Э.Бат-Үүл юунд сандрав?

С.Зоригийн аллагын хэргийг шүүснээс хойш Э.Бат-Үүл сураг алдарсан. Нийслэлийн АН-ын дарга хэрнээ АН-ын  даргын сунгааны үеэр ч үзэгдээгүй.
Гэтэл Цагаан сарын битүүний урьд шөнө буюу хоёрдугаар 24-ний үдэш цахим сүлжээгээр гэнэтийн мэдэгдэл хийгээд гарч ирсэн юм. Тодруулбал, 24-ний шөнийн 24 цагтай уралдан Youtube.com-д Э.Бат-Үүлийн мэдэгдэл байршсан. Түүнийг ийн мэдэгдэл гаргахад хүргэсэн шалтгаан нь фейсбүүкийн хоёр ч хаяг дээр Э.Бат-Үүлийг цагдан хорилоо гэсэн мэдээлэл гарчээ.
Тэрээр 2:15 минутын бичлэг бүхий мэдэгдэлдээ “…Миний хүү Чулуудайг 480 тэрбум төгрөг хууль бусаар олж авсан болон Бат-Үүлийг цагдан хорилоо гэх мэдээллийг нэр бүхий хэд хэдэн фэйсбүүк хуудсаар дамжуулан тараасан байна. Мэдээж энэхүү мэдээллийг улс төрийн ямар нэг зорилгоор тарааж байгаа нь илт. Тиймээс эдгээр мэдээллийг тарааж байгаа цаад эзнийг нь олж, нэр төрөө сэргээлгэх ёстой гэж бодож байна” гэсэн юм. Үүнийхээ дагуу “Танхай эмээ” хэмээх хаяг бүхий пейж хуудсыг шүүхэд өгснөө мэдэгдсэн байна.
Улмаар Э.Бат-Үүл гуравдугаар сарын 2 буюу шинийн 4-нд болсон намынхаа золголт дээр “Би намын дотоодод явагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө” хэмээн мэдэгдэв.
Э.Бат-Үүлийн ийн дараалсан мэдэгдлүүдийг гаргаж, сандралд орсон нь зүгээр ч нэг албан тушаалын төлөөх хөдөлгөөн биш ажээ.
Эх сурвалжийн мэдээллээр Э.Бат-Үүл Хотын даргаар ажиллаж байхдаа өөрийн хүү Б.Чулуудайгийнхаа компанид хэдэн тэрбум төгрөгийн тендерийн ажлыг хууль бусаар авч өгсөн байж болзошгүй хэргээр АТГ-т шалгуулаад эхэлсэн сурагтай. Энэ л түүний ингэтлээ гэнэт олны өмнө гарч ирсний шалтгаан бололтой.
Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудайтай холбоотой асуудал шинэ юм биш. Одоогоос хоёр жилийн өмнө нийгэм даяар шуугиан тарьж байсан мэдээлэл  ажээ. Тодруулбал, 2015 оны аравдугаар сарын 14-нд тухайн үед НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан, одоогийн МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ талаар ярьж, тус намын бүлэг Э.Бат-үүлийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргаж байв.
Тухайн үед Д.Амарбаясгалан “…Өнөөдөр хотын даргаар ажиллаж байгаа энэ хүн өөрийнхөө хүүгийн компанид 5.1 тэрбум төгрөгийн тендер өгчихөөд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ. Шударга ёс байдаг л юм бол хариуцлага хүлээх ёстой. Хотын даргын 2013 тавдугаар сарын 29-ны өдөр хүүгийнхээ “Грандлайн” компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр баталсугай гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй бичиг байна. Яагаад бид энийг бариад байна вэ гэвэл 2013 онд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа хотын дарга маань “Грандлайн” компанийг огт дурдаагүй байдаг. Хүүгийнхээ бизнес гээд тэр хэсэг дээрээ “Сонор” рекордс гэж л бичсэн.
Энэ бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх хангалттай үндэслэл. Үүн дээр нь зарим хууль хяналтын байгууллагууд асуудал үүсгэдэггүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд сууж байдаг нь өнөөдөр шударга бус зүйл юм. Тийм учраас бид энэ асуудлыг эцэст нь тултал явна. Энэ үйлдлээ өнөөдрийн “Өдрийн сонин” дээр хүлээн зөвшөөрөөд ярьчихсан байна” гэж ярьж байжээ. Мөн 2015 оны аравдугаар сарын 13-нд   Н.Батсүмбэрэл, Б.Ганхуяг, Жаргалсайхан тэргүүтэй иргэдийн төлөөлөл Э.Бат-Үүлийг шалгуулахаар АТГ-т хандсан юм.
Тэд ярихдаа “…Түүний хүүгийн нэр дээрх “Грандлайн” компани нь хотоос зарласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 5,1 тэрбум төгрөгийн тендерийг авсан байна. Энэ нь хууль ёсны байна уу, үгүй юу гэдгийг шалгуулах нь зүйтэй. Улсын баатар улс дотор улс үүсгэж өөрийн хүссэн бүхнээ хийж хэрэгжүүлж байгаа нь иргэдийн бухидлыг төрүүлсээр байна. Аав нь хотын дарга болоод хүүхдийнхээ хувийн компанид төрийн тендерийг авч өгдөг байж таарахгүй” гэж байлаа.
Ийн Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайгийнхаа компанид тендер өгсөн хэргээр шалгуулж байж тун болзошгүй байна. Түүнчлэн түүний ийнхүү сонгуульд нэр дэвшихээр мэдэгдэл хийсэн нь хуулийн байгууллагад шалгуулж байгаа асуудлаас олны анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн нэг арга уу, эсвэл..?
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …