Энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудын талаар хэн, юу хэлснийг хүргэж байна.
/УИХ-ын гишүүн асан/
Ардчилсан намд өрнөж байгаа дотоод сонгуультай холбоотой асуудлаар тус намын гишүүн Ц.Оюунгэрэл байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Нам дотроо дүрэм гаргасан ч Улс төрийн намын тухай хуульд захирагддаг. Тэр нь улс төрийн нам дүрмээ Улсын дээд шүүх /УДШ/-д бүртгүүлснээр үйлчлэл нь эхлэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Ардчилсан намын шинэ дүрмийг УДШ-д бүртгүүлээгүй байгаа. Ийм байхад Үндэсний бодлогын хороо байгуулагдах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, байгуулагдаагүй байгууллагын хэрэгжиж эхлээгүй байгаа эрх мэдлийг Дотоод сонгуулийн хороо гэдэг байгууллага урьдчилж хэрэгжүүлэн, эрх мэдлээ хэтрүүлж, тоо тогтоосон нь хууль зөрчиж байгаа хэрэг. Дотоод сонгуулийн хороо сонгуулиа яаж зохион байгуулах ёстой бэ гэхээр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуучин дүрмээрээ татвар, дэнчинг тогтоох ёстой байсан. Баталгаажсан, гарын үсэг зурсан, дүрэмд заасан цорын ганц тоо бол тэр. Өөр ямарваа нэг тоог тогтоолоор баталгаажуулсан тоо намд байхгүй.
Хуучин дүрмээр хамгийн өндөр босго нь нэг сая төгрөг байсан. Тэр нь Үндэсний зөвлөлдөх хороонд өрсөлдөхөд төлдөг татвар юм. Аймгийн Ардчилсан намын хороонд өрсөлдөх бол 60 мянган төгрөг төлнө. Гэтэл өнөөдөр Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх бол хураамж, дэнчин нь тус бүр гурван сая төгрөг гэж байна.
Аймгийн Ардчилсан намын хороонд өрсөлдөхөд 750 мянган төгрөг төлөх болж байгаа. Ийм учраас бүх зүйлийг дүрэмд нийцүүлээч ээ гэдэг шаардлагыг намын дарга С.Эрдэнэд тавилаа. Үүнийг дүрэмд эргэж нийцүүлэхэд хугацаа хэрэгтэй учраас дотоод сонгуулийн санал хураалтыг хойшлуулж өгөх шаардлага тавьсан. Намаас гаргасан мэдэгдлийг харсан. Намын дарга гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж байж мэдэгдэл гаргах ёстой. Улс төрийн мэдэгдэл бол хамт олны хүчээр гарах ёстой.
Гэтэл Гүйцэтгэх зөвлөл хуралдаагүй, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд хурлын зар өгөөгүй байгаа. Тэгэхээр тэр мэдэгдэл нэг юм уу, хоёр хүний ганцаарчилж хийсэн мэдэгдэл гэж үзэхэд хүргэсэн. Нөгөө талдаа шинэ дүрмээр Ардчилсан намын ерөнхий зөвлөл хуралдаад шийдвэр гаргав уу гээд хөөхөөр бас хуралдаагүй байгаа. Намыг өмнө нь намын бүх гишүүд санхүүжүүлсээр ирсэн. Гишүүд татвараа төлсөөр ирсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг төв намын дансанд хураадаггүй, үүрүүдэд хураадаг байсан.
Одоо тэгтэл зөвхөн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг зурдаг дансанд л татвараа хийхгүй бол бүртгэхгүй гэдэг хатуу шаардлага тавьж байгаа нь орон нутгийн гишүүдэд маш их саад учруулж байна шүү дээ. Ингэснээр орон нутгийн гишүүд намаа санхүүжүүлэх боломжгүй болсон. Хоёр дахь асуудал бол хуучин бүх гишүүд төлж дийлэхүйц татвартай байсан. Хамгийн өндөр татвар нэг сая төгрөг байсан. Түүнээс доош 60 мянга, 15 мянга, 1,200 төгрөгийн татвартай. Ийм учраас гишүүн бүр уухайлаад татвараа төлдөг.
Өнөөдөр харин хүн дийлэхийн аргагүй татвар тогтоолоо. Хэн 90 сая төгрөг төлж, нийслэлийн намын даргад өрсөлдөх юм бэ. Хүн дийлэхийн аргагүй татвар тавина гэдэг ёстой цөөхөн хүний гарт намыг оруулна. Намын шинэ удирдлага чадамжгүй байна. Намаа зөв аваад явчих, дүрмийн дагуу аваад явчих, эв нэгдэлтэй аваад явчих тийм хэмжээний чадавх харагдахгүй байна, одоогоор. Энэ бол чадамжийн л асуудал. Удирдах чадвар гэдэг ширүүн дуугарснаар бий болдог зүйл биш. Илүү атаман байснаар удирдагч болдог юм биш. Удирдагч хүн бол дүрмийн дагуу шударгаар ажиллаж, эвтэй нэгдэлтэй ажиллуулах чадамжийг л хэлдэг. Шударга байх тусмаа ажил илүү хурдан явдаг. Шударга бус болоод ирэхээр ажил гацдаг. Намын удирдлага шударга биш байна, түүнээс болж ажил гацаж байна” хэмээжээ.
С.ЭРДЭНЭ: ДЭЭД ШҮҮХ БҮРТГЭЖ АВАХГҮЙ БАЙЛАА ГЭЭД ХОЁР ЗААЛТ Л ӨӨРЧЛӨГДӨНӨ
/УИХ-ын гишүүн, АН-ын дарга/
Улсын дээд шүүх Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгээгүйтэй холбогдуулж, тус намын дарга С.Эрдэнэ энэ сарын 15- нд хэвлэлийн бага хурал зарласан билээ. Тэрбээр энэ үеэрээ “Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг зургаан хоногийн турш 21 аймаг, есөн дүүрэгт салбар хорооны хуралдаанаар, зүйл нэг бүрээр хэлэлцсэн. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд Улсын Дээд Шүүх дээр намын дүрмийн шинэчилсэн өөрчлөлтийг бүртгэхгүй байлаа гэхэд хоёр л зүйл өөрчлөгдөнө.
Нэгдүгээрт, Үндэсний бодлогын хороо гэх нэршил хуучнаараа Үндэсний зөвлөлдөх хороо болно.Хоёрдугаарт, намын дарга болон бүх шатны дарга нарыг нийт гишүүдийн саналаар биш ҮЗХ-ний саналаар сонгодог болно. Хэрвээ бүр батлахгүй дээрээ тулбал нийт гишүүдээрээ сонгоод, салбар хуралдаанаар баталгаажуулдаг л болно.
Дэнчингийн хувьд Үндэсний бодлогын хорооны гишүүний гурван сая төгрөг, Нийслэлийн Ардчилсан Намын даргын сонгуульд өрсөлдөх 90 сая төгрөг, дүүргийн намын даргын 20 сая төгрөг, аймгийн намын даргын 15 сая төгрөг бол хуучин дүрэмд тусгагдсан асуудал. Хуучин дүрэмд дэнчингийн хэмжээг Дотоод сонгуулийн хороо батална гэж заасан байдаг. Үйл явдал яг ингэж өрнөж байгаа” гэж мэдэгдсэн юм.
Мөн тэрбээр “Дээд шүүх Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхгүй байлаа гээд дотоод сонгуулийн тов хойшлохгүй бөгөөд бүх шатны дарга нарыг намын даргын сонгууль шиг сунгаагаар өрсөлдүүлж сонгоно” гээд АН-ын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болно гэдгийг сануулсан юм.
Ж.БОЛД: МОНГОЛД УРГАДАГ МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН УРГАМЛЫГ УСТГАХ АЖИЛ ЗОГССОНООС ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨССӨН
/Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа/
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран Хууль зүй дотоод хэргийн яаманд өчигдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн үед мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хэрэглээ, нэр төрөл олширч, хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгчийн давхарга, сүлжээ бий болж, дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэдийн нас улам залуужиж байгааг цагдаагийн байгууллагаас гаргасан гэмт хэргийн судалгаагаар тодорхойлжээ.
Нөхцөл байдлыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 84 дүгээр тушаалаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”- ийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газрын тогтоолоор батлуулсан байна.
Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Ж.Болд “Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист холбогдох гэмт хэргийн тоон үзүүлэлт маш их хэмжээгээр өсч байна. Энэ төрлийн гэмт хэргийн ял шийтгэлийн хувьд тэнсэнгээс эхлэн хамгийн дээд хэмжээ нь 25 жилээр хорьдог. Цагдаагийн байгууллагаас илрүүлсэн хэргүүд дээр хийсэн судалгаа байдаг.
Насжилтын хувьд 2015 онд 79 энэ гэмт хэрэг илрүүлснээс насанд хүрээгүй 10 хүн, 2016 онд насанд хүрээгүй зургаан хүн гэмт хэрэгт холбогдон, шалгагдсан байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар 15 мянга орчим га газарт энэ төрлийн ургамал ургадгийг тодорхойлсон. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс устгах ажлыг 2013-2015 онд гурван жил дараалан зохион байгуулсан. 2016 онд төсөвгүйгээс болж ажил зогссон учраас энэ гэмт хэргийн тоо өссөн.
Устгалын хувьд гар аргаар үндсээр нь түүх болон химийн бодис цацаж устгах гэсэн хоёр төрлийн арга байна” хэмээн тайлбарлалаа. Дашрамд дурдахад, “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2017-2019, 2019- 2021 оны хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр уг гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд тус тус ахиц гарна албаныхан үзэж байгаа ажээ.
Н.НАРАНГЭРЭЛ: АГААР БОХИРДУУЛБАЛ 700 МЯНГААС 1.2 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
/НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч/
НМХГ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авч эхэлжээ. Энэ талаар Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэл хэлэхдээ “Хотын зургаан дүүрэгт агаар бохирдуулах эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй харуулын байр, авто засвар, угаалгын газар, тосол зардаг ТҮЦ, үйлдвэр гэх мэтчилэн үйлчилгээ эрхэлж буй 1962 аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийлээ. 1,524 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн.
Илэрсэн зөрчлийн улмаас 5.6 сая төгрөгийн торгууль ногдуулж, 78 объектод цахилгаан халаагуур тавиулж, зургаан объектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиуллаа. Дугуй, хуванцар зэрэг төрөл бүрийн хог хаягдал шатааснаас болж диоксин, фуран хий байдлаар ялгарч агаарыг их хэмжээгээр бохирдуулдаг. Шаардлагын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол Агаарын тухай хуульд заасны дагуу иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг 4-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах, газар эзэмших эрхийг цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээ авна.
Хүн амын оршин суугаа орчны агаар бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг бол хууль бусаар олсон орлогыг хурааж, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.
Диоксин, фуран нь хий байдлаар ялгарснаар агаарт 32 хоног, хөрсөнд 10-12 жил, хүний биед найман жилээс дээш хугацаагаар хадгалагдаж хорт хавдар үүсгэх, дархлаа бууруулах, ургийн тархины хөгжил, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөн оюун ухааны хөгжил бууруулдаг аюултай. Иймээс иргэн бүр утааны эсрэг хамтдаа тэмцэж, зөрчлийн талаарх мэдээллийг 77775000 гэсэн шуурхай утсанд ирүүлэх хэрэгтэй” хэмээжээ.