Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байна. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Лувсандоржийн Өлзийсайхантай уулзаж ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болж байна. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Сэтгэгдлийн тухайд гэвэл мэдээж, баяртай байна. Юуны өмнө Үндсэн хуулиа дээдэлдэг монгол хүн бүрт энэ сайхан өдрийн мэнд өргөн барья. Өнөөдөр бол монголчуудын бас нэгэн бахархлын өдөр мөн гэж бодож байна. Бүрэн эрхт, туурга тусгаар улсын эрх чөлөөт иргэд бид хөгжил дэвшил, сайн сайхан ирээдүйн хүсэл тэмүүлэл, эрмэлзэл зорилгоо шингээсэн Үндсэн хуулийн шинэчлэл буюу нэмэлт, өөрчлөлтөө албан ёсоор хүлээн авч байна.
Олон хүний хүсэл зорилго, хүч хөдөлмөр, эх орон, иргэн түмнээ гэсэн сэтгэлээр бүтсэн төрийн том үйл хэрэгт миний ч гэсэн өчүүхэн хувь нэмэр орж, энэ түүхийн гэрч, оролцогч болсон нь хэн хүнд тохиохгүй ховор аз завшаан мөн болов уу.
-Үнэхээр том ажил болсныг хүмүүс ойлгож байгаа. Олон жил яригдаж, нэг биш удаа өөрчлөх оролдлого гарч байсан ч энэ Их Хурлын өнгөн дээр л шийдэгдлээ шүү дээ.
-Тийм ээ. Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны бараг маргаашаас л өөрчлөлтийн тухай яриа гарч эхэлсэн гэж яригддаг. Гэхдээ сүүлийн хорин жил илүү эрчимтэй өрнөсөн шүү дээ. 2000 онд эхний өөрчлөлт орсон ч “Дордуулсан 7” гэсэн тодотголтой болсон. Уг нь дордуулсан, дээрдүүлсний аль аль нь л бий.
2011, 2012, 2015 онд Ажлын хэсгүүд байгуулагдаж, төсөл өргөн баригдаж байсан. 2019.06.06-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөл бол 1992 оноос хойших 5 дахь төсөл болж байгаа юм.
Төрд ард түмнээ төлөөлдөг УИХ-ын гишүүд улс орны эрх ашиг дээр нэгдэн нийлж чадсаны үр дүнд энэ ажил бодит биеллээ олсон. Үүний цаана ард олны хүсэл зорилго байгаа гэсэн үг.
Үндсэн хууль өөрөө том, энгийнээр хэлбэл хууль хуулийн дээр оршдог үндсэн хэм хэмжээ. Улс үндэстний оршин байхуйн, нийгмийн бүхий л харилцааг хөтлөн жолоодохуйн, иргэний эрх, эрх чөлөөг хүндлэн дээдлэхүйн баталгаа нь болсон эрх зүйн тулгуур багана буюу эрхэм дээд үзэл баримтлал, тунхаг бичиг юм.
“Constitutio” (манайхаар Үндсэн хууль) гэдэг латин үг бол оросоор “закон”, англиар “law”, “legal”, “act”-ын аль нь ч биш гэж би судлаачийн хувьд үздэг. Оросоор “Конституция”, англиар “Constitution” гэж тусгайлан нэрлэдгийн учир тэр.
Өөрөөр хэлбэл Үндсэн хууль тусгай журмаар батлагдаж, онцгой дэгээр өөрчлөгддөг, ард түмний туйлын хүслэн буюу эрхэм дээд зорилгыг тодорхойлон хуульчлах үүрэг гүйцэтгэдэг.
Тэгэхлээр хуулиудын эх болсон Үндсэн хуулийг өөрчлөн шинэчлэхэд том ажил өрнөх нь аргагүй. Хугацааны хувьд л гэхэд 158 хоног хэлэлцлээ шүү дээ. 1992 онд шинэ Үндсэн хууль батлах ажил 63 хоног үргэлжилсэн юм билээ. Улсын Их Хурал 11 сар буюу 309 хоног тасралтгүй хуралдсаны шалтгаан ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой. Дунд нь ердөө 7 хоног л завсарласан. Эдгээр тоонууд манай байнгын ажиллагаатай парламентын түүхэнд рекорд амжилт болон бүртгэгдэж байна.
Эрдэм шинжилгээний хурал хийж, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлт гаргуулах, ард түмэндээ танилцуулах, саналыг нь авах, нам, төрийн байгууллага, иргэд, иргэний нийгмийнхний дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гээд маш их ажил 2016 оны сүүлчээс өрнөж эхэлсэн юм. Тодруулж хэлбэл 2016 оны 12-р сарын 21-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Засгийн газрын тогтоолоор байгуулснаар энэ ажил гараанаас гарсан. Улмаар 2017 оны 4-р сард Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмж гарч, түүний дагуу 5-р сард Ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсгээс боловсруулсан төслийг зун нь манай Тамгын газрынхан 21 аймаг, 9 дүүрэг, 50 гаруй суманд очиж, иргэдэд танилцуулан, саналыг нь авсан.
Энэ ажлын үр дүнд нийт 327 мянган иргэнээс санал ирсэн. Тэдгээрийг нэгтгэхэд 2600 гаруй архивын нэгж болсон нь манай Тамгын газрын 4 жилийн буюу нэгэн бүрэн эрхийн хугацааны баримт бичгийн нийлбэртэй тэнцэж байгаа юм. Нэг ч саналыг орхигдуулалгүй бүртгэж, цахим болон цаасан хэлбэрээр хадгалсан, маш том, сайхан сан бий болсон доо.
-Үнэхээр нүсэр ажил болжээ. Ийм том ажилд ачааны хүндийг үүрдэг нэг юм уу, нэг хэсэг хүн байдаг. Тийм хүнийг нэрлээч гэвэл Та хэнийг хэлэх вэ?
-Мэдээж хэрэг энэ Улсын Их Хурал, түүний гишүүдэд гол ачаа, тэр хэрээр гавьяа нь ногдоно. Гэхдээ би хоёр хүнийг зориуд онцолж хэлмээр байна. Монгол Улсын гавьяат хуульч, доктор, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн зүтгэл чармайлт асар их үүрэг гүйцэтгэсэн. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн Эхийг баригчийн хувьд өдөр шөнөгүй ажиллаж байж, энэ их ажлын ард гарсан даа, багш маань. Би энэ хүнтэй, энэ төсөл дээр хамт ажиллаж, хамгийн ойр байсан хүний хувьд хэр их сэтгэл, хөдөлмөрөө зориулсныг маш сайн мэдэж байна.
Дараагийн нэрлэх хүн бол УИХ-ын дарга Г.Занданшатар. Хэдийгээр М.Энхболд даргын үед эхэлсэн боловч шийдвэрлэх цагт улстөрчийн, спикерийн манлайллыг маш тод харуулж чадсан гэж боддог. Хөндлөнгийн хүмүүст бол “За, энэ төсөл ч явахгүй нь дээ” гэх ч юм уу, “Гацаанд орлоо доо” гэх мэтийн бодол төрж болохуйц үе нэг бус удаа тохиосон юм шүү. Бидний хувьд “Үгүй ээ, төсөл цаашаа явна. Батлагдана” гэсэн бат итгэл байсны гол зангилаа нь Спикерийн маань бусдын ая эвийг олдог, ямар ч хүнд цагт гаргалгаа гаргадаг, зорьсондоо хүрэхийн төлөө “зөөлөн” аргаар хатуу байр суурь баримталдаг чанар онцгой нөлөө үзүүлсэн.
С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ж.Мөнхбат нарын зэрэг олон гишүүн тэргүүлэх, хошуучлах хувь нэмэр оруулсныг тэмдэглэе. Ер нь бол энэ Их Хурлын бүх гишүүдийн хамтын бүтээл.
Лүндээ гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийн дэргэд Дэд ажлын хэсэг ажиллаж, маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэдний дотроос гавьяат хуульч Н.Лувсанжав, Үндсэн хууль судлаач Р.Хатанбаатар, Д.Ламжав, Ц.Товуусүрэн нарыг онцлон нэрлэмээр байна. Аль аль нь УБХ, АИХ, УИХ-д гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалдаа үнэнч, гэхдээ өнгөрсөн 30 жилийн алдаа, оноог маш сайн мэдэрсэн, юуг, яаж өөрчлөн шинэчилбэл зохилтойг бүрэн ухаарч ойлгосон хүмүүс учраас тулах, түших багана маань болж ирсэнд талархал илэрхийлэх ёстой.
Үндсэн хуулийн төсөл боловсруулагч-зөвлөх болоход хууль бүтээх, тайлбарлах, хэрэглэхэд шаардлагатай онолын мэдлэг, сэтгэлгээний соёл, эргэцүүлэн бодох ур ухаан, сэтгэх чадвар чухал. Ийм чадварыг эзэмшихийн тулд сэтгэх урлагийн жишээнээс суралцаж, оюун ухаанаа цэнэглэж байх хэрэгтэй хэмээн зөвлөж, шүүмжилж, сургаж байсан, Монголын том хуульч Н.Лүндэндорж багшдаа мөн талархал илэрхийлэх учиртай.
Дэд ажлын хэсэгт орж ажилласан О.Мөнхсайхан, О.Машбат, Ц.Цогт, А.Бямбажаргал нарын залуу хуульчдад “Баярлалаа” гэж хэлмээр байна.
Эцэст нь УИХ-ын Тамгын газрынхаа хамт олонд гүнээ талархъя. Асар их ачаалалтай байсан ч нэгдмэл зорилготой, нэг хүн шиг байж, бие биеийг нөхөж, үндсэндээ 3 хүний хийх ажлыг нэг ажилтан нуруундаа үүрч гарсан. Ажлын 8 цаг, хагас, бүтэн сайн, ээлжийн амралт гэдгийг үндсэндээ 3 жил мартсан хүмүүс цөөнгүй. Өмнөх практикт хэзээ ч тохиолдож байгаагүй асуудал, шийдэл, сорилттой тулах үе бидэнд байсаан, нуух юм алга. Гэхдээ үүнийг шийдэх ёстой, гаргалгаа олох учиртай, давж цаана нь заавал гарна гэсэн итгэл бидэнд байсан. Цоо шинэ замыг бид өөрсдөө гаргаж, өөрсдөө тэр замын анхны зорчигч байснаараа манайхан бахархаж байгаа.
Энэ том үйл хэргийг бүтээлцсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ “Баярлалаа” гэж хэлэх юмсан гэж бодсоор өнөөг хүргэжээ. Бүгдэд нь биш ч гэсэн тал хагаст нь ч болов, талархлаа илэрхийлэх боломж олгосон танд, “Өдрийн сонин”-д баярлалаа.
-Надад ч сайхан санагдаж байна шүү. Одоо хоёулаа Үндсэн хууль руугаа оръё. Энэ нэмэлт, өөрчлөлт юунд чиглэсэн бэ. Ач холбогдол, үр дүн нь яаж мэдрэгдэх бол?
-УИХ-ын дарга, гишүүд, эрдэмтэд олон удаа ярьсан болохоор тэр бүхнийг давтах шаардлагагүй биз ээ. Төр, засаг тогтвортой, бодлого нь залгамжтай, парламент хариуцлагатай, ёс зүйтэй, шүүх хараат бус, шударга, нутгийн удирдлагын тогтолцоо зохистой байхыг л ард түмэн хүсэж байгаа. Тэр хүсэл эрмэлзлийг л энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт өөртөө шингээсэн.
Үндсэн хуулийг Монголын ард түмний зөвшилцийн гэрээ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл сайн сайхан ирээдүйд хүрэх арга зам энэ мөн хэмээн санал нэгдэж ойлголцсон бидний хамтын бүтээл юм. Цаашилбал тунхаглал, эрмэлзэлдээ хүрэх хөшүүрэг нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ард түмний засаглах эрхийг хангах явдал мөн гэж Үндсэн хуульд заасан. Монгол төрийн хамгийн гол бөгөөд нэн чухал үүрэг бол энэ. Эцэст нь хуулийг сахиж, шударга ёсыг эрхэмлэн, хүнлэг энэрэнгүй нийгмийг цогцлоохоо тунхагласан. Гэвч өнгөрсөн 30 жилд хамтын гэрээ маань тийм ч сайн үр дүн авчирсангүй. Тэр ч бүү хэл олон зүйл гажуудсаныг бид хэн хүнгүй л харж байна.
Тиймээс алдсанаа залруулж, гажуудсаныг цэгцлэхийн тулд эдгээр өөрчлөлтүүдийг хийсэн. Үр дүн нь өнөөдөр шууд гарчихгүй нь ойлгомжтой. Ямар ч байсан ойрын 2 жилд нааштай өөрчлөлтүүд мэдрэгдэж, 4-5 жилийн дараа ач холбогдол, үр шимийг нь бид амсана байх аа гэж бодож байна. Хэдийгээр бүрэн төгс шийдэж чадаагүй, өөрчлөөд засчихмаар зарим нэг зүйл үлдэж хоцорсон байж магадгүй ч ерөнхий дүнгээр нь харвал маш том алхам хийсэн гэдэгт итгэлтэй байна.
-Олон өөрчлөлт орсон л доо. Тэдгээрээс хамгийн чухал нь гэж онцгойлж нэг зүйл хэлээч гэвэл Та алийг нь нэрлэх вэ?
-Засаглалд хяналт-тэнцэл тогтоох өөрчлөлтийг онцолно. Ерөөсөө нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс нь энэ.
Манайх парламентын засаглалтай орон. Тэглээ гээд бүхнийг парламент гартаа атгах ёсгүй. Гэтэл хууль тогтоох үндсэн үүрэгтэй парламентын гишүүд нь сонгогдох, сонгох, томилох, улсын төсвийг өөрийн хүслээр өөрчлөх, дургүй нь хүрвэл сайдыг, цаашлаад Засгийн газрыг огцруулах айхтар өргөн эрх мэдэлтэй. Манайхыг Ерөнхийлөгчийн засаглалтай гэж эндүүрдэг хүн гадаадад цөөнгүй байдаг. Ерөнхий сайд нь мундаг эрх мэдэлтэй харагдах хэрнээ байсхийгээд “онхолдчихдог” хэврэг дархлаатай. Өрөвдөж харах юм бол УИХ, Ерөнхийлөгчийн гарт базагдсан, тэднийхээ эв аяыг олох гэж аргаа барсан байдалтай харагддаг.
Тогтолцоо буруу, харилцан хяналт-тэнцэл хангагдаагүй учраас ийм байдалд хүрч. Өнгөрсөн 30 жилийн алдааны хамгийн гол шалтгаан энэ байж магадгүй.
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал бие биеийн хэрэгт хутгалдахгүй, засаг нь гүйцэтгэн засаглаж, парламент нь хуулиа тогтоож, шүүх нь хуулийг, шударга ёсыг сахиулж, тэр явцдаа харилцан бие биенийг хянаж байх ёстой. Хэн нэгэнд нь ямар нэг илүү эрх байхгүй учраас тэнцвэр тогтоно. Ийм тэнцвэрийг хангаж чадсан цагт л эрүүл тогтолцоо бүрддэг юм байна л даа.
-Орсон өөрчлөлтүүд тэгэхээр Таны хэлээд байгаа засаглалын хяналт-тэнцлийг хангахад л чиглэсэн гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгоход буруудахгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн зөвхөн хууль тогтоогч л болсон. “Давхар дээл”-ийг тайлснаар сайд болох боломж нь хумигдлаа. Нийт гишүүдийн 6 хувьд л ийм боломж байхаар тусгасан. Тангаргаа зөрчвөл буцаан татагдах зохицуулалттай боллоо. Бас сайд томилох эрхийг нь бүр байхгүй болгосон. Өмнө нь Засгийн газрын гишүүн болгоныг хэлэлцэж, санал хурааж томилдог байсан. Дараа нь “Би саналаа өгч чамайг сайд болгосон шүү” гэж өр нэхэх маягаар ханддаг байдал үгүй боллоо. Одоо УИХ зөвхөн Ерөнхий сайдыг томилно, Ерөнхий сайд баг болж ажиллах сайдуудаа Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулаад, өөрөө томилж, чөлөөлж, огцруулна.
Ингэснээр Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэж байгаа мэт боловч Засгийн газраа “хар толгойгоороо” хариуцаж ажиллах үүрэг, ачаа ногдож байгаа юм. Хэрвээ муу ажиллабал түүнийг огцруулах зохицуулалт хэвээрээ.
Хуулийг дор хаяж 39 гишүүн саналаа өгч байж баталдаг боллоо. Өмнө нь 39 гишүүнээр ирц бүрдэж, тэдний олонх болох 20 гишүүн хууль батлах эрхтэй, үнэн чанартаа 10 хүрэхгүй гишүүн бусдынхаа кнопыг дараад баталчихдаг байлаа шүү дээ. Одоо ийм зүйл байхгүй. Тэр хэрээр хариуцлага нь нэмэгдэж байгаа юм.
-Шүүх, нутгийн удирдлагын тогтолцоонд ямар зарчмын өөрчлөлтүүд орсон бэ?
-Шүүх, шүүгч шударга, ёс зүйтэй байх зарчмын хүрээнд Шүүхийн сахилгын хороотой холбоотой заалтууд орсон. Бас бие даасан, хараат бус байдлыг нь хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 5-ыг шүүгчид өөрсдийн дундаасаа сонгож, 5-ыг нь ил тод нэр дэвшүүлж, өрсөлдүүлэн томилохоор өөрчилсөн. Ингэж сонгогдож, томилогдсон шүүгчид 4 жилийн хугацаагаар нэг л удаа ажиллана. Сандалдаа хадаатай юм шиг удаан, улиран суухгүй.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын төсвийн эрх мэдлийг нэмж, бие даасан байдлыг хангах зохицуулалт тусгагдлаа. Манайх хотгүй улс байсан. Нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байж болно гэдгийг заасан. Ер нь бол “Улаанбаатар улс” байж болохгүй биз дээ. Нийслэлтэй өрсөлдөхүйц орчин, ахуй, соёл бусад газарт бүрдэж байж төвлөрөл саарах нь ойлгомжтой.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орно гэж байсан. Бас л том ажил өрнөх нь. Хэдэд нь өөрчлөлт оруулаад байгаа вэ?
-Томоохон нь л 40 гаруй шүү дээ. Тэдгээрээс цөөнгүй хуульд шинэчилсэн найруулга хийнэ. Тухайн хуулийн 50-иас дээш хувьд өөрчлөлт орохоор байвал шинэчилсэн найруулга гэдэг юм. Нэг хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдаж хэдэн арван хуульд их, бага хэмжээний өөрчлөлт орох нь бий. Тэгэхээр 40 биш, 400 ч байж магадгүй.
Энэ хаврын чуулганаар Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тухай, Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Төрийн аудитын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050” хөтөлбөрийг баталлаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай зэрэг хуулиудын төсөл бэлэн болсон. Заримынх нь хэлэлцэх, эсэхийг шийдэж, анхны хэлэлцүүлэг хийсэн.
УИХ-ын даргын “эрх зүйн хувьсгал” гэж нэрлээд байгаа энэ ажил дараагийн парламентад ч үргэлжилнэ.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг таниулан сурталчлах, хэрэгжүүлэх нь батлахаас өөрцгүй чухал ажил байж таарна. Иргэд, олон нийт ер нь хэр мэдээлэлтэй байгаа бол?
-Манай Тамгын газрын нэг гол ажил энэ. Хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах ажлыг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосон хэдий ч гал тогоо нь болсон УИХ-ын Тамгын газар гол үүрэгтэй байх нь ойлгомжтой. Сурталчлах ажил тасралтгүй үргэлжилсээр байна. Нэгэнт өнөөдрөөс хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлж байгаа учраас илүү эрчимжих шаардлагатай. Өмнө нь бид Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, түүний тайлбарын талаар цөөнгүй гарын авлага, ном товхимол гаргасан. “Монгол Улсын Үндсэн хууль. Нэмэлт, өөрчлөлт 2019” гар утасны аппликэйшнтэй болсон. Зүйл, заалтуудыг тайлбарласан зурагт тайлбар, анимэйшн, постер хэдэн мянгад хүрсэн байх. Манай Хэвлэл мэдээллийн хэлтэс л гэхэд 2019 онд ийм 200 гаруй контент бэлтгэсэн байна лээ.
Ойрын үед комикс ном, Үндсэн хуулийн бүрэн тайлбар хийхээр төлөвлөж байна. Энэ бүгдийг иргэн болгонд, айл өрх бүрт хүргэх ёстой гэж үзэж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар морин хуур, “Монголын нууц товчоо”-г айл бүр хоймортоо залдаг болсон. Гурав дахь нь Монгол Улсын Үндсэн хууль байгаасай гэж би боддог. Монголын 800 гаруй мянган өрхийн хойморт Үндсэн хуулиа хүргэх, хүндлэн дээдэлдэг шүтээн нь, байнга сөхөж хардаг хэрэглээ нь болгохын төлөө Тамгын газар ажиллана аа. Чадна ч гэж бодож байна.
-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН, 2020.05.25. Дугаар 107.