О.Цэцэгмаа: Зүүн талын цагдаа нар бүгд түрийвчинд орчихсон гэсэн

tsetsegmaaМонголын уул уурхайн нэгээхэн хэсэг болсон бичил уурхайчдын эрх ашгийн төлөө хүчтэй дуугарч, тэдний дуу хоолой нь болж ирсэн Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн Дээвэр холбооны гүйцэтгэх захирал О.Цэцэгмаатай ярилцлаа.

Танай холбооноос хөдөө орон нутгуудаар явж бичил уурхайчдынхаа нөхцөл байдалтай танилцсан гэж сонслоо. Бодит нөхцөл байдал ямар байна вэ?

Бичил уурхайчдын нэгдсэн “Дээвэр” холбооноос 3 ажлын хэсэг байгуулагдан хөдөө орон нутгуудаараа яваад ирлээ. Би гэхэд л баруун аймгуудаар явж бичил уурхайчдын үйл ажиллагаа ямар байгаа, хууль эрхзүйн орчин нь үр өгөөжтэй байж чадаж байгаа эсэхийг харахаар газар дээр нь очиж ажиллаа. Бид нөхөн сэргээлт гэдэг зүйл рүү орсон. Ер нь бол онгон тагшин байгалийг тэр хэвээр нь байлгах, булаг шандыг хайрлаж хамгаалах гол гарц нь тухайн орон нутагт зохион байгуулалтанд орсон ажилгүй иргэд өөрсөддөө ажлын байр гаргаж, бичил уурхайчдын зохион байгуулалтад орсон явдал байгаа юм. Орон нутаг дахь ТББ-ууд маань нөхөн сэргээлт хийхдээ төрөөс нэг төгрөг ч авахгүй байгаа. Бид нөхөн сэргээлт хийгээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Тухайлбал сая баруун аймгуудаар явахдаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 500 мод тарих аяны эхний 50 модыг тарьчихаад ирлээ. Мөн Завхан аймгийн Ургамал, Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Дөргөн сумдуудад очоод ирлээ.

Баруун аймгуудад гадаад эзэнтэй ашигт малтмал олборлогч компаниуд хэр олон байна вэ?

Зах газрын бумба галзуурна гэгчээр дуртай газраа ухаад явж байгаа хятадын хөрөнгө оруулалттай компаниуд байна. Тэд нар аймгийн Засаг дарга зөвшөөрсөн гээд уул толгод ухаад явж байх жишээтэй.

Бичил уурхайчид гэхээр “нинжа” гэж нэрлэгддэг гар аргаар ашигт малтмал олборлогчид гэж ойлгодог. Үүнийг ялгаж салгах шаардлага байгаа мэт санагддаг?

Эрүүл газар орж ухдаг хүмүүс хариуцлагатай бичил уурхайчид дотор байхгүй. Харин бид эвдэгдсэн газарт орж түүн дор байгаа хаягдсан хаягдмалыг ашиглаад буцаагаад нөхөн сэргээлт хийж байгаа. Ингэж зөв гольдролдоо ороод эхэлж байгаа үед төрийн оролцоо, тусламж дэмжлэг маш чухал байна.

 Төрөөс бичил уурхайчдыг дэмждэг үү?

Төр дэмждэггүй. Хаа нэг дэмжихээрээ маш эргэлзээтэй. Монголын төр Монгол хүндээ итгэж чадахгүй байгаад л учир байна. Томхон шиг хариуцлага тавиад та ийм эрх эдэл. Эрх гэдэг нь дураараа дургиад дуртай газраа ух гэсэн үг биш л дээ. Тухайлбал “Танай суманд 1 га газар эвдэгдсэн байна. Үүн дээр та ажлаад хаягдлыг нь ашиглаад, нөхөн сэргээлт хийгээд хүлээлгэж өг. Хэрэв хүлээлгэж өгч чадахгүй бол ийм ийм хариуцлага хүлээхэд гомдолгүй” гэсэн гэрээ хий л дээ. Яагаад болохгүй гэж. Албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлчихсэн, тамгатай гэрчилгээтэй ТББ байж байхад яагаад төрийн зарим нэг ажлыг ТББ-аар гүйцэтгүүлнэ гэсэн заалтаараа энэ ажлыг хийлгэж болдоггүй юм бэ. Би хувьдаа ТББ-ыг төрийн хүрч чадахгүй байгаа газарт хүрч, үйл ажиллагаагаа эвлэлдэн явуулах байгууллага гэж боддог.

Ингэхэд бичил уурхайчид гэж чухам хэнийг хэлээд байна вэ?

Бичил уурхай гэдэг айлд ямар хүмүүс багтдаг вэ гэхээр Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн, мөн их дээд сургууль төгссөн оюутан залуучууд хүртэл манай эгнээнд орж ирж байна. Тэдэнд ажлын байр алга. Ер нь ихэнхдээ боловсрол нимгэн хүмүүс манай бичил уурхайд байдаг. Үүнийг ямар утгаар хэлж байна вэ гэхээр 1990-ээд оны зах зээлийн давалгаа, нийгмийн өөрчлөлтийн үед маш их хүмүүс сургууль завсардалтанд өртсөн. Тэр хүмүүс л байгаа байхгүй юу. Эрдэс баялгаас баримтлах бодлогын бичиг баримтын төсөл явагдаад байгаа. Гэтэл түүн дээр “бичил уурхайг аажимдаа хална” гэсэн үг оруулж байгаа юм. Ойрын 5-10 жилдээ бичил уурхай байна. Энэ хооронд төр том том үйлдвэр байгуулаад ажлын байр бий болгоод хуучин шиг боломжийн цалин өгөөд явж чадахгүй л байхгүй юу.

Холбогдох хууль зохих түвшиндээ үйлчилж чадаж байна уу?

Хууль газар дээрээ үр өгөөжтэй байж чадахгүй байна. Үүнээсээ болоод орон нутгийн эрх мэдэл хүрэхгүй байгаа зүйл ихээхэн ажиглагдлаа. Эрх мэдлийг ард түмэнд өгнө, орон нутаг эрх мэдлээ мэдэж байгаа гэх боловч яг газар дээрээ орон нутаг эрх мэдэлгүй байна. Харин ч бүр хязгаарлалттай байна. Нөгөө талаас орон нутагт намын ялгаа маш их байна. Улстөржилт, намын ялгаа их гарч байгаагаас түүний хохирлыг иргэд амсч байна. Тухайн үедээ улстөрөө хийгээд нэг нь ялагдаад, нэг нь ялаад иргэдийн итгэлийг авсан бол одоо хүн гэдэг утгаараа төрийн үйлчилгээг иргэддээ хүргэдэг баймаар байна. Гэтэл тэгэхгүйгээр хугацаанаасаа өмнө бүтэн 4 жилийн туршид улстөржчихөөр түүний дунд иргэд хохирч байна. Ажил орхигдож ямар ч үр дүн гарахгүй байна. Ийм байдал баруун хязгаарт байна.

Бичил уурхайчдад зориулсан хууль байдаг. Гэтэл хүмүүс бичил уурхайчид хуульгүй гэх юм?

Яг үнэн. Хүмүүс бичил уурхай ерөөсөө хуульгүй гэдэг. Гэтэл бичил уурхай хуультай. Ашигт малтмалын тухай хуулинд ч байгаа, Газрын тухай хуулинд ч байгаа, Хүн амын орлогын албан татварын хуулинд ч байгаа, Иргэний тухай хуулинд ч байж байгаа. Гэтэл бичил уурхайчдыг журмаар нь зохицуулаад өгчихье гэхээр та нар хуульгүй гэдэг. Тухайлбал сая Увс аймагт очиход аймгийн Засаг дарга Цэндсүрэн “Та нар хуульгүй. Энэ бол хууль биш, хоёр намын улстөржсөн шоу” гэж хэлээд сууж байх юм. Аймгийн Засаг дарга хүн. Хэрэв хоёр нам хоорондоо улстөржөөд хууль гаргаж байгаа нэртэй ард түмнээрээ тоглодог бол бид бүр болимоор байна.

Хуулиуд нийцэлтэй байж чадаж байна уу?

Алтны ил тод байдлын тухай төсөл хэлэлцэгдээд явж байгаа. Түүн дээр хойноос нь гарсан хүүхэд аятай ард түмнээ алагчлан, ялгаварлан гадуурхсан заалт орчихсон явж байгаа. Нэг талаараа бичил уурхайчдыг олборлосон алтны хэмжээгээрээ монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэдэг үүднээсээ хүлээн зөвшөөрсөн боловч, хэрвээ Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид олборлосон алтаа өгөөгүй, хувиараа ашигт малтмал олборлосон иргэнд хариуцлага тооцох тухай асуудал хариуцлага дээр нь тусгагдсан байгаа. Гэтэл алт олборлогч аж ахуйн нэгжийн хариуцлага дээр тийм заалт байхгүй байгаа юм. Энэ чинь юу гэсэн үг вэ? Ийм маягаар хууль батлах юм бол хууль байхын хэрэг алга байна шүү дээ. Ер нь бол хөрөнгө оруулагчдыг дэмжилгүй л яахав. Угаасаа бичил уурхайчид бид том уул уурхайхантай барьцдаг хүмүүс биш. Бидний тоног төхөөрөмж, хуульчлаад өгчихсөн юм нь ч том уул уурхайтай эн чацуу зөвшөөрөл аваад ажиллах боломж байхгүй. Гэхдээ хуучин хувиараа ашигт малтмал олборлогч иргэний эвдсэн газрыг нөхөн сэргээх боломж иргэдэд байна.

Бичил уурхайчдаас болоод цөлжилт явагдаад байна гэдэг. Үүнтэй санал нийлдэг үү. Үнэхээр та нөхдөөс болоод Монгол орон цөлжөөд байгаа юм уу?

Цөлжилт явагдахад ганцхан бичил уурхайчдаас болж байна гээд байгаа. Уул уурхайн том том компаниас яагаад болоогүй гэж. Нөгөө талаас малчдаас яагаад болоогүй гэж. Баруун аймгууд руу маш их цөлжиж байна гэж байгаа боловч газар дээрээ маш их ямаатай байна. Ер нь тэгээд бичил уурхайчдыг газар эвдлээ л гэдэг. Яг яс юман дээр газартай харьцаж байгаа бүх зүйлд газар эвдэгддэг. Газар тариалан эрхэлж байгаа хүмүүс ч гэсэн газрын хөрсийг 20-50 см хагалдаг. Энэ чинь эвдэлт мөн биздээ. Иргэдээ ажлын байраар хангаж чадахгүй байгаа нь төрийн буруу. Гэсэн атлаа боломжоороо ажлаад татвар, даатгалдаа хамрагдаад явж байгаа иргэдийг хяхан хавчиж болохгүй. Бичил уурхайчид гэдэг бол татвар, даатгалдаа хамрагддаг, нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн хүмүүсийг хэлдэг болохоос биш ганц нэгээрээ төмпөн, осков, хүрз бариад уулын орой дээр дуртай газраа самардаад явдаг хүмүүсийг хэлдэггүй. Үүнийгээ ялгахгүй байж тэрүүгээр явж байгаад тээглээд унасан хүний гайг бид нар дээр авчирч наамааргүй л байгаа байхгүй юу.

Урт нэртэй богино хууль хэрэгжээгүй нь бичил уурхайчдын буруу гэнээ. Бас Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс Засгийн газрын ордны гадаа буун дуу гаргасан чинь үүний ард нь бичил уурхайчид байна гэж бичээд байгаа юм. Болимоор байгаа байхгүй юу. Энэ нийгмийн бүхий л хог, шаар шавхрууг бичил уурхай дээр авчирч наагаад байгаа нь цаанаа хоёр л шалтгаантай. Нэгдүгээрт бичил уурхайчдыг нухчин дарж мөлхүүлэх, хоёрдугаарт бичил уурхайчин гэх хүмүүсийн нэрийн дор эрх мэдэлтэй хүмүүс нөөц нь тогтоогдчихсон уул уурхайн том том компаниудын алтыг гадагш нь гаргах аян өрнөх гээд байгаа байх. Ийм юм болоод байгаа нь нууц биш. Жишээ нь уул уурхайн ашиглалтын лицензтэй нэг компани нөөцөө тогтоолгохдоо 10 кг алттай гэж тогтоолгочихоод 10 кг-ийнхаа 1 кг-ийг Монгол банкинд оруулж, 9 кг-ийг нь гадагш нь гаргадаг нь нууц биш шүү дээ. Ийм л байдалтай яваад байгаа юм.

Бичил уурхайчид болоод цагдаа, хамгаалалтын ажилчдын дунд зөрчил үүссэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Харин сүүлийн үед гайгүй байх чинь?

Цагдаагийн байгууллага бол хүчний байгууллага биш үйлчилгээний байгууллага болчихсон. Цагдаагийн байгууллагын үндсэн зарчим нь юу гэхээр төр болон ТББ, хувь хүн, иргэдтэй харилцан хамтран ажиллана гэсэн зарчимтай. Гэтэл баруун аймаг тэр дундаа Увс аймгийн Өмнөговь суманд юу болж байна гэхээр Увс аймгийн Тагнуулын газрын ахлах мэргэжилтэн ахмад Алтангэрэл гэж хүн “Бид намирын эзэд” ТББ-ын УЗ-ын гишүүн, 50 настай эмэгтэйг хөөж байгаад хөлийг нь гэмтээгээд нөгөө эмэгтэй нь явж чадахгүй болчихсон байна. Ганц энэ эмэгтэй ч биш өчнөөн олон хүмүүс цагдаа нараас мотоциклтой зугатааж байгаад хөл, гараа хугалсан байна. Цагдаа ирэхэд нь та нар зугатаахгүй байж болдоггүй юм уу гээд асуухаар “Хэрвээ бид нар зугатаахгүй зогсож байх юм бол машинаасаа бууж ирээд л шууд зоддог, бүх зүйлийг хураадаг, өшиглөдөг, дээрэмддэг” гэж байна. Тэнд цагдаа биш төрийн хувцас өмсчихсөн дээрэмчид л байна. Би Завхан аймгийн Ургамал сумын 2 хэсгийн төлөөлөгч цагдаатай уулзсан. Тэгээд “танай хууль дүрмэнд өөрчлөлт орсон, зүүн тийшээ төв рүүгээ ажилладаг цагдаа нартай бид харилцан хамтын ажиллагаатай ажилладаг, хэн хэндээ тусладаг, зөвлөгөө авдаг. Та нар ч бас ийм байж яагаад болохгүй гэж” гэхэд Болдбаатар гэдэг цагдаа “Зүүн талын цагдаа нар бүгд түрийвчинд орчихсон цагдаа нар” гэж хэлж байна. Цагдаагийн байгууллагад ажилладаг цагдаа хүн өнөөдөр түрийвч яриад явж байна шүү дээ.

УИХ дахь намын бүлгүүд, Бие даагчдын зөвлөлд албан тоот хүргүүлж байгаа гэсэн. Юун тухай албан тоот хүргүүлж байгаа вэ? 

Манай “Дээвэр” холбооныхон УИХ-ын гишүүдийн төлөөлөл, нам намын бүлгийн төлөөлөл оролцсон уулзалт хийх хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл болж байгаа нь юу байна, болохгүй байгаа нь юу байна гэдгийг газар дээр нь очиж танилцаж бидэнтэй зөвлөлдөөд Ашиг малтмалын тухай хуулийн өөрчлөлтөд заалтаа оруулах, Алтны ил тод байдлын тухай хуулийн төсөлд саналаа өгөх, Эрдэс баялгийн бодлогын талаарх бичиг баримт дээр саналаа өгөх ажлаа хийгээсэй билээ гэж хүсч байна. Тиймдээ ч бид АН, МАН, “Шударга ёс эвсэл”, “Бие даагчдын зөвлөл”-д албан ёсоор уулзах хүсэлтээ албан тоотоор өгч байна. Энэ хүмүүс ойрын хугацаанд шийдвэрээ гаргаж биднээс бодит амьдралыг сонсох байх гэж найдаж байна.

Эх сурвалж: http://www.aravt.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …