Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, модернист зохиолч Чулуундоржийн Мөнхбаяртай уулзаж хөөрөлдлөө.
-Өнгөрөгч зууны ерээд оны уран бүтээлчдийг Монголын мөнгөн үеийн яруу найрагч, зохиолчид гэж тодорхойлдог. Сэтгэлгээний галт уулын дэлбэрэлтийн гол цөмд байсан хүний хувьд ярих зүйл ч их байгаа даа?
-Алтан үеийнхэн гэгддэг тэр хүмүүсээ бид сайн мэднэ. “Мөнгөн үе”-ийнхэн гэж уран бүтээлчид тэгж өөрсдийгөө нэрийдсэн юм уу, уншигчид маань тийм алдар олгосон юм уу, тэрийг би мэдэхгүй. Алтан үеийнхнээсээ давах гэж л лав тэгж нэрлээгүй ч мөнгөн үе гэдэг нэр ямар ч байсан төлөвшчихсөн юм шүү. Социализмын үед шүлгийн ганц үгийг ч өөнтөглөдөг, шүүмжилдэг сэтгэлгээний боогдмол эрин байлаа даа. Төрийн шагналт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн шүлгийг гэхэд “Бул хар хад” гэж Бал даргыг хэлээд байна уу ч гэж байсан зовлонтой үе шүү дээ.
-Явуухулан найрагчийн хайрын шүлгийг хүртэл “хөнжлийн шүлэг” гэж шүүмжилж байсан гэдэг биз?
-Харин тийм зовлонтой үе байхгүй юу. Харин бидний үед оюун санааны эрх чөлөө харьцангуй нээгдчихсэн байсан. Өөрчлөн байгуулалтын үеэс оюун санааны задаргаа явагдаж эхэлсэн. Тэр үед оюун санааны задрал, их тэсрэлт хоёр л зэрэг явагдсан бол уу.
-Өөрөө хотын унаган хүүхэд. Утга зохиолын ямар бүлгэм дугуйланд хамрагдаж байв?
-Би хотод төрж, өссөн. Хүмүүс “Төрсөн нутаг хаанах вэ” гэхэд л “Октябрийн район” гэсэн айхтар орос үг хэлнэ. (инээв.сур) Төмөр замын 51 дүгээр сургуулийн сурагч байхдаа шүлэг зохиол бичиж эхэлсэн. Наймдугаар ангид байхад яруу найрагч Тоомойн Очирхүү, судлаач, шүүмжлэгч Данзанноровын Хүү гэдэг хоёр хүн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны дэргэдэх утга зохиолын дугуйланг байгуулж сургууль сургуулиас авьяастай хүүхдүүдийг авч байлаа. Энэ чинь наян гурав, дөрвөн он юм уу даа. Би ч эхэндээ их эмээлээ. Тэр үед Эвлэлд элссэн хүүхдээс “Чи хаана зогсож байна” гэхэд “Ангидаа” гэсэн чинь “Чи буруу ярьж байна. Үзэл суртлын фронтын тэргүүн эгнээнд зогсож байна гэж бодох хэрэгтэй” гэсэн тухай сонсож байсан болохоор “Яадаг билээ дээ, бурхан минь” гээд очиж байсан юм. Очих ч юу байхав уран зохиолын багш маань дагуулаад аваачихгүй юу. Очирхүү гуай дипломат маягийн, Засгийн газарт реферэнтээр ажилладаг, Хүү багш маань гэхэд Багшийн сургуулийн профессор мундаг хоёр хүн л сууж байсан. Ямар ч байсан яруу найрагч хүнээс өөр дарга хэмээх хэв шинжит дүрүүд байсан. Нэг хүү босоод “Нам засаг, найрамдал минь агуу билээ” гээд уншсан чинь Очирхүү багш “Боль, чи сонин хэвлэлээр гардаг юмыг толгой холбоод биччихсэн байна шүү дээ” гэж байсан. Бас нэг хөвүүн хайрын шүлэг хэлсэн чинь “Чи дунд сургуулийн сурагч хайр майр гэж мэдэхгүй байж худлаа юм бичээд. Та нар амьдралыг чагна, ажигла. Модны сэрчигнээн, болжморын жиргээ, салхины илбээний тухай бич. Одоо иргэний яруу найраг бичих цаг болсон” гэж байлаа. Дугуйлангийн нэрээ өгье гэхэд би “Ирээдүй” гэвэл “Ямар аймаар том юм боддог хүү вэ” гэж инээлдээд эцэст “Нахиа” дээр тогтож билээ. Очирхүү багш “Манайд чинь яруу найраг жинхэнэ утгаараа хөгжөөгүй. Зөвлөлтийн яруу найраг их унш. Евгений Евтушенко юу гэж бичиж байгааг хар” гэж байсан нь санаанд тодхон байна.
-Дунд сургуулиа төгсөөд шууд сонин хэвлэлд ажилласан гэл үү?
-МУИС-ийн сэтгүүлчийн анги ирээгүй болохоор цэргийн “Улаан-Од” сонинд ачигчаар ажилд ороод сүүлд хянагч болж дэвшсэн. Эрхлэгч нь Баярмагнай гээд монгол ёс заншлаа сайн мэддэг мундаг хүн байсан. Ачигч мөртлөө шүлгээ хэвлүүлчих санаатай. Уран бүтээлч сайхан хүмүүстэй энд танилцсан. Эндээсээ Уралын Улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид очлоо. Манай сургуульд чөлөөт суулт гэж хичээлийн хуваарьт захирагдахгүй нэг юм байлаа. Удирдлагууд санаачилсан ч багш нар үүнд нь дургүй. Шалгалтаа л амжилттай өгвөл болчихно. Свердловск тэр үед манай нийслэлээс хөгжил маш муутай. Миний амьдардаг “Чапаевын 16” гэдэг байр бол дөч тавиад оны байдалтай, жорлон нь гэхэд хоорондын панеран хаалт нь уначихсан. Эхэндээ хэнтэй ч хамаагүй зэрэгцээд суухаар ичих гэж жигтэйхэн. Олзуурхууштай нь жорлонд нь ном сонин овоолгоостой. Сүүлдээ тэндээ ном сонин уншаад ичгүүр ч арилсан. Оросын хамаг эсэргүү зохиолчдын бүтээл тэр үед хэвлэгдэн гарна. И.Бунин, Э.Лимонов, Витов, Саша Соколов нарын тэр диседент зохиолчдыг их уншиж “Уран зохиол гэдэг ийм юм байсан юм уу” гэх бодол төрж юм бичихэд хөл маань өөрөө бүжиглээд гэдэг шиг үзэг маань аяндаа бүжиглэж өгдөг байсан даа. Тэр үед бичсэн юмнуудаа одоо ч би гайхдаг. Ороолдуулж, зангируулж, зодолдуулж, дэлбэрүүлж их хачин л юмнууд бичсэн их ноорог надад бий. Эмх замбараагүй их гар бичмэлүүдээсээ цэгцлээд Мэрилин Монрогийн тухай 33 хэсгээс бүтсэн юм бичснээс дөрвийг нь гаргасан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу