1. Хөдөлмөрийн ёс зүй: Таны ирээдүйн зорилго таны ажилд орохыг хүсч буй компаний зорилго чиглэл, алсын хараатай хэр нийцэж байгаа эсэх, мөн түүнчлэн тухайн компанийг амжилт олоход таны үүрэг роль хэр зэрэг байх вэ гэдгийг ярилцлага авагч хүндээ сайн тайлбарлаж ойлгуулах нь чухал. Ажил горилогчийг шалгах үндсэн шалгуурын нэг бол өмнө нь ямар ажлыг, хэр сайн гүйцэтгэлтэй хийж байв гэдэг юм. Тиймээс ярилцаж буй хүндээ урьд нь ямар албан тушаалыг, яаж хэрхэн амжилттай хашиж байсан талаараа илэн далангүй хуваалцах хэрэгтэй. Шаардлагатай чухал ажил хэргийг боломжит хугацаанд нь багтааж хийж байсан эсэх, цагийн менежмент хэр сайн эсэх, ажилд сэтгэлээсээ ханддаг эсэх, компанийн өмнөө тавьсан зорилгыг биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж чадах эсэхийг тухайн хүний нөөцийн мэргэжилтэн танаас мэдэхийг илүүд үзнэ.
2. Эерэг хандлага: Дараагийн чухал зүйл бол таны хандлага юм. Ярилцлага авагч хүн таны хандлага хэр байх нь вэ гэдгийг мөн ажигладаг. Тиймээс та өмнөх ажлын байран дээрээ бусад хамтран ажиллагсаддаа хэр зэрэг эерэгээр нөлөөлж байсан талаараа дурьдах нь зүйтэй. Зарим хүмүүс угаас цовоо сэргэлэн, үргэлжийн баяр баясгалантай байдаг бол зарим хүмүүсийн хувьд үлбэгэр сул, биеэ авч яваа байдал нь хүртэл гаднаасаа нэг л биш харагддаг. Тиймээс та ярилцлага авагч хүнтэйгээ уулзмагцаа гар барин инээмсэглэж, мэндийг нь мэдэх хэрэгтэй. Та чадварлаг байж болно. Гэхдээ уйтгартай, дүйнгэ юм шиг байвал таныг ажлын байран дээрээ хүртэл ийм байх вий гэсэн үүднээс ажил олгогч таныг ажилд авах нь юу л бол…
3. Харилцааны ур чадвар: Ярилцлага гэдэг бол нэг ёсны таны харилцааны ур чадварыг шалгаж буй агшин зуурын шалгалт бөгөөд та өөрийнхөө хэн бэ гэдгийг ажил олгогчид ойлгуулж, мэдрүүлэх алтан боломж юм. Тиймээс ярилцлаганд орохдоо урьдаас бэлдэж, өөрийнхөө чадваруудыг таниулах хэрэгтэй.
4. Цагийн менежмент: Ажил олгогчдын ихэнх нь мэдээж цагийг зүй зохистой, ашигтай өнгөрүүлдэг хүнийг ажилтнаар авахыг зорьдог. Цагаа сайн төлөвлөдөг, өөрт оногдсон үүрэг даалгаврыг цаг тухайд нь өндөр гүйцэтгэлтэй хийдэг ажилчдыг ямар ч албан байгууллага авахаас татгалзахгүй. Нэн тэргүүний чухал ажлуудыг эхний ээлжинд хийж гүйцэтгэх, бусад хүний чадах зүйлийг нь тэдэнд хуваарилаж өгөх, өөрийн нөөц бололцоог ашиглан ямар ч асуудлын шийдлийг хялбархан олох зэрэг чадвар танд байна уу.
5. Өөртөө итгэх итгэл: Ярилцлаганд очихдоо өмссөн хувцас, гар барьж мэндчилэж буй байдал, ярилцлагын үеэр ажлын туршлага болоод бас бус зүйлийн талаар хэрхэн ярьж байгаа таны өөрийн байгаа байдал нь та өөртөө хэр итгэлтэй болохыг харуулдаг. Ярилцлага хийж буй хүнийхээ нүдрүү эгцэлж хар. Ингэснээр та түүний яриаг анхааралтай сонсож байгаа гэдгийг илтгэх бөгөөд таны ярьж буй зүйл үнэн зөв гэдгийг илтгэдэг давуу талтай. Түүнчлэн өөрийн дуу хоолойгоо чагнаарай. Хэтэрхий сул, юу яриад байгаа нь ойлгогдохгүй амандаа бувтнаад байж болохгүй, бас ганцаараа байгаа юм шиг чанга хашгичаад байж бүр ч болохгүй. Мөн биеийн хэл буюу гарны дохио зангаагаар тухайн ажил хайгч өөртөө хэр итгэлтэй болохыг туршлагатай хүний нөөцийн мэргэжилтэн төвөггүйхэн мэднэ.