– Улаанбаатарын газрын авлигын “Учиртай гурван явдал” –
Энэ сарын 22-нд “УЛААНБААТАР ИРГЭНИЙ ФОРУМ” ТББ-аас “Иргэний оролцоонд тулгуурласан хотын хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт, иргэний хяналт” сэдэвтэй нээлттэй хэлэлцүүлэг зохиов. Энэ хэлэлцүүлэгт уригдан өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн. Хэлсэн үгийг маань нийгмийн мэдээллийн хэрэгслээр (Social media) олон мянган хүн харж, чамгүй их санал бодол бичсэн учир би төрөлх нийслэлийнхээ хувь заяанд онцгой нөлөөлж ирсэн авлига, ялангуяа газрын авлигын тухай дэлгэрүүлж энэ нийтлэлийг бичлээ.
Нийслэлийн иргэдийн хандив, татвар, өмч хөрөнгөөр байгуулсан Улаанбаатар сан юу болсон, энэ сангаас байгуулсан Улаанбаатар банкны 99.9 хувь нь өнөөдөр яагаад ганц хүний өмч болсон, Улаанбаатар даатгал хаачсан, яагаад Дүнжингарав хорооллоос зүүн тийш Амгалан хүртэлх бүх газрыг ганцхан компанид эзэмшүүлж, газрын наймааг гааруулсан зэрэг асуултуудыг иргэд тавих боллоо.
Энэ асуултуудыг би арван жилийн өмнө Иргэний Холбоо хөдөлгөөнийг хамтран байгуулсан нөхдийн хамт мөн л тавьж байсан. Хэн ч хариу өгөөгүй өдий хүрлээ. Одоо харин энэ асуултын хариуг Нийслэлийн засаг дарга асан (1999-2005), эдүгээ МАН-ын дарга, Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд болон түүний хамсаатнуудаас иргэд нэхэмжилж байна. Дээрх форумын хөтлөгч нь надад “энэ бол улс төрийн цуглаан биш” гэж сануулсан ч Улаанбаатарын иргэн бүр эдгээр асуултыг тавих, хариуг нь заавал авах эрхтэй.
Учиртай нэгэн явдал: Улаанбаатар сан
Нийслэлийн засаг дарга асан Ж.Наранцацралт агсан “Нийслэлийг хөгжүүлэх зориулалтаар дотоод гадаадын аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос” бүрдэх Улаанбаатар санг 1997 онд байгуулжээ. Хойтон нь Ерөнхий сайд болоод явахдаа хотын дараагийн дарга нь тэрхүү санг юу болгож орхихыг төсөөлөөгүй буй заа. М.Энхболд даргын үед Улаанбаатар санг 2000 онд Улсын Үйлдвэрийн газар, 2002 онд Хязгаарлагдмал Хариуцлагатай компани (ХХК) болгожээ. Төдөлгүй тэр ХХК нь “Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хот тохижилтийг сайжруулах, хотын төсөв санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх” зорилгоосоо гажаад явчихаж. Хяналт, шалгалтгүй болсон энэ компани хотын зарим зам, хорооллыг гэрэлтүүлэг, чимэглэлтэй болгож байсныхаа хажуугаар нэг мэдэхэд хотын газрыг эзэмшигч, захиран зарцуулагч болж “даам гарчээ”.
Өөрийн өмчийн газар дээрээ хувийн компаниудаар орон сууц бариулж, эхлээд хэдэн байр, удалгүй орцоор нь хотын нэр дээр авдаг болов. Гэвч тэр олон байрууд Улаанбаатар ХХК- ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүгд ороогүй, орсон нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байсан тухай Нийслэлийн Аудитын 2006 оны тайланд дурджээ. Удалгүй ХХК ямар нэг тайлан ч гаргахаа больж, сураг алдрав. Засаг дарга М.Энхболд 2003-2004 онд одоогийн Дүнжингарав хорооллоос зүүн тийш Амгалан хүртэлх 970 га хоосон байсан газрыг ганцхан Мон-Уран компанид бөөндөж “бэлэглэснээр” газрын жижиглэнгийн худалдаа гаарав. Газрын үнэ, хахууль өсөхийн хэрээр орон сууцны үнэ тэнгэрт цойлж, УБ хот ядуусаа “буурин дээр нь орхиод” нүүчихлээ. Гэр хороолол ч тэлсээр, хэдэн уулыг давж төдөлгүй Улаанбаатар маань “Утаанбаатар” боллоо. Хотоо тойрсон хогон дээр “хүн сүрэг” бий болов. Улаанбаатар хотын дүр төрхийг дайсан ч ингэж зэрэмдэглэж чадахгүй байсан.
2010 оноос ч хойш Улаанбаатар сан олон удаа нэрээ өөрчилсөн бололтой. 2006 оны Нийслэлийн аудитын тайланд 1999-2006 оны хооронд энэ санд 56 тэрбум төгрөгийн орлого орсоныг л дурджээ. Энэ сан маань хаачсан, орлого зарлага нь яасныг хариулах дарга нар байна уу?
Учиртай нөгөө явдал: Улаанбаатар банк
Улаанбаатар сангийн Удирдах зөвлөл 1998 онд “Нийслэлийн санхүүгийн нөөц хөрөнгийг бий болгон төвлөрүүлж, орон сууц болон дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах, тодорхой хөтөлбөр төслийг санхүүжүүлэх” аугаа зорилгоор Улаанбаатар хотын банкыг байгуулж, дүрмийн санд нь 500 сая төгрөг оруулахаар шийджээ. Банк байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн дутууг иргэн Ц.Дашдорж 250 сая, Д.Ганзориг 250 сая төгрөг гарган бүрдүүлсэн байна.
2001 онд тус банкны хувь нийлүүлэгчдийг засаг дарга нь хуралдуулж, дүрмийн санг хоёр тэрбум болгон нэмэгдүүлж “Улаанбаатар сан”-гаас 500 сая төгрөг нэмж оруулах, иргэн Маналын Алтангэрэл 200 сая төгрөг, Ягааны Дашзэвэг 100 сая төгрөг, Раднаагийн Энхзаяа 200 сая төгрөгийг тус тус оруулахаар болжээ. Улаанбаатар хотын аж ахуйн бүх байгууллагуудыг зөвхөн энэ банканд дансаа нээж, заавал үйлчлүүлэхийг шаардах болсоноор тус банк маш хурдан томорч эхлэв. Улаанбаатар банкны хувь нийлүүлэгчдийн 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 тогтоолоор тус банкны дүрмийн санг таван тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэнтэй холбогдуулж Т.Болдхүү (1.5 тэрбум төгрөг), Б.Цогхүү (500 сая төгрөг), Г.Баттөмөр (500 сая төгрөг) нарыг хувь нийлүүлэгч болгожээ. Нээлттэй зарлаагүй атлаа, зөвхөн энэ иргэд яагаад хувь нийлүүлэгчид болсны хариуг Улаанбаатарчууд бид өнөөдөр шаардаж байна.
Ийнхүү дүрмийн санг өсгөх нэрээр өөрсдийн хүмүүсээ шил дарааллан оруулсаар УБ хотын банкны ихэнхийг М.Энхболдын баг авчээ. Эзэн биднийг төлөөлсөн нэртэй НИТХ энэ бүхнийг сайн мэдэж байсан ч, хэн нь ч дуугараагүй юм. Иргэний Холбооноос энэ тухай тодруулга шаардан бичиг явуулж байсныг тэр үед сошиал медиа хөгжөөгүй учир хэн ч сонсоогүй шахуу даа.
2006 оны аудитийн тайланд “Улаанбаатар банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж банкнаас гэрчилгээ олгосон боловч бүртгэлдээ авах шийдвэр ирээгүй гэдгээр шалтаглан Улаанбаатар сан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж бүртгээгүй, тайлагнаагүй, үнэлгээ хийлгээгүй байна” гэж бичсэн нь энэ санг эхнээсээ л ямар зорилготой байгуулсаныг харуулж байна.
Улаанбаатар банк нь 1999 онд 20 сая, 2000 онд 96 сая, 2001 онд 87 сая, 2003 онд 183 сая бүгд 465 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь олон хүнийг шуналыг хөдөлгөж байжээ. Дүрмийн сангийн ээлжилт өсгөлтөөр орж ирсэн Д.Эрдэнэбилэг гэгч бусдыгаа мэрж идсээр эдүгээ Улаанбаатар банкны 99.9 хувийг эзэмших болжээ. Энэ нөхөр бас Монголын хамгийн том арилжааны банк болох Худалдаа Хөгжлийн Банкыг бараг бүхэлд нь эзэмшдэг бөгөөд МАНАН-ын томоохон санхүүжүүлэгч гэж иргэд хардаг. Мөн Эрдэнэтийн 49 хувийг Оросуудаас төрийн тусламжтай салгаж чадсан хүн. Харин энэ тухай Авлигатай Тэмцэх Газар, Цагдаа, Прокурор, Шүүхийн аль нь ч эдүгээ “амаа үдүүлчихээд” байгааг гурван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж иргэд үзэж байна. Монголын төр ч бас “хувьчлагдсан” бололтой.
Улаанбаатар банк болон ХХБанканд засаг дарга асан МАН-ын М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар “онцгой хайртай” учир хотын төвийн, нийтийн эзэмшлийн, өндөр үнэлгээтэй олон газар, цэцэрлэгийг энэ хоёр банкны мэдэлд “шилжүүлчихдэг” байсныг иргэд харж байна. Үүний хамгийн тод жишээ нь Нийслэлийн засаг дарга асан, эдүгээ Барилга Хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр 2012 оны сонгуульд нам нь ялагдсаны дараа, хотын шинэ захиргаа байгуулагдахаас урьтаж наадмын өмнөх өдөр Сүхбаатарын талбайн урд хэсгийг өмнөх цэцэрлэгтэй нь хамт, УБ зочид буудлын өмнөх цэцэрлэг, Тагнуулын Ерөнхий Газрын өмнөх цэцэрлэг, Ю.Цэдэнбалын талбай ба цэцэрлэг, Академич Б.Ширэндэвийн хөшөөтэй Оюутны талбайг цэцэрлэгтэй нь Улаанбаатар банкны эзэмшилд “бэлэглэчихээд” оджээ.
Учиртай бас нэгэн явдал: Улаанбаатар Даатгал ба бидний бусад хөрөнгө
Улаанбаатар сангаас Улаанбаатар банкны адилаар “Улаанбаатар хотын даатгал” компанийг 2002 онд М.Энхболд даргын үед байгуулжээ. 100 сая төгрөгийн дүрмийн санд 40 хувийг нь хот, үлдсэнийг нь иргэн Гомбо-Очирын Гантөмөр, Цэрэндагвын Лхагвасүрэн, Цогтын Чойбат, Дамдинсүрэнгийн Сүхбат, Раднаагийн Энхзаяа, Даахүүгийн Нарантуяа нар тус бүр 10 сая буюу 10 хувийг нь оруулжээ. Яагаад яг энэ хүмүүс орсоныг засаг дарга л мэдэж таарна. Нийслэлийн бүх аж ахуйн нэгж байгууллагыг эд хөрөнгөө эрсдэлээс хамгаалахыг дээрээс “зөвлөсөн” учир энэ компани маш хурдан томорч байлаа. Төдөлгүй дүрмийн сангаа өсгөж, 2005 онд иргэд бидний хувь найм болж, харин эдүгээ дөрвөн хувь хүртэл буурчээ. Яг энэ тоглоомын дүрмээр нийслэлийн иргэд бид Тэнгис кино театраа ч алдаад байна. Гэх мэтээр хичнээн олон хөрөнгө, газраа алдсан УБ-ын иргэд бид одоо яах ёстой вэ?
Газрын наймаа газар авч, тусгай хамгаалалтын хууль гээчийг УИХ баталж, Туул, Тэрэлжийн сав газруудаас 4000 га газрыг нь БОЯ-ны сайд байсан МАН-ын У.Барсболд гэгч зарж орхив. Тэр Богд уулын бүх амуудыг, түүний дотор Яармагийн дэнжийг нууцаар зарчихлаа гээд шүүхийн хэрэг нээж, ээлжит жүжиг тавиад л өнгөрч билээ. Тэр сайд ч, төр барьж ирсэн МАХН (МАН) аль нь ч дээрх бүх авлигын хэргүүдэд хариуцлага хүлээгээгүй, гэмт хэрэгтнүүд завшаад өдийг хүрлээ. Ядаж Яармагийн газраа эргүүлж өгөхийг УБ-ын иргэд Монголын төрөөс шаардсаар л байна.
Иргэдээ,
Төр засаг Монгол Улсын ард иргэд, аж ахуйн нэгжийн шударга хөдөлмөрөөрөө олсон өмчийг л хамгаалах үүрэгтэй болохоос нийтийн хөрөнгийг завшсан этгээдүүдийн гэмт хэргийг хаацайлах ёсгүй биз дээ. Төр засгийн удирдлагад бүх насаараа ажилласан мөртлөө онцгой их баяжсан, албан тушаалаа ашиглан нийтийн хөрөнгийг зувчуулсан, түүний дотор бондын хөрөнгийг завшсан гэмт этгээдүүдийн хөрөнгийн эх үүсвэрийг тогтоож нийтэд мэдэгдэх, хуулийн дагуу хурааж авах, улмаар засгийн газрын өрийг төлөх, нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахыг иргэд бид төрөөс шаардаж байна. Энэ бол шударга шаардлага.
Өнөөдөр Монголын Шүүх, Прокурор, Цагдаа, АТГ-ын бие бүрэлдэхүүн иргэдийн өмч хөрөнгө, амь нас, аюулгүй байдлыг хамгаалж чадаж байна уу? Эсвэл бас “хувьчлагдчихсан” юм уу? Ямар ч гэсэн, Монголчууд бид бариад, өвчөөд, шараад байхад ч ганц үг дуугардаггүй “загас” арай болчихоогүй байгаа шүү.
“Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай” гэснийг бодогтүн, санагтун, сэрэгтүн.
Нийтлэлч Д.Жаргалсайхан