Мэлхий хурц эрхэм уншигчиддаа “Утгын чимэг 2008” наадамд гуравдугаар байр эзэлсэн МЗЭ-ийн шагналт Бидэрийн Баярсайханы “Өлөгчин” өгүүллэгийн хүргэж байна. Энэхүү өгүүллэгт сэтгэлээс урган гарах хүний атаа хорслийн эцэс төгсгөлгүй муу бодлын үр, адаг сүүлд нь хариутай байдаг гэдгийг сургамжлан өгүүлсэн байдаг юм.
Өлөгчин
Өлөгчин хүнээс илүү юм ч үгүй, гажуу юм ч үгүй. Туранхай мөртэй, эцэнхий жаахан билээ. Харин нүд нь гэрэл цацруулсан ногоон юм. Ногоон гэхдээ оюу шиг цийлэн ногоон бас биш. Номин шиг цэв цэнхэр ч бас биш юм. Номин оюу хоёрын ууссан завсрын цэнхэр туяатай гэрэлт ногоон нүд билээ. Энэ нүднээс л хамаг хэрэг үүдсэн юм. Омгийн бүх эрчүүд түүний гоо сайханд татагдаж тачаадаж эхэлсэн билээ. Нууцын орноо хагас дутуу хаасан бүдүүн хадуун зэрлэг эрс эцэнхий жаахан өлөгчингийн юунд тэгтлээ унаж тусдаг байна вэ?
Өөрсдийн нь эхнэрүүд гэж чийрэг бадриун, идэр есийн хүйтэнд дагжиж үзээгүй өөх харвин зузаан, мунаар цохивч нэг удаа тэсэхээр муухан эрсээс ч хавьгүй илүү эмс билээ. Тэгэвч хөгшин залуу гэлтгүй бүгд өлөгчинд татагдаж түүнийг тойрсон нэгэн хүрээ үүсгэдэг байв. Юунаас болж тэр вэ гэж эр эмгүй толгой гашилган боддог байлаа.
Харин эхнэрүүд өлөгчинг өрөөсөн нүдээрээ ч үзэхгүй.
-Шулам царайлсан олиггүй өлөгчин гэлцэнэ.
-Галд шатаж усанд үйж далдраасай гэж зүхнэ.
-Нүдийг нь ээ. Яг шуламаа… шулам гэж арга нь барагдан шогширно.
Олноос зүсэлж өмчилсөн өнөө “хар юм” нь сав хийвэл өлөгчинд сэртэндэж, маасганаж саасганаад байхаар чинь ямар ч эм амьтан сэтгэл амар байж дөнгөх үү дээ. Үгүй, яавч зүгээр сууж чадахгүй. Өмчирхөх зөн гэдэг, зүрх сэтгэл бий болохоос ч өмнөх эд юм.
Тараг исэхээр савнаасаа хальж сагадаг. Хэнд ч, юунд ч үл захирагдан асгаран урссаар байдаг. Яг энүүнтэй адил эхнэрүүдийн хар хор исэн иссээр байв. Тэвчээрийн түгжээ пүрш шиг мултрав. Бортогоны тагийг хол чулуудан тараг сагах нь тэр. Ариун цагаан сүүний тараг биш эхнэрүүдийн дотроо исгэсэн өшөө хорслын, байж ядсан тэчьяадал, уур хилэнгийн тараг юм. Эр нь энхрийлэн сорж, үр зулзага нь зүүгдэн үлгэж тэжээгддэг зангирсан хоёр хөхнөөс нь цагаан сүү ивлэдэг билээ, уг нь. Тэгэвч яахаараа арзыг нэрж хорз, хорзыг нэрж хор болгосон шиг тараг исдэг хэрэг вэ. Мод шатааж, төмөр хайлуулах хүчил шүлт шиг уур хилэн хөөрхий өлөгчингөөс яс үс ч үлдээхгүй үгүй хийхээр хөөсрөн пор пор буцалж байв.
Эрс эрхбиш ходоодноос гадна зүрх гээч юмтай тул өнөө хэлд нь өлөгчинг хаацайлан эхнэрүүдтэй уралцах шахжээ. Багаахан шиг гардан тулалдаан болох дөхсөн юм байх. Эхнэрүүдийн буруу ч юу байх билээ гэмээр юм. Яагаад ер нь өөрийн өмчийг өөрөө эдэлж хэрэглэж болохгүй байх билээ дээ. Тэдний дунд өлөгчинг эзэмдсэн нь ч байв, эзэмдээгүй боловч эзэмдэх сэн гэж цаг үргэлж шүлэнгэтэж явдаг нь ч байв. Юу ч болов өмгөөлөх нь өмгөөлжээ.
Тэгэвч эхнэрүүд гэдэг эхнэрүүд юм. Тэдний хуурч овлох, харгислан тамлахын дэргэд хамгийн сайн яргачин ч балчирдана. Яргачин бол эзний зарлигаар цаад нүгэлт болон нүгэлгүй амьтныхаа судсыг нь сугалж, арьсыг нь өвчиж, халуун гадсан дээр суулгаж тамлах нь бий. Тэгэвч хэзээ ч тэрний тархинд ийм аймшигт санаа орж ирэхгүй. Магадгүй энэ санаа анх эхнэрүүдийн тархинд боловсорч харин хийхийг нь яргачин хийдэг байж болох юм.
Зэрлэг эрс ходоодны дуудлагаар ан ав эргүүлэн хэдэн уул давж, хэдэн гол гатлан одов. Эхнэрүүд арай л баярын марш тоглуулж үдсэнгүй.
-Ятууны шөл уумаар байна шүү гэж нэг нь тунирхав.
-Гахайн өөхтэй хавирга шарж идэх сэн…
-Бугын чөмөг ташаад сорж суух ч ай даа бас л сайхан юмны нэг дээ гэлцэн тал талаас нь шаагилдаж гэнэ.
Эрс “хайртай” эмсийн даалгаврыг тархиндаа бичээд аян зам шуударчээ. Олон хоног өнгөрч, захисан болгоныг олж авлахын тул эцэж цуцалтгүй цааш явсаар л байв.
Харин энэ хооронд эхнэрүүд өлөгчинг шүүжээ. Хийх ажилгүй тэдэнд энэ зугаатай, бас бахтай сайхан юм байв. Өшөө хорслоо өөрийн гараар тайлна гэдэг бодвол сайхан л байдаг байлгүй дээ.
Эхнэрүүд гэвэл үзэшгүй муухай эмс байв. Үс гэзэг нь сэгсийсэн, хав хар дэлэнгээ унжуулсан, бөгс нь шавар торх шиг ландгар, тахир гишүү шиг хөлтэй, арьс нь матрынх шиг арзгар ажээ.
Даанч тэр үед гоо сайхны тухай ямар нэгэн ойлголт байсангүй.
-Эхнэрүүд минь! Энэ өлөгчинг яаж шийтгэх вэ? Энүүнээс болж амар заяа үзэхээ болилоо. Өнөөх хар юм маань энүүний төлөө…
-Харин тийм гэм. Энүүний төлөө…
-Шулам царайлсан энэ өлөгчингийн төлөө
-Тэгээд яагаа вэ? Энүүнийх нь төлөө гэж ам уралдан орлилдож бүгдээрээ… Өнөөхөөр нь улайтгасан гадсан дээр суулгах уу энүүнийг?
-Тэр чинь юу юм бэ? Нялх хүүхдийн тоглоом сэдэх юм даа чи.
-Муу ёрын хоёр гарыг нь хуга цохилтой биш дээ. Өнөө муу “хар юм”-ыг минь тэвэрч байдаг гар шүү дээ.
-Ингэхэд ер нь энүүний юунд болж тэд шүлэнгэтэж байдаг вэ? Та нар бодож үзсэн үү гэж торх шиг ландгар бүдүүн бөгстэй цоохор эхнэр хэлэв.
-Нээрээ тийм. Юунд болдог байсан юм бол тэд…?
-Энүүнд минийх шиг дэлэн лав байхгүй
-Тийм ээ, чинийх шиг байтугай минийх шиг дэлэн байхгүй. Минийх шиг хөл байхгүй, тийм биз дээ !
-Үнээн. Чинийх шиг байтугай минийх шиг хөл байхгүй. Бас минийх шиг арьс байхгүй…
-Яг чухам. Чинийх шиг байтугай минийх шиг арьс байхгүй…
Эхнэрүүд бодолд оров. Яахаараа тэгээд эрс зөвхөн энүүнийг гэж шүлэнгэтэн, ягаан шүүс савирах шарсан махнаас илүү үздэг билээ. Бодсоор л байв. Энэ муу эсвэл дур тавихдаа зэрлэг хашгирдаг байж таарна.
-Алив чи, өлөгчин минь дур тавихдаа яг яаж хашгирдаг вэ тэгж хашгираадах!
-Зүйтэй. Хашгираадах, хашгираадах гэлцэн тал талаас нь шахамдуулав.
Хөөрхий өлөгчин юугаа мэдэх билээ. Эрс түүнийг дуртай цагтаа дарж аван дагиж дагиж яваад өгдөг юм чинь, өлөгчин сайхан муухайн тухай юугаа мэдэх вэ.
Тэгтэл өнөөх ландгар бөгст эхнэр гэнэт уулга алдан
-Тэгнээ тэр, мэдээд авлаа шүү гэж бахтай нь аргагүй хашгирав.
-Юу мэдээд авлаа гэж гэлцэн тал талаас нь хашгиралдав. Эхнэрүүдийн зэрлэг инээд учиргүй чанга хашгираанд моддын мөчир дагжин, шарласан шилмүүс нүдний сормос шиг ганц нэгээр сугаран унаж байлаа
-Нүд….!
-Юун нүд ..солиров уу чи!
-Энүүний хоёр нүдэнд байна…
-Энүүний хоёр нүд яачаав?
-Харахгүй юу чи. Шулмын нүд шиг… гэрэл ассан ногоон нүд. Энэ хоёр нүднээс болж бид амар заяа үзэхгүй байгаа юм байна.
-Тийм байна. Энэ хоёр нүднээс болж. Гэрэл ассан энэ хоёр нүднээс болжээ.
-Одоо яахав, тэгээд. Ухаад хаячихалтай биш дээ.
-Юу ярьж байгаа юм. Ухалгүй яадаг юм. Энэ хоёр нүд асаж байсан цагт хэзээ ч амар заяа үзэхгүй…
-Үзэхгүй болов уу?
-Үзэхгүй, үзэхгүй. Шарсан хавирга барьж тангараглая. Энэ хоёр нүд байсан цагт амар заяа үзэхгүй.
-Юуг нь хүлээсэн юм бэ тэгээд. Барьж байгаач наадахаа.
-Зүгээр нэг ухаад хаячих гомдолтой юм даа. Эхлээд дэрсээр цоо хатгаж байгаад дараа нь ухаж хаяъя
-Нээрээ тэр нь зөв. Эхлээд дэрсээр цоо хатгая. Дараа нь ухаад хаячихъя…
Эрс олон даваа гүвээг давж, олон ус голыг гаталж, олон хоногийн аянаас ирэв. Олз омог гэж арвин. Гөрөөсний тураг мах, ятуу хөтүү, зэрлэг гахайн хавирга, бугын нойтон арьсаа дааж ядан ирэв. Нар салхинд явж аяншихын хэрээр нар салхинд зүлгэгдсэн хүрэн бор арьс нь гэрэлтээд улам ч зэрлэгэрхүү болсон хүдэр бадриун эрсийн инээлдэх нь хүртэл бас зэрлэгэрхүү болжээ. Тэд өлөгчингийн дэргэд байхдаа нойтон бургас шиг уян зөөлөн болдог байсан юм.
Эрс, хэн нь ч хамаандлаагүй байхад нэгэн дуугаар
-Өлөгчин хаа байна гэлцэв.
Эхнэрүүд бас л хэн нь ч хамаандалж дохиогүй байхад нэгэн дуугаар
-Өлөгчин та нарын араас тэнээд алга болсоон гэв.
-Ай хөөрхий, тэрнийг минь чоно идчихсэн байх гэж нэг нь хэлэв. Арай сийрэг ухаантай нь
-Хэзээ ч бидний араас явдаггүй л байсан даа гэв. Эхнэрүүд жишимгүй
-Тэр яах вэ та минь. Галаа хурдхан түлээд махаа шаръя, шөлөө ууя гэж бусдаа шамдуудав.
Гал цоролзон асаж ятууны шинэхэн шөлний нялуувтар үнэр, гахайн өөхтэй хавирганы тос шажигнасан аятайхан үнэр, гөрөөсний нойтон махны хамар цоргим үнэр ойгоор нэг тарж хатсан өвс, навчны дарагдмал үнэртэй холилдон ханхалж байхад зэрлэг эрс хөөрхий муу өлөгчинг онхи мартжээ.
Харин өлөгчин харангасаж үхсэнгүй. Бурханд тэтгэгдэж мөнх насыг олов. Тэгээд үзэсгэлэнт бүсгүйн биед хувилан эрсийн тархи зүрхийг эзэмдэж, дуртай цагтаа эхнэрээс нь булааж, шүүрч аван тохуурхдаг болжээ. Тэр ч бүү хэл яруу дуулал болгоны эхний шадад өлөгчний тухай гансармаар уяруу дуулал байдаг гэж хууччуул өгүүлдэг билээ.