Уул уурхайн томоохон ордуудаа хөдөлгөснөөр эдийн засгийн хүндрэлээс гарна гэдгийг эрх баригчид тодотгож байгаа билээ. Харин иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс тавантолгой” компанийн хуримтлагдсан алдагдал 453 тэрбум төгрөгт хүрч, 822 тэрбум төгрөгийн өр үүссэн байна.
“Эрдэнэс тавантолгой”-н өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашдаа хэрхэн явах талаарх судалгааг Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар хийж, Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг, хуульч Б.Баяр нар энэ тухай “Туушин” зочид буудлын хурлын танхимд сэтгүүлчдэд танилцууллаа.
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” АЛДАГДАЛ 453 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ, 822 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ҮҮССЭН
Уул уурхайн инженер, эдийн засагч, эксперт Л.Наранбаатар:
-Эрдэнэс Тавантолгой компани 2010 онд үүсгэн байгуулагдсан. 2011 оноос эхлэн нүүрсээ олборлож эхэлсэн юм. Төрийн өмчит эл компани 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар үйл ажиллагаа явуулсан 6 жилийн хугацаанд 24.2 сая тонн сайн чанарын коксжих нүүрс олборлож, уурхайн амаараа борлуулжээ. Тодруулбал 100 тоннын даацтай 242 машин нүүрс гаргаж, нийт 13.6 сая портер дүүргэх хэмжээний газар шорооны ажил хийсэн байна. Ийнхүү 24.2 сая тонн коксжих нүүрс олборлож, борлуулсан ч байнга алдагдалтай ажиллаж иржээ. Өнөөдрийн байдлаар хуримтлагдсан алдагдал нь нийт 453 тэрбум төгрөгт хүрээд байна. Алдагдал хүлээсний гол шалтгаан нь 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зардал гаргасанд байгаа юм. Нийт алдагдлыг хувьцаагаар үнэлбэл нэгж бүрийн үнийг сая төгрөгөөр тооцоход 453 мянган иргэний хувьцааг идчихлээ гэсэн үг. Тус компанийн менежмент нүүрсний үнэ өсөхөд зардлаа нэмдэг, үнэ буурахад зардлаа танах системээр явж иржээ. Өөрөөр хэлбэл жил бүрийн зардал нь орлогоосоо давсан үзүүлэлттэй байна.
Тавантолгойн бүс нутагт өнөөдөр 100 хувийн төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” компани, хувийн өмчит “Энержи ресурс”, орон нутгийн өмчит Тавантолгой компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” сүүлийн хоёр жилд нэг метр куб уулын цулыг 13600-14200 төгрөгийн өртөгөөр олборложээ. Үүнийг зэргэлдээх компаниудтай харьцуулбал “Энержи ресурс”-ээс нэг дахин илүү буюу 106 хувийн илүү зардлаар, “Тавантолгой”-гоос 36 хувиар өндөр үнээр олборлолт явуулж байна.
Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н Чалкогийн өр нийт өрийн зөвхөн наймны нэг хувийг эзэлж байгаа. Тус компанийн дийлэнхи өр нь Хөгжлийн банкны өр төлбөр юм. Хөгжлийн банкны зээлийн хүүтэй нийлээд 587 тэрбум төгрөгт хүрсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н тус банкны нийт өрийн 71 хувийг эзэлж байна. Эндээс дүгнэхэд “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаараа Чалкогийн өрийг ерөөсөө төлөөгүй. Тодруулбал Чингис бондын мөнгөөр Хөгжлийн банкнаас зээл хэлбэрээр авч “Чалко”-гийн өрийг төлсөн нь харагдаж буй юм .
2015 онд “Чалко”-д төлөх өр 100 сая ам. доллар байсан бол 2016 оны эцсээр 76 сая ам.доллар болж буурсан. Нөгөө талаар гэрээт олборлолт хийж байгаа ТТJVCO хятадын компанид төлөх өр нь 26 сая ам. доллар болсон байна. Ингэснээр Хятадын талд төлөх нийт өр 102 сая ам. доллар боллоо. 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай ТТJVCO гэрээт олборлолтын компани Чалкотой яг адил бага үнээр 25-30 ам.доллараар бэлэн нүүрс худалдан авч цааш борлуулж байна. Мөн 34 тэрбум төгрөгийн татварын өртэй Саусгоби Сэндс компани ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Эрдэнэс Тавантолгой”-д гэрээт олборлогчоор орсон. 2016 оны эцсээр “Саусгоби Сэндс” компанид төлөх өр 5.1 тэрбум төгрөг болжээ. Гэтэл өр төлүүлэх “Саусгоби Сэндс” “Эрдэнэс Тавантолгой”-гоос өр нэхдэг компани болж хувирсан. Ийм өрийн гинжин хэлхээнд орсон нь “Эрдэнэс Тавантолгой” менежментгүй яваагийн нэг илрэл юм. Сонирхолтой нь “Саусгоби Сэндс”, ТТJVCO, “Чалко” бол хятадын компаниуд. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-г хятадад өгөх гэж байна хэмээн ярьдаг. Яг үнэндээ тус компанийн бүх менежмент, тээвэрлэлт, борлуулалт Хятадын гарт орсон байгааг олон нийт анхаарах цаг нь болжээ” хэмээн ярилаа.
1072 ХУВЬЦАА, МӨНГӨӨ АВЧ ЧАДАЛГҮЙ БУРХАН БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ЯАХ ЁСТОЙ ВЭ?
Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг:
“Эрдэнэставантолгой”-н компанийн удирдлагууд дур мэдэн иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж тэдэнд эрх мэдэл өгөхгүй байгаа нь өрөөсгөл юм. Хоёрдугаарт тухайн компани дээр бидний хэлдгээр шахааны бизнес яаж цэцэглэж байгааг та бүхэн харж байгаа байх. Өөр нэгэн компани 20 ам. доллараар нүүрсийг олборлоход бидний хувьцаа эзэмшиж буй компани 80 ам.доллараар олборлож, гарч буй алдагдлыг ард түмэн болон төрдөө үүрүүлж байна. Тиймээс санхүүгийн тайлан тоцоог сар сараар нь хянах хэрэгтэй.
2011 онд сая төгрөг байсан хувьцаа өнөөдөр сая төгрөгийн үнэд хүрэх үү гээд асуудал үүсч байна. Тэр үеийн сая төгрөгийг эдийн засгийн үүднээс нь авч үзвэл өнөөдрийн сая төгрөгтэй тэнцэж чадах уу. Эдийн засгийн өгөөжийг тооцвол маш их зүйл алдсан. Улс төрчдийн буруу шийдвэрээс болж хувьцаа эзэмшигчид, аж ахуйн нэгжүүд, улс орон 6 жилийн дараа ямар их хохирол амсах хэмжээнд хүрэв гэдгийг “Эрдэнэс Тавантолгой”-гоос харж болохоор байна. Түүнчлэн дээрх 6 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигч хувьцаа, мөнгөө авч чадалгүй бурхан болсон хүмүүсийг яах ёстой вэ. Тэдний шилжүүлэх, худалдах, захиран зарцуулах эрхийг боогдуулж байна гээд эдийн засгийн талаас нь авч үзвэл маш олон асуудлууд үүснэ.
Зарим нэг асуудал дээр АТГ, шүүх прокуроруудын байгууллагууд оролцож иргэний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж байна. Ard.mn цахим хуудсаар нэвтэрч мэдээллээ оруулбал бид цахим хэлбэрээр гарын үсэг цуглуулан Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, “Эрдэнэс тавантолгой” компанид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгдөг яам агентлагуудад бичиг хүргүүлэх замаар жижиг хувьцаа эзэмшгчид нийлж эрхээ хамгаалах акцыг эхлүүлж буйгаа албан ёсоор зарлаж байна.” хэмээв.
НҮҮРСЭЭ БАЯЖУУЛААГҮЙГЭЭС БОЛЖ ТОНН ТУТАМД 90 АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭВ
Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг өнгөрсөн хугацаанд ашигтай ажиллуулах боломж байсан уу гэсэн асуултад, “Төмөр зам тавьсан бол зардал буурах байсан. Нүүрсээ түүхийгээр биш баяжуулаад зарсан бол 30 биш 120 ам. доллар олох боломж байлаа. Хөрөнгө оруулалт нь 8 жил гацаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 25-30 ам. доллараар 10 сая тонн нүүрсийг түүхийгээр нь гаргажээ. Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 200-300 ам. доллар байна. Нүүрсээ баяжуулахгүй зарснаас болж тонн тутамд 90 ам.долларын алдагдал хүлээв. 10 саяыг 90 ам. доллараар үржүүлвэл 900 сая ам.доллар болно. Зөвхөн орлогоор нь үнэлэхэд ийм тоо гарч байна. Цаана нь ашгийн татварыг тооцвол 150 сая ам.доллар гарч ирнэ. Биднээс хулгайлж ийм муу менежментээр зардлыг өсгөж, орлогыг нь багасгасан луйврыг монголын ард түмэн хүлээн зөвшөөрөөд хүлцэнгүй хандаж байгаа нь харамсалтай. Хуулинд хувьцаа эзэмшигчийн тоо 50-аас дээш гарсан бол Хөрөнгийн биржээр чөлөөтэй арилжаална гэж заасан. Уул уурхайн асуудлыг зохицуулсан хуулиар стратегийн ордын 10 хувийг Хөрөнгийн бирж дээр иргэдэд арилжина гэж заасан. Мөн тухайн компани 4 сарын аудитын тайлангаа хувьцаа эзэмшигчиддээ зарлаж хурлаа хийх үүрэгтэй. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсан цагаасаа хойш хуулийн дагуу хурлаа хийсэнгүй. Тус компанид хэдий хэмжээний хэдэн ширхэг хувьцаа байгааг, ТУЗ-д хэний томилгоогоор ямар хүмүүс бидний өмнөөс шийдвэр гаргаж байгааг мэдэхгүй сууна. Энэ бол аль нэг намын асуудал биш. 80-аас дээш хувийг эзэмшиж байгаа Засгийн газар, 20 хүртэлх хувийг эзэшиж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн асуудал юм. Энэ алдагдалтай менежментийг хөхиүлэн дэмжиж буй улс төрчдийг хамгийн түрүүнд шалгах ёстой” гэлээ.
Хуульч Б.Баяр “ Улс төрчид ногдол ашгийн тухай ярьсаар ирсэн. 1072 хувьцаа эзэмшүүлсэн шүү гэж худлаа яриад өнөөдрийг хүрлээ. Гэтэл амьдрал дээр өөр дүр зүр зураг бууж байгааг та бүхэн сая харлаа. Тиймээс бид Засгийн газарт хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг боогдуулсан тогтоолдоо өөрчлөлт оруулж өгөхийг хүсч байна. Хэрэв заасан хугацаанд биелүүлэхгүй бол захиргааны хэргийн шүүхэд хандана. Мөн “Эрднэс Тавантолгой” компанийн удирдлагуудад хандан дүрмэндээ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан өөрчлөлт оруулж өгөхийг албан ёсоор хүснэ хэмээн төгсгөлд нь онцоллоо.
“Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг эргэн санавал, “ Тус компани нийт 15 тэрбум төгрөгийн хувьцаатай. Засгийн газрын 2016 оны 344 дүгээр шийдвэрээр хувьцааг иргэдэд жигд олгох шийдвэр гарсан бөгөөд нэг бүрийн үнийг 933 төгрөгөөр тооцож үүний 30 хувийг борлуулсан. 1072 хувьцааг эзэмшиж байгаагаараа иргэд хоёр замаар ашиг хүртэж болохыг эдийн засагчид онцолдог. Эхний хувилбар нь ногдол ашиг хүртэх бол хоёр дахь нь хувьцааны үнийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой юм.
Б.Заяа
Эх сурвалж: montsame.mn