаас гаргасан. Үүний дагуу төрөөс болон Монголбанкны зүгээс үр дүнтэй арга хэмжээ авахыг бид хүлээж байна. Цаашид төр засаг том өмчийн худалдаагаа ил тод явуулах хэрэгтэй. Том өмчлөлийн хэлбэр нууц явснаас төгрөгийн ханш ийм байдалд хүрсэн. Ирэх онд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсантай тэнцэх хэмжээний мөнгийг Хөгжлийн банк төлнө. Энэ үед дахин ханшид савлагаа үүсэхийг үгүйсгэхгүй” гэсэн юм. Харин сэтгүүлчид ханшийн өсөлт хяналтаас гарч, нөхцөл байдал өдөр ирэх бүр хүндэрч байхад Монголбанкнаас авч буй арга хэмжээ богино хугацаанд үр дүнгээ өгөхгүй байх магадлалтайг анхааруулсан байв. Ингээд талуудын байр суурийг хүргэе.

Б.Түмэнцэнгэл: ЗАХ ЗЭЭЛД ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ҮҮССЭНЭЭС ХАНШ ӨССӨН

/Монголбанкны ахлах эдийн засаг/

-Ханшийн савлагаанд гурван шалтгаан бий. Уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай байгаа нь хамгийн эхэнд нөлөөлсөн. Хоёрт, дэд бүтцийн сул хөгжил. Зах зээлд хэн хэдий хэмжээний ам.доллар зарж, хэн хэдийг авах нь илүү тодорхойгүй байна. Зах зээлд тодорхойгүй байдал үүссэнээс ханш өсч байна. Монголбанк ирэх жил ханшийн платформыг шинэчлэх, валютын зах зээлийг тодорхой нээлттэй болгоход чиглэн ажиллана. Манай улсын төлбөрийн тэнцэл 2013 оноос алдагдалтай гарч байгаа. 2016 оны эхний хагаст 700 сая ам.долларын эх үүсвэр орж ирсэн ч эргээд 500 орчим ам.доллар гарсан нь ханшид огцом нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Богино хугацаанд ханшийн хүлээлт эерэг хандлагатай байна. Учир нь, энэ долоо хоногоос ам.долларын ханшийн өсөлт саарах төлөв ажиглагдаж байгаа. Цаашдаа Засгийн газар болон Монголбанкны олон улсын байгууллагуудтай хийж буй гэрээ хэлэлцээрийн үр дүнгээс хамаарч урт хугацаандаа ханш тогтворжих боломжтой. Үүнээс гадна ханшийн алдагдал хүлээж байгаа аж ахуйн нэгжүүд болон банкны валютын зээлийн асуудалд Монголбанк шууд оролцох боломжгүй.

Б.ЛХАГВАЖАВ: 483 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ЯАГААД ТӨЛЖ БОЛООГҮЙ ЮМ БЭ

/Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч/

Төгрөгийн ханшийн сулралд хоёр хүчийн зүйл нөлөөлсөн гэж харж байгаа. Өмнөх Засгийн сонгуулийн өмнөх амлалт буюу иргэдийн хувьцааг худалдан авч байна гэх нэрээр 300 мянган төгрөг тараахад зориулж 1.5 их наяд төгрөгийг хэвлэсэн. Үүний нөлөөгөөр долларын ханш 3000 төгрөгт тулж ирсэн. Үүний дараа “Эрдэнэт”-ийн том наймаа ханшид шууд нөлөөлсөн. 100 хувь Монголын эзэмшилд ирсэн нь гайхамшигтай үйл явдал болсон хэдий ч нөгөө талд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авалт Монголын зах зээлээс 483 сая ам.доллар бэлнээр долоо хоногийн хугацаатай гаргаж, ОХУ-ын компанид төлсөн. Энэ худалдааг хийхэд яагаад мэргэжлийн байгууллагууд нь оролцсонгүй вэ, Төв банк ийм хэмжээний эх үүсвэр зах зээлээс гарч байхад яагаад чимээгүй байсан бэ гэх зэрэг олон асуудал бий. Энэ өр төлбөрийг ийм богино хугацаанд заавал нэг дор төлөх ёстой байв гэдэг өөрөө их чухал. Энэ талаар хэн ч хөндөж ярихгүй байна. Яагаад 3-4 жилийн хугацаатайгаар цувуулж төлж болоогүй юм бэ. Энэ бүхэнд Монголбанк болон эрх баригчид хариулах ёстой гэж байна.

А.МӨНХЦОГ: ЗАХ ЗЭЭЛД ХӨӨС ҮҮССЭН

/Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөлийн судлаач/

-Манай байгууллагаас явуулсан судалгаагаар иргэдийн дийлэнх нь ирэх хавар хүртэл ам.долларын ханш өндөр хэвээр байгаа. Энэ нь зохиомол өсөлт гэж хариулж байна. Үүнээс дүгнэхэд иргэдийн дунд ам.долларын ханш цаашдаа өснө гэсэн хүлээлт давамгайлж байна. Хүлээлтээс үүдэж долларын эрэлт нэмэгдэж зах зээлийн ханшид хөөс үүссэн байдал ч анзаарагдсан. Мөн Далай ламыг манай улсад айлчилсантай холбогдуулан гэрээ хэлэлцээр үргэлжлэх болов уу, яах бол гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Миний харж буйгаар энэ тийм ноцтой нөлөөлөл үзүүлэхгүй. Өмнөд хөршийн зүгээс далай ламтай холбоотой ийм байр суурийг өмнө нь илэрхийлж байсан. Тэгэхээр энэ тал дээр санаа зовох шаардлагагүй гэж бодож байна.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …