“Хүнстрейд” улсын үйлдвэрийн газар. Энэ газар хүртээмжээрээ ч, багтаамжаараа ч Монголдоо монополь байсан цаг саяхан.
21000 ам метр талбай бүхий халаалттай болон ердийн агуулах, нэг удаа 600 тонн бүтээгдэхүүн хадгалах аммикан хөргүүлтэй зоорь, 600 ам метр талбайтай бараа хадгалах саравч, хүнсний жижиг үйлдвэрүүдтэй. Төрийн өмчийн хорооны шалгалтын материал миний ширээн дээр байна. Эндээс харвал алдагдал бүхний цаана амин хувийн эрх ашиг нууцлагдаж байх шиг санагдана. Төрийн хаягтай болгонд нүд нь хорсдог улс эх орон, ард түмэнд элэггүй хүмүүсийг “Хүнстрейд” гэх том айлын гал голомтыг самруулахаар томилсон юм билээ.
Бүх ажил төрөл нь 180 хэмээр эргэчихлээр өгсөж явсан улсын үйлдвэрийн газар уруудаж эхэлсэн байна. Зөвхөн борлуулалт 2000 онд гэхэд л өмнөх оноосоо 909.6 сая төгрөгөөр буурчээ. Тэд өндөр үнээр бараа авч, хямд үнээр худалддаг юм байна. 5 төгрөгөөр худалдаж аваад 3 төгрөгөөр зарчихдаг хүмүүсийг юу гэж хэлэх вэ? Харанхуй шөнө, хаана хүрэхээ мэдэхгүй хүнтэй ч төстэй юм шиг.
Ер нь аль байгууллагад удирдлага яах гэж байдаг юм бэ? Байгууллагаа алдагдалд оруулах гэж байдаг юм биш үү? 1990 оноос хойшхи ялангуяа өнгөрсөн 4 жилийн байдлаас харахад ийм л харагддаг.
24707.0 мянган төгрөгийн барааг устгахаас өөр замгүй болжээ. Бодвол устгахад гарсан зардал гэж баахан мөнгө үрнэ. Ингээд өнөө төр л хохирно. “Хүнстрейд” өөртөө байгаа өнгө үзэмжтэй, чанар чансаатай, өргөн хэрэглээний барааг хэнд ч хэрэггүй эвдэрсэн техникээр сольдог бас нэг шинэ аргыг ажилдаа нэвтрүүлжээ. Бараагаа борлуулахын тулд олсон шилдэг арга нь “барьцаатай зээл өгөх” юм байна. Энд тэндхийн асдаг, асдаггүй машин, трактор цуглуулж аваад хаа холоос авчирсан бараагаа тавиад туучихаж. Өнөөдрийн байдлаар долоон төрлийн техник 47432.2 мянган төгрөгийн барааных нь оронд хадгалагдаж байна. “Хүнстрейд” маань эвдэрхий техникийн цуглуулгын нэг ёсны агуулах болжээ. Гүйцэтгэх захирал байсан хүн нь гаднаас авснаа хав дарж хугацаа дуусгадаг бол түүний халааг авсан Болдбаатар эвдэрхий техник барьцаанд авч бараа тараажээ. Мэргэжлийн хүний тооцоогоор дээрх техникээр барьцаанд өгсөн барааныхаа 50 хувийг олж авбал их юм гэнэ.
“Хүнстрейд”-ийн удирдлагуудын хобби бол өөрсдөө өндөр үнээр авч өрөөл бусдад хямд үнээр зардаг явдал юм байна. Бялхаж цалгисан мөнгөө багтааж ядсандаа ингэдэггүй нь бас гайхалтай. Жишээ нь 1.5 тэрбум төгрөгийн гурилыг тухайн зах зээлийн үнэнээс нэг кг нь 30 төгрөгөөр илүү авсан байх юм. Хоёрхон жилд 3713193 кг гурилыг нэг бүрийн үнийг 269 төгрөгөөр буюу нийт 999.4 сая төгрөгөөр худалдан авчээ. Гэтэл 3633193 кг гурилыг нэг бүрийг нь 233 төгрөг буюу худалдаж авсан үнээсээ 34 төгрөгөөр хямдруулан худалдаж 123778.3 мянган төгрөгийн хохирол улсад учруулжээ. Энэ хохирлыг хэн хариуцах вэ? Төр хариуцна. Эндээс хэн хожив оо. Энэ бол нууц.
Ийм хачин явдал болжээ. Даргыг анх компани хүлээж авахад складаар нь бараг дүүрэн тамхи, сум байж Захирал тэрхүү сумаа хямд үнээр нь худалдчихаад өндөр үнээр сум авчээ. Калибрын дээрх сумны үнийг зах зээлийн үнээр тооцоход л 34 сая төгрөгийн алдагдалтайгаар сумаа худалджээ. Эндээс үзвэл захирал магадгүй тухайн үедээ бие сэтгэцийн өөрчлөлттэй байсан байж болно. Эрүүл хүн ийм ажил хийхгүй дээ гэж өрөвдөхөд хүрэв. Тэгтэл төрийн өмчийг хувийн компанид сул өгч тэндээсээ ашиг хүртдэг сүүлийн жилүүдэд ёс жаяг бас санаанд орж байх юм. Ямар ч гэсэн төрийн хаягтай ард түмний өмч “Хүнстрейд” хүйс тэмтрэгдсэн юм.
Тухайн зах зээлийн үнээс хямд чанартай сайн бараа зах зээлийн үнээс нэн хямд авах хүсэлтэй хүмүүс мөн чанар муу, үнэ хямд бараагаа тухайн зах зээлийн үнээс дээгүүр худалдахыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж хувь хүмүүс “Хүнстрейд” улсын үйлдвэрийн газар хандана уу? Энэхүү боломжийг ашиглаж чадахгүй бол өөр тийм худалдаачин танд хэзээ ч олдохгүйг сануулъя. Танд үнэмшүүлэхийн тулд ганц жишээ хэлье. “Хүнстрейд” улсын үйлдвэрийн газар 3 сая төгрөгийн үнэтэй жижиг тракторыг нэг байгууллагад үнийг нь гурав дахин бууруулж 1 сая төгрөгөөр худалджээ. Тэгэхдээ бас зээлээр шүү. Дахиад нэг баримт “Хүнстрейд” бол ерөөсөө л алдагдалтай ажиллах хоббитой байгууллага гэдгийг бүү март. Үүний нууц нь удирдлагад нь байгаа юм.
Үргэлжлэл бий…
Монгол дахь авлигын үнэн түүх номноос…
аравт.мн