Оросын сурвалжит язгууртан гэр бүлүүдийн дунд байх Монгол-Татаар гаралтай гэр бүлүүдийн тухай

Оросуудын дунд түгээмэл тархсан нэгэн хэлц үг байдаг нь: “Ямар ч оросыг маажаад үзэхэд татаар гардаг” гэсэн үг байдаг. Гэхдээ ямар татаарууд, хэзээ очоод орос болчихсон тухай хүн тэр бүр сонирхоод байдаггүй. Зарим нь Монголчууд Оросыг эзэлсэний дараа цус холилдсон тухай өгүүлсэн хэрэг гэж үздэг ч явдал буй. Харин монгол-татар гаралтай Оросын язгууртан гэр бүлүүд хэрхэн бий болсон талаар зарим нэгэн баримтыг энд сийрүүлье.
Оросын вангуудад алба хаах болсон монгол-татар гаралтай ноёд бүр Невийн Александр вангийн үеэс үүсэлтэй бөгөөд Алтан ордны улс сулран мөхөх үеэс буюу XV-XVI зууны үеэс нилээд олон татар гэр бүлүүд Оросын вангуудад дагаар орсон байна. Мөн христос шашинтай байсан Жанибег хаан нас барж, мусульман шашинтай Бэрх хаан Алтан ордны хаан ширээнд суусны дараа христос шашинтай нилээдгүй татар-монголчууд Орост дүрвэн гарч, Оросын вангуудад дагаар орсон байдаг. Цаашид Орос улс хүчирхэгжих тусам Литовын их вангийн мэдэлд байсан татар ноёд мөн Оросын их ванг дагалдах болсон нь татар гаралтай ноёдын тоог мөн нэмэгдүүлсэн ажээ.
Оросын хаан I Павелийн үед Оросын эзэнт улсын язгууртан гэр бүлүүдийн жагсаалтыг 1797 онд анх бүрдүүлж эхэлсэн бөгөөд цаашид Александр I, Николай I, Александр II, Александр III хаадын үед энэ жагсаалтыг баяжуулсаар иржээ. Энэхүү жагсаалтыг хамгийн сүүлд Николай II хааны үед 1917 оны 2 дугаар сарын 3-нд буюу Орос оронд өрнөсөн Октябрийн хувьсгалын өмнөхөн 153 язгууртан гэр бүлийг уг жагсаалтанд оруулан баталжээ. Уг жагсаалтанд нийт 3000 гаруй гэр бүлийн бүртгэл байдаг бөгөөд үүнээс гадна хэд хэдэн нэвтэрхий толь бичиг болон судалгааны ном, эх сурвалжууд байна.
Оросын шинжлэх ухаанд С. Б. Веселовский “Эртний Оросын овог, хоч, нэрс” номондоо Оросын овог нэрсийн түүхийг судлан гаргасан бол Н. А. Баскаков “Түрэг гаралтай Оросын овог, нэрс” гэсэн судалгаандаа нэрсийн гарал үүслийг хэл шинжлэлийн үүднээс тайлбарласан байдаг. Эрдэмтэн А. Х. Халиков Оросын язгууртан гэр бүлүүдийн дунд 500 гаруй булгаар-казан, татар гаралтай гэр бүлүүд байгаа хэмээн үзсэн байна.
Эдгээр гэр бүлүүдийн заримын талаар товч өгүүлье. Гэхдээ эрхэм уншигчид эдгээр овог нэрс монгол-татар гаралтай болохоос, энэ хүмүүс Оросын хүрээлэлд уусч, орос хүмүүс болсон байсан гэдгийг эрхбиш анхаарах буйзаа. Нөгөөтэйгүүр, энэхүү өгүүлэлд бүх монгол-татар гаралтай нэрсийг оруулаагүйгээс гадна монгол болох нь ойлгомжтой халимаг, буриад овог нэрсийг оруулаагүйг ч бас анхааралдаа авах биз ээ.
Оросын хаадын баталсан язгууртнуудын жагсаалтанд Кочубей болон Чингисийн удмынханд вангийн хэргэм цол олгосон байдаг. Энд дурдагдаж буй Оросын эзэнт гүрний Чингис вангийн удмынхан бол Казахын Абулхайр хааны удмынхан юм. Мөн Чингисийн удмынханд Кантемиров вангийн удам бас орж тооцогддог болно. Мөн Оросын вангуудад тооцогдох болсон татар ноёдын удмынхныг язгууртнуудын сурвалж бичгийн V хэсэгт оруулдаг байсан бөгөөд тэднийг Эрхэм дээдэс хэмээн дууддаг байжээ. Оросын эзэнт гүрний язгууртнуудын сурвалж бичгийн VI хэсэгт оруулдаг татарын вангууд нь 1797 онд I Павел хааны зарлигаар язгууртны зиндаанд тооцогдох болсон боловч ноён вантан гэж дуудагддаг байсан байна. Литов, Польшийн гаралтай татар удмын ноёдыг язгууртанд тооцсон боловч,  вангийн зиндаанд оруулж үзээгүй байдаг. Эднээс гадна Оросын эзэнт гүрэн байгуулагдахаас өмнө Оросын их вангуудад дагаар орсон татар, монгол удмын ноёдууд үнэн алдартны шашинд орж, орос нэр авсанаар татар удмын язгууртнуудад бус, орос удмын язгууртнуудад тооцогдох болсон нь элбэг тохиолддог байна.
Оросын ван, хаадад хүчин зүтгэх болсон татар, монгол удмын язгууртнуудад Орос гүрний хувь заяанд томоохон үүрэг гүйцэтгэсэн, оросуудын дунд нэрд гарсан хүмүүс их тохиолддог. Доор сийрүүлсэн нэрс татар, монгол удмын гэж тооцогдох бүх овгууд биш боловч уншигч танд сонирхолтой санагдаж болзошгүйи цөөхөн нэрсийг сийрүүлсэн болно.
АБАШЕВ – 1499 онд Оросын их ванд дагаар орсон Казаний ноён Улан Абашагийн удмынхан. XVI зууны сүүл үеэс сурвалжит язгууртан гэр бүлд бүртгэгдсэн байна. Татар хэлний аав, авш – нагац ах гэсэн үгнээс гаралтай хэмээн Баскаков үзжээ. Эдний удмынханд ОХУ-ын Ардын жүжигчин В.В. Абашев, Эх орны дайны болон Солонгосын дайны оролцогч хурандаа Ф. Ф. Абашев, хоккейчин Р. З. Абашев нарын нэрд гарсан төлөөллүүд байдаг байна.
АБДУЛОВ – Абдулла буюу араб хэлний Бурхны зарц гэсэн үгнээс гаралтай нэр. 1502 онд олзлогдсон Казаний ван Абдул-Летифээс гаралтай гэж үздэг. Түүнийг Каширын губернд нутаг заалган суулгасан байна. Мөн Алтан ордны хаан Авдулын удмынхан ч гэж үздэг бөгөөд түрэг-монгол хэлний Авдил буюу тогтворгүй хүн гэсэн үгнээс гаралтай гэж үздэг ажээ. Абдуловын удмынханд ОХУ-ын Ардын жүжигчин А. Г. Абдулов (“Ердийн ид шид”, Хайртаасаа бүү салцгаагаарай” зэрэг киногоор алдаршсан), ОХУ-ын Ардын жүжигчин О. Н. Абдулов (“Гахайчин ба малчин”, “15 настай ахмад” зэрэг киногоор алдаршсан), түүний хүү В. О. Абдулов (“Уулзах газрыг өөрчилж болохгүй” кино), ЗХУ-ын баатар, мэргэн бууч И. Ф. Абдулов нар байдаг байна.
АДАШЕВ – Казаниас XV зуунд нүүж Оросын ванд дагаар орж, Пошехоньед суурьшсан татарын ван Адашын удмынхан. 1382 онд Тохтамыш хааны элчээр Орост ирж байсан Адаштай холбоотой гэж үздэг. Түрэг-татар хэлний адаш гэсэн үг нь нэг омгийнхон гэсэн утгатай ажээ. Адашевын удмын цэргийн жанжин, дипломат ах дүү Александр Федорович, Даниил Федорович нар Догшин Иван хаантай дотно зүтгэж яваад хожим 1561, 1562 онд тус тус цаазлагджээ. Тэдний эцэг Федор Григорьевич бояр цолтой нэгэн байжээ. Эдний удмынханд цэргийн жанжнууд, жүжигчид байдаг байна.
АКСАКОВ – Алтан ордоос Орост ирж Вельямин гэсэн нэрээр үнэн алдартны шашинд орсон Оксак буюу доголон хочитын хүү Иван Оксакийн удмынхан. Түүний ач Иван Щадра Щадриныхны удмын өвөг, Иван Обляз Облязовын удмынхны өвөг болцгоосон. Элэнц эцэг Юрий Грунк Иван Калита вангийн үед мянганы ноёны алба хашиж байжээ. XIV зууны төгсгөлд Литовын их ванд алба хашиж байсан мэдээ байдаг. Энэ удмынхны дунд нэрд гарч алдаршсан хүн бол нэрт зохиолч Сергей Тимофеевич Аксаков (1791-1859),   хөгжмийн зохиолч Сергей Сергеевич (1890-1968), Уфагийн амбан захирагч Григорий Сергеевич (1820-1891), цэргийн жанжид Леонтий Иванович (1600 онд нас барсан), Николай Иванович (1727-1802), Самарын амбан захирагч Григорий Сергеевич (1820-1891) нар болно.
АЛЯБЬЕВ – Алибей буюу ахлах ноён гэсэн үгнээс гаралтай нэр. 1500 онд Оросод дагаар орсон Михаил Олебейн удмынхан. Эдний удмынхан хэсэг Польшийн их ванд алба хашиж байгаад XVI зууны дунд үед эргэн III Василий вангийн үед Оросын их ванд алба хаших болжээ. Муром мужид эдлэн газраар шагнуулсан бөгөөд Алябьевынхан вангийн өргөөнд хотын дарга, цэргийн жанжин, түшмэл зэрэг албадыг хашиж байсан мэдээ байдаг байна. Эдний удмынхнаас нэрт гарсан нь Нижегородын цэргийн жанжин Андрей Семенович (1620 онд нас барсан), Берг-коллегийн ерөнхийлөгч Александр Васильевич (1746-1822), нэрт хөгжмийн зохиолч Александр Александрович Алябьев нар юм. Мөн ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар, уурхайчин Михаил Иванович мөн энэ удмынханд хамаарагддаг байна.
АПРАКСИН – 1371 онд Алтан ордоос дүрвэж, Рязаны ван Олегт Солых Эмир, Едуган нар дагаар орсон домогтой. Солых Эмир Олег вангийн төрсөн дүү Анастасиятай гэрлэсэн бөгөөд төрсөн хүү Андрей Иванович Опраксаас энэ удмынхан гаралтай. Баскаковын тайлбарласнаар Апракса гэдэг нь 3 янзын утгатай бөгөөд тайван амгалан, сэгсгэр, онгироо гэсэн утгууд байдаг ажээ. Андрей Опраксын хөвүүд III Иван хааны үед Москвагийн их ванд алба хаших болсон бөгөөд тэдний удмын гүнж Марфа Матвеевна Федор Алексеевич хааны хатан болж байжээ. Хатан хаан Марфагийн дүү нар болох Андрей, Петр нар Их Петр хааны ойрын зүтгэлтнүүд байв. Ялангуяа Петр Матвеевич Апраксин Шведтэй хийсэн дайнд хэд хэдэн ялалт байгуулж, Пугачевын бослогыг дарахад оролцож, Халимгийн хаан Аюкийг дагаар оруулсан гавьяатай нэгэн байжээ. П. М. Апраксин Оросын анхны тэнгисийн флотыг байгуулахад оролцож, Казань мужийн амбан захирагч, Санкт-Петербургийн амбан захирагчийн ажлыг хашиж байлаа. Апраксины удмын эрчүүд голцуу цэргийн генералууд байж, хааны ордонд ойр албанд зүтгэж байсан бол эмэгтэйчүүдээс III Петр хааны татвар эм Елена Степановна, нэрт зохиоч Лермонтовын нууц амраг Мария Петровна нар нэрд гарсан юм.
АРАКЧЕЕВ – II Василий ванд дагаар орсон Арак-чей ноён үнэн алдартны шашинд орохдоо Евстафьев нэр авчээ. Арак-чей гэдэг нь архичин буюу архи нэрдэг хүнийг нэрлэдэг татар үг байсан гэж Баскаков үзсэн байна. Түүний удам Иван Степановичийг Польштой хийсэн дайнд гавьяа байгуулсных нь төлөө эдлэн газраар шагнасан байна. Мөн Василий Степанович Туркийн дайнд гавьяа байгуулж генерал-поручик цолоор шагнуулж байжээ. Их гүн Алексей Алексеевич  Аракчеев I Павел хааны дотны зүтгэлтэн байсан бөгөөд Оросын их бууны цэргийн төлөвшилд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн тэрбээр I Александр хааны Цэгийн яамны сайд байж, Аракчеевын реформ гэх шинэчлэлийг хийснээрээ олонд алдаршсан билээ. Хойд зүгийн дайн болон 1812 оны Эх орны дайны цэргийн зүтгэлтэн.
АРСЕНЬЕВ – Доны Дмитрийг дагаар орж, түүний цэрэгтэй хамт Куликовын талд Алтан ордны беклярбек Мамайтай байлдаж явсан татарын ноён Арслангийн (Ослан Мурза Челебей) удмынхан. Арслан ноён үнэн алдартны шашинд орохдоо Арсений гэдэг нэр авсан бөгөөд ийнхүү Арсеньевын удмынхан үүсчээ. Түүний хүү Федороос Сомовын удмынхан, Яковоос Ждановын удмынхан, Павелаас Павловын удмынхан, Леваас Ртищевын удмынхан үүсэн гарчээ. Михаил Васильевич Арсеньевын охин нэрт зохиолч Лермонтовын ээж байв. Николай Иванович Арсеньев Курляндын амбан захирагчаар ажиллаж байжээ. Арсеньевын удмынхнаас “Дерсу Узала” зохиолыг бичсэн Владимир Клавдиевич Арсеньевыг хүмүүс сайн мэддэг билээ.
АХМАТОВ – Оросын эх сурвалжид 1283 онд Курск орчмын татвар хураах эрхийг худалдаж авсан мусульман шашинтан Ахматыг анх дурдсан байдаг. 1544 онд Казаний хаант улсыг довтлоход оролцож байсан Кирил Васильевич Ахматоваас энэ удам эхэлсэн бололтой байдаг. 1551 онд Полоцкийн хорооны есаул Андрей Михайлович Ахматов мөн эх сурвалжид дурдагдсан байдаг байна. Ахматовын удмынхан түшмэд, язгууртнууд голцуу байсан бөгөөд Их Петр хааны дэргэдийн түшмэлээр Иван Степанович, Андрей Саввич нар алба хашиж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Энэ удмынхнаас нэрд гарсан нь генерал Алексей Петрович Ахматов бөгөөд Унгарын болон Крымын дайнд оролцож, цэргийн гавьяа байгуулж явжээ. Түүний ач охин Оросын нэрт яруу найрагч Анна Андреевна Ахматова нь нэрт эрдэмтэн Л. Н. Гумилевын эх билээ.
БАЖАНОВ – Баз хүргэн гэсэн үгнээс гаралтай хэмээн үздэг. XVII зуунаас язгууртан гэр бүлд тооцогдож ирсэн. Бажановынхны удмаас хамгийн нэрд гарсан хүмүүсийн нэг нь И. В. Сталины нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өрнөдөд дүрвэн гарсан Борис Георгиевич Бажанов билээ.
БАЙБАКОВ – Бай бак буюу Мөнх баян гэсэн татар үгнээс гаралтай гэж Гафуров үзжээ. Энэ удмынхны дунд 1646 онд Голландад элчээр очсон Иван Прокопьевич, Михаил Федорович хааны түшмэл Иван, Оросын үнэн алдартны сүмийн хамба лам Андрей Дмитриевич (1737-1801), ЗХУ-ын Төлөвлөгөөний комиссын дарга, улс төр, эдийн засгийн ухааны хамгийн түгээмэл сурах бичгийг бичигч Николай Константинович (1911-2008) нар ихээхэн нэрд гарчээ.
БАРАНОВ – 1430-1460-аад оны үед Казаны Баран хочит ноён Ждан Сохор Василий их ванд дагаар орсон бөгөөд үнэн алдартны шашинд орохдоо Даниил хэмээх нэр авчээ. Даниил Баранаас Барановын удмынхан үүссэн байна. Барановынхны удамд Казанийг эзлэхэд жанжин Федор Яковлевич Баранов 1552 оны 10 дугаар сарын 2-нд амь үрэгдсэн нь тэмдэглэгдэн үлджээ. Барановынхан голцуу Оросын хааны зөвлөхүүдийн албан тушаалыг хашдаг байсан байна.
БАСКАКОВ – Алтан ордны татвар хураагчид болох баскакуудаас (монголоор даргач гэнэ) гаралтай удмынхан. Оросын хотуудаас албан татвар цуглуулдаг даргач буюу баскак нараас Амарган, Ибрагим, Албыч, Будар, Кудаш, Тутай зэрэг олон ноёдын аль нэгнээс Баскаковынхныг гаралтай гэж үздэг байна. Үүнээс Владимирын вант улсад татвар цуглуулдаг байсан Амарган буюу Эмир Агаг үндэслэгч гэж үздэг хувилбар давамгайлдаг ажээ. Баскаковынхны удамд Их Петр хааны дотны зүтгэлтэн Алексей Петрович, Орос-Японы дайны баатар дэслэгч генерал Вениамин Иванович, туйлын нэрт судлаач Георгий Анатольевич, адмирал Иван Абросимович, хувьсгалч Тимофей Андреевич гээд олон нэрт зүтгэлтнүүд байдаг.
БАСМАНОВ – Казанийг байлдан эзлэхэд идэвхтэй оролцож байсан татарын ноён Даниил Басманы удмынхан. Басма буюу татар хэлний Тамга гэсэн үгнээс гаралтай. Эдний удмынхнаас Алексей, Федор Басманов нар Догшин Иван хааны ойр дотны зүтгэлтнүүд байж, Опричнина буюу язгууртнуудыг хэлмжгдүүлэх ажилд ойролон оролцож явжээ. Федорын хүү Петр Басманов хуурамч Дмитрийтэй байлдахад Москвагийн цэргийн жанжин байж, Борис Годунов хаанд нэр нүүрийг олж явав. Харин Годуновыг нас барсаны дараа тэрбээр хуурамч Дмитрийн талд орж, балдаж яваад амь үрэгджээ. Москва хотод алдартай Басманы гудамж ч бий.
БЕРДЯЕВ – Түрэг хэлний берди буюу бэлэглэсэн гэсэн үгнээс гаралтай нэр.  1598 оноос Смоленск, Переяславль хавийн орчимд газар эзэмшсэн, Борис Годунов хаанаас зол цэрэг шагнуулсан язгууртнууд байжээ.
Николай Михаилович (1744-1823) II Екатерина хааны ойрын генерал поручик байв. Түүний хүү Александр (1778-1824) Напалеоны дайнд гавьяа байгуулсан хошууч генерал байсан бол хүү Михаил (1792-1861) Доны казах цэргийн командлагч байжээ. Николай Александрович Бердяев (1874-1948) Оросын нэрт гүн хаантан, зохиолч нэгэн байв.
БИЧУРИН (МИЧУРИН) – Баскаковын үзэж байгаагаар Бай Чура буюу Баян баатар гэсэн нэрнээс гаралтай удмынхан. Байчурин хэмээх нэр аажимдаа сунжирсаар Бичурин, Мичурин болж өөрчлөгжээ. 1865 оноос язгууртны зэрэг цол авсан.  Тамбовын губернд өөрийн эдлэн газартай байсан ажээ. Бичурины удмынхнаас Хятад судлаач, хамба лам Иакинф Бичурин (1777-1853), нэрт биологч, селекцийн шинжлэх ухааныг үндэслэгч Иван Владимирович Мичурин (1855-1935) нар ихээхэн нэрд гарсан ажээ.
БЛОХИН – Их Ордоос Оросын их ванд хүчин зүтгэхээр дагаар орж ирсэн Иван Блохагаас гаралтай удмынхан. Алтан Ордны хаан Анигай хочит Бэрхийн удмынхан ч гэж үздэг тал бий.  Блохины удмынхнаас сүүлд 1495 онд Новгород хотноо Блохин-Аничков гэгч байсан нь сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд Аничковынхны удмынхныг тэднээс буюу Бэрх хааны Анигай хочноос гаралтай гэж үздэг ажээ. Блохины удмынхаас хамгийн нэрд гарсан нь нэрт хөл бөмбөгч Олег Владимирович Блохин (1952 онд төрсөн), Орос-Японы дайны Цусимын тулалдааны баатар, контр-адмирал Константин Платонович (1862-1913), 3 ч ЗХУ-ын баатар, цэргийн нэрт зүтгэлтнүүд,улс төрийн зүтгэлтнүүд байдаг байна.
БОГДАНОВ – Богдановынхны үүслийг 4 ч янзаар тайлбарладагаас татар ноёдоос гаралтай гэж үздэг нь Догшин Иван хаанаас 1580 онд язгууртны зэрэг цол шагнуулсан Тоузак Богдановоос гарсан удмынхан юм. Нөгөө Богдановынхныг 1614 онд Оросын их ванд зүтгэхээр ирсэн татар ноён Ждан Яковлевичаас гаралтай гэж үздэг. Энэ удмынхнаас голцуу цэргийн генералууд төрөн гарсан байдаг.
Богдановынхнаас Литвын их ванд зүтгэхээр очоод, хожим Орост буцаж ирсэн удмынхан Богдановский гэдэг овогтой болсон байдаг.
БУЛАТОВ – Веселовскийн үзсэнээр Казаний хаанаас Оросын их ванд зүтгэхээр ирж, Рязань, Кашир орчимд эдлэн газраар шагнуулсан удмынхан. 1540 онд Казаний хаанд элчээр тордож байсан Урак Булатовын нэр сударт тэмдэглэгдэн үлдсэн байна. Мөн татарын их ноён Юсуф Булатын удмынхан ч гэж үздэг тал бий. 1741 онд язгууртны зэрэг цолоор шагнуулсан хэмээн сурвалж бичигт өгүүлжээ. Монгол хэлний Болд гэсэн үгнээс гаралтай нэр хэмээн Баскаков үзсэн байна.  Эдний удмынханд нэрт генералууд, тамирчид, хувьсгалчид байдгаас Сибирийн амбан захирагч Михаил Леонтьевич (1760-1825) хамгийн өндөр албан тушаал хашиж байжээ.
БУЛГАКОВ – Куликовын тулалдааны дараа Мамай хааны хүү Мансур-Кияттай хамт Литвын их ванд зүтгэхээр очсон татар ноёдын удмынхан. Булгак буюу ихэмсэг гэсэн татар үгнээс гаралтай. 1408 онд Литвын ханхүү Свидригайлотой хамт Орост ирж, Оросын их ванд хүчин зүтгэх болсон гэж үздэг. Мөн XV зууны эхээр Рязаны ван Олегт зүтгэхээр ирсэн Иван Шай-Булгакийн удмынхан ч гэж үздэг тал бий. Шай-Булгак ирэхдээ хөвүүд болох Голица, Курака нараа дагуулж ирсэн нь Голицыны болон Куракины удмынхан болсон гэж үздэг. Үүнээс гадна Алтан Ордноос Рязаний ван Федор Васильевичэд зүтгэхээр ирсэн Иван Булгакийнхны удам ч гэж тооцдог.
Булгаковынхны удамд сенатор, нэрт эрдэмтэд, дипломатууд байснаас “Мастер ба Маргарита” номоороо нэрд гарсан зохиолч Михаил Афанасьевич Булгаков (1891-1940) билээ.
БУНИН – Алтан Ордоос Рязаний ванд хүчин зүтгэхээр ирсэн татар ноёны ач хүү Прокуда Михаилович Бунин Рязань мужид анх тэмдэглэгдэн үлдсэнээс энэ удмынхан гаралтай гэж үздэг. Эдний удмынханд нэрт зохиролч Иван Алексеевич Бунин (1870-1953), нэрт зохилч Жуковскийн эцэг Афанасий Иванович Бунин нар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
ГЛИНСКИЙ – Энэ удмынхны гарал үүслийг хоёр янзаар тайлбарладаг. Нэг таамгаар Куликовын талд ялагдсан Мамай хааны хүү Мансур Кият Литвын их ванд дагаар орж, Глинск, Полтава хотуудыг үндэслэсэн бөгөөд энэ удмынхны нэр Глинский болж өөрчлөгдсөн гэж үздэг байна. Нөгөө таамгаар Литвын их ван Витовтод дагаар орсон Мамай хааны хүү Мансур Хасанд Глинск хотод эдлэн газар өгсөнөөс үүдсэн удмынхан ч гэж үздэг. 1508 онд Литовын вангийн эсрэг бослого гаргасан хэргээр зугтаж, Оросын хаанд дагаар оржээ. Глинскийн удамд зарим нь хэсэгтээ Мамай овогтой ч явсан бөгөөд Черкассын зхирагч Богдан Федорович Мамай, Киевийн цэргийн захирагч Иван Львович Мамай нар юм. Москвагийн их ван III Василий 1526 онд сурвалжит гүнж Елена Глинскаятай гэрлэсэн бөгөөд удалгүй Оросын их хаан болох хувь заяатай Догшин Иван хаан төрсөн байна. III Василий хааныг нас барснаас хойш Глинскийн удмынхан үнэн хэрэгтээ Москвагийн улсын удирдагчид болсон бөгөөд 1547 онд Шуйскийн тэргүүлсэн бослогынхон Глинскийн удмынхныг үндсэнд нь хядаж дуусгажээ.
ГОГОЛЬ – Баскаковын үзэж байгаагаар чуваш хэлний гогул буюу хөх шувуу гэсэн үгнээс гаралтай гэж үзжээ. Гоголийн удмынхан Польшийн их ванд зүтгэхээр очоод XVIII зуунд Орост нүүж ирцгээжээ. 1775 онд язгууртны зэрэг цол авцгаасан. Эдний удмынхнаас хамгийн нэрд гарсан нь нэрт зохиолч Николай Васильевич Гоголь билээ.
ГОДУНОВ – 1330 онд Алтан ордны улсаас Иван Калита ванд алба хаахаар очсон Чета вангийн удмынхан гэж үздэг. Мөн энэ вангийн ач хүү Иван Годунаас энэ удмынхны нэр үүссэн гэж тайлбарладаг. Чета вангийн хүү Дмитрий Зерногоос Зерновынхан, түүний хөвгүүн Иван Годунаас Годуновынхан, Федор Сабураас Сабуровынхан гаралтай гэж үздэг байна.  Баскаковын үзсэнээр түрэг хэлний годон буюу тэнэг, бүдүүлэг хүн гэсэн үгнээс гаралтай гэжээ. Годуновын удмынхнаас 1585-1598 онд Оросын их хаан байсан Борис Федорович Годунов ихээхэн алдаршжээ. Түүний хүү Федор брисович Годунов 13 хоног хаан ширээнд сууснаар Оросын хамгийн богинохон хаанчилсан хаан болон түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
ГОЛЕНИЩЕВ-КУТУЗОВ – Хэдийгээр Кутузовын удмынхны гарал үүслийг Александр Невскийн үед Орост орж ирсэн герман рыцарийн удам гэж бичдэг боловч эрдэмтэд түрэг хэлний кутуз буюу ууртай, галзуу гэсэн үгнээс гаралтай гэж үзэх нь их байдаг байдаг байна. Веселовский, Зимин нар XIV зуунд амьдарч байсан татар гарлтай Федор Кутузаас энэ удмынхан гаралтай гэж үзэж байв. Түүний хүү Василий Федоровичийг түрэг гаралтай Бурдук, Булыга зэрэг овгоор овоглож байсныг эх сурвалжууд тэмдэглэн үлдээсэн байна. ЭНэ удмынхнаас хамгийн нэрт гаран нь 1812 оны дайны үед Оросын армийн ерөнхий командлагч байсан генерал-фельдмаршал Михаил Илларионович Кутузов (1747-1813) билээ.
ГОРЧАКОВ – 1439 оноос язгууртны зэрэг цол авсан бөгөөд ван Мстислав Горчак-Карачевскийн удмынхан. Баскаковын үзсэнээр Карачесвкий нь хараач буюу харуул гэсэн үгнээс, Горчак нь курчак буюу хүүхэлдэй гэсэн үгнээс гаралтай ажээ.
Горчаковынхан ихэнхдээ цэргийн генералууд байсан боловч энэ удамд нэрт төрийн зүтгэлтнүүд бас байв. Александр Михаилович Горчаков (1798-1883) Оросын эзэнт гүрний канцлер байжээ. Наталья Михаловна Горчакова Оросын Ерөнхий сайд П. А. Столыпины ээж байлаа. Их бууны генерал Михаил Дмитриевич Горчаков Польшийн эзэнт улсад Оросын эзэн хааны амбан захирагчаар ажиллаж байжээ.
ДАВЫДОВ – Алтан ордоос Оросын их ван Василий Дмитриевичэд алба хаахаар очсон татарын их ноён, Чингис хааны 12 дахь үеийн ураг Минчаг Касаевичийн хүү Давыдаас үүссэн удмынхан. Баскаковын үзсэнээр Давыд гэдэг нь еврей нэр болох Давидын арабчилсан хувилбар бөгөөд хайрлагдсан гэсэн утгатай ажээ. Давыдовынхнаас их алдарт гарсан нь 1812 оны дайны баатар, партизан Денис Давыдов, декабрист Василий Давыдов нар юм.
Давыдовынхныг Давыдов-Багратион, Давыдов-Морозовын удмынхантай хольж хутгах нь бишгүй тохиолддог байна.
ДЕРЖАВИН – Их ордоос Оросын их ван Василий Васильевичэд хүчин зүтгэхээр ирсэн Ибрагим ноёны хүү Дмитрий Нарбекийн хүү Держав хочит Алексей Нарбековоос үүссэн удмынхан. Державины удмаас хамгийн их нэрд гарсан хүн бол Сенатын генерал-прокурор, хууль зүйн сайд, нэрт яруу найрагч Гавриил Романович Державин (1743-1816) юм.
ЕЛЬЦИН – Алтан ордоос ирсэн Елчагийн удмынхан. Елча буюу элч гэсэн үгнээс Ельцин гэх нэр үүсэн гарсан гэдэг. Борис Николаевич Ельцин ОХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр 1991-1999 онуудад ажиллаж байв.
ЕПИЩЕВ – 1540 онд Оросын албанд зүтгэхээр ирсэн татарын ноён Епища Киринбейн удмынхан. Дурасовын үзсэнээр түрэг хэлний япыш буюу чангалах, киринбей буюу хязгаарын ноён гэсэн үгнээс гаралтай нэр. Епишевынхнаас Зөвлөлтийн амрмийн улс төрийн газрын дарга, ЗХУ-ын баатар, армийн генерал Алексей Алексеевич Епишев (1908-1985) хамгийн их нэрд гарчээ.
ЕРМОЛОВ – 1506 онд Алтан Ордоос Арслан Ермола ноён их ван Василий Васильевичэд хүчин зүтгэхээр иржээ. Арслан нь арслан гэсэн үгнээс гаралтай бөгөөд Ер нь эр гэсэн үг, молла нь багш гэсэн үгнээс гаралтай гэж үзжээ. Ермоловынхнаас II Екатерина хааны нууц амраг байсан генерал Александр Петрович (1754-1836), Кавказыг байлдан дагуулагч, 1812 оны дайны баатар генерал Алексей Петрович (1777-1861) нар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Мөн Оросын төрийн өмчийн яамны сайд асан Алексей Сергеевич Ермолов (1847-1917) ч мөн Оросын түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
ЖДАНОВ – Доны Дмитрий вантай хамт Куликовын тулалдаанд Мамай хааны цэрэгтэй байлдаж байсан Ждан хочит Арслан ноёноос энэ удмынхан үүсчээ. Баскаковын үзсэнээр Ждан гэдэг нь түрэг хэлний виждан буюу шашны үзэлтэн гэсэн үгнээс гаралтай гэсэн байна. Арслан ноёны бүтэн нэрийг Ослан Челубей Мурза гэдэг байсан бөгөөд алдарт зураач Васнецовын Куликовын тулалдааны тухай “Пересвет, Челубей нарын тулаан” гэх зургийн Челубейн нэрийг Арслан ноёноос авсан байх магадлалтай ажээ. Ждановынхны удамд цэргийн генералууд, улс төрийн зүтгэлтнүүд, хувьсгалчид, нэрт эрдэмтэд ихээр байдаг байна.
КАРАМЗИН – Алтан ордоос Оросын их ванд хүчин зүтгэхээр ирсэн татарын ноён Кара Мурзагаас үүсэн овог. Кара гэдэг нь хар, мурза нь ноён буюу Хар Ноён гэсэн утгатай ажээ. 1534 онд эдний овог Карамзин болж өөрчлөгдсөн нь тэмдэглэгдэн үлдсэн ба 1606 онд Федор Карамзин язгууртны цол хэргэм шагнагдаж, Кострома хотын орчимд эдлэн газар авчээ. Карамзины сүлдэн дээр байх хавирган сарыг энэ удмынхан нилээд олон жил мусульман шашны хадгалж байсныг илтгэж байсгаа хэрэг гэж үздэг байна. Хамгийн нэрд гарсан нь I Александр хааны зарлигаар Оросын эзэнт гүрний албан ёсны түүх болох “Орос улсын түүх” хэмээх 12 боть зохиолыг туурвисан Николай Михайлович Карамзин (1786-1826) юм.
КЕЛДЫШ – Баскаковын үзсэнээр Келдиш буюу буруу номтны гэрт ирсэн гэсэн утгатай түрэг үгнээс гаралтай. Келдышийн удмынхныг Польш, Литовт байсан сурвалжит татар ноёдоос гаралтай гэж үздэг. Гэхдээ Казаний хаант улсад ч цөөнгүй ийм овогтой ноёд байсан бололтой ажээ. Келдышийнхны удамд ЗХУ-ын атомын бөмбөгийг зохион бүтээгчдийн нэг, нэрт физикч Леонид Вениаминович Келдыш (1931-2016), ЗХУ-ын сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийн нэг нэрт математикч, ЗХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч асан Мстислав Всеволодович Келдыш (1911-1978) нар ордог байна.
 
КОЛОНТАЙ – Веселовскийн үзсэнээр 1343 онд Алтан Ордоос Оросын их ванд хүчин зүтгэхээр ирсэн татар ноён Калантайн удам. Эдний удмынхнаас Зөвлөлтийн нэрт дипломатч эмэгтэй Александра Михайловна Колонтай ихэд нэрд гарч алдаршчээ.
КОРСАКОВ – XIV зууны үед Алтан Ордоос Литовын их ванд дагаар орсон Корсак ноёны удмынхан. Корсак гэдэг нь түрэг хэлний талын морь гэсэн утгатай үг гэж Баскаков тайлбарлажээ. XVII зуунд Венцеслав Жегмунтович Корсак Литоваас Оросын хаанд хүчин зүтгэхээр ирсэн бөгөөд 1677 онд хаан Федор Михайлович түүнд Римский-Корсаков гэсэн овог хэрэглэхийг зарлигдсан байна. Энэ удмынхнаас Эрхүү, Саратовын амбан захирагч Александр Сергеевич (1882-1960), Литвын амбан захирагч Александр Михаилович (1753-1843), нэрт хөгжмийн зохиолч Николай Андреевич Римский-Корсаков (1844-1908) нарын нэрт зүтгэлтнүүд төрөн гарчээ.
КОЧУБЕЙ – Түрэг хэлний коч бей гэсэн үг буюу нүүдлийн ноён гшэсэн үгнээс гаралтай гэж үзжээ. Кочубейн удмынханд Их Петр хааны дотны хүн Украины гетман Мазепын гол өрсөлдөгч, их ноён Кучук бейн ач хөвүүн  Василий Кочубей (1650-1708) ихэд алдаршсан байна.  Мөн Оросын эзэнт гүрний Дотоод хэргийн сайд Виктор Павлович Кочубей (1768-1834), Оросын иргэний дайны баатар, Кубаний казак цэргийн домогт командлагч Иван Антонович Кочубей (1893-1919) нар нэр алдарт гарчээ.
КУПРИН – Оросын нэрт зохиолч Александр Иванович Куприн (1870-1937) өөрийн намтартаа тэдний удмынхан Наровчата-Мухши хотын татар гэр бүлээс гаралтай хэмээн тэмдэглэж үлдээсэн байдаг. Куприны ээж Л. А. Куланчакова Касимын вант улсын Куланчаков вангийн удмынхан байсан ажээ.
КУРБАТОВ – Гафуровын үзсэнээр араб хэлний курбат буюу бурханд ойрхон гэсэн үгнээс гаралтай бол Баскаков түрэг хэлний карбат буюу намхан гэсэн үгнээс гаралтай нэр гэж үздэг байна. Их Петр хааны нэрт дипломат Петр Васильевич (1672-1746), Псковын кадетын сургуулийн захирал дэслэгч генерал Александр Сергеевич (1836-1908)  зэрэг цэргийн зүтгэлтнүүд Курбатовын удмынханд ордог.
ЛЕОНТЬЕВ – 1408 онд Алтан ордоос Рязаны ванд алба хаахаар ирсэн Баатар (Мурза Абатур) ноёны удмынхан бөгөөд түүний гуч хүү үнэн алдартны шашинд орохдоо Леонтий гэх нэр авч, Леотьевын удмынхан үүсчээ. Анна Леонтьевна Леонтьева их ноён Кирилл Нарышкинтай гэрлэж, түүний охин Наталья Кирилловна хожим Их Петр хааныг төрүүлсэн байдаг. Эдний удмынхнаас мөн Бородиногийн тулалдааны баатар хошууч генерал Иван Сергеевич (1782-1824), Францын парламентын гишүүн, Францын Полинезийн Ерөнхий сайд Александр Максимович Леонтьефф (1948-2009) зэрэг нэр алдарт гарсан хүмүүс байдаг ажээ.
МАМИН – Гафуровын үзсэнээр араб хэлний мамун буюу хамгаалагдсан гэсэн үгнээс гаралтай нэр ажээ. 1554 онд Ногайн ордод элчээр очсон Мамун Байгун түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд түүнээс энэ удмынхныг гаралтай гэж үздэг байна. Энэ удмаас хамгийн нэрд гарсан хүн бол нэрт зохиолч Дмитрий Наркисович Мамин-Сибиряк юм.
МИЛЮКОВ – Араб хэлний малик буюу хаан гэсэн үгнээс гаралтай нэр. Куликовын тулалдаанд 1380 онд алагдсан Семен Меликаас гаралтай хэмээн тооцдог. Эдний удамд Оросын Түр Засгийн газрын Гадаад хэргийн сайд асан Павел Николаевич Милюков (1859-1943) ихэд алдаршжээ.
МИНИН – Алтан ордны ван, Москвагийн дарга Мин-Булатаас гаралтай удмынхан. Мин овгийнхон Алтан ордны кипчак удмын тэргүүлэх оюгуудын нэг байсан хэмээн тэмдэглэгджээ. Оросын ард түмнийг Польшийн булаан эзлэгчдийн эсрэг тэмцэлд уриалан дуудаж, сайн дурынхны цэрэг байгуулан Москваг чөлөөлөлцсөн Кузьма Минин энэ удамд хамаарагддаг ажээ. Сүүлийн үед Минины татар гарлыг үгүйсгэх хандлага давамгайлах болоод байна.
НАРЫШКИН – 1463 онд Алтан ордоос Оросын их ван Василий Васильевичад хүчин зүтгэхээр ирсэн татар удмын Нарышкиныхан XV-XVI зууны заагт үнэн алдартны шашинд орсон боловч удмын овог нэрээ хадгалан үлдсэн байна.  Түүний удмыг Крымын татар Нарыш хочит Мордка Курбатаас гаралтай хэмээн үзэх нь олонтаа. Оросын их хаан Алексей Михайлович 1671 онд Наталья Нарышкинатай гэрлэж, удалгүй Их Петр хааныг төрүүлсэн байдаг. Эдний удмынхан үүнээс хойш хааны ордонд чухал үүрэг гүйцэтгэдэг албатууд болон хувирчээ. Москвагийн амбан захирагч гэх зэрэг өндөр тушаалыг Нарышкины удмынхан хашиж иржээ. Надежда Ивановна Нарышкина Францын нэрт зохиолч Александ Дюмагийн хүү жүжгийн зохиолч Дюматай гэрлэж байжээ.
ОГАРКОВ – 1397 онд Алтан ордоос Оросын их ван Василий Дмитриевичад хүчин зүтгэхээр очсон Огарь хэмээх татар ноёноос гаралтай удмынхан. Лев Огарь язгууртан гаралтай, зоригтой дайчин эр байсан хэмээн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. Эдний удмынханд ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан маршал Николай Васильевич Огарков (1917-1994) ихэд алдаршжээ.
ПАВЛОВ – Алтан ордоос Оросын их ван Доны Дмитрийд алба хашихаар ирсэн Челубей Арслан ноён (Ослан) Доны Дмитрийн охинтой гэрлэж, 5 хөвүүн төрүүлсэн ажээ. АӨхмад хүү Арсенийгаас Арсеньевын удмынхан, удаах хүү Федороос Сомовын удмынхан, дунд хүү Яков Кремещнецкийгаас Жданов, Кремецкий, Яновцевынхан, дараагийн хүү Павелаас Павловынхан, отгон хүү “Их амт” Леваас Ртищевын удмынхан үүсчээ. Павловын удмынхан ихэнхдээ цэргийн жанжид байсан бөгөөд Петр Федоррович Черниговын, Родион Петрович Пронск хотын, Родион Михайлович Верхотурын, Карл Федорович Тара хотын, Иван Семенович Нарымын бэхлэлтийн жанжин тус тус байжээ.
РАДИЩЕВ – Веселовскийн үзсэнээр 1604 онд Малый Ярославец хотноо амьдарч байсан татар эр Кунай Радищевын удмынхан ажээ. Кунай нь кун буюу өдөр, нар, баяр басгалан гэх түрэг үгнээс гаралтай аж. Энэ удмынхнаас Оросын нэрт зохиолч Александр Николаевич Радищев (1749-1802) ихэд нэрд гарчээ.
РАХМАНИНОВ – Алтан Ордоос Оросын их ванд хүчин зүтгэхээр ирсэн татар Рахманы удмынхан. Рахман гэдгийг араб хэлний нигүүлсэнгүй гэсёэн үгнээс гаралтай хэмээн Гафуров тайлбарлажээ. Нэрт  математикч Иван Иванович Рахманинов XIX зуунд “Рахманиновын удмынхны түүхэн баримтууд” гэх ном хэвлэн нийтлүүлсэн байдаг. Эдний удмаас хамгийн нэрд гарсан нь нэрт хөгжмитйн зохиолч Сергей Васильевич Рахманинов (1873-1943) билээ. Сергей Рахманиновын үндэслэн байгуулсан ЗХУ-аас дүрвэгсдийн эрхийг хамгаалахн нийгэмлэгийн шугамаар  нэрт зохиолч Лев Толстойн охин Дэлхийн II дайны үед дүрвэн гарсан халимгуудын орогнох улсыг шийдвэрлэх ажлыг хөөцөлдөж байсан байдаг.
РЯЗАНОВ – Казаны татар ноён Давлет Хожа Рязанов Оросын их вангийн татар албатуудыг даргалж, Ногайн Орд болон Крымын хаант улс руу хэд хэдэн удаа элчээр мордож байжээ. Түүний ах Собан Рязанов мөн Оросын хааны элчээр Сибирийн хаант улсад очиж байжээ. Нэрт кино найруулагч Эльдар Рязанов энэ удамд хамрагддаг байна.
СВИСТУНОВ –  Алтан Ордоос анх Польшид гарсан Салтан Свистунаас гаралтай удмынхан. 1568 оноос Оросын язгууртнуудын бүрэлдэхүүнд анх тэмдэглэгджээ. Зохиолч Петр Семенович Свистунов (1732-1808), декабрист Петр Николаевич Свистунов (1803-1889), хошууч генерал Гавриил Дмитриевич Свистунов (1868-1940) зэрэг нэртэй хүмүүс энэ удамд байдаг ажээ.
СЕРКИЗОВ – 1371 онд Москвагийн ван Доны Дмитрийд хүчин зүтгэхээр очсон Алтан Ордны ван Серкизийн удмынхан. Иван Андреевич Серкизов Доны Дмитрий вангийн цэргийн жанжин байсан бөгөөд 1380 онд Куликовын талд Мамай хааны цэрэгтэй байлдаж байгаад амиа алджээ. Түүний эдлэн газар болох Черкизово тосгоноор Москва хотын нэгэн томоохон районыг нэрлэсэн байна.
СКРЯБИН – Алтан Ордны Сокур Бей буюу Сохор ноёны удмынхан. Догшин Иван хааны ойр орчмынхонд тооцогдож байжээ:
СТРОГАНОВ – Доны Дмитрий ванд хүчин зүтгэхээр ирсэн татарын ноён үнэн алдартны шашинд орж Спиридон нэр авчээ. 1488 онд энэхүү Спиридоны гуч хүү Федор Лукич Строганов Соль-Вычегодскт суурьшсан бөгөөд түүний бага хүү Аникей Федорович бизнесийн эзэнт гүрний эх суурийг тавьжээ. Түүний хүү Семен Ермакийн хасгуудыг хөлсөлж, Сибирийг эзлэх их аян дайныг санхүүжүүлсэн юм. Строгановыг Оросын нэрт түүхч Карамзин “Оросын Писарро” хэмээн нэрийдэж байжээ. Строгановынхан Их Петр хааны хойд зүгийн дайныг санхүүжүүлснээр бароны цол хэргэм авч, якгууртан гэр бүлд тооцогдох болсон аж. Эдний удмынханд Москвагийн амбан захирагч Сергей Григорьевич Строганов (1859-1860), Дотоод яамны сайд Александр Григорьевич Строганов (1839-1841) нар төржээ.
ТАТИЩЕВ – III Иван хаанд дагаар орсон Соломирийн ван Иван Шахын үеэл дүү Василий Татищевын удмынхан. Хулгайч буюу тать нарыг барьж гавьяа байгуулснаараа Татищев гэгдэх болсон гэдэг. Судлаач Зимины үзсэнээр Солых Эмир Шах нь XIII зууны дунд үед Оросын хаанд хүчин зүтгэхээр ирсэн ажээ. XVI зуунд Игнатий Петрович Татищев хааны сангийн даамал болсон байна. Василий Никитич Татищев (1686-1750) Оросын нэрт түүхч байсан бол Татищевынхны удамд цэргийн генералууд нилээд олон байдаг ажээ. Францын кино жүжигчин, найруулагч Жак Тати нь Яков Татищев буюу Ярославын амбан захирагч, цагдаагийн тусгай ангийн хамгаалагч генерал Дмитрий Татищевын ач хүү юм.
ТИМИРЯЗЕВ – 1408 онд Их ван Василий Дмитриевичэд хүчин зүтгэхээр Алтан Ордоос нүүж ирсэн Ибрагим Тимирязийн удмынхан. Ибрагим Тимиряз ван Москваг 1408 онд дайрч байсан Едигейн цэрэгт хүчин зүтгэж яваад, жанжин Едигейтэй муудалцаж, Оросын ванд дагаар орсон ажээ. Тимиряз гэдэг нь темир буюу төмөр, язы буюу цэрэг гэсэн үгнээс гаралтай юм. Тимирязевынхны удмынхан голцуу цэргийн жанжид байсан бөгөөд дэслэгч генерал Иван Семенович (1790-1867) Астраханий музей, номын санг үндэслэгч байжээ. Хамгийн нэрд гарсан хүн нь нэрт биологч, фотосинтезийн онолыг үндэслэгч Клемент Аркадьевич Тимирязев (1843-1920) юм.
ТУРГЕНЕВ – Их ван Сохор Василий Ивановичад хүчин зүтгэхээр 1440 онд Алтан Ордноос нүүж ирсэн Түргэн Арслан ноёны удмынхан. Петр Дмитриевич Тургенев Ногайн ордынхныг Казаний хаант улсад туслахгүй байхыг ятгаж элчээр очиж байв. Ногайн ордын ван Юсуф Казаний хатан хаан Суюнбекийн эцэг байсан тул Тургеневийг ихэд зэмлэсэн тухай сударт тэмдэглэгдэн үлджээ. Иван Васильевич Тургенев Догшин Иван хааны малын даамал байв. Тургеневынхны удам голцуу цэргийн жанжид байсан бөбгөөд Тимофей Васильевич Тургенев Царицины цэргийн жанжин байгаад Степан Разины бослогын үед алагджээ. Оросын нэрт зохиолч Иван Сергеевич Тургенев мөн энэ удамд хамаардаг юм.
ТУХАЧЕВСКИЙ – Баскаковын үзсэнээр тугч гэсэн монгол үгнээс гаралтай нэр ажээ. Их ван Мстислав Владимировичийн үед Черниговт нүүж очсон Идрис вангийн удмынхан. Тухачевскийнхан голцуу Брянск хотод алба хааж байсан бөгөөд Николай Сергеевич Тухачевский (1764-1832) Тула хотын амбан захирагч байв. Түүний хүү Николай Николаевич Доны хасаг цэргийн командлагч байжээ. Энэ удмынхнаас хамгийн нэрд гарсан нь ЗХУ-ын маршал, нэрт жанжин Михаил Николаевич Тухаческий (1893-1937) Сталины цуст хэлмэгдлийн золиос болсон билээ.
УВАРОВ – Их ван Василий Дмитриевичэд хүчин зүтгэхээр Алтан Ордноос нүүж ирсэн Минчаг Косаевич ноёны хүү Увараас үүссэн удмынхан. Эдний удмынхан мөн л цэргийн жанжид байсан бөгөөд Александр Артамонович Уваров нэрт жанжин Суворовын хамтран зүтгэгч байж, Туркийн Измайль цайзыг эзлэхэд гавьяа байгуулж байжээ.  Хошууч генерал Федор Семенович Уваров (1786-1845) Бородиногийн тулалдаанд морин цэргийн командлагчаар оролцон гавьяа байгуулсан нэгэн байв.
УШАКОВ – Хасуйн ордны ван Редедигийн хөвүүд Киевийн ванд зүтгэхээр дагаар орж, үнэн алдартны шашинд орж Юрий, Роман гэх нэрс авсан ажээ. Романы гуч хүү Сохор Григорий Ушак нэртэй хүүтэй байсан агаад түүнээс Ушаковынхан үүсчээ. Ушак гэдэг нь түрэг хэлний намхан хүн гэсэн үгнээс гаралтай гэж Баскаков үзсэн байна. Эдний удмаас хамгийн нэрд гарсан хүн нь Хар тэнгисийн флотын командлагч, нэрт адмирал Федор Федорович Ушаков (1745-1817) юм.
ЧААДАЕВ – 1425 онд их ван Василий Дмитриевичэд хүчин зүтгэхээр Орост нүүж ирсэн Цагаадай ноёны удмынхан. 1568 онд Муром хотын орчимд суурьшсан Василий Чагадай сударт тэмдэглэгдэн үлджээ. Эдний удмынхнаас Петр Яковлевич Чаадаев (1794-1856) нэрт философч, нийтлэлчийн хувьд Оросын түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Чаадаев “Философийн захидлууд” гэсэн нэрт бүтээлдээ Орос орны хоцрогдлыг ил тодоор өгүүлж, хаант засаглалыг эрс шүүмжилсэнд дургүйцсэн Оросын эрх баригчид эдгээр бүтээлийг хэвлэсэн сэтгүүлийг хааж, Чаадаевыг солиорсон хэмээн зарласан байна.
Үргэлжлэл бий….
Түүхийн ухааны доктор, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайд Ё.Отгонбаяр

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …