Сав ертөнц гэдэг нь байгаль дэлхий, од гариг, тэнгэрийн эрхис, агаар, орчин зэрэг гаднах бүхнийг хэлнэ. Шим ертөнц нь саваа шүтэн амьдарч буй амьтан юм. Сав шим орших харилцан нөхцөлдсөн шүтэн барилдлагаар орших буюу бие биедээ эерэг сөрөг, таатай таагүй нөлөөлөл үзүүдэг зүй тогтоолтой. Жам ёсыг таньж ухаарсан монголчууд дээр үеэс байгаль орчин, уул ус, мөнх тэнгэр, гариг эрхис тэргүүтнийг аргадан тахиж зохицон аж төрж ирсэн уламжлалтай.
Дэлхий ээж буюу эх газар, эцэг тэнгэр хэмээн хүндлэн биширч байсан нь гүн утга учиртай. Товчилбол байгаль дэлхий үгүй бол хүн амьтан ч байхгүй нь ойлгомжтой. Чингэвээс хүн төрөлхтний мулгуу, буруу ажилллагааны улмаас байгаль, сав ертөнц сөрөг өөрчлөлтөд орж энэ нь шимийн амьтдад таагүй нөлөө үзүүлдэг үй олон жишээ, хор, хохирлыг шинжлэх ухаан хожуу ухаарч буй юм. Тиймээс шим ертөнцийн гол төлөөлөгч хүн төрөлхтөн өөрөө аргын бус билгийн ухаанаар боловсорч үе үедээ сайжрал, гэгээрлийг олж төлөвшин сав, ертөнцөө шүтэж амьдрах учиртай.
Хүний хөгжлийн үрээр шинжлэх ухаан, техникийн ололт бий болсон юм бол түүнээ эх дэлхийдээ, эргээд амьдралд хор хөнөөл учруулах хэрэгсэл, болгохгүй байх, байгалын жам хуулийг зөрчихгүй, өөр хоорондоо дайн самуун, хэрүүл тэмцэлгүй, эв найртай аж төрөх гэх мэт олон олон асуудал бий. Хүмүүсийн хүсэл шунал, нийгмийн харилцааны зохисгүй байдлаас үүдэлтэй байгаль экологийн тэнцвэр алдагдан цөлжилт, ус мөрөн ширгэх, ган зуд олшрох гэх мэт элдэв бэрхшээл бий боллоо.
Дэлхий бол бүхэлдээ хүн мэт амьд тогтолцоо юм. Судлаач Арилдзэмбэ “Ухаант амьтан дэлхий байна” гэсэн номондоо энэ талаар тодорхой өгүүлсэн байдаг. Алт эрдэнэсийг газрын гагнаас үздэг нь хүнээр бол биеийн дархлаа юм. Гол мөрөн нь хүний судсаар гүйдэг цус лугаа адил ажээ. Цөвүүн цаг гэдэг нь юуны өмнө хүний санаа сэтгэл буруудсан, бодлогогүй үйл ажиллагааны шалтгаантай нэр томъёо юм. Хүнлэг ёс суртахуун алдагдаж, адгууснаас ч дор мунхаглал бий болж, элдэв нүгэлт үйлдэл дэлхий даяар тархсан нь цөвүүн цагийн гол шинж юм. Ирээдүйд болох цөвүүн цагийн шинж байдлын тухай, ухаант мэргэдийн ном, сударт бичигдэн үлдсэн баримт цөөнгүй байдгаас заримыг нь дурдахад, гал усны аюул, цэрэг дайны аюул, байгалын элдэв аюул, мэдэхгүй эмчлэгдэхгүй өвчний аюул, хүмүүс бие биедээ дайсан болох, ах дүү, аав ээж, амраг саднаа хөнөөх гэх мэт одоо цагт болж буй элдэв муу үйлүүдийг харсан мэт тодорхой айлджээ.
Эмэгтэй хүн үрээ гэдсэнд нь хөнөөх цаг, цагаан сүүнд хар ус хийж зарах цаг, тарваганы арьс үнэд орж, тамга айл бүрд тарах цаг, сүм хийд гэргийтнээр дүүрэх, лам хувраг худалдаа наймаа эрхлэх, эмс хүүхнүүд ичгүүргүй болох, мунхаг тачаангуй дордос хааны суудалд дэвших гэх мэтчилэн маш олон үйл явдлыг хэлжээ. Бас төмөр царцаа тэнгэрт ниснэ, төмөр могой газраар хөлхөнө гэжээ.
Судлаачдын таамгаар бол хүний нас 60 болсон, 1500-гаад оноос цөвүүн цаг эрч хүчтэй эхэлсэн болой. Эд бүгдийг цухас дурдан судар номд заасан цөвүүн цагийн таван шинжийг товч өгүүлье.
1. Амьтан бүгд буруу хөдөлгөөнд орох,
2. Хүний сэтгэл үл тогтох,
3. Байгал эвдрэх – өөрчлөгдөх,
4. Хүний насанд цөв суух,
5. Хүний үзэл, бодол буруудах,
Эдгээрийг бага зэрэг тодотговоос:
1. Буруу хөдөлгөөнөөс буруу үйл, үйлдэл үүснэ: Буруу үйлдлээс зохисгүй муу үйлийн үр боловсорно.
Биеийн талаас буруу хөдөлгөөний хэлбэр нь хүчирхийлэх, хулгайлах, дээрэмдэх, амь хороох, ууж согтуурах гэх мэтийн биеэр хийх нүглүүд юм.
Сэтгэлийн үүднээс бол хар санах, атаархах, шунах тачаах, тэнэглэх, занан зүхэх гэх мэт.
Хэлний буруу хөдөлгөөн нь худал хэлэх, хов зөөх, гүтгэх, хуурч мэхлэх зэрэг юм.
2. Сэтгэл үл тогтох нь: Орон гэр, хань ижилдээ сэтгэл тогтохгүй, зугаа цэнгэл, садар самуунд автах, яаруу сандруу, тайван бус, үр ашиггүй дэмий хэсүүчилж цагаа барах, уур уцаар, бухимдал ихсэх зэрэг нь зохисгүй үйлийн үр гарах шалтгаан юм. Амьдралдаа сэтгэл ханамжгүй байх нь эцэстээ элдэв гаж юмст автах донтой болгоно.
Түүнчилэн, буян, Бурхан мэт сайн үйлд сэтгэл нь үл тогтох, муу үйлийг даган дууриах тэргүүтэн нь буруу хөдөлгөөн буюу нүгэлт үйлийн үрийн шалтгаан болно.
3. Байгаль эвдрэх гэдэг нь: Хүний буруу үйл ажиллагаанаас шалтгаантай, гал усны аюул, ган, зуд, газар хөдлөлт, аянга цахилгаан ихсэх, гол мөрөн, ус булаг ширгэх, өвс ургамал ургахаа болих, ан амьтан үгүй болох юм.
Товчилбол байгалийн элдэв аюулт үзэгдэл ихсэнэ. Цагийн үйл цагтаа болохгүй, өвөл дулаарч, зун нь хүйтрэх зэргээр улирал солигдох мэт.
4. Хүний нас цөвтөх нь: Нүглийн үйл ихсэх учраас хүний нас ерөнхийдөө богино болдог. Үл оношлогдох, үл эдгэх өвчин нэмэгдэнэ.
Төмөр, мэсийн аюул, аваар ослоос зуурдаар их үхнэ. Дайн самуунаас үй олноороо хэлмэгдэнэ. Хүмүүс өөр хоорондоо бие биеэ хорлоно, байгалийн аюулаас хөнөөгдөнө. Атомын цахилгаан станц мэт хүний гараар бүтсэн зүйл эргээд хүн, амьтныг устгана. Энэ мэтчилэн эх нь үрээ аборт хийж хөнөөнө. Сэтгэл буруудаж тогтворгүй болсноос амиа хорлоно гэх мэт. Дээрх олон шалтгаанаар сая сая хүн амиа алдаж буй нь цөвүүн цагийн онцгой шинж юм.
Нэгэн зүйлийг онцлоход улс төрийн шалтгаанаар зарим улсад хэлмэгдүүлэлт явагдсан, Монголд хүний сайныг нь түүж, лам харгүй олноор нь хөнөөсөн эмгэнэлт үйл явдал болсон. Ардчилалын үед ч цусгүй хэлмэгдэл цөөнгүй гарсныг бид бүгд мэднэ.
5. Буруу үзэл нь: Бурхад, мэргэдийн онол сургаалыг үл тоох, ном буянд ухаан бодол нь чиглэхгүй, аливаа юмсын сайн талыг нь олж харахгүй, муу талыг нь дэвэргэж ярих, өөрийн үзэл бодлоо туйлын үнэн мэт мэдэмхийрэх, уламжлалт ёс заншил, соёлоо үгүйсгэх, харийн гаж зохисгүй зүйлсийг хуулбарлан дууриах зэргийг дурьдаж болно.
Хорвоо дэлхийн бусармаг явдлыг зөвд бодож чөтгөр шуламын мэт үзэл бодол, үйл явдлаа нийтэд тараах, нэгэн биеийн жаргалыг бүтээх тухайтад нийт олон, бусдыг хохироохоос буцахгүй мэт санаа сэдлүүд болой.
Дээрх нь бүхэлдээ дээд тэнгэрээс өгөгдсөн оршин амьдрахуйн хуулийг зөрчсөн, харшилсан, сөргөлдсөн, аливаа бүгд нь таньж мэдээгүйн гай юм. Орчин цагийн хүний буруу үзлийн нэг илрэл нь түүхээ авах сайн зүйлгүй дан хараар будаж үгүйсгэдэг мунхаглал юм. Туулж өнгөрүүлсэн үе маань өнөөгийн амьдралын суурь буюу хойч үедээ мэдлэг ухаарал авч ирдэг. “Урьд түүхээ муулдаг ард түмэн бол золгүй ард түмэн” гэх их ухаантны үг бий.
Гэтэл сайн ч бай, муу ч бай, урьд үе байгаагүй бол одоогийн бид байхгүй гэдэг гүн ухааны боломжгүй тэнэглэл цөөнгүй хүмүүст байдаг. Хүн төрөлхтний билгийн ухаан бохирдож өвчилснөөс үүдэлтэй цөвүүн цагийн үйл ажил бий болсон. Биеийн эрүүл мэндийг нян, вирус, осол эндэл доройтуулдаг бол, нийгмийн зохисгүй харьцаа нь хүмүүсийн сэтгэц, оюуны эрүүл саруулыг эвддэг. Өнөөгийн хүн төрөлхтний хөгжлийн замнал, төгс төгөлдөр бус байгаагаас эцэстээ өөрсдийгөө мөхөөх байдалд хүргэхийг эрдэмтэд, зөн билэгтнүүд сануулсаар байна. Хүн,нийгэм эрт цагт өндөр хөгжилд хүрээд сөнөсөн гэх баримт олдвор шинжлэх ухаанд илэрсээр байгаа буюу тэр нь эргэж давтагдахыг үгүйсгэхгүй. Хүмүүсийн ханаж цаддаггүй хүсэл шунал нь эргээд оршин амьдрах арга мөхөсдөж, дээд далд хүчнээс цээрлэл ирж, цэвэрлэгээ явагдахад хүргэж мэднэ.
Цөвүүн цагийн эцсийн үйлийн үр, хор хөнөөл нь үүнд оршино. Бүхнийг зоосны нүхээр харж, баяжих хөлжихийн тулд байгаль дэлхийн баялагт хайр найргүй хандаж харьцах үйл ажил капиталист нийгмийн үед эрч хүчээ авсан. Хувийн өмчит нийгмийн харилцаа нь үйлдвэрлэх хүч болон улс орноо хөгжүүлдэг сайн талтай нь маргаангүй боловч эрдэнэт хүний хүнлэг энэрэнгүй ёс суртахуун, зан үйлдэлд сөрөг нөлөөлөл үзүүлдэг нь тодорхой боллоо.
Өөрөөр хэлбэл хар амиа хэт эрхэмлэх, хэсэг бүлгийн эрх ашгийг нийт олноос дээгүүр тавих, ардчилал, хүний эрх хэмээн хэт туйлширах нь төлөвшөөгүй иргэдийн ухамсарт буруу үзэл бодол суулгаж улмаар зохисгүй үйлдэлд хүргэдэг ажээ. “Ардчилал, хүний эрх хэмжээнээсээ хэтэрвэл улс төрийн хар тамхи болдог” гэж их соён гэгээрүүлэгч, зохиолч Л. Түдэв хэлсэн байдаг нь 2008 оны 7 сарын 1-ны үйл явдлаар батлагдсан билээ. Цөвүүн цагийн таван шинж нь хүмүүсийн буруу үзэл бодол, үйл ажлаас урган эх үндэс нь бүрдэхийг дахин хэлье.
Энэ тухай Д.Данзанравжаа хутагт “Муу явдлыг өөрсдөө үйлдээд цагийг муу хэмээн яахин хэлнэ” хэмээн цагтаа бус хүндээ байгааг айлджээ.
Чингивээс цөвүүн цаг гэх ухагдахууныг товчлон тодорхойлбол: “Сав, шим ертөнцийн хоорондийн шүтэн барилдлага, жам ёсны зүй тогтлыг ухаарч мэдээгүй, мэдсэн ч үл ойшоосны улмаас байгаль дэлхийтэй болон хүмүүсийг өөр хоорондын зохисгүй харьцаа үүсч, аж төрөх ухаан үйл ажил буруудан элдэв бэрхшээлүүд бий болно. Хүн өөрсдөө хүнлэг бус болохыг хэлнэ. Үүний учир хотол олноороо сэтгэл, ажил үйлээ номоор залж, бие хэл, сэтгэл тэргүүтний зохисгүй үйл хөдөлгөөн тэргүүтнийг зөвтгөвөөс цөв цаг гэх ойлголт арилж амар амгалан, урт удаан амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Наад зах нь билэггүй үг яриа, хэрүүл тэмцэлгүй, сэтгэлийн сайжралыг олж, сайн сайхан бүхнийг бүтээн, төр түмэн нь эв найртай байх аваас байгаль дэлхийн араншин ч зөөлөрч, сав нь шимийн амьтаддаа ээл ивээлээ хайрлах учиртай. Бас зон олноороо, мөнх тэнгэрээ дээдлэн шүтэж, газар, уул, усны эзэнг догшируулах үйл хийхийг цээрлэдэг монгол гүн ухааны учир зүйг залуу хойч үедээ ойлгуулж залгамж чанарыг таслахгүйг төрийн бодлогын хэмжээнд тавих нь амьдралаас урган гарч байна.
Дэлхий дахин хүн төрөлхтний хувьд өөрсдийгөө хохироох таагүй байдалд орсноо ухаарч, баяжих хөлжих зорилгодоо хөтлөгдөж, юу ч хийхээс буцахгүй, хүсэл шуналын мулгуу сэтгэхүйг өөрчилөх. Бурханы шашны номлолоор бол “цөвүүн цаг” гэх оноштой нийгэм бүхэлдээ дээд сайхан биш нь ойлгомжтой, үүний тул ирээдүйгээ угтан харж, урьдчилж мэдээд тосч бэлдээд, тэсч давах мэргэн ухаан хүмүүн төрөлхтөнд бий хэмээн итгэнэ.
http://འཇམ་དབྱངས་ བསྟན་དར འཇམ་དབྱངས་ བསྟན་དར