Нобелийн шагналт, Беркли хотын Калифорнийн Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрүүл мэнд болон байгаль орчны хөтөлбөрийн удирдагч, Орчны эрүүл мэндийн ухааны профессор ноён Кирк Смит 1995 оноос хойш хөгжиж буй орнуудын агаарын бохирдолыг судалж эхэлжээ.
Тэрээр агаарын бохирдол, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар олон төрлийн судалгааны ажил хийжээ. Ингээд “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны III болон IV үнэлгээнд оролцон энэ чиглэлээр 2007 онд Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн байна. Ингээд түүний ярилцлагийг хүргэж байна.
–Та хөгжиж буй орнуудын агаарын бохирдол болоод түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар олон жил судалгааны ажил хийжээ. Манай Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлж байгаа гол хүчин зүйлс нь юу байна вэ?
– Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад нэгдүгээрт бичигдэж байна. Энэ бол аюул нүүрлэж байгаагийн нэг илрэл юм. Агаарын бохирдол хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг л даа. Монголын нөхцөлд бол гэр хорооллоос гарч байгаа утаа агаарыг хамгийн ихээр бохирдуулж байна. Мөн автомашин болон цахилгаан станцуудын утаа ч нөлөөлнө. Хамгийн хортой нь түүхий нүүрсний утаа. Хөгжиж буй орнууд түүхий нүүрсийг ихээр хэрэглэж байгаа бөгөөд энэ нь агаарт их хэмжээний бохирдол үүсгэдэг.
-Монгол улсын хувьд агаарын бохирдолтой хэрхэн тэмцвэл хурдан үр дүнд хүрэх вэ. Өөрөөр хэлбэл, яг манай нөхцөлд тохирох хамгийн шилдэг арга нь юу байна вэ?
-Улаанбаатарт жил бүр арав орчим мянган айл өрх шинээр нүүж ирдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэр хэмжээгээрээ яндагийн тоо нэмэгдэж байгаа. Миний бодлоор хамгийн шилдэг арга бол утаа үүсгэж байгаа нүүрс, түлээг цэвэршүүлж, хог шатаалтыг хязгаарлах хэрэгтэй. Монголчуудыг харж байхад хогоо хаа ч хамаагүй, тааралдсан газартаа шатаадаг юм байна. Энэ бол маш буруу. Мөн машины утаа болон үйлдвэр, цахилгаан станцууд дээр хууль тогтоомж гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шаталтаас үүсч байгаа утааг л багасгана гэсэн үг. Ер нь энэ мэт хэд хэдэн цогц арга хэмжээг авч чадвал агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах боломжтой. Яаралтай л арга хэмжээ авахгүй бол байдал улам хурцадна шүү дээ. Миний хувьд монголын эдийн засгийн талаар ойлголт муутай л даа. Гэхдээ хөндлөнгөөс харахад танай улс уул уурхайгаасаа нэлээн ашиг олдог байх. Тийм учраас уул уурхайгаасаа орж ирж байгаа хөрөнгийнхөө багагүй хувийг агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулах хэрэгтэй гэж бодогдох юм. Хамгийн гол нь агаарын бохирдлыг хэмжихээсээ илүүгээр түүнийг буруулах талаар хийж буй арга хэмжээг хэмжиж байх нь чухал.
-Дэлхийн улс орнууд агаарын бохирдолтой хэрхэн тэмцдэг вэ?
-Лондон 1950-аад оны үед хамгийн их агаарын бохирдолтой хот байсан. Тэгээд төр засгийнхан нь бодлогоор түүхий нүүрс түлэхийг хориглож, хогоо ил задгай шатаахаа больсон. Харин одоо бол Лондон хот хамгийн цэвэр хотуудын нэг болсон шүү дээ. Ер нь, БНХАУ, Энэтхэг, Непал, Мексик, Гватемал зэрэг олон улс орон хөгжингүй үедээ нүүрс хэрэглэдэг байсан. Тэдний зарим нь одоо ч хэрэглэж байгаа. БНХАУ-ын хувьд нүүрснээс татгалзахын тулд эхлээд утаа бага ялгаруулдаг зуух хэрэглэсэн байдаг. Үүний дараа айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах зэргээр асуудлыг шийдсэн юм билээ.
-Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг та олон талаас нь судалсан хүн. Таны хийсэн судалгаагаар агаарын бохирдол хүний эрүүл мэндэд яг ямар ямар муу нөлөөтэй байна вэ?
-Би энэ талын судалгааг олон жил хийсэн л дээ. Биомасс болон нүүрсийг түлшнийхээ гол хэрэглээ болгосон хөгжиж буй орнуудын хөдөө тосгонууд агаарын бохирдолд илүү өртөмхий байдаг. Судалгаанаас үзэхэд гэр хорооллын утаа хүний эрүүл мэнд, тэр дундаа хүүхдэд маш хортой гэдэг нь тогтоогдсон. Жирэмсэн эх агаарын бохирдолтой орчинд байснаас ураг дутуу төрөх өндөр магадлалтай. Мөн бага насны хүүхэд их амархан уушгины хатгалгаагаар өвчилдөг. Найман жилийн турш хийсэн судалгааны үр дүнд түүхий нүүрсний утаа хүүхдийн тархины төлжилтөд маш муугаар нөлөөлдөг нь тогтоосон. Өөрөөр хэлбэл, хүүхдийн оюуны чадамж мууддаг гэсэн үг. Би БНХАУ, Энэтхэг, Непал, Мексик, Гватемалд судалгаа шинжилгээний ажил хийж байсан. Энд нэг жишээ хэлэхэд, хэдэн жилийн өмнө Гватемалын агаарын бохирдолтой (түүхий нүүрс хэрэглэдэг) нэгэн тосгонд амьдарч буй жирэмсэн эмэгтэйн биед бид агаарын бохирдлыг хэмжих микросхемтэй чип хэмээх төхөөрөмж зүүлгэсэн юм. Ингээд найман жилийн дараа хүүхдэд нь бүрэн шинжилгээ хийхэд агаарын бохирдол хүүхдийн оюун ухаанд нь сөргөөр нөлөөлсөн нь тогтоогдсон. Харин агаарын бохирдолгүй газар амьдарч байсан жирэмсэн эхээс төрсөн хүүхдийн оюун ухаан, ой тогтоох чадвар нь нөгөө хүүхдийнхээс хэд дахин илүү байсан. Бид энэ төрлийн судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа. Ер нь агаарын бохирдолтой хотод амьдарч байгаа хүн амын дунд уушги болон зүрх судасны архаг өвчин их байдаг. Ялангуяа хүүхдийн уушгины үрэвсэл, төрөлтийн сөрөг нөлөөллүүд болон эмэгтэйчүүдийн нүдний болор цайх эмгэг, сүрьеэ зэрэг өвчний гол эх үүсвэр нь агаарын бохирдол.
-Та бол Дэлхийн Нобелийн шагналтан. Монгол хүний оюуны чадамжийг хэрхэн үнэлж байна вэ. Монголчуудаас нобелийн шагналтан төрөх боломж байна юу?
-Монголчуудаас яагаад Нобелийн шагналтан төрж болохгүй гэж. “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн асуудлаар 800 гаад эрдэмтэд нийлж судалгаа хийсэн юм. Тэгээд бид багаараа Нобелийн шагнал хүртсэн. Тэдгээр эрдэмтдийн дунд Монгол хүн байсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Би Нобелийн шагнал хүртсэн гэрчилгээгээ ээждээ хадгалуулсан байгаа.
Нобелийн шагналт, профессор ноён Кирк Смитын хийсэн судалгаанууд хөгжиж буй орнуудын байгаль орчин, эрүүл мэндийн асуудлууд дээр гол төлөв чиглэгдсэн байдаг аж. Ялангуяа эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээнээс үүссэн эрүүл мэндэд хохирол учруулахуйц, уур амьсгалыг өөрчлөхүйц агаарын бохирдолтын асуудлуудад илүү анхаарч ажилладаг тухайгаа тэрээр хэлж байсан юм.
Эх сурвалж: Eagle.mn