Галдан бошигт хошуудын цэргийг авч Зүүнгарт орж ирэхэд Сэнгэд үнэнч үлдсэн дайчид болон Алдар хошууч, Данзан тайж, Дайчин-Омба зэрэг ноёд түүнийг дэмжижээ. Галдангийн цэрэг Эрчис мөрний хавьд шивээлж ахууд Сэнгийн дараа ойрадын хунтайж болсон Цэцэн тайжийн өргөө Эмээд голын хөвөөнд байлаа. Эхний тулалдаанд Галдангийнхан ялагдсан боловч Хар нуурын орчим болсон дараагийн тулалдаанд шийдвэрлэх ялалт байгуулжээ. Цэцэн хунтайжийг дэмжиж байсан ойрадын том лам нар энэ ялалтын дараа Галдангийн талд орсон нь Зүүнгарын дотоод улс төрийн байдлыг түүнд ашигтайгаар эргүүллээ. Ийнхүү Ойрадын лам хуврагуудтай тогтоосон Галдангийн хувийн харилцаа нь хунтайжийн орыг булаалдсан тэмцэлд ялахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Ялагдсан бүлгийн тэргүүн Зотов баатар цөөн хүмүүс дагуулан Зүүнгараас зулбан гарч Хөх нуурын зүгт зугтжээ. Гэвч Зүүнгарын улсад амар амгалан, тайван байдал удаан үргэлжилсэнгүй. Сэнгэ агсны хүүхдүүд авга ах Галдантай эрх мэдэл булаалдан өрсөлдөж, түүний эсрэг тэмцэлдэн босов. Энэ тэмцэлд Сэнгийн нэг хүү Сономравдан амиа алдаж, нөгөөх Цэвээнравдан нь гэр бүл, өөрийн албатаа дагуулан Турфан уруу зугтан гарсанаар авга ах, зээ нарын хоорондын тэмцэл Галдан ашигтайгаар төгслөө.
Үргэлжлэлийг Монголын дипломатын нэвтэрхий толь бичгээс уншина уу