Өнгөрөгч мягмар гаригт Буддын гүн ухааны хамгийн дээд буюу лхаарамба цолыг Д.Жавзандорж хэмээх Монгол лам хүртжээ.
Энэхүү цолыг хүртэхийн тулд лам нар Энэтхэгийн Гэлүгбийн найман сургуульд Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр суралцаж лхаарамбын шалгалтад орох эрх авдаг аж. Үүний дараа жилд нэг удаа буюу нийт зургаан удаа буддын гүн ухаанаар шалгалт өгдөг байна. Эдгээр шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд лхаарамба цол хүртдэг хэмээн Егүзэр хутагтын тавдугаар дүр Данзанлувсанванжал онцлон тэмдэглэсэн.
Д.Жавзандорж зургаан жилийн шалгалтынхаа дөрөвт нь тэргүүлж, хоёр жилд нь хоёрдугаар байранд орсон байна. Харин ирэх жил нууц тарнийн ухаанд суралцаж, аграмба цол хамгаалахаар төлөвлөж байгаа аж. Тэрээр анх 1991 онд Сүхбаатар аймгийн бурхан шашны төв Эрдэнэмандал хийдэд шавилж, бурхны ном үзэж эхэлсэн. Улмаар Улаанбаатар хотод Зүүн хүрээ Дашчойлин хийд, Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпил дацанд буддын гүн ухаанд суралцаж байгаад 1998 оны эхээр Энэтхэгийг зорьсон байна. Монголд 1921 он буюу Ардын хувьсгалаас хойш лхаарамба цол хүртсэн хүн байгаагүй.
Энэтхэгт гүн ухаанаар суурилж суралцдаг Гэлүгбийн найман сургуулийн 10,000 орчим лам бий. Үүнээс шилэгдсэн лам нартай бүтэн зургаан жилийн турш өрсөлдөн шалгалт өгч байж лхаарамба цол авна гэдэг их хөдөлмөр, оюун ухааны хүч. Цолоо амжилттай хамгаалж Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадсан Д.Жавзандорж лхаарамба өмнө нь Далай багшийн 80 насны ойгоор 10 мянган ламаас хамгийн их ном цээжилсэн хоёр хүний нэгээр шалгарч байсан. Тэрээр Монгол, Энэтхэг зэрэг орны 300 орчим шавьтай болсон байна.
Далай багш монголчуудын оюун ухаан ийм өндөрт хүрч байгаад талархалтай хандаж, хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Буддын шашинд лхаарамба, аграмба, гавж, зэ эрэмбэ, маарамба гэх мэт цол бий. Эдгээр нь оточ анагаах ухаан, зурхайн ухаан, тарнийн ухаан гэх мэтээр өөр хоорондоо ялгаатай.
Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдийн дэд хамба, Лхаарамба Д.Жавзандоржийн шавь Н.Цамбанүрдэв “Энэ цолыг манай монголчууд 80 гаруй жил хүлээлээ. Хэлмэгдэлтийн үед олон лхаарамба, эрдэмтэн мэргэнтэй байсан. Тэр дээдсүүдийг ихэнхийг нь хэлмэгдүүлэн хороосон. Үүнээс хойш монголчууд ийм оюун ухаант хүмүүсийг хүсэн хүлээж байсан. Их баяртай үйл явдал боллоо” хэмээсэн.